Улаанбаатар 1c

Майк Помпео: АНУ болон Хойд Солонгосын зөрчил цөмийн дайн хийх хэмжээнд хүрээгүй

Анхбаяр 2017-08-15 11:17

-Таныг Конгрессийн гишүүн байхад буюу өнгөрсөн оны аравдугаар  сард танай мужид гурван эрэгтэй ислам шашинтнууд руу халдах гэж байгаад баригдсан. Тухайн үед та “Энэ хэргийг богино хугацаанд шийдэж, дахин ийм хэрэг гаргахгүй” гэж мэдэгдэж байсан. Өнгөрсөн бямба гаригт Виржиниа мужийн  Чарлоттесвилл хотод үндсэрхэг үзэлт цагаан арьстнууд болон тэднийг эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн болж нэг хүн амиа алдаж, олон хүн гэмтэж бэртсэн. Энэ хэргийг Тагнуулын төв газар шалгаж байгаа.Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Тагнуулын төв газар “иргэний хэрэг” үүсгэн шалгаж байгаа. Одоогоор шалгаж байгаа учир тодорхой хариу хэлэх боломжгүй. Харин Ерөнхийлөгч Дональд Трамп энэ хэргийг “үзэн ядалт, хүчирхийллийн шинжтэй хэрэг” хэмээн тодорхойлоод байгаа. 
-Хойд Солонгосын нөхцөл байдал ямар байна вэ. Ямар нэгэн түгшүүртэй үйлдэл ажиглагдсан уу?
-Нөхцөл байдал хурцадмал байгаа  ч АНУ болон Хойд Солонгосын зөрчил цөмийн дайн хийх хэмжээнд хүрээгүй. Пхеньян цөмийн хөтөлбөрөө урьд урьдынхаас илүү боловсронгуй болгож байна. Түүнчлэн дахин пуужин туршлаа гэхэд гайхах хүн бараг байхгүй байх.  Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун цөмийн зэвсгийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээ зогсоохгүй гэдэгт би эргэлзэхгүй байна.
-Хойд Солонгос АНУ-д цохилт өгч чадах хэмжээний цөмийн зэвсэг байрлуулахад хэр ойртсон бол?
-Тэд тун дөхсөн. Энэ зорилгодоо хүрэхийн тулд Пхеньян  урьд урьдынхаасаа илүү хурдацтайгаар урагшилж байгаа.
-АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Уныг “Хэрвээ болчимгүй үйлдэл хийвэл маш их харамсах болно шүү” гэж анхааруулсан. Гэвч Хойд Солонгос пуужин туршиж дэлхийн улс орнуудыг заналхийлсээр байна.  АНУ өнөөг хүртэл ямар ч хариу арга хэмжээ авсангүй.  Ерөнхийлөгч Трампын мэдэгдэл Хойд Солонгосын үйлдэл АНУ-ын улаан шугамд тулсаны илэрхийлэл байгаагүй гэж үү?
-Үнэн хэрэгтээ одоогийн засаг захиргаа  юунд ч улаан шугам татахыг хүсэхгүй байгаа бололтой. Ерөнхийлөгчийн мэдэгдэл бол  Вашингтоны стратегийн тэвчээр барагдсан гэдгийн л илэрхийлэл. АНУ-ын Засгийн газар Хойд Солонгосын эсрэг юу ч хийхгүй, гараа хумхиад суугаад буй хэрэг биш. Бид тус улсад нөлөөлж болох орнуудтай тухайлбал, БНХАУ, Өмнөд Солонгос, Япон, НҮБ-тай  хамтран ажиллаж, БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч чадсан. 
-Хойд Солонгосыг АНУ-д хүрэх хэмжээний хүчин чадалтай цөмийн зэвсэгтэй байхыг Вашингтон хүлээн зөвшөөрөхгүй гэдэг нь Засгийн газрын бодлого уу?
-Ерөнхийлөгч Трамп Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй байхыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ олон удаа илэрхийлсэн. Ер нь зөвхөн АНУ ч бус дэлхийн олон  орон Пхеньянийг цөмийн зэвсэгтэй байхыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. НҮБ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг орны хамтран ажиллаж буй шалтгаан нь Солонгосын хойгийг зэвсэггүй бүс болгоход оршиж байгаа юм. 
-Хамгийн чухал нь БНАСАУ-ын цөмийн зэвсэг болон дэглэмийг ялгаж, салгах хэрэгтэй. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон “Хойд Солонгосын дэглэм өөрчлөгдөнө гэж бодохгүй байна” гэж мэдэгдэж байсан удаатай. Тус улсын хувьд зөвхөн цөмийн зэвсэг бус дэглэм нь ч гэсэн хурцадмал байдал бий болгоогүй гэж үү?
-Хойд Солонгос пуужингийн хөтөлбөрөө 1980-аад оны сүүлчээс эхлүүлсэн гэж үздэг бөгөөд энэ хугацаанд 20 орчим удаа туршилт хийсэн гэсэн тоо бий. Тэгэхээр Ким Жөн Ун Засгийн эрхэнд гарснаар пуужингийн хөтөлбөр хэрэгжүүлж  эхэлсэн гэсэн үг биш. 
-Ерөнхийлөгч асан Барак Обама Ирантай цөмийн хэлэлцээ хийснийхээ дараа “Одоо Иран Улс цөмийн зэвсэггүй болсон” гэж хэлж байсан. Хойд Солонгос хэзээ нэгэн цагт цөмийн зэвсэггүй болох боломжтой юу?
-Бидний зорилго бол Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох.
-Өөр ямар ч зорилго байхгүй гэж үү?
-Байхгүй.
-Хойд Солонгостой хамгийн ойр харилцаатай БНХАУ-аар дамжуулж шахалт үзүүлэхийг оролдож байгаа. Тэгвэл одоогоор Бээжин, Вашингтоны харилцаа ямар төвшинд байгаа вэ?
-АНУ болон БНХАУ маш өргөн харилцаатай. Пхеньян зөвхөн АНУ төдийгүй БНХАУ-ыг ч заналхийлж байгаа.  БНАСАУ-ын асуудлаар  Бээжинтэй хоёр ч удаа ярилцсан.
-Хойд Солонгосын зэвсгийн хүчин чадлыг АНУ хэрхэн таамаглаж байна вэ?
-Япон, АНУ-ын Гуам дахь цэргийн баазад хүрэх богино, дунд зайны, тив алгасагч хэдэн зуун пуужин байгаа гэж манай улсын Батлан хамгаалах яам таамаглаж байгаа. Харин Стокгольм дахь Олон улсын энх тайвны судалгааны институтээс Хойд Солонгос сайтар хөгжүүлээгүй 10-12 цөмийн цэнэгт хошуутай, жилд 4-6 ширхгийг үйлдвэрлэх хүчин чадалтай гэж тооцоолсон. Гэтэл Брүүкингс институт тус улсыг ердөө 10-20 цөмийн зэвсэгтэй гэж таамагласан байна.  Дээрх тоонууд ийн хол зөрүүтэй байгаа нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр маш нууцлаг байдагтай холбоотой. 
-Хэрэв дайн болвол хэр удаан үргэлжлэх вэ?
-БНХАУ Хойд Солонгост туслахгүй л бол Кимээр удирдуулсан арми АНУ болон түүний холбоотнуудыг зургаан долоо хоног, ихдээ хоёр сар тэснэ. Мэдээж хоёр тал хоёул цөмийн зэвсэгтэй ч АНУ болон  холбоотнууд үүнийг хэрэглэхээс татгалзах байх. Хэрвээ хойгт цөмийн бөмбөг дэлбэлвэл дэлхий ертөнц орвонгоороо эргэх болно. Радио идэвхит долгион Өмнөд Солонгос төдийгүй салхиар дамжин АНУ-ын нутаг дэвсгэрт ч хүрнэ. АНУ-ын агаарын хүчин Хойд Солонгосын харилцаа холбооны систем, пуужингийн хамгаалалт, зам, гүүрийг шуурхай устгах чадалтай. Тэгэхээр Пхеньян бөмбөг дэлбэлэх шийдвэр гаргасан ч тушаал нь нэгж ангид хүрэхгүй. 
-Ямар ч байсан одоогоор Солонгосын хойгт дайн эхэлчихээгүй байна. Байдал хурцадвал АНУ түрүүлж довтлох уу?
-Үүнийг одоогоор тодорхой хэлэх боломжгүй. Хэрэв АНУ түрүүлж хөдөлбөл олон улсын хэрүүл, маргааныг эхлүүлсэн хэрэг болно.

Эх сурвалж: Fox News

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид