Улаанбаатар 1c

Б.Мандахбилэг: “Хар жагсаалт”-д удах тусам манай өрсөлдөх чадвар муудна

Анхбаяр 2018-01-08 12:38

-Манай улс яагаад Европын холбооны “Хар жагсаалт”-д  орох болов. “Хар жагсаалт” ер нь хэзээ бий болсон юм бэ? 
-Европын холбоо болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) санаачилсан “Татварын зорилгоор ил тод байдал, мэдээлэл солилцооны дэлхийн форум”, “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх”-ийн эсрэг хөтөлбөрт тус тус нэгдэх, зарим олон талт хэлэлцээрт нэгдэн орох, банк санхүүгийн байгууллагын харилцагчдын мэдээллийг зөвхөн татварын зорилгоор мэдээлэл харилцан солилцох эрх зүйн орчин бүрдүүлэх зэрэг ажлуудыг  2019 оныг дуустал хийх үүргийг  Монгол Улс хүлээх учиртай байсан юм. Гэвч манай Сангийн яамнаас үүнд нь “Арай бэлэн биш байна” гэсэн утгатай хариулт явуулсан юм. Европын холбооны зүгээс манай орныг татварын асуудлаар “Хамтран ажиллах хүсэл, эрмэлзэл дутуу байна” гэж үзээд “Хар жагсаалт”-д оруулчихсан байна билээ. Өнөөдөр бид энэ “Хар жагсаалт”-аас зайлшгүй гарах хэрэгтэй байна.
Ер нь “Хар жагсаалт” гэдэг зүйлийг Европын холбоо болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) яагаад санаачилсан бэ гэдгийг тайлбарлахад,  Европын холбооны орнуудын томоохон компаниуд үйлдвэрлэл үйлчилгээгээ нутагтаа явуулчихаад, татвараас зугтаж, орлогоо өөр газарт бүртгүүлчихээд байсан юм. Тиймээс Европын холбооноос татвараа бүрэн бүрдүүлэхийн тулд дэлхийн улс орнуудтай банк, татварын салбарт хамтран ажиллаж, мэдээлэл солилцох тогтолцоо руу орох хүсэлтэй байгаа юм. Энэ санаачилга нь 2009 оноос хойш үндсэндээ эхэлсэн байдаг. Тэгээд энэ шаардлагуудыг хангахыг хүсч гадаадын улс орнууд руу сүүлийн жилүүдэд идэвхтэй хандсан байдаг. 
-Ер нь Европын холбооны шугамаар манайд хэр хэмжээний хөрөнгө оруулалт орж ирсэн байдаг вэ? 
-Европын холбооны орнуудаас сүүлийн 20 гаруй жилд Монголд хийсэн хөрөнгө оруулалт нь статистик мэдээгээр 5.8 тэрбум ам.доллар гэдэг ч 80 гаруй хувь нь “Рио Тинто”-гийн “Оюутолгой”-д хийгдсэн хөрөнгө оруулалт юм. Дараагийн арав гаруй хувийн хөрөнгө оруулалт  нь Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны шугамаар олгосон зээл. Үлдсэн 800 сая  ам. долларын хөрөнгө оруулалт нь Европын холбооны 28 орноос 20 гаруй жилийн хугацаанд хийгдсэн хөрөнгө оруулалт байдаг. Тэгэхээр Европын холбооны аж, ахуйн нэгжүүд татвараас зугтаж, Монголд ирж орлогоо нуун дарагдуулсан гэж хэлэхэд үнийн дүн нь өчүүхэн байгаад байна даа. Түүнээс гадна энэ “Хар жагсаалт” хүчин төгөлдөр болсон Монгол Улс, Европын холбооны хоорондын “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн 38 дугаар зүйлийн үзэл санаатай нийцэхгүй байгаа юм.        
-Хар жагсаалтаас гарахын тулд ямар алхмууд хийж эхэлсэн бэ? 
-Монгол Улс 2011 онд Гадаад бодлогын үзэл баримтлалдаа Европын холбоог “Гуравдагч хөрш” хэмээн тунхагласан. Иймээс бид Европын холбоо, түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг боломжтой бүх салбарт хөгжүүлж ирсэн. Европын холбооны арав гаруй улсад манай Элчин сайдын яам ажиллаж байна. Улаанбаатар хотод Европын холбооны Элчин сайдын яам нээгдсэн. Тэгэхээр манай улс Европын холбоотой сайн харилцаатай. Харин банк, татварын системд ийм асуудал үүсчихлээ. Үүнийг хурдан засахын тулд хичээн ажиллана. Европын холбооны зөвлөлийн дэргэд татварын мэргэжилтнүүдээс бүрдсэн “Ёс зүйн бүлгийн санал”-ыг үндэслээд 28 улсын Сангийн сайд хуралдаж, “Хар жагсаалт”-д оруулах эсэх асуудлыг шийдсэн. Яг энэ механизмаар Монгол Улс одоо хамтран ажиллах эрмэлзлээ Европын холбооны Сангийн сайд нарын хурлаар оруулах ёстой. Өөрөөр хэлбэл, “Монгол Улс “Хар жагсаалт”-аас гарахын тулд ийм, ийм алхмууд хийсэн. “Хар жагсаалт”-аас гаргах хүсэлтэй байна” гэдгээ уламжилна гэсэн үг. Ингээд Европын холбооны 28 улсын Сангийн сайд хуралдаж, “Монгол Улсыг “Хар жагсаалт”-аас гаргая” гэдэг шийдвэр гаргачихвал тэгээд л асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Товчхондоо “Хар жагсаалт”-д орсон шигээ буцаад гарна. Тиймээс эхний ээлжинд Европын холбооны дэргэд байгуулсан татварын мэргэжилтнүүдээс бүрдсэн Ёс зүйн дүрмийн бүлэгтэй хамтран ажиллах ёстой. Тус бүлгээс 28 орны Сангийн сайд нарыг хуралд  Монголын талаар эерэг санал оруулах ёстой юм. Тэгэхээр Европын холбооноос гадна гишүүн орон бүрт нь хандаж манай талын хүсэлтийг ойлгуулах ёстой юм. Брюссель дэх Элчин сайдын яам болон Европын орнуудад суугаа бусад Элчин сайдын яамдтай идэвхтэй ажиллана гэсэн үг.    
-Ер нь бол “Татварын мэдээлэл ил тод биш, татвараас зайлсхийх боломж олгодог” гэх үндэслэл нь үнэний талтай шүү дээ? 
-Тийм биш юм. Манайд Европын холбооноос оруулсан гэх томоохон хөрөнгө оруулалт байдаггүй гэж дээр хэлсэн. Голланд, Люксэмбург Улсад “Оюутолгой”-н хөрөнгө оруулагч “Риотинто” зэрэг томоохон компаниуд бүртгэлтэй байдаг. Тэндээ татвараа төлдөг. Европын орнуудаас Монгол Улстай хамгийн их түншилдэг нь Герман шүү дээ. Германаас хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт 100 сая евро гэсэн статистик байдаг юм билээ. Тэгэхээр манайх Европын холбоонд нэг их хор хохирол учруулсан зүйл байхгүй. 
-Тэгээд яагаад манай орныг “оролдоод” байгаа юм бэ?  
-Яахав Европын холбооноос дэлхийн бүх орнууд руу хандсан. 2009 оноос энэ асуудал яригдаж эхэлсэн. Эдийн засаг, хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага (OECD)-тай хамтраад  дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орнууд нийлээд 2009 оноос  эхлэн ярьсаар байгаад үндсэндээ 2016 онд тодорхой батлагдсан баримт бичигтэй болчихсон. Тэгээд боловсруулсан шаардлагуудаа гадаад орнуудад тавьсан байгаа юм. “Манай орны компаниудын талаар та нар бидэнд ямар мэдээлэл өгч байх боломжтой байна вэ. Татвараас зугтаж байгаа талаар бидний хүссэн мэдээллийг өгөх боломжтой байна уу” гэдэг чиглэлээр ажилласан байгаа юм. Үүнийг олон улсад BEPS гэж товчилж хэлээд байгаа. “Татварын суурийг багасгах, ашгийг шилжүүлэх буюу зувчуулах” гэсэн утгатай. Тиймээс Европын орнууд татвараа бүрэн авахын тулд тухайн орны Сангийн яам, банкуудтай хамтарч ажиллах хүсэлтэй байгаа юм. “Татварын зорилгоор ил тод байдал, мэдээлэл солилцооны дэлхийн форум” байгуулсан. Манай Засгийн газар өнгөрсөн арванхоёрдугаар сарын 20-нд хуралдаж, Европын холбооноос тавьж байгаа стандарт шаардлагуудыг хангахын төлөө ажиллана гээд тогтоол гаргачихсан. Тэгээд арванхоёрдугаар сарын 25-нд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар эдгээр байгууллагууд руу хамтран ажиллах захидлаа явуулсан. Ер нь хар жагсаалтаас энэ онд багтаад гарчих болов уу гэж найдаж байна. 
-“Хар жагсаалт”-ын 17 ду­гаар байрт манай улс жагссан гээд байгаа. Тухайлбал, ямар ор­нууд энэ жагсаалтад багтсан бэ? 
-Томоос гэвэл  Өмнөд Солонгос орчихсон. Тэгээд Тунис, Арабын нэгдсэн Эмират, Бахрэйн, Намиби болон жижиг улсууд орсон байна лээ. 
-“Хар жагсаалт”-д орохоос нь өмнө урдчилан сэргийлэх арга хэмжээ авч болоогүй юм уу. Энэ жагсаалтын талаар мэдэж байв уу? 
-“Хар жагсаалт” гэдэг зүйлийг Европын холбоо анх удаа гаргаж байгаа юм. Уг нь манай Сангийн яамныхан 2016 оны зунаас хойш тэд нартай харилцсан юм билээ. Манай улсад үнэлгээ хийгээд нэгдүгээрт, мэдээллийн ил тод байдал, харилцан мэдээлэл солилцох, энэ талаар байгуулагдсан Дэлхийн форумд гишүүнээр элсээгүй. Хоёрдугаарт, татварын асуудлаар харилцан захиргааны туслалцаа үзүүлэх  коневенцид нэгдэн ороогүй. Гуравдугаарт, эдийн засаг, хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага (OECD) боловсруулсан “Татварын суурийг багасгах, ашгийг шилжүүлэх буюу зувчуулах” BEPS-ийн эсрэг хөтөлбөрийн наад захын стандарт хангаагүй гэсэн гурван шалгуурыг хангаагүй гэж үзсэн шүү дээ.  Харин манайхан 2019 он гэхэд энэ шаардлагуудыг хангахаа  тодорхой амлах ёстой байсан юм билээ. “Хар жагсаалт”-д орохгүй байх боломж байсан байх гэж би хувьдаа бодож байна. 
-“Хар жагсаалт”-д удаан байвал ямар сөрөг дагавруудтай вэ? 
-Европын санхүүжилтийн 3-4 сан байгаа. Эдгээр санхүүжилтийн сан манай бизнесменүүдэд зээл олгохгүй гэсэн үг. Тухайлбал,  “Монголд үйлдвэр барих гэсэн юм. Санхүүжилт өгөөч” гэж эдгээр санд хандахад татгалзсан хариу авна. Зүгээр хөгжлийн туспамж хэвээр үргэлжилнэ. “Хар жагсаалт”-д орсон оронтой харилцаж байгаа Европын холбооны бизнесмен, аж ахуйн нэгжүүдийг илүү хянаж, шалгах нь нэмэгдэх байх. Хөрөнгөө Монголд нуух нь гэдэг хардлагад өртөнө гэсэн үг шүү дээ. Манайх Европын холбоо руу нэлээн экспорт гаргаж байгаа. Ялангуяа банкны төлбөр тооцоон дээр хяналт тавих нь нэмэгдэнэ гэсэн үг. Шууд бусаар эдийн засагт муугаар нөлөөлнө. 
-“Хар жагсаалт”-аас энэ ондоо багтаж гарч чадах уу? 
-2018 ондоо багтаад гарах байх гэж найдаж байна. 
-Манай татварын систем тийм ч нээлттэй, төгс төгөлдөр гэж бодохгүй байна. Тэгэхээр бас л хууль, журамдаа өөрчлөлт оруулах хэрэг гаргах уу? 
-Мэдээллийн ил тод байдал, харилцан мэдээлэл солилцох, энэ талаарх байгуулагдсан Дэлхийн форумд манай улс гишүүнээр элсэхээр болсон. Мөн “Татварын асуудлаар харилцан захиргааны туслалцаа үзүүлэх  коневенци”-д манайх нэгдэн орохоор ажиллаж байна. Энэ олон улсын конвенцид нийцүүлж хууль тогтоомжоо өөрчлөх ёстой болно. Хууль тогтоомжид өөрчлөлт орж л таарна даа.  
-Манайд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж байгаа шүү дээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд донор орнуудаас хөрөнгө орж ирэх ёстой. “Хар жагсаалт”-д орсон нь энэ хөтөлбөрт сөргөөр нөлөөлөх үү? 
-Шууд нөлөөлөхгүй. Гэхдээ ОУВС-гийн ерөнхий захирал нь франц хүн байх жишээтэй. Мөн томоохон хөрөнгө оруулагч, хувь эзэмшигчид нь Герман, Франц, Англи зэрэг Европын холбооны орнууд шүү дээ. Эд нар манайд шууд бусаар хөрөнгө оруулалт хийхгүй удвал байдал таагүй болно. Гэхдээ хоёр талаасаа гэрээ байгуулсан учраас ямар нэгэн саадгүй үүргээ биелүүлээд явах байх. Манайх “Хар жагсаалт”-д удаан байвал ОУВС хожмын ирээдүйд дэмжлэг туслалцаа үзүүлэхгүй болох байх л даа. “Хар жагсаалт”-аас гарахын тулд хэрэгжүүлэх ажлын чиглэл нь банк санхүү, татвартай холбоотой. Энэ ажлыг агуулгын хувьд авч явах нь Сангийн яам юм. Ч.Хүрэлбаатар сайд үүн дээр анхаарал тавиад их эрчимтэй ажиллаж байгаа. Гадаад харилцааны яамны зүгээс дэмжиж ажиллана. Европын холбоонд асуудлыг зөв тайлбарлаж ойлгуулж, нөгөө талаас ямар асуудал тавьж байна вэ гэдгийг Сангийн яамандаа мэдэгдэнэ. Европын холбоотой ганцхан банк санхүү биш олон зүйл дээр хамтарч ажилладаг. Хөгжлийн хамтын ажиллагаа байна. Бусад орнууд  өөр өөрсдийн чиглэлээр Монгол Улстай өргөн хамтын ажиллагаатай шүү дээ. Тиймээс бид “Хар жагсаалт”-аас гарахын тулд  Европын холбооны улс орнуудад суугаа Элчин сайдын яамдтай нягт хамтран ажиллаж, Европын түншүүдтэйгээ сайн ойлголцох хэрэгтэй. Европын холбоо нь “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулсан сайн түншээ дэмжинэ гэдэгт би итгэлтэй байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид