Улаанбаатар 1c

Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Анхбаяр 2018-01-16 21:42

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга “Иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна гэсэн амлалтынхаа хүрээнд иргэд та бүхэнтэй уулзаж байна. Тулгамдсан асуудлаа иргэд өөрсдөө ярьж УИХ, Засгийн газарт “ташуур” өгөх ёстой. Зөвхөн би биш өөр хоорондоо ярилцъя” гэв. Түүнчлэн “Улаанбаатар хотын хүн ам 1990-2017 онд 854 мянгаар буюу 146 хувиар огцом өслөө. Үүний 623 мянган хүн буюу 73 хувь нь орон нутгаас ирсэн байна. Харин 2008-2016 онд агаарын бохирдолд 147 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, гадаадын зээл, тусламжаар 60 сая ам.доллар зарцуулжээ. Нийтдээ 170 мянган ширхэг зуух тараасан байна.
Мөн өнөөдөр хотод 1.3 сая хүн амьдарч байна. Энэ их ачааллыг дахин төлөвлөхөд хэтэрхий эрсдэлтэй. Тиймээс Улаанбаатар хотыг түшиглээд дагуул хот байгуулах тухай асуудлыг би хөндөн ярьж байгаа. Дагуул хотууд байх газарт зарим яамд, их, дээд сургууль, Элчин сайдын яамдыг гаргая гэж байгаа юм. Дагуул хот байх газарт орон сууцны үнэ нэг сая хүрэхгүй төгрөгөөр зарагдах боломжтой” гэлээ.
Иргэдийн санал хүсэлтийг сонсох үеэр агаарын бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шатахууны үнийг бууруулах, татварын нэмэгдлийг эргэн харах зэрэг асуудлаар иргэд санал бодлоо хэлж байсан юм. Ялангуяа, агаарын бохирдлыг бууруулахын тулд утаагүй зуух иргэдэд тараахыг дэмжихгүй гэдгийг онцолж байлаа. Харин орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхийлөгчөөс хүсч байв. Тухайлбал, Тус дүүргийн XI хорооны иргэн н.Дуламхорол “Дахиад зуух тараана гэж байна. Энэ хэрэггүй. Ялгаагүй зуух л юм чинь утаа гарна. Тиймээс ард иргэдээ байр, орон сууцанд оруулаач ээ. Манай хороонд цэцэрлэг, сургууль байхгүй. Хөрсний бохирдол их болохоор өвчлөл мөн их байдаг” гэв. Мөн иргэдийн зүгээс Ерөнхийлөгчөөр сонгогдох үед өгсөн амлалтаа биелүүлэхийг сануулав. I хорооны иргэн н.Соня “Ерөнхийлөгч таныг ард иргэдийнхээ дуу хоолойг сонсож байгаад талархаж байна. Өнөөдрийн ярьсан зүйлсээ ажил хэрэг болгоорой гэж хүсч байна. Түүнээс гадна Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо оффшор бүстэй тэмцэнэ гэж байсан. Энэ асуудал яасан бэ. Оффшор дахь хөрөнгийг татаж, Монгол Улсынхаа өрийг дараач ээ. Бусад улс оффшор бүсэд данстай иргэдийнхээ хөрөнгийг хурааж, арга хэмжээ авч байхад манай улс яагаад ингэж шийдэж болдоггүй юм бэ. 20-30 хүн л оффшор бүсэд данстай байгаа. Энэ асуудал дээр ажиллаарай. Түүнчлэн намчирхдаг байдлыг болимоор байна. Ард иргэдийг тогтвор суурьшилтай ажилтай байлгамаар байна. Нэг нам солигдоход албан газрын ажилчид солигдож байна. Ажлаа сайн хийдэг залуучуудаа ажлын байранд нь байлгаж, арын хаалганы боловсролгүй байдлыг халмаар байна. Үүн дээр мөн анхаараарай” гэлээ. Ерөнхийлөгч хариуд нь оффшорын асуудлыг АТГ-аас шалгаж байгаа гэдгийг хэлэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид