Улаанбаатар 1c

“Хурд”-ын С.Ишхүү

Анхбаяр 2017-08-11 15:20


“Зүүдэнд ирсэн ээж”, “Ээждээ”, “Аавдаа би хайртай”, “Зураг шиг бүсгүй”, “Хүлээсэн сэтгэл”, “Сайхан бүсгүй”, “Санаж байна”, “Бүсгүй”, “Буцааж нэхэхгүй хайр”, “Эндүүрэл” … гээд нэрийг нь сонсоход л өөрийн эрхгүй аялагдах энэ олон дууг Сангаагийн Ишхүү хэмээх ховорхон авьяастан  зохиож олны хүртээл болгосон юм. Харамсалтай нь тэрбээр одоогоос найман жилийн өмнө цэл залуугаараа өвчний улмаас бурханы оронд заларсан ч түүний дуу одоо ч дуулагдсаар, зүрхнээс зүрхэнд түгсээр байна.
Түүний хэлснээр тэр бол  “Хөгжмийн боловсролгүй хүн” ч зохиосон дуу нь яагаад тийм хүчтэй, бусдын зүрх сэтгэлийг “ховсдож” чаддаг нь сонин. С.Ишхүү хөгжмийн онол үзэж, сонсч байгаагүй ч амьдралынхаа богино хугацаанд эгэлгүй авьяас, багтаж ядсан чадвараараа “аархаж”, бусдын зүрх сэтгэлийг болиглуулсан олон бүтээл туурвисан юм.
Тэрбээр 1969 оны гуравдугаар сарын 1-нд Өвөрхангай аймагт айлын 11 дэх хүү болон мэндэлжээ. Ээж, аав нь түүнд Иш гэдэг нэр хайрласан ч сургуульд орох үед багш нь түүнээс нэрийг нь асуухад хүү богино нэрнээсээ ичин “Ишхүү” гэж хэлснээр хит болсон олон дуу энэ нэрээр хаяглагдах болсон юм.   
Ах нарыгаа дуурайн гитар тоглож, бөмбөр нүддэг байсан С.Ишхүү ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд л Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрт хөгжимчнөөр оржээ. Тэнд олон жүжгийн хөгжим бичсэн юм. Театрын хамт олон түүний эгэлгүй авьяас, хэт даруу зан, хамт гадуур явахад ямар олон шүтэн бишрэгчтэй байсан, байнга л шинэ зүйл сэдэж, “Би ийм дуу биччихлээ” гээд л гитар, төгөлдөр хуур дээр тоглож сонсгодог байсан тухай ам уралдан ярьдаг. Нэгэн биед багтаж ядсан авьяастай энэ залуу 1990 онд “Алтан намар” хөгжмийн фестивальд оролцсоноор түүний авьяас аймгийн театраас хальж монгол хүн бүрийн зүрх сэтгэлд хоногшсон бүтээл туурвих эхлэл тавигдсан юм. Энэ үед тэрбээр “Соёл Эрдэнэ” хамтлагтай анх удаа дуулсан нь үзэгчдээс өндөр үнэлгээ авч, гурван ч удаа дахиулсан гэдэг. Харин 1992 онд “Харанга” рок төвд дуучин шалгаруулж авна” гэсэн зарын дагуу өөрийгөө сорихоор очсон гэдэг. Тэнд рок хамтлагийн дуучин болох хүсэлтэй 70 гаруй залуу цугларсан байж. Ц.Энхманлай тэргүүтэй “Харанга”, “Хурд” хамтлагийн одоогийн томчууд тэднийг шалгасан аж. Угийн сэргэлэн, авхаалжтай тэрбээр шалгаруулалтад Ц.Энхманлайгийн “Аялгуу” дууг нь дээд өнгөөр дуулж,  мөн өөрийн зохиосон “Ээждээ” дууг төгөлдөр хуур даран дуулснаар шүүгчид түүний авьясыг биширчээ. Ийнхүү С.Ишхүү “Хурд” хамтлаг байгуулахад дуучнаар орж байсан түүхтэй. Гэхдээ удалгүй ар гэрийн асуудлаас болж нутаг руугаа буцахаас өөр аргагүй болжээ. Ингээд “Хурд”-ынхан өөрсдийн дүү Д.Төмөрцогийг дуучнаар томилсон гэдэг. Хэдийгээр С.Ишхүү “Хурд”-ын дуучин болж чадаагүй ч, олон сайхан дууг нь зохиож энэ хамтлагийн салшгүй нэгэн гишүүн нь явсаар ирсэн юм.

А.Оюунчимэг: Тэр миньүр хүүхдүүддээ эд хөрөнгөөс илүү үнэтэй аялгуу үлдээсэн

С.Ишхүү нь “Хурд”-аар овоглох олон хит дууны аяыг зохиосон, мундаг зохиолч гэхэд дэндүү даруухан, тайван хүн байсан аж. Үүнийг түүний гэргий А.Оюунчимэгийн яриа гэрчилнэ.

-С.Ишхүү гэх эгэлгүй авьяастны талаар сайн мэдэх хүн танаас өөр үгүй биз. Та хоёр хэзээнээс амьдралаа холбосон бэ. Ханийнхаа тухай дурсахгүй юу?
-Бид арван жилийн нэг ангийн хоёр. Сургуулиа төгсөөд л айл гэр болцгоосон. Бид хүү, охинтой. Охин И.Ариунзаяа маань 115 дугаар сургуульд багшилж байна. Хүү И.Будзаяа маань Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нягтлангаар ажилладаг. Ишээ их даруу, барагтай л дуугардаггүй, асууж шалгааж байж хэдэн үг сонсдог байсан. Их авьяастай ч түүнийгээ ашиглан ашиг хонжоо хайдаггүй. Нэг ёсондоо эдийн засгийн шуналгүй, онгироо зан байхгүй эглийн эгэл хүн байсан. Саяхан манай ангийн 30 жилийн уулзалт болсон. Энэ үед ангийнхан  маань ханийг минь дурсан, түүний талаар л яриад байсан. Ишхүүгийн минь уянгалаг сайхан аялгуу бурханы оронд дутаад биднээс ийм эрт явсан юм байлгүй дээ. Үр хүүхэд маань өсч, бид хөөрхөн зээтэй боллоо. Түүний минь үргэлжлэл тасрахгүй үргэлжилсээр байгаад би баяртай байдаг. Тэр минь үр хүүхдүүддээ эд хөрөнгөөс илүү үнэтэй аялгуу үлдээсэн. Мөн тэнгэрийн орноос биднийгээ үргэлж харж, түшиж явдаг.  
-Таны хань “Хурд” хамтлагийн олон дууг зохиосон. Одоо “Хурд”-ынхан танай гэр бүлтэй холбоотой байдаг уу. Хэдэн жилийн өмнө тэд танай гэр бүлд байр авч өгнө, С.Ишхүүгийн цомгийг гаргаж, эрхийг хоёр хүүхдэд нь өгнө гэж байсан. Энэ юу болсон бэ?
-Манай хүн “Хурд” болон “Чоно” хамтлагийн 40 гаруй дууг зохиосон. “Хурд”-ынхан бидэнтэй байнга холбоотой байдаг. Ишээгийн бүтээлээр цомог гаргаж, эрхийг нь хүү, охин хоёрт өгнө гэсэн амлалт өгсөн. Одоо цомог гаргахаар ажиллаж байгаа. “Эксель” машин дөнгөж гарч ирж байхад манайд авч өгсөн. Тэр үед хоёр жилийн дараа байр авч өгнө гэж байсан. Удахгүй түүнийгээ авч өгөх байлгүй.
-Гэр бүлийнх нь зүгээс түүнд зориулж, түүний бүтээлийг мөнхлөх ямар ажил хийж байна вэ?
-“Хурд” хамтлагийнхантай хамтран хийхээр төлөвлөсөн олон зүйл бий. Тэр минь өөрөө өөрийгөө мөнхөлсөн, эгэлгүй авьяастан.  
-С.Ишхүүгийн танд зориулсан бүтээлээс нэрлэхгүй юу. Түүний хамгийн сүүлийн бүтээл нь “Эндүүрэл”. Энэ дуунаас түүний амьдралын сүүлийн үед та хоёрыг тусдаа байсан юм болов уу гэж бодогддог?
-“Хурд” хамтлагийн “Бүсгүй”, “Сайхан бүсгүй”, “Бүсгүйн заяа” зэрэг надад зориулсан олон дуу бий. Нэгэн ярилцлагадаа бүсгүй хүний тухай бүх дуугаа ханьдаа зориулсан гэсэн байсан. Бид хоёр үр хүүхэд, ар гэрээ авч явахын тулд нэг нь хотод, нэг нь аймагт амьдрах үе байсан. Ямар сайндаа манай хүн аймгийн театрт хамгийн их орж, гарсан хүн болох вэ дээ. Бидний амьдрал бусдын адил, илүү ч зүйлгүй, дутуу ч зүйлгүй байсан.   
-Түүний амьсгал хураасан шалтгаан юу байсан юм бол?
-1997 онд тархиндаа хүнд гэмтэл авч  хүнд хагалгаанд орсон. Тэр үед амьд үлдэнэ гэдэг бүрхэг харагдаж байсан. Би болон хамаатан садан, найз нөхөд, нутгийн зон олон ямар их түгшиж байсан гээч. Түүний сайхан сэтгэл, хүн чанар, түмний хайр хүндэтгэлээр эрүүл болж эмнэлгээс гарсан ч гэмтлийн уршиг хожим илэрсэн.  Үүнээс болж л бурхан болсон юм даа.

Д.ГАНБАЯР: Түүнд зориулж “Ээждээ” дуугаар нь хөшөө босгоно

С.Ишхүү гэх энэ эрхэм ая зохиохоос гадна шүлэг бичдэг байсан юм. С.Ишхүүгийн талаар “Хурд” хамтлагийн гишүүдийн сэтгэгдлийг сонслоо. Хамтлагийн ахлагч, урлагийн гавьяат зүтгэлтэн  Д.Ганбаяр ийн ярьж байна.

-С.Ишхүү “Хурд” хамтлагтай холбогдсон үе, хамтын уран бүтээлийн талаар ярихгүй юу?
-С.Ишхүү манай хамтлагийн шалгаруулалтад өөрийн зохиосон “Ээждээ” дууг төгөлдөр хуур дээр дуулж үзүүлсэн. Тэр нь надад их содон санагдсан. Жинхэнэ монгол аялгуу, тэр дотроо төгс төгөлдөр, дүүрэн аялгуу, пентатоник аялгуу байсан. Хөгжмийн хүмүүс үүнийг сайн мэднэ. Тэр үеэс хойш амьдралын мөнх бусыг үзүүлэх хүртлээ бидэнтэй хамт байсан. Тэр хүний авьяас, дотоод сэтгэлийн бодрол, зохиож байгаа аялгуу дахин давтагдахгүй гэж би бардам хэлнэ. Хайрламаар, биширмээр, хүндэлмээр хүн байсан.
Манай С.Ишхүүд гоё үг байхад аялгуу нь цаанаасаа  ундраад  гараад  ирдэг байгалийн унаган  авьяастай хүн байлаа. Өвөрхангай аймгаас Н.Жанцанноров тэргүүтэй мундаг хөгжмийн зохиолчид төрөн гарсан. Гэхдээ би дүүгээ Н.Жанцанноров гуайгаас илүү авьяастай байсан гэж боддог. Эгэл даруу гэхэд арай л хэтэрхий эгэл монгол эр хүн байсан. Манай С.Ишхүү эхийн сэтгэлтэй, аавын сэтгэлтэй, гэр бүлсэг зохиолч байлаа.
С.Ишхүүгийн хамгийн гоё, хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлсэн, өдөр болгон бодогдож байдаг дуу бол “Буцааж нэхэхгүй хайр”. Түүний аялгуу бол гайхамшиг, бардамнал байсан. С.Ишхүү маань дуугаараа өөртөө хөшөө босгож үлдээсэн хүн.
-Түүнийг амьсгал хураах мөчид нь ч та бүхнийг хамт байсан гэдэг?
-С.Ишхүүгийнхээ амьдралын хамгийн эцсийн өдөр хүртэл нь бид цугтаа байсан. Яг бурхны оронд явахад нь дэргэд нь байж чадсандаа баярладаг. Дүүгийн минь амьдралын төгсгөл, нүдний харц нь одоо ч миний сэтгэлээс гардаггүй юм. Мөн гэр бүл, үр хүүхдэд нь үргэлж туслахыг хичээдэг.
Хорвоод өнгөрүүлсэн богинохон хугацаандаа өөрийнхөө хийх юмыг хийж чадсан, найз нөхдөдөө өөрийн орон зай, дурсамжийг үлдээж чадсан дүүдээ зориулаад би “Ээждээ” дуугаар нь Өвөрхангайд хөшөө босгох бодолтой байгаа. Миний дүү ийм хүндлэл эдлэх гавьяатай хүн.
-Түүнийг нас барсанд хэн нэгнийг буруутгадаг уу?
-Би С.Ишхүүгээ цагийн аясаар өнгөрсөн гэж боддоггүй. Гадны нөлөөгөөр биедээ хүнд гэмтэл авсан. Бүр тодруулбал, цагдаагийн албан хаагчийн бороохой С.Ишхүүгийн маань үхлийн эхлэл болсон гэж боддог. Тэр үед авсан гэмтэл зургаа, долоон жилийн дараа миний дүүг үхэлд хүргэсэн. Гэхдээ би үүнийг дахин дэлгэж, нэгэнт өнгөрсөн хүний хойноос олон юм ярихыг хүсэхгүй байна.

Д.Отгонбаяр: Үнэхээр цоорсон авьяастай хүн

-С.Ишхүү хамгийн сүүлд танд “Гэгээн гуниг” дууг үлдээсэн гэдэг байх аа?
-Тийм ээ, “Нарлаг диваажин” цомогт орсон энэ бүтээл үнэхээр гоё дуу. Талийгаач найз маань хамгийн сүүлд энэ дууны хөгжим, шүлгийг нь бичээд миний компьютер дээр үлдээсэн байдаг юм. Түүнийг нь хадгалсаар шинэ цомогтоо багтаасан. Энэ дууны үгийг дангаар нь сонссон ч их сонин, гоё дуу.

Тариа халиурсан намрыг өвлөөр орлуулах шиг
Төөтгөр гэзгийг чинь би сүлжих гээд ч яахав дээ
Талдаа жиргэх шувууг би зүсэлж  чадахгүй шиг
Танхилхан чинийхээ цэнгэхийг хориод ч яахав дээ....

гээд л үнэхээр гоё хэлж байгаа юм. Дуу гэдэг л энэ байх. “Эндүүрэл” бас манай С.Ишхүүгийн бүтээл. Энэ хоёр уран бүтээлд тэр үнэхээр сэтгэл зүрхээ зориулсан болов уу гэж би боддог. Тиймдээ ч хүний сэтгэлд тэгтлээ дотно хүрч чаддаг байх. Үнэхээр цоорсон авьяастай хүн байсан. Харамсалтай нь бурхны оронд даанч эрт мордчихлоо.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Tsolmon
    Uneheer aiyastai sain ch zohiolch sain ch duuchin baij bilee. Uurd dursan sanana
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
  • Ганбаатар
    Дэндүүхэн чамайгаа бодохдоо Дэрээ нэвширтэл уйлах юм...гээл нэг дуу зохиож байхад нь хажууд нь сууж байлаа...зохиосон дуунуудын ихэнх нь минорын бдаг.ер нь их зөөлөн,уянглаг хүн бсан даа
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
  • Батчулуун
    Сайхан найз маань Бурханы оронд явахаасаа өмнөхөн Монголын хөгжмийн зохиолч гэсэн албан ёсны үнэмлэхээ аваад маш их баярлаж байсан. Тиймээ тэр маань гайхалтай авъяастан байсан.
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
  • Түвшин
    Энэ сайхан ахтайгаа Өвөрхангй аймгийн ХДТеатрийн дэргэдэх Мөнгөн Хүрхэрээ хамтлагт хамт тоглож 17 настай бөмбөрчин байлаа мундаг ахнынхаа хуурай дүү нь байлаа Ишхүү ахаараа бахархахгүй байхын аргагүй сайхан ах маань байж билээ та минь миний сэтгэл зүхэнд үүрд хамт
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
  • Ganbold
    Aav Sangaa ah jolooch aviyaslag hun bla.
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
  • Амаржаргал
    С.Ишхүү ахын урлагын зам Арвайхээрийн 10 жилийн 1 дүгээр сургуулиас эхтэй. Бид С.Бямбасамдан багшийн шавь байлаа. Үлээвэр хөгжмийн дугуйланд жижиг бөмбөр тоглож олон арван уралдаанд хамт оролцсон доо. Нас барах хүртэл ах дүү шиг явсан даа. Сайхан дурсамж бичжээ. Баярлалаа.
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин
    МОНГОЛД ЦӨӨХӨНД ТООЦОГДОХ АВЬЯАСТАН ХУРД ЭНЭ ХҮНИЙ ТУХАЙД ЯРИХГҮЙД ИХ ГАЙХДАГ. БИДНИЙ ҮЕ ДУУРСАХГҮЙ ЮМ БОЛ БҮР МАРТАГДАХ БОЛ.
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
  • Bazaraa
    Manai gudamjind bailaa 4 r xoroond 6 gudamjind manaixaar orj irdrg ax bailaa bi sain mednee
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин
    Mundg hvn bsn shvv
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
  • Ya.Dairiijav.
    Ene aguu huntei bi neg udaa uulzaldaj bsan. Uneheer tuluv daruu saihan hun bj bilee. Ene olon jiliin daraa iim saihan niitlel unshij bna. Bichsen hind ne talarhal ilerhiileye!!!
    2017 оны 12 сарын 01 | Хариулах
  • P.Enkhbaatar Uv Hugjimt dramin teatr
    ter mini baigalaas zayasan gots aviyastai zaluu blaa.Naiz maani urgelj manaihaar ireed bud 2 tsugta teatr luuga yavna ochood ter shine zohioson duuga nadad sonsogdog,tegeed udalgui bi tuund Huleesen setgel gedeg hanida zoriulsan shulgiig bi1oroi ajil deere unshij ugsun chini ter ih bayrlaj estoi sn shuleg bolj bi margaash gehed ene shulgend chini ay hiigeed irne geed nuguu shulgiig maani avad yavsan tegeed margaash ugluu ni ert haalga dogshood orood irsen ee za 2 laa teatr deer ochij sonsogson do ,yamar goe aylguutai duu bolson ni odoo hurtel mini setgel zurhend mini hamt yavsaar l bna.Naiz mini aviyaslag duu mini denduu ert bidneese yavsan da.Odoo ch tuuni mini hit bson olon sn ayalguu egshgilseer l bna!!!
    2017 оны 10 сарын 04 | Хариулах
  • B.Bayardo
    Ah minii aaw minii aguu awyastai hvmvvs baisan
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • zochin
    Tiimee angiin and mini uneheer hovorhon avyastai hun baisan, um sain amgalan boltugai
    2017 оны 08 сарын 11 | Хариулах
Нийтлэлчид