Улаанбаатар 1c

Төрийн болон төрийн өмчит компаниудын захирлуудын цалинг 30-60 хувь бууруулсан

Хүрэлхуяг 2017-03-22 12:47

Төрийн болон төрийн өм­чийн оролцоотой компаниудын өр зээлийг дарах, ашиглалтыг сайжруулах талаар УИХ-аас тогтоол гарч энэ чиглэлийн асуудлыг шийдвэрлэх үүрэг даалгавар өгсөн. Үүнтэй холбоотойгоор ирэх сарын 7, 8-ны өдөр “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуц­лага 2017” өдөрлөг болох билээ. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газ­рын дарга Ц.Ням-Осор “Төрийн өмчит компаниудын үйл ажил­лагааг ил тод болгох, олон нийтэд нээлттэй байлгах, сурталчлах чиглэл өгсөн. Мөн компанийн удирдлага, менеж­ментийг сайжруулах тодруул­бал, дотоодын үндэс­ний үйлдвэр, жижиг дунд үйлд­вэрлэгчдийг холбож өгөх, төрийн өмчийн том компаниудын худалдан авалтыг ил болгох үүрэг даалгавар өгөгдсөн. Үүний хүрээнд ирэх сард өдөрлөг, үзэсгэлэн зохион байгуулахаар болсон. Энд төрийн өмчит компаниуд үйл ажиллагаагаа танилцуулна. Тухайлбал, цахилгаан станцууд, МИАТ, Төмөр зам зэрэг төрийн болон төрийн оролцоотой бай­гууллагууд оролцоно. Мөн компанийн засаглалыг сайж­руулах ажлын хүрээнд төрийн байгууллагуудтай хамтарч ажиллах арга хэмжээг зохион байгуулна. Тодруулбал, нийг­мийн даатгал, татварт өртэй компаниудыг байгуулла­гуудтай харилцан ойлголцох шатлал зохион байгуулна. Компанийн засаглалыг сайж­руулахтай холбоотойгоор удирд­лагуудыг нь сургалтад хамруулна. Ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компани, жижиг дунд үйлдвэрүүд харилцан ойлголцож гэрээ байгуулан ажиллах суурийг нь өдөрлөгөөр дамжуулж бий болгоно. Цааш­даа ийм байдлаар үйл ажиллагаагаа явуулах боломж­той болгох зорилготой” гэв.

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компанийн захирлуудтай хариуцлага тоо­цох, цалин бууруулахтай холбоотой Засгийн газрын тогтоол өнгөрсөн оны наймдугаар сард гарсан. Үүний дагуу захирлуудын цалинг 30-60 хувь бууруулсан аж. Мөн хариуцлагын гэрээг зургаагаас нэг жилийн хугацаанд хийж байгаа юм байна. Энэ хугацаанд хэр их хэмжээний өр авлагыг барагдуулах, өөрчлөх, хөгжүүлэх зэргийг гэрээнд тусгасан аж. Өөрөөр хэлбэл, хамгийн дээд тал нь нэг жилийн дараа байгууллагын удирдлагын хийсэн ажлыг дүгнэж асуудал гарвал хариуцлага тооцно гэсэн үг. Учир нь хариуцлагын гэрээг удаан хугацаагаар байгуулбал хариуцлага тооцоход хүндрэлтэй байдаг аж. Мөн ТУЗ-ийн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү болгосон байна. Тодруулбал, 480 мянган төгрөгөөс дээш цалин олгохгүй байгааг Төрийн өмчийн бодлого, зохи­цуулалтын газрын дарга Ц.Ням-Осор дурдаж байв. Үүнээс гадна их хэмжээний өр төлбөрт орсон компанид хариуцлага тооцохоос гадна тухайн байгууллагын удирдлагуудыг цалингаар нь торгох зэргээр арга хэмжээ авч эхэлсэн байна.

 

Ц.Баасансүрэн

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид