Улаанбаатар 1c

Ардын жүжигчин П.Цэрэндагва Чингис хаан, “Никитон”-ы Б.Батчулуун Атилла болж наадмын нээлтэд ирнэ

Анхбаяр 2017-07-17 12:53

Төв цэнгэлдэхэд Бурхан Халдун сүндэрлэнэ

Өнгөрсөн жил Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой тохиосон учир түүхчилсэн хэлбэрээр наадмын нээлтийг зохион байгуулж байсан. Тэгвэл энэ жил Эзэн Чингис хаан мэндэлсний 855, Монголын нууц товчооны 777 жилийн ойд ач холбогдол өгч наадмын нээлтийг зохион байгуулж байгаа юм байна. 855 жилийн өмнөх Чингис хаан онгоцтой бууж ирэх бөгөөд Чингис хааны дүрийг ардын жүжигчин П.Цэрэндагва бүтээж байгаа юм байна. Наадмын нээлтэд Атилла хаан ч “хүрэлцэн ирэх” бөгөөд түүнийг “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун амилуулна. Мөн энэ үеэр Монгол түмний бахархалт хайрхан Бурхан Халдун хайрханыг Төв цэнгэлдэхэд сүндэрлүүлэхээр болсон байна. 

Одонтой 80 ээж “Ээжийн хүүхэд” бүжиг бүжиглэнэ


Энэ жилийн нээлтэд “Гэсэр”, “Жангар”, “Эрийн сайн” туульсыг багтааж байгаа бөгөөд “Жангар” туулиар нээлтээ хийх аж. Монголчууд бусдаас түрүүлж сэтгэж байсныг дээрх туульс тод харуулдаг хэмээн үзэж туульсуудыг наадмын нээлтийн хөтөлбөрт багтаасан хэмээн найруулагч онцлон ярьж байгаа юм. 
Наадмын нээлтэд “Тусгаар тогтнол”, “Бүүвэйн дуу”, “Дэлгэр Монгол орон” дуу эгшиглэхээс гадна ардын зураач Д.Амгалангийн “Сайн байна уу, ээжээ” зургаас сэдэвлэсэн “Ээжийн хүүхдүүд” бүжиг олны хүртээл болно. Алдарт эхийн одонтой 80 ээж бүжиглэх бөгөөд уг бүжгийг найруулагч Н.Наранбаатарын гэргий Л.Гантуяа найруулан тавьж байгаа юм байна. Төрийн шагналт Д.Сосорбарамын найруулсан 2014 оны наадмын нээлтэд “Хонхны дуу”-г дуулснаар шүүмжлэл дагуулж, түүнээс хойш ардчилсан хувьсгалын талаар нээлтэд багтаагүй байсан бол энэ жилийн нээлтэд ардчилсан хувьсгалыг багтааж өгсөн байна.  

Нээлтийн тоглолтод  33 уртын дууч, 33 морин хуурч, Гандантэгчэнлин хийдийн лам зэрэг 1500 гаруй хүн багтжээ


Энэ жилийн наадмын нээлтийн бүрэлдэхүүн өмнөх жилээс харьцангуй цөөн байгаа гэдгийг нээлт, хаалтын тоглолтын ерөнхий менежер, ардын жүжигчин П.Цэрэндагва мэдэгдээд буй. Тодруулбал, тэрбээр “Наадмын нээлтэд оролцох уран бүтээлчдийн тоо өмнөх жилүүдээс харьцангуй цөөрсөн. Бид тоог бус чанарыг илүүд үзэж байна. Өнгөрсөн жилийн наадмын нээлтийг давах зорилготой. Үзэх, харах, бахархах зүйл ихтэй нээлт болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм. 
Өмнөх жилийн нээлтэд 4000 гаруй хүн оролцож байсан бол энэ жилийн наадмын нээлтэд 33 уртын дууч, 33 морин хуурч, Гандантэгчэнлин хийдийн лам нар, бүжигчид, жүжигчид, дуучид, цэрэг армийнхан, авьяаслаг сурагчид, одонтой ээжүүд зэрэг 1500 орчим хүн оролцох аж. Мөн Монголын урлагийн сор болсон шилдэг уран бүтээлчид болох Чингис хаан одонт, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн С.Амармандах нар  нээлтийн үйл ажиллагаанд оролцох юм байна. 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид