Улаанбаатар 1c

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийх айлчлал эхэллээ

Анхбаяр 2018-01-16 21:36

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын долоон сайдын хамтаар БНСУ-д албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр тус улсын Ерөнхий сайд Ли Наг Енийн урилгаар айлчилж байгаа бөгөөд 17-ныг хүртэл тус улсад ажиллах юм. Монгол Улс, БНСУ-тай 1990 онд дипломат харилцаа тогтоосон. Үүнээс хойш хоёр улсын төр засгийн тэргүүнүүд харилцан олон удаагийн айлчлал хийж байсан бөгөөд хамгийн сүүлд 2016 онд Монгол Улсаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мөн тус онд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ манай улсад айлчилж байжээ. Энэ удаагийн айлчлалын зорилго нь гуравдагч хөрш БНСУ-тай иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход оршиж байна. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэд, хэдэн чухал баримтад гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Тухайлал, БНСУ-аас манай улс ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 700 сая ам.доллар зээлэхээр төлөвлөжээ. Үүнээс 500 сая ам.долларыг нь агаарын бохирдлын эсрэг зарцуулна гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр онцоллоо. Энэхүү зээл жилийн 0.2 хувь, 30 жилийн хугацаатай, эхний 10 жилд маш онцгой хөнгөлөлт үзүүлэх зээл ажээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд бараалхлаа. Уулзалтын үеэр нар, салхины эрчим хүчний төслүүдэд БНСУ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Үүний дараа хөтөлбөр ёсоор Ерөнхий сайд БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн төлөөлөлтэй уулзав. Энэ оны байдлаар Өмнөд Солонгос Улсад манай улсын 46 мянган иргэн сурч, ажиллаж байгаа аж. Энэ нь өмнөх оны мөн үеэс 11.671 иргэнээр буюу 33.7 хувиар өссөн үзүүлэлт юм байна. 
БНСУ-ын “Хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцоо” 2004 оноос эхэлж, үүнээс хойш хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй 26 мянга гаруй гэрээт ажилчдыг БНСУ-д хүлээн авсан байна. БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны статистик мэдээнд манай улсын 6300 гаруй иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаагаас 4000 гаруй нь хууль ёсоор оршин сууж хөдөлмөр эрхэлж буй бол үлдсэн нь гэрээний хугацааг хэтрүүлэн хууль бус болсон гэрээт ажилчид ажээ.
Харин өнөөдөр БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ентэй албан ёсны хэлэлцээр хийнэ. Мөн Монгол-Солонгосын бизнес форумд оролцох юм. Уг форумд манай улсын 60 гаруй бизнесийн төлөөлөгч оролцох ажээ.
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид
NPost.mn Үндэсний шуудан
Зорчигчдын анхааралд