Улаанбаатар 1c

Танилц, “Алдар”-ын Г.Отгонжаргал

Анхбаяр 2018-01-24 14:11

Монголын чө­лөөт бөхөд шинэ үеийнхэн гарч ирсээр. Гэхдээ шинэ үеийнхнээс бусдаасаа арай илүү сондгойрч байгаа нь олон улсын хэм­жээний мастер Ганбаатарын Отгонжаргал юм. Тэр бөхийн спортод хөл тавиад удаагүй ч чөлөөт бөх сонирхогчдод хэдийнэ танил болжээ. Батлан хамгаалахын “Алдар” спорт хороо, “Аваргууд” академиар овоглодог түүний амжилт өсвөрийн улсын аваргын мөнгөн медалиас эхлэлтэй. Эмэгтэй хүүхэд бөхийн спортоор хичээллэхэд эцэг, эхчүүд дургүй байдаг бол Г.Отгонжаргалын гэр бүлийнхэн охиноо уриалгахан дэмжсэн гэдэг. Ингээд алдарт дасгалжуулагч ах, дүү Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр нарт шавь орсноор “Алдар” спорт хороогоор овоглох болсон юм. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд барилдах болсон түүнийг “Алдар”-ынхан “хоёр дахь Орхон” гэж тодотгодог. Энэ нь ч учиртай. Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Орхон олимпийн аварга болно. Үүнийг би баттай хэлнэ. Харин түүний залгамж халаа нь армийн дэлхийн аварга Г.Отгонжаргал. Тэр тун удахгүй спорт сонирхогчдод том амжилтаар сюрприз барих болно. Энэ цаг үе удахгүй гэдэгт би итгэдэг. Удахгүй “Г.Отгонжаргал Орхон эгч шигээ дэлхийн хүн болно” хэмээн хэлсэн удаатай. Түүний үг магадгүй энэ жил, эсвэл 2019 онд биеллээ олох магадлалтай.

Уйгагүй бэлтгэл хийдэг тэрбээр богино хугацаанд бөхийн ертөнцөд танил болсон бөгөөд өөрийн гол зорилгоо 2020 оны олимп гэж тодорхойлжээ. Анх өсвөр, залуучуудын улсын аваргад түрүүлж амжилтын гараагаа эхэлсэн Г.Отгонжаргал өсвөрийн тэмцээнд өрсөлдөгч нараа тус амархан ялсаар улсын аварга болж байв. Ингэж мэргэжилтнүүдийн хараанд өртөхдөө өөрийгөө Армийн дэлхийн аварга болно гэж төсөөлөөгүй биз. Тэгвэл өнгөрсөн 2017 он түүний амжилтын жил байлаа. Товчхондоо бол өөрийгөө нээсэн он жил байв. Учир нь, 23 хүртэлх насныхны ДАШТ-ээс тэр хүрэл, Армийн дэлхийн аваргаас алт. Ер нь дор дурдсан амжилтуудын дийлэнхийг тэрбээр өнгөр­сөн жил үзүүлжээ. Өсвө­рийн тамирчин байхаасаа л ирээдүйтэй гэгдэж байсан тэр 62 дугаар сургуулийг төгссөн бөгөөд аав, ээж, хоёр эгчийн хамт амьдардаг нэгэн. Анх өөрийн дунд сургуульдаа нээгдсэн бөхийн секцэнд хичээллэж байгаад “Алдар” спорт хороонд данс­тай болсон нэгэн. Тодруул­бал, Г.Отгонжаргал 2008 оноос бөхийн спортоос хичээл­лэхдээ анх Уламбаяр, Батболд нараар чөлөөт бөхийн “А” үсгээ заалгаж байв. Улмаар багш нар нь түүнийг ирээдүйд сайн тамирчин болгохын тулд 2011 онд ах, дүү Ц.Хосбаяр, Ц.Цогтбаярт шавь болгон өгчээ. Тэр цагаас хойш Г.Отгонжаргалын амжилт бага багаар ахисаар одоогийн байдлаар үзүүлсэн хамгийн том амжилт нь Армийн дэлхийн аварга болоод байгаа юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид