Улаанбаатар 1c

Ч.Батбаяр: Хөрс амилуулах ухаан Монгол хүний оюун ухаанд бий гэдэгт итгэдэг

Анхбаяр 2018-01-10 13:25

-Монгол Улс ялангуяа Төв аймгийн эдийн засгийн үндсэн салбар хөдөө аж ахуй түүний дотроос газар тариалан томоохон байр суурь эзэлдэг. Танай хамт олон нэрийн бүтээгдэхүүнийхээ санааг хаанаас анх олсон бэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье? 
-ХХААЯ, ХААИС, Химийн хүрээлэнгийн төслөөр Баянчандмань суманд бордооны үйлдвэрээ байгуулсан. Манай сум болон ойролцоох сумдын мал аж ахуйн хаягдал түүхий эд, бууц, өтөг, шувууны сангас, мод, ургамлын хаягдлыг эргэлтэнд оруулах зорилгоор үндэсний хэмжээний шувууны аж ахуй “Мон Эгг” компанийн үйлдвэрийн баруун талд буюу карьерийн урд талд тус үйлдвэр барьж  ашиглалтанд оруулаад явж байна. “Монгол эко бордоо” компани тус төслийг хэрэгжүүлэх явцдаа одоогоор 10 мянган мкв талбайд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалттай гурван блок барилга байгууламжийг барьсан. Анх удаа үрлэн бордоо дотооддоо үйлдвэрлэхээс гадна тэжээл, хүлэмжийн хөрс зэргийг бэлтгэн газар тариалан эрхлэгч болон өрхийн үйлдвэрлэгч, ой жимс жимсгэний аж ахуй салбарт хүрч үйлчлэх зорилготой. Одоогоор 20 гаруй ажилтантай. Мөн орон нутгаас ажилчин авч  ажиллуулдаг. Манай компанийн үйлдвэрлэдэг бордооны  нэршил нь “Гарааны  Монгол экологийн  бордоо” гэсэн  утга бүхий  агуулгатай. Малчид, тариаланчдын хувьд  өтөг, бууцыг дахин боловсруулж, төрөл бүрийн хүнсний ногоо, тэжээлийн ургамал тариалангийн аж ахуй, жимс жимсгэ-ний эрчимжсэн  аж ахуйн фермерийн хэмжээнд аж ахуйдаа ашиглах замаар хувь нэмэр оруулж байна.
-Монголчууд таван хошуу малынхаа өтөг, бууцаар эко бордоо үйлдвэрлэж, салбарын хэмжээнд нөлөөлөх бүтээгдэхүүн болгож чадсан нь эрхгүй анхаарал татаж байна?  
-Бид ХААИС-ийн Агро-экологийн сургуулийн Монгол Улсын гавъяат багш, профессор, доктор, МУ-ын зөвлөх агрономч-агрохимич А.Чойжамц болон шавь нарын хамт 1998 оноос хойш бордоо, түүний үндсэн түүхий эдийг судалсан юм. Судалгааны ажилд үндэслэн оюуны өмчийн газраас баталгаажуулсан “Шинэ бүтээлийн патентууд, ашигтай загварууд”,  “Экологийн цэвэр бордоо” инновацийн төсөл, Засгийн газрын импортыг орлох, экспортыг дэмжих бүтээгдэхүүн гаргах үйлдвэрлэл хөгжүүлэх зорилтын хүрээнд “Экологит ээлтэй органик ба эрдэс үрлэн бордоо үйлдвэрлэх” төсөл зэрэгт тулгуурлан “Гарааны Монгол Экологийн Бордоо” компаниа байгуулсан. Монгол Улс цаг агаарын дулаарал, цөлжилт, хөрсний үржил шимийн доройтол зэрэг аюулгүй байдал орхигдсон өнөө үед газар тариалан эрхлэгчдийн бүтээмжийг дээшлүүлэх, ногоон байгууламж, ойжуулалт, нөхөн сэргээлтийн чухал бүтээгдэхүүн буй болгож байгаадаа бид бахархалтай байна. Монгол орны хөрс, ургамлын идэвхит чанарыг дээшлүүлэх, хүн амыг хүнс тэжээлээр хангахад тогтвортой үйлдвэрлэл явуулахад ашиглаж болох баялаг бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох олон арга технологийн нэг л жишээ гэж бодогддог. Монгол хүний хийсэн, боловсруулж, сонгож авсан технологиор зөвхөн хөдөө аж ахуйд бус хөнгөн үйлдвэрлэлийн олон салбарын хэрэгцээг хангах боломжтой. Манай бордоо хэрэглэхэд хялбар, заавар зөвлөмж энгийн, савлагаа сайтай. Аж ахуйн орчинд туршсан, баталгаат чанар өндөртэй зэрэг олон давуу тал. Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хөдөө орон нутгийн иргэд, малчид, тариаланчдад зориулсан энэхүү бордоо нь бүх төрлийн органик гаралтай эрдэс бодис баялаг учир хэрэглэгчдэд хүрч чадаж байна. 
-Органик бордоо гэхээр хэлбэр, хэмжээ, өнгөтэй юу гэж зарим хүн сонирхох  юм? 
-Бордоо ямар хэлбэртэй байх нь чухал бус. Органик бордоог 3.5-4.3 мм-ийн хэмжээтэй, бөөрөнхий хэлбэртэй, хэд хэдэн өнгөтэйгээр үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна. Дотоод, гадаадын зах зээлд 3.8-4 мм хэмжээтэй нь хамгийн их өргөн борлуулалттай байдаг. Энэ үйлдвэр нь хүчин чадал техник технологийн хувьд ихээхэн ирээдүйтэй бөгөөд жилд 30-50 мянган тонн органик бордоо үйлдвэрлэдэг.
-Үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдийн олдоц хэр байдаг вэ? 
-Монгол мал бэлчээрээс 300-500 төрлийн ургамал иддэг гэхээр хоргол, аргал, хөрзөн нь  төрөл бүрийн органик эрдэс бодисоор баялаг түхий эд юм. Ургамлын амьдралд орлуулж болохгүй хүчин зүйл байдгийн нэг нь шим тэжээлийн бодис. Ургамал ургах явцдаа хөрсөнд шим тэжээлийн бодис болох макро болон микро элементүүдээр хооллодог учир хэрэгцээтэй элементүүдийг бордоогоор нөхөж өгөх учиртай. Жил бүр хурааж авдаг ургац бүрэлдэхдээ тодорхой хэмжээний тэжээлийн бодисыг хөрснөөс авч ашиглаж тэр хэмжээгээр хөрс ядуурч хөрснөөс ургамалд ашиглагдан, алдагдсан тэжээлийн бодисыг нөхөж өгөхгүй бол жил жилийн ургац буурсаар ургац авах боломжгүй болно. Эко бордоог хэрэглэхдээ тохиромжтой тунг баримтлах хэрэгтэй. Учир нь бага хэмжээгээр бордвол хангалттай ургац авч чадахгүй. Их хэмжээгээр бордвол хөрсний ургамлын концентрац ихэсч ургамал хооллож чадахгүйд хүрч ургалт нь зогсонги байдалд ордог. Малын өтөг бууцыг шинэ, хагас ялзарсан, бүрэн ялзарсан аль ч хэлбэрээр нь ашиглаж био эрдэс бордоог хийх боловч бууцан доторх хортон шавьжийн өндөг, зэрлэг ургамлын үр амьд байж байгаад тариалангийн талбайд орж ус, чийг, дулааны тохиромжтой нөхцөл бүрдэх үед үр ургаж, өндөг нь авгалдай болж ургамлыг хөнөөж эхэлдэг муу талтай. Харин манай технологиор хийгдсэн бордоо ийм сөрөг тал байхгүй.
-Эко био бордооны  давуу тал юу вэ? 
-Мал амьтны гаралтай био бордоо нь хөрс, мал амьтны ялгадас, органик бүтээгдэхүүний үлдэгдлээр бэлтгэх бөгөөд мал амьтны ялгадсаар бэлтгэсэн бордоо нь шууд ургамалд ашиглагддагаараа ашигтай. Шинэ технологиор үйлдвэрлэсэн биобордоо нь богино хугацаанд ургамалд эрчимтэй ашиглагддаг. Өртөг хямд, зардал бага. Гарын доорх материалаар хийх боломжтой. Эрүүл мэндэд хор нөлөөгүй. Ургацыг тогтвортой нэмэгдүүлэх боломжтой. Малын гаралтай ашиглагдаагүй нөөцөд нэмүү өртөг шингээж орчин үеийн техник технологиор гаргаж авсан эх орны үйлдвэрийн нэрийн бүтээгдэ-хүүн гэдгээрээ илүү ач холбогдолтой.
-“Гарааны Монгол экологийн бордоо” ХХК-д үйлдвэрлэсэн бордооны  давуу тал онцлог юу вэ? 
-“Гарааны Монгол экологийн бордоо” ХХК-ийн хувьд малын бууц, шувууны сангасыг үйлдвэрийн аргаар боловсруулж жилд дунджаар 30-50 мянган тонн эрдсийн болон үрлэн бордоо гаргадаг. Түүхий эдийг мэдээж дотоодоосоо авдаг. Түүхий эдийн шавхагдашгүй нөөцтэй. Одоогоор 10 орчим хувийг ашиглаж байна. Цаашид борлуулалтыг дэмжиж, төрөөс гарааны компаниудаа бойжуулж, газар тариалангийн бүх хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд дэмжээд өгөх хэрэгтэй байна. Энэ бордоогоор тасралтгүй 2-3 жил бордвол хөрсний ялзмаг нэмэгдэж, хөрсний микрофлор сайжирч хөрсний үржил шим дээшилж ургац сайжирдаг. 
-Эко био бордоо  нэг га-д орох орц, үнэ өртөг, ургац дээшлүүлэх чадвараараа ямар давуу талтай вэ?
-Монгол малын гаралтай био бүтээгдэхүүнээс гаргаж авсан  бордооны түүхий эд тул ашиглах, боловсруулахад нүсэр ажил, хөрөнгө хүч шаардахгүй. Эндээс гарсан бүтээгдэхүүний үнэд энэ бүгдийг шингэнэ гэхээр үнэ ямар байх нь ойлгомжтой. Тэгвэл био бордоо нь бидний ахуй амьдралын эргэн тойронд байгаа түүхий эдийг ашигладаг. Эко био бордоо нь тариалангийн талбайд маш их хэмжээтэй шаардлагатай байдаг эко  уламжлалт биобордоо үйлдвэрлэх аргатай төстэй бөгөөд нэг л тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэдэг юм.  
-“Мод таривал нэг насны буян, хоёр мод таривал хойт насны буян” гэдэг.  Энэ үгийн учрыг тайлахад танай үйлдвэрлэлийн хувь нэмэр юу байх вэ? 
-Буян гэдэг үгийн утгад шинжлэх ухааны нарийн үндэслэлтэй байдагт нь би бахархдаг. Модны навчинд фотосинтезын урвалаар бий болсон тэжээлийн бодисын нэг хэсэг нь үр жимс бүрэлдэхэд зарцуулагдаад нөгөө нэг хэсэг нь ишээр дамжин үндсэнд очдог. Энэ бодисоор амьдарч өсч үрждэг бичил биетэн хэмээх үй түмэн төрлийн, тоо томшгүй олон амьтад ургамлын үндэс бараадан амьдардаг. Нэг грамм буюу амны халбага хиртэй өчүүхэн хэмжээний хар шороонд арван мянга гаруй төрлийн 10-20 сая бичил биетэн оршдог. Өөрөөр хэлбэл кг-д 10-20 тэрбум, тн-д 10-20 их наядаар оршдог байна. Тэгвэл нэг модны үндэс тоо томшгүй бичил биетнийг агуулна. Мод агаар чийгшүүлж, нүүрстөрөгчийг өөртөө шингээж хүчилтөрөгч үйлдвэрлэдэг, үр жимсээ өгдөг. Энэ нь 70, 80 жилээр гээд бодохоор яах аргагүй буян бол мод тарих гэж баттай хэлнэ. 
-Таны хэлснээр хөрсний үржил шим дээшлүүлэхэд төрийн бодлогод  ямар ахиц өөрчлөлт бий болж байна вэ?
-Энгийнээр тайлбарлахад эх орны шинэлэг технологийг нутагшуулах хэрэгтэй болж байна. Харин жам ёсны био бордооны үйлдвэрлэлийг дэмжээд өгөхөд л энэ асуудал зөв замдаа орчихно. Төрөөс хэтэрхий их хөрөнгө шаардагдахгүй. Дадлага, туршлага хангалттай байна. Эко биобордоог дотоод, гадаад зах зээлд хурдан нэвтрүүлэхийн тулд борлуулалт дээр бага зэрэг дэмжээд өгвөл болчихно. 
-Таны цаашдын зорилт төлөвлөгөө юу байна?
-Монгол орны хамгийн үржил шимтэй гэсэн бүх газраас авсан хөрсний (дээж) микробоос бүрдсэн эко био бордоо ашигтай болгож түүнийгээ биотехнологийн аргаар үйлдвэрлэж шинэ бордоо бий болгох. Газар тариалангийн бүхий хөрсийг шинэ технологиор лабораторийн дүгнэлтийг үндэслэн үйлдвэрлэл явуулахад чиглүүлэх. Иймд дэргэдээ бүх төрлийн дүгнэл гаргах иж бүрэн лабароторитой орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан суурин болон нүүдлийн лаборатори ажиллуулдаг. Харин иргэдийн өрхийн үйлдвэрлэлийн хөрсний шинжилгээг 50 хувийн хөнгөлөлттэй хийж байгаагаа дуулгая. 
-Таны энэ төлөвлөгөө биелэгдэх боломж бий юу?
-Боломжтой. Сэтгэлд багтаж байна.
-Төв аймгийн хувьд эдийн засгийн гол салбар нь хөдөө аж ахуйн салбар бөгөөд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнх хувь буюу 59-70 хувийг мал аж ахуй болон газар тариалангийн үйлдвэрлэл эзэлдэг. Үүнд танай байгууллага компанийн оролцоо хэр байна вэ? 
-Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эзэмшиж байгаа тариалангийн газар 2007 оноос хойш 139.6 мянган га-гаар өсч, 252509.8 га болж, тариалсан талбай 48.0 мянгаар өсч, 108.0 мянган га-д хүрсэн. Мөн 98.5 мянган га-д уринш боловсруулж, нийт газар тариалангийн талбай 72.2 мянган га-гаар өсч, 189.8 мянган га-г ашиглаж байна. Жил бүр тариалан эрхлэгчдийн тоо өсч, одоо үр тарианы чиглэлээр 180 гаруй аж ахуйн нэгж, 170 шахам иргэн, төмс, хүнсний ногооны чиглэлээр 150 аж ахуйн нэгж, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмжийн аж ахуйн чиглэлээр 6254 өрх, иргэд үйл ажиллагаа явуулж байна. Энэ үзүүлэлт газар тариалан хөрсөө нөхөн сэргээх байгалийн эко бордоогоор дэмжих хичнээн их эрэлт хэрэгцээ байгааг тодорхой харуулж байна. Манай аймаг улсын хэмжээний нийт хураан авсан үр тарианы 17.8-30 хувь, төмсний 34.5-45.3 хувь, хүнсний ногооны 7.3-9.2 хувь, малын тэжээлийн 23-38.9 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Газар тариалангийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдлаас үзэхэд ургац тогтворгүй байгаа нь цаг уурын нөлөөллөөс гадна техникийн шинэчлэл бүрэн хийгдээгүй, технологийн алдаа зэргээс болэ ургац авах боломжийг алдаж байна. Үр шинэчлэх, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, ээлжлэн тариалах системийг зөв хэрэглэх, цулгуй уриншийг багасгах, хөрс боловсруулах технологийг өөрчлөх, эрчимжүүлэлтийг нэмэгдүүлэх, технологийг дагасан техник шинэчлэлт хийх, боловсон хүчний хангалтыг нэмэгдүүлэх тэднийг мэргэшүүлэх, давтан сургах шаардлагатайгаас гадна газар тариалангийн үйлдвэрлэлийг шинжлэх ухаанчаар удирдах шаардлага урган гарч байна. Иймд газар тариалангийн үйлдвэрлэлд хуримтлуулсан дадлага туршлага, материаллаг бааз, орчин үеийн шинжлэх ухааны дэвшилтэт технологи, техникийн ололтод тулгуурлан орон нутгийн хөрс, цаг уурт тохирсон технологийг гол нэрийн бүтээгдэхүүнээр аймаг, улсын хэрэгцээг хангах, аймгийн газар тариалангийн талаар баримтлах бодлогын шинэчлэл болон эко бордоог нэвтрүүлэх хэрэгтэйг санаачилж хэрэгжүүлж эхлээд байна. Хөрсний бүтэц, үржил шимд сөрөг нөлөөгүй дэвшилтэт технологид суурилсан технологийн ажил үйлдлүүдийг бүрэн гүйцэтгэж чадах тариаланчид, иргэд хорших хэлбэрээр техникийн шинэчлэл хийх үйл ажиллагааг дэмжиж ажиллуулах нь чухал болж байгаа юм. Эрдэс болон шим, био бордооны үйлдвэрлэл, хэрэглээг өргөжүүлэх замаар хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагааг дэмжиж ажиллах урам зориг бид бүхэнд байдаг. 
-Танай үйлдвэрийг Төв аймгийн төдийгүй дотооддоо бүтээн байгуулсан томоохон бүтээн байгуулалтын нэгээр нэрлэж болох уу? 
-Эх орондоо байгаль экологид хоргүй, малын гаралтай бүтээг-дэхүүнээр дотоод, гадаадын зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахуйц, стандартад нийцүүлэн хийсэн бараа бүтээгдэхүүнээр газар тариаланчдийн хэрэгцээг бүрэн хангаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Энэ нь манай хамт олон төдийгүй сум, орон нутагтаа шинэлэг ажил үйлчилгээ болж өргөжиж байна. Тиймээс хөрс амилуулах ухаан монгол хүний оюун ухаанд байгаа гэдэгт итгэдэг. Учир нь Монгол Улсын хөгжлийн гол тулгуур хөдөө аж ахуй, мал аж ахуйг хөгжүүлэхэд чухал хөшүүрэг нь био бордоо юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид