Улаанбаатар 1c

2017 оны Дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдтэй танилц

Анхбаяр 2017-11-30 11:17

1. Н.Батбаярын “Дайчин” уран баримлын бүтээл

Найдангийн Батбаяр нь 1990 оноос монументаль чимэглэлийн үйлдвэрт уран барималчаар ажиллаж байсан. 1999 онд Монголын урчуудын эвлэлийн гишүүнээр элссэн уран барималч юм. Энэхүү бүтээл нь 2016 онд бүтээгдэж оюуны өмчийн патентаар баталгаажсан.  Монголын Алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн хааны үед уул ус, газар нутгаа хамгаалах тулаанд нэгдэн боссон ахмад дайчин. Эхний тулаанд ялаад амарч байгаа нь энэ аж. Нутгийн зүг хүлгийн жолоо залмаар байвч өнгөлзөх дайсан дахин ирэхийг мэдэж байгаа түүний дотор эх орны төлөөх агуу сэтгэл дүүрэн буйг илэрхийлжээ.
 

2. Н.Сүхбүрэнгийн “Хязгааргүйн алсад” керамик бүтээл

Наранхүүгийн Сүхбүрэн нь 2005-2009 оны хооронд “Монгени” сургуульд керамикийн багшаар ажиллаж байсан. 2009 онд Монголын урчуудын эвлэлийн гишүүнээр элссэн.
Энэхүү керамик бүтээлд  шинэ содон бүх зүйл рүү хүсэн тэмүүлж, эрэн хайсаар уртын урт аялалд гарч буйг илэрхийлсэн. Бидний нэрлэж  гайхширч шүтэж буй зүйл өнгөрсөн, өчигдөрт үүсэн бий болж өнөөдрөөс өчигдөр рүү эргэн харахад  маргаашийн төгс төгөлдөр рүү чиглэх урт замын эхлэл бий болдог. Өчигдрөөс эх аван өнөөдөрт бий болж маргааш руу шинэчлэгдэн цааш урсаж тасралтгүй  хүрдэн дунд эхлэл төгсгөлгүй  үргэлжилсээр мартагдсан төгс  төгөлдөр хүч чадал бидний сэтгэл оюуны гүнд тоосонд дарагдан нуугдан оршино.
 

3. Д.Цолмонгийн “Дэлгэр нутаг” уран зураг

Дамбын Цолмон 1997 онд Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд “Наран нүүдэл” хэмээх анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. 1992-1999 оны хооронд Соёлын өвийн төвд ажиллаж байсан.  Олон төрлийн дүрсийн билэгдэл болон хурц тод өнгийн шийдлээр хязгааргүйн орон зайд Дэлгэр Монгол орноо төсөөлөн бүтээсэн байна. Алтан нарны цацраг, сарны туяа, солонгын долоон өнгүүд нь миний эх орныг өнө мөнхөд өөдлөн дэвжүүлж, гэрэлтүүлэн, дэлгэрүүлэхийг, төрийн далбаа, монгол гэр, тооно, морьтой хосууд, хоттой хонь, сүрлэг морьдоор гэр бүлийн хайр энэрэл, нандин харилцаа, бат бэх итгэл, хамтын зүтгэл, элбэг дэлбэг амьдралын эрч хүчийг илтгэн харуулахыг зорьсон аж.

 

4. Б.Номингийн “9162631 Hz” монгол зураг

2005 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг Монгол зургийн мэргэжлээр төгссөн. 2012 онд “Дотоод сэтгэл”, 2014 онд “Эрсдэл дагуулсан тоглоом”, “Сэтгэлийн өнгө” зэрэг бие даасан үзэсгэлэнгүүдээ гаргаж байсан. Нэг секундээс ч бага цаг хугацааг хэмжих нэгж бол Цезийн цаг бөгөөд энэ ертөнц дээр оршин байгаа амьд биет бүхэн тэр бүү хэл бурхан чөтгөр ч цаг хугацаанаас хамааралтайгаар оршдог. Хүн төрөлхтөн өөрсдийгөө энэ ертөнцийн эзэн мэт аашлах боловч хүний амьдрал ердөө л энэхүү Цезийн цаг хэлбэлзэл мэт үзэгдээд өнгөрөх үзэгдэл юм. Цезийн цаг нь нэг секунтэд  есөн  тэрбум 192 сая 631 мянга 770 саяд 007802 удаа хэлбэлздэг. 

 

5. О.Энхтайваны “Булан” уран зураг

Очирбатын Энхтайван нь 1998 онд Дүрслэх урлагийн дээд сургууль, 2009 онд СУИС-ийн Урлагийн боловсролын магистрын зэргийг хамгаалсан. 2001 онд МУЭ-ийн гишүүн, 2004 онд МУЭ-ийн дэргэдэх залуучуудын уран бүтээлийн нэгдлийн зөвлөлийн гишүүнээр тус тус элссэн. 2006 оноос хойш СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуульд Уран зургийн багшаар ажиллаж байна. 
Тэрбээр “Аливаа нэг газар орон ертөнцөд булан байдаг, зарим газар булан байдаггүй. Хүний нүдэнд харагддаггүй тэр болгон анзаардаггүй булангийн тухай эрмэлзлээ. Буланд байгаа орон зай их байх уу, тэр чимээгүй ч юм шиг, ихэнхдээ харанхуй байдаг, энэ булангийн тухай, оюун санааны буланд юу байдаг вэ гэсэн асуудалд хариулах, кофе болон ноос, ноолуур хоёрын хоорондын харьцаа өгүүлэмжээр, өрнө дорно, шинэ хуучин зэргийг илэрхийлэн, хар цагаан хоёр бодит булангаар сэдэлжүүлж, зохиомжийн уламжлалт барилаас зугтан асгарсан болно. Геометрын дүрсээр илэрхийлэгдэж байгаа боловч уян зөөлөн мэдрэмж хэллэгээр түүний мөн чанар руу өнгийсөн нь өөрөө өөрийнхөө булан нь юм” хэмээжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид