Улаанбаатар 1c

Трамп Америкийн эдийн засгийг ингэж өөрчилж байна

Анхбаяр 2017-06-08 11:21

Тэрбээр татварын хэмжээг өөрчлөх бодолтой байгаа бөгөөд  зөвхөн “Obamacare”-ийг хүчингүй болгосны дараа татварын шинэчлэл хийнэ гэж мэдэгдсэн. Татвар бууруулалтаас үүдсэн холбооны төсвийн алдагдлыг эрүүлийг хамгаалахын шинэчлэлтийн хүрээнд хэмнэсэн хөрөнгөөр нөхө-хөөр тооцоолоод байсан бөгөөд  “Obamacare”-г Конгрессоор хүчин-гүй болгуулж чадаагүй одоогийн энэ нөхцөлд Трамп юугаар холбооны төсвийн цоорхойг нөхөхөөр төлөвлөж байгаа нь тодорхойгүй байсан юм. Хэрвээ татварыг бууруулбал  холбооны төсөвт цоорхой үүсэх нь гарцаагүй бөгөөд  үүний дүнд төсвийн алдагдал өсөх юм. Гэвч Дональд Трамп холбооны төсөвт цоорхой үүсгэхгүйн тулд олон улсын санхүүжилтээ зогсоохоор шийдвэрлэсэн бололтой. 

Төсвийн цоорхойг нөхөх арга буюу энхийг сахиулах үйлс болон  уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хөтөлбөрийн зардлыг бууруулах

АНУ-ын Засгийн газар  150 гаруй улс оронд эх үрсийн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийг дэмжихэд чиглэсэн ажил зохион байгуулдаг НҮБ-ын Хүн амын санд санхүүжилт өгөхөө зогсоосноо албан ёсоор мэдэгдсэн. Тус улсын Төрийн департаментын мэдэгдэлд дурдсанаар, НҮБ-ын Хүн амын сан нь албадан үр хөндөх, үр тогтдоггүй болгох хөтөлбөрийг дэмжиж, үүнийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа  учир АНУ тус санд санхүүжилт өгөхөө зогсоох шийдвэр гаргасан байна. Дональд Трампын засаг захиргаа НҮБ-ын агентлагуудад өгдөг санхүүгийн тусламжаа зогсоосон анхны тохиолдол нь энэ болж байгаа юм. 2017 оны санхүүгийн жилд Хүн амын санд өгөхөөр төсөвлөсөн 32.5 сая ам.долларын санхүүжилтээ АНУ ийнхүү зогсоосон байна. Гуравдугаар сарын дундуур тус байгууллага “Төсөвлөснөөс илүү мөнгийг  зарж байгаа нь бусад орноос илүүтэйгээр АНУ-д ачаалал үүрүүлж байна” хэмээн АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчөөр томилогдсон Никки Хейли мэдэгдэж байсан. АНУ НҮБ-ын байнгын төсвийн  22 хувь буюу 5.4 тэрбум ам.долларыг дангаараа хангаж байгаа юм. Үүний зэрэгцээ энхийг сахиулах үйлсийн зардлын 28.5 хувь АНУ-д ноогдож байгаа нь 7.9 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Ерөнхийдөө АНУ жилдээ тус байгууллагын хэрэгжүүлж буй  хөтөлбөрүүдэд 10 тэрбум ам.доллар зарцуулж байгаа.  НҮБ-ын төсвийг ойролцоогоор 10 орчим орон бүрдүүлдэг аж.  АНУ-ын араас Япон, ХБНГУ, Их Британи, Франц, Итали, Канад, Испани, БНХАУ, Мексик, Австрали, Бразил зэрэг орон ордог. 
“Америкийн эд баялгийг бусад орнуудад тараан өгч буй Парисын хэлэлцээрийг мөрдвөл  2025 он гэхэд АНУ-д 2.7 сая ажлын байр үгүй болно. Өнөөдрөөс эхлээд АНУ Парисын хэлэлцээрийг биелүүлэхээ зогсоож байна, ингэснээр манай оронд учирч буй санхүү, эдийн засгийн дарамтаас ангижрах юм. НҮБ-ын Уур амьсгалын ногоон санд (Green Climate Fund) хувь нийлүүлэхээ манай улс зогсоож байна, энэ нь  АНУ-ын хувьд асар их хөрөнгө мөнгийг хэмнэх юм” гэж Трамп мэдэгдсэн. Үүнээс гадна тэрбээр дээрх хэлэлцээр бусад улсад санхүүгийн давуу тал бий болгоно гэж үзэж байгаа аж. АНУ жилд дунджаар нэг тэрбум орчим ам.долларыг Уур амьсгалын ногоон санд хандивладаг. Мөн тэрбээр EPA буюу АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагийн төсвийг 25 хувиар буюу хоёр гаруй тэрбумаар бууруулна гэдгээ мэдэгдсэн.Тус байгууллага нь байгаль орчныг хамгаалах, цэвэр ус, уур амьсгалын асуудалд анхаарал хандуулж ажиллан, нүүрсхүчлийн хийн ялгарлыг зохицуулдаг. Нүүрсхүчлийн хийн ялгарлаараа дэлхийд хоёрдугаарт бичигддэг АНУ дэлхийн дулаарлын асуудалд анхаарал хандуулахаа боливол дэлхийн ирээдүй бүрхэг болох нь тодорхой. Ийнхүү АНУ НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилт, Уур амьсгалын ногоон санд нийлүүлдэг хувиа зогсоож, Энхийг сахиулах үйлст зарцуулж буй зардал, Байгаль орчныг хамгаалах агентлагийн төсвийг таналаа. 

Дональд Трампын засаг захиргаа зөвхөн гадаад санхүүжилтээ хасаад зогсохгүй, дотооддоо ч багагүй таналт хийхээр төлөвлөж байна

Трампын Засгийн газар төсвийн алдагдлаа 2027 он гэхэд нөхөхөөр төлөвлөж байгаа юм. Тиймээс:
-   АНУ эрүүл мэндийн салбарт дунджаар 880 тэрбум ам.долларыг зарцуулдаг бөгөөд Трампын засаг захиргаа тус салбарын төсвийг ирэх арван жилийн хугацаанд  47 орчим хувиар танаж, 610 тэрбум ам.доллар болгохоор төлөвлөж байгаа юм.
-   Нэмэлт хоол тэжээлд зарцуулдаг хөрөнгийг мөн ирэх 10 жилийн хугацаанд 25 орчим хувиар бууруулах бол энэ нь 191 сая ам.доллар болох юм.
-   Нийгмийн халамжийн салбарын санхүүжилтээс ирэх 10 жилийн хугацаанд 21.6 тэрбум ам.долларыг танахаар төлөвлөжээ.
-   Байгаль орчныг хамгаалах агентлагийн төсвийг 31.4 хувиар, хөдөө аж ахуйн салбарын төсвийг 20.5 хувь, худалдаа аж үйлдвэрийн санхүүжилтийг 12.7 хувиар бууруулахаар тус тус тусгасан байна.

Харин дараах салбаруудын төсвийг нэмсэн

-  Батлан хамгаалах салбарын зардлыг 4.6 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд жилд дунджаар 25.4 тэрбум ам.долларыг тус салбарт зарцуулж байгаа юм.
-    Хилийн аюулгүй байдлыг хамгаала-хад зарцуулдаг төсвийг 6.8 хувиар нэмэгдүүлсэн.
-   Цэргийн салбарынханд зарцуулж буй төсвийг 5.8 хувиар нэмэгдүүлсэн байна.

Шударга бус худалдаанаас дотоодын эдийн засгаа хамгаална
Трампын баримталж буй гол зарчим бол шударга бус худалдаанаас дотоод эдийн засгаа хамгаалах. Тэрбээр энэ нь АНУ-д ямар ч ашиггүй гэж үзсэн учир олон улсын байгууллагуудад үзүүлдэг санхүүгийн тусламжаа зогсоох болон танах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа.  Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээ, Ази, Номхон далайн чөлөөт худалдаа зэрэг гадаад худалдааны хэлэлцээрүүдийг эргэн харах, БНХАУ-тай хийж буй худалдааны шударга бус тарифыг зогсооно гэж тэрбээр мэдэгдсэн. Хэрвээ тэрбээр Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээнээс татгалзвал энэ нь АНУ-ын олон корпорацын ихээхэн анхаарал хандуулдаг  Хойд Америкийн нийлүүлэлтийн гинжин холбоо (supply chain) задрахад нөлөөлөх болно.
БНХАУ-тай хийж байгаа худалдааны дайн хэрэглэгчдэд очих үнийг нэмэгдүүлэх болон түлш шатахууны инфляцид дарамт болж байгаа тухай шинжээчид дурдаж байна. Энэ нь БНХАУ-аас оруулж байгаа импортоос хамааралтай компаниудад сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд мөн тус улсад  бүтээгдэхүүн экспортолж байгаа Америкийн фермерүүд бо-лон бусад бизнесүүдэд сөргөөр нөлөөлж байна. Энэ шалтгааны улмаас зарим худалдааны экспертүүд Трампыг шударга бус худалдаанаас дотоодын эдийн засгаа хамгаалах арга хэмжээнүүдийг (anti-dumping) хэрэг-жүүлэх болон Хятадын эсрэг өндөр хэмжээний худалдааны арга хэмжээ хэрэгжүүлнэ гэсэн хүлээлттэй байна.

АНУ-ыг нефтийн гадаад хамаарлаас гаргана


Америкийг нефтийн гадаад хамаарлаас, юуны түрүүнд ОПЕК-ийн орнуудаас бүрмөсөн ангижруулна гэж Трамп мэдэгдсэн. Дайны дараа Америк нефть экспортлогч гол орон, дэлхийд томоохонд тооцогдох нефть үйлдвэрлэгч байсан. ОПЕК-ийн орнууд 1973 онд нефтид хориг тавьснаас АНУ-д хурц хямрал үүсч байсан. Харин занараас нефть гаргаж авах технологи бий болсноор 2000-аад оноос байдал өөрчлөгдөж, хэдэн жилийн туршид АНУ-д энэ үйлдвэрлэл олон дахин нэмэгдсэн. АНУ-ыг нефтийн гадаад хамаарлаас гаргах хэд хэдэн боломж  Трампт бий аж. Тухайлбал, импортын нефтийн гаалийн татварыг нэмэх нь түүнийг өрсөлдөх чадваргүй болгох гол арга юм. Хоёрдугаарт, нефть олборлоход тавьсан экологийн зарим хязгаарлалтыг цуцлах, цаашилбал, Америкийн нутаг дэвсгэр дээрх нефтийн ордод нэвтрэх боломж олгохын тулд компаниудыг лицензтэй болгож, нефть, хий дамжуулах хоолой барьж байгуулах ажлыг урамшуулж, Америкаас нефть, байгалийн хий экспортлоход дэмжлэг үзүүлж болно. Трампын энэ бодлого Орост цохилт болох магадлалтай гэж шинжээчид үзэж байна. Яагаад гэвэл Персийн булангийн нефть Европ руу орж ирж, Орост өрсөлдөгч бий болгоно.
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид