Улаанбаатар 1c

Тэтгэврийн доод хэмжээг 40-50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ

Анхбаяр 2017-06-21 13:55

Хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг Гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулна

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд БНХАУ-ын Засгийн газраас олгож буй хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг зарцуулахаар Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэлээ.  Хоёр тэрбум юаниар Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг 75 хувиар бууруулна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулж инженерийн шугам сүлжээний ажлын зураг боловсруулж төсөвт өртгийг тогтоосон боловч улсын төсөвт хөрөнгө нь суугдаагүйн улмаас зогсоод байсан бол өнөөдөр ийнхүү гацаанаас гарлаа. Ингэснээр барилгын  ажил нь эрчимтэй явж байгаа ч дэд бүтцийн асуудал нь зогсоод байсан 15 байршил дахь  32,546 айлын орон сууцны хороолол, түүнийг дагасан сургууль цэцэрлэгүүд баригдаж ашиглалтад орохоор боллоо. Мөн орон сууцанд орох сонирхолгүй, өмчлөлийн газартаа дээрээ оршин суух хүсэлтэй 10336 айл, өрх байгаад  зориулж тус бүр нь 200-250 айл өрх харьялагдах “Бичил дэд төв”-үүдийг  байгуулж тэднийг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох юм. Дэд бүтцийн эх үүсвэрийг эко байдлаар шийдэж сэргээгдэх эрчим хүч, био бичил цэвэрлэх байгууламж ашиглаж шийдвэрлэнэ. Мөн инженерийн хангамжийг төвлөрсөн, бие даасан болон холимог шийдлээр хангах юм. Үүнийг дагаж үйлчилгээний чиглэлээр тухайн “Бичил дэд төв” тус бүрийг дагаж 50-80 хүн ажилтай болж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх 100-150 ажлын байр мөн бий болно гэж тооцоолж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ус, дулаан, цахилгаан эрчим хүчний асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх юм.

Авто тээвэрлэлттэй холбоотой  хэлэлцээрийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Азийн автозамын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хэлэлцээрийг соёрхон баталснаар:
-Манай улсын тээвэрчид гуравдагч улс орон руу тээвэрлэлт хийх, дэлхийн зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх эрх зүйн зохицуулалт бий болно.
-Монгол Улс болон гуравдагч орнуудын хооронд ачаа тээвэрлэх боломж бүрдэнэ
-Манай улсын гадаад худалдаа өргөжиж, эдийн засагт эерэг нөлөөлнө.
-Ази-Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгал хөнгөвчлөгдөнө.
-Азийн авто замын сүлжээний замуудад орчин үеийн дэвшилтэт тоноглол, төлбөр хураах систем нэвтэрч, жолооч, зорчигчдын ая тухтай амрах үйлчилгээний цогцолбор, тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээний төв байгуулах боломж бүрдэх юм. Сүүлийн хоёр жилд хийсэн тээврийн талаарх статистик мэдээнээс үзвэл зорчигчдын 98, ачааны 47 хувийг автотээврээр гүйцэтгэсэн байна. Энэ нь тээвэрлэлтийн хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдэж, хөрш орнууд төдийгүй гуравдагч орнуудтай автотээврийн сүлжээгээ өргөжүүлэх шаардлагатай болсныг харуулж байгаа юм.

Төрийн өмчийн их, дээд сургуулиуд төлбөрөө нэмэхгүй

Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын сургалтын төлбөрийг 2017-2018 оны хичээлийн жилд нэмэгдүүлэхгүй байх талаар зохион байгуулж буй арга хэмжээний үр дүнгийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцууллаа. Тус хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд Төрийн өмчийн их, дээд сургуулиуд 2017-2018 оны хичээлийн жилд бакалаврын сургалтын төлбөрийг  нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ. Энэ хичээлийн жилийн тайлангаас үзэхэд төрийн өмчийн их, дээд сургууль коллежийн бакалаврын сургалтын төлбөрийн дундаж хэмжээ 1-2,9 сая төгрөг байна. Үүнийг нэмэгдүүлэхгүй байхаар Засгийн газраас шийдвэрлэлээ. Сургуулиудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр тэвчиж болох зардлыг санхүүжүүлэхгүй байх, санхүүгийн хэмнэлттэй байх, улсын төсөв болон сургалтын төлбөрөөс бусад санхүүгийн нөөцийн эх үүсвэрийг бий болгох талаар эдийн засаг санхүүгийн тусгайлсан хөтөлбөр судалж нэвтрүүлнэ. Мөн оюутан сурагчдад сургалтын төлбөрөө төлөх уян хатан нөхцөлийг бүрдүүлж гэр бүл, иргэдэд санхүүгийн дарамт учруулахгүй байх, Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээнд оюутан суралцагчийг хамруулах талаар Боловсролын зээлийн сан, арилжааны банкуудтай идэвхтэй, үр дүнтэй хамтын ажиллагааг зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллах юм байна.
-Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх салбар, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Пүрэвдоржийг эгүүлэн татлаа. Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэнг түүний оронд томиллоо.  
-“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын гүйцэтгэлд хөндлөнгийн хяналт тавьж, дүгнэлт гаргах хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав. Үйлдвэрийг БНЭУ-аас авах нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд барихаар төлөвлөөд байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид