Улаанбаатар 1c

Цаснаас болж зам даваа хаагдаагүй

Анхбаяр 2017-11-13 09:48

Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус хүрэх бол говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэрнэ гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Харин энэ сарын 15-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрах юм байна. 
Өнгөрсөн өдрүүдэд ихэнх нутгаар цас ихээр орж, замын зорчих хэсэгт хальтиргаа, гулгаа үүсч, цасан шуурга шуурснаас болж үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа билээ. Мөн зарим даваа гүвээ тухайлбал, Бороогийн даваа, Зоон даваа, Бяцхан хөтөл, Түлүүгийн даваа, баруун чиглэлд Өвөрхангай аймгийн Шарт, Бумбатын даваа, Солонготын даваа зэргээр тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй, аюултай нөхцөл байдал үүсээд байгаа юм. Иймд цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын нөхцөл, үзэгдэх орчинг зөв тооцоолж тохирох хурдыг сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байгаа билээ. Хөдөө орон нутагт байдал ямар байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газрын ОНХХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Дуламсүрэнгээс тодруулахад “Одоогоор хөдөө орон нутагт зам, даваа хаагдаагүй. Цаснаас болж хүндэрсэн зүйл алга. Ирэх өдрүүдэд Хэнтийн уулархаг нутгаар их хэмжээний цас орох төлөвтэй байгаа. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байгаа зөвлөмжийг дагаарай гэж иргэддээ хэлмээр байна” гэсэн юм. 

Бусад

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид