Улаанбаатар 1c

Таны хаясан нэг гялгар уут 8-9 үеэр тань хордуулна

Анхбаяр 2018-02-06 20:55

Тиймээс Монголын хог хаягдлыг дахин боловсруулах холбоо, “Хоггүй Монгол” төрийн бус байгууллага, “Сан оргиу” хариуцлагатай хувьцаат компани, Нийгмийн  эрүүл мэндийн үндэсний төв хамтран “Гялгар уутгүй сар шинэ” уриалга гаргалаа. Манай улс хэрэглэсэн хуванцар, гялгар уутныхаа найман хувийг дахин боловсруулдаг байна. Тиймээс үлдсэн 92 хувь нь шууд байгальд хаягддаг гэсэн үг аж. Гэтэл гялгар уут нь дээр дурдсанчлан байгальд өнө удаан жил байдаг. Энэ хугацаандаа нар, салхины нөлөөгөөр жижиг хэсгүүдэд хуваагдаж шүлтлэг орчин үүсгэн хөрсийг үхжүүлэн хөрсний усыг хордуулдаг. Хавдар судлалын үндэсний төвийн мэдээлснээр манай улсын хүн амын нийт нас баралтын 40 хувь нь хорт хавдрын өвчлөлөөс хамааралтай гэсэн байдаг. Тэгвэл гялгар уутны буруу хэрэглээ нь хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгдүүлдэг гэдгийг тус байгууллагаас мэдээлсэн. Түүнчлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторид хүнсэнд хэрэглэж буй нийлэг уутнаас химийн 58, хүнд металын 27, нянгийн 72 төрлийн төрлийн сорьц авахад гялгар уутны бичил биетийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс тав дахин их гарчээ. Мөн манай улс 2015 онд 3.5, 2016 онд 7.3, 2017 оны эхний есөн сарын байдлаар 4.6 тэрбум төгрөгийг гялгар уут импортолсон талаар Гаалийн ерөнхий ерөнхий газрын статистик бий.  Гэвч дэлхийн улс орнууд гялгар уутны хэрэглээнээс татгалзаж эхэлсэн бөгөөд 60 гаруй улс үүнийг хориглосон хуультай юм байна. Тухайлбал, Африкийн 15 улсад энэхүү уутыг хориглох хууль тогтоомж гарсан ба татвараар барьж хязгаарладаг байна. Харин хамгийн сүүлд Кени улс гялгар уутыг импортлох болон хэрэглэсэн юм уу эсвэл бусад тохиолдолд 40 мянган ам.доллараар торгох болон дөрөв хүртэлх жилээр хорихоор хууль баталжээ. Түүхийн хуудас сөхвөл хамгийн анх 1995 онд Дани Улс гялгар уутыг хэрэглээнээс халахаар шийдэн татвар ноогдуулснаар 800 сая байсан уутны хэрэглээ жилийн дотор 400 сая болсон түүхтэй аж. Манай улс ч гэсэн дэлхийн жишигт нийцэж, гялгар уутны хэрэглээх багасгах бодлого баримтлах ёстойг энэ үеэр тэд хэлж байлаа.  Тухайлбал, энэ төрлийн уут импортлогчдод татвар нэмэгдүүлэх, дахин боловсруулах үйлдвэрүүдийг бодлогын хэмжээнд дэмжих, бүх шатандаа хогоо ангилж ялгадаг болох, аль болох байгальд ээлтэй сав, баглаа, боодол үйлдвэрлэгч болон импортлогчдыг дэмжих, дэлхийн жишгийн дагуу нийлэг уут, хуванцрын хор хөнөөлийг олон нийтэд байнга сурталчлах, энэ төрлийн хэрэглээнээс татгалзахыг уриалах хэрэгтэй гэдгийг тэд онцолж байв. “Манай улс хөгжил буурай орон тул бүх зүйлийг шилэн савлагаатай болгох  аргагүй тул бид гялгар уут хэрэглэхээс өөр яах вэ” хэмээн гялгар уутыг цаашид хэрэглэсээр байж болохгүй гэдгийг тэд хэллээ. Манай улсад хогийг дахин боловсруулах үйлдвэр байдаг бөгөөд бид хэрэглэсэн гялгар уутаа бусад хогноосоо ялгаж хаяад байвал ядаж бидний хэрэглэж буй гялгар уутны тодорхой хувийг тус үйлдвэр авч дахин боловсруулдаг гэнэ. Мөн монгол хүний дундаж наслалт ойролцоогоор 65 байдаг. Гэвч гялгар уут байгаль дээр 500-гаад жил оршин тогтнодог гэхээр  хаясан нэг гялгар уут таны 8-9 үеийг хордуулсаар байна гэдгийг хэллээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид