Улаанбаатар 1c

Хүүхдүүд: Хүсэл мөрөөдлийг минь сонсоосой

Анхбаяр 2018-06-19 22:02

Галт тэрэгний нүргээнт дуу чихнээ сонсогдоно. Өнөөх дуу улам ойртсоор, галт тэрэг наашилж буй мэт. Тайзан дээрээс багш хүүхдүүдэд хандан “Галт тэрэг “Найрамдал” зуслангийн цагаан хаалгаар хурдлан орж  ирлээ” гэхэд хүүхдүүд алга  нижигнүүлэн ташина. Багш танхимд буй хүүхдүүд рүү гараа ээлжлэн дохих бүрийд тэд алгаа ташсаар л байв. Багш “Галт тэрэг наашилсаар, наашилсаар...” хэмээн бүр хурдан хурдан гараа дохино. Тэдний алгаа таших нь үнэхээр л галт тэрэгний дуу адил. Нээрэн ч багшийн хэлснээр галт тэрэг хэзээ мөдгүй танхимд ороод ирэх нь гэлтэй. “Найрамдал” зусланд галт тэрэг ирж байна гэж уншигч та бүхэн андуурав. Энэ бол олон улсын “Найрамдал” зуслангийн “Хараацай” театрын танхимд “Хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний зөвлөлгөөн”-ий нээлтийн  үйл ажиллагаа эхлэхийн өмнөх идэвхжүүлэлтийн хэсэг юм. Сая өгүүлсэнчлэн багшийн удирдлага дор хүүхдүүд галт тэрэгний чимээ гарган алга ташиж буй нь энэ байлаа. 
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас энэ сарын 16-наас өнөөдрийг хүртэл энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Тус зөвлөлгөөнд 21 аймаг, есөн дүүргийн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын 600 гаруй төлөөлөл болон үүрэг хүлээгч, олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо. Энэхүү зөвлөлгөөн нь Хүүхдийн эрхийн конвенцийн үндсэн зарчмуудад тулгуурлан хүүхдийн эрх, үзэл бодлоо илэрхийлэх тухай ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхэд өөрөө хэрхэн яаж оролцох, хүүхдэд нөлөөлөх аливаа асуудлаар бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх үйл явцад хүүхдийн оролцоог хангах зураглал боловсруулах зорилготой аж. Түүнчлэн зөвлөлгөөнд оролцогчид бидний манлайлал, байгаль дэлхий, эрүүл мэнд, харилцаа, сүлжээ, эдийн засаг, аюулгүй байдал-сэргийлэгч хүү, зөвлөгч охин, сайн үйлс, соёл, өв уламжлал, бидни хөгжих орчин гэсэн чиглэлээр сайн туршлага, санал санаачлагыг хуваалцав. Мөн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэн санал зөвлөмж гаргах юм. Нээлтийн арга хэмжээний үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, НҮБ-ын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар оролцсон юм. 
Энэ үеэр Хөдөл­мөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Хүүхдүүд та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Хоёр жил завсарласны дараа “Хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний зөвлөлгөөн”-ийг хийх боломж олгосонд Засгийн газар болон олон улсын байгууллагуудад баярласнаа илэрхийлье. ХНХЯ-наас хүүхдүүдийн ирж амрах дуртай “Найрамдал” зуслангийн ая тухтай байдлыг хангах үүднээс холбогдох олон талын арга хэмжээ авч ажиллаж байна. Манай улсад 0-18 хүртэлх насны нэг сая гаруй хүүхэд байдаг. Нийт хүн амын 36 хувийг хүүхэд залуучууд эзэлдэг. Иймд хүүхдүүдийн нийгмийн хамгаалал, хөгжлийг сайжруулахын төлөө олон ажил хийж хэрэгжүүлж байгаа. Олон хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн болон гэмт хэргийн золиос болсоор байна. Хүүхдийн эрхийг хангах тухай асуудал нь салбар бүрийн оролцоотой холбоотой. Энэ утгаараа салбар бүрийн уялдааг зохицуулах зорилгоор улсын хэмжээний зөвлөлгөөнийг зохион байгуулж байгаа юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын ахалсан Хүүхдийн үндэсний зөвлөл байдаг. Хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэргийн золиос хохирогч болохгүй байх асуудлууд хөндөгдөж байна. Унаач хүүхдүүдийн асуудал нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөртэй холбоотой юм. Үндэсний уламжлал зан заншлынхаа дагуу хүүхдээр хурдан морь унуулдаг гэж нэг хэсэг нь хэлдэг. Нөгөө талаар бизнес болж, хүүхдийн хөдөлмөрийг үнэлэх хэлбэр рүү ороод байна. Иймд өвөл, хаврын уралдааныг бага насны хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж үзсэн.
Засгийн газраас шийдвэр гаргаж 12-оос дээш насны хүүхдийг хавар, өвлийн уралдаанд морь унуулах шийдвэр гаргасан. Гэвч энэ шийдвэр оновчгүй гэж үзсэний үндсэн дээр өвөл, хаврын уралдааныг зохион байгуулахыг хориглосон. Одоогоор Үндэсний баяр наадмын тухай хуулиар долоогоос дээш насны хүүхдийг хурдан морь унуулдаг хууль үйлчилж байна. Цаашдаа бага насны хүүхдийг хурдан морь унуулах асуудлыг эргэж харах шаардлагатай. Долоон нас гэдэг морь унахад дэндүү балчир. Тийм учраас Үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж 12-оос дээш насны хүүхдийг хурдан морь унуулдаг байх шийдвэрийг гаргах асуудлыг судалж Засгийн газраар оруулна” гэв. 
Мөн Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “Монгол орныхоо өнцөг булан бүрээс бусдыгаа манлайлан ирсэн хүүхдүүд та бүхний сэтгэгдэл өндөр байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол орон бол хүүхдүүдийн орон. Монгол Улс 3.2 сая хүн амтайгаас 1.2 сая нь хүүхэд байна. Тус зөвлөлгөөнд оролцсоноороо хүүхдүүд та бүхэн цаашид яамаар байгаагаа, өөрсдийнхөө оролцоог яаж нэмэгдүүлэхээ ярилцах өдөр юм. Оролцооны байгууллага гэдэг нь сайн суралцаж, эрдэм номдоо шамдахаас гадна бие хүн болж төлөвшхөд чухал үүрэгтэй. Бусдыг хайрлах бусаддаа туслах, нийгмийн сайн сайхны төлөө өөрийгөө хөгжүүлэх, ирээдүйд хэн болох вэ гэдгээ олж авахад оролцооны байгууллагын үйл ажиллагаанд идэвхитэй оролцох явдал чухал юм” гэлээ. 
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх “2016 онд Женев хотод НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцийн тавдугаар тайлан илтгэлийг Монгол Улс хамгаалсан. Энэ үеэр шийдвэр гаргах процесст хүүхдийн оролцооны асуудлыг анхаарсан. Түүнчлэн хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудалд ач холбогдол өгөх шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл, 2015 оноос хойш Монгол Улс хүүхдийн оролцооны байгууллагад цуглаж уулзаагүй байдаг юм. Энэ удаа үндэсний хэмжээний зөвлөлгөөн болж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой. Хүүхдийг шийдвэр гаргах процесст оролцуулах, хүүхдийн тухай шийдвэр гаргахдаа хүүхдийн дуу хоолойг заавал сонсох тогтолцоог орон нутагт бий болгох зорилгоор энэ зөвлөлгөөнийг хийж байна. Ирэх есдүгээр сараас аймаг бүрт энэ зөвлөлгөөнийг хийж эхэлнэ. Энэ жилээс хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг зогсоох чиглэлээр томоохон судалгаанууд хийж байна. Тэвчишгүй хөдөлмөрийн зургаан жагсаалт бий. Судалгаа хийсний дараа аль чиглэл рүү түлхүү анхаарах вэ гэдэг асуудал яригдана. Хүүхдийн хөдөлмөртэй холбоотой олон маргаантай асуудал байна. Хүүхэд хөдөлмөрлөснийхөө хүчинд тодорхой орлого олоод, түүгээрээ гэр бүлээ тэжээж байгаа харилцаа Монголд их бий. Гэтэл хүүхдийг хөдөлмөрлүүлэхгүй байлгаснаар хүүхдийн амьдрал сайжрах уу гэдэг асуудал хүнд байна. Ялангуяа хүүхдийн орлогоор амьдарч байгаа гэр бүл олон байгаа. Гэр бүлийн амьжиргааг дэмжих замаар хүүхдийг хөдөлмөрөөс гаргах зам руу явах ёстой” гэдгийг онцолж байв. 

Хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт орсон тул хүүхдүүдийг энэ чиглэлд бэлдэнэ 

Улаан, ягаан, шар, ногоон гэх мэт өнгийн хувцастай хүүхдүүд танхимыг чимнэ. Тэд дэггүй, гэнэн. Бас энэхүү танхимд инээд цангинаж, хайр “дэвэрнэ”. Энэ жил дөчин настайгаа золгож буй уг зуслан Хүүхдийн вант улс гэлтэй. Энд тэндгүй хүүхдүүд инээлдэж, хөөцөлдөнө. Охид хэсэг хэсгээрээ бөөгнөрөн чимээ багатай ямар нэгэн зүйл хийнэ. Хаашаа л  харна хүний орчлонгийн “хайрын цэцэгс” үзэгдэнэ. Одоогоор дэлхий дээр 1.2 тэрбум өсвөр насны хүүхдүүд амьдарч байна. Энэ нь түүхэнд тохиож байгаагүй хамгийн их тоо юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн хүн амын бүтцэд өөрчлөлт орж буйн  жишээ энэ юм. Ингэхээр дэлхий дээр хөдөлмөрийн зах зээлд ч өөрчлөлт орох нь мэдээж. Тиймээс цэнхэр 

гаригийг ирээдүйд авч явах хойч үеэ  бэлдэх, тэднийг дэмжих нь дэлхий дахинд анхаарал татсан зүйл болоод байгаа юм. Уур амьсгал, ус мөрөн, технологи, шинжлэх ухаан гэх мэт дэлхий тэр чигээрээ өөрчлөгдөж буй энэ үед хүмүүсийн хийх ажил ч мөн өөрчлөгдөнө. Манай улс ч бөмбөрцгийн бөөрөнд байдаг учир энэ өөрчлөлт, шинэчлэлттэй хөл нийлүүлэн алхах нь зүй ёсны хэрэг. Тиймээс оролцооны байгууллагын манлайлагч хүүхдүүдийг урин энэ зөвлөлгөөнийг зохион байгуулж байгаа юм. Судалгаагаар манай улсад өнөөдөр 0-18 насны 1.2 сая иргэн байдаг. Өөрөөр хэлбэл, энэ насныхан хүн амын гуравны хоёрыг эзэлж байна. Жил бүр тэд бөөн бөөнөөрөө ажилчин ангийн эгнээнд шилжин амьдралын босгоор алхана. Аав, ээж болно. Мэдээж эрдэмтэй, боловсролтой байх хэрэгтэй. Түүнээс гадна нийгэмд оролцоотой, идэвхтэй иргэн болж  төлөвших нь чухал гэдгийг салбарынхан хэлж байлаа. Зөвлөлгөөнд оролцож буй хүүхдүүд эцэг эхчүүд бидний мэргэжил сонголтыг зөвшөөрч хүсэл мөрөөдлийг минь сонсоосой,  хүүхэд бүр инээж, аз жаргалтай байгаасай хэмээн хүсдэгээ илэрхийлж байлаа. Мөн хүүхэд хүчирхийлүүлсэн мэдээллийг хэвлэлээр гаргахгүй, харин хүүхдүүдийн амжилт бүтээл, ололтыг мэдээлж байхыг хүсч байв. Энэ үеэр хүүхдүүдийн сэтгэгдлийг сонслоо. 

Хүүхдийн телевизтэй болоосой гэж хүсдэг 

Дархан-Уул аймгийн сурагч О.Ундаръяа

Ямар ч мэргэжилтэй болохоос үл хамаараад оролцох чадвар нь амжилтад хүрэх нэг түлхүүр юм. Тийм учраас аймаг сум, дүүрэг гэлтгүй сард нэг удаа хүүхдүүдийнхээ дуу хоолойг сонсож байх хэрэгтэй. Хүүхдүүд бидэнд юу тохиолддог, юу хамгийн их бэрхшээлтэй байдаг талаар томчууд сайн мэдэхгүй шүү дээ. Мөн эцэг эхчүүд ч гэсэн хүүхэд биднийг анхаараасай гэж хүсч байна. Манай аймагт 2016 онд хүүхэд хөгжлийн ордон байгуулагдсан. Энэ ордонд олон төрлийн дугуйлан ажилладаг. Мөн орон нутагт байдаггүй өсвөрийн “Сэтгүүлч” клуб ажилладаг. Миний хувьд өглөө болгон “Сайн байна уу, хүүхдүүд ээ” гээд мэндэлдэг хүүхдийн телевизтэй болоосой гэж хүсдэг юм. Мөн сэтгүүлч ах, эгч нар та бүхнийг хүүхдийн хүчирхийллийн мэдээллүүдийг битгий их цацаач, бидний сайн сайхан зүйлүүдийг олон түмэнд түгээгээч гэж хэлмээр байна.

Хүүхдүүд өөрсдийнхөө төлөө дуу хоолойгоо хүргэж чаддаг 
Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын сурагч Д.Алтаншагай 

Дуу хоолойгоо илэрхийлж, бусдад өөрийгөө ойлгуулж чаддаг хүүхдүүд болж төлөвших нь зөв юм.  Манай аймаг 3200 гаруй хүүхэдтэй. Одоогоор хүүхдүүд өөрсдийнхөө төлөө дуу хоолойгоо хүргэж чаддаг. Мөн оролцооны байгууллагуудад хамрагддаг. Сургалт зөвлөлгөөнүүд ч их явагддаг. Миний үеийнхний дунд нэгнээ дээрэлхэх, хэл амаар доромжлох, ялгаварлан гадуурхах асуудал их байдаг. Түүнээсээ болж маргалдах, зарим нь гутарч амиа хорлож ч болзошгүй байдалтай байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс Сурагчдын өөрөө удирдах байгууллага болон сургуулийн нийгмийн ажилтан сайн ажилладаг гэж боддог. Манай суманд РС тоглоомын газар байдаггүй. Хүүхдүүд РС тоглоомонд үрдэг мөнгөөрөө зааланд тоглодог. Үүний үр дүнд улсын болон аймгийн аваргын тэмцээнд амжилт гаргасан.

Хүүхдийн эрх хамгийн их зөрчигдөж буй зүйл нь тэдний хоорондын харилцаа 

Өмнөговь аймгийн сурагч Х.Ариунзаяа

Долоо хоногт нэг удаа манай аймгийн болон сумын Засаг дарга нар “Хүүхдээ сонсох өдөр” хэмээх арга хэмжээ зохиодог. Тэр өдрөөрөө хүүхдүүд өөрсдийн тулгамдаж буй асуудлаа ярьдаг. Эрх зөрчигдөх, хичээл хийх танхимын хомсдол, чөлөөт цагаа өнгөрөөх газаргүй  гэх мэт асуудал ихэвчлэн бидэнд тулгардаг байсан. Энэ өдрөөр хүүхдүүд  эдгээр асуудлаа хэлснээр одоо байдал өөрчлөгдсөн. Хүүхдийн чөлөөт цагаа өнгөрөөх газар олон болсон. Улсдаа ганц байдаг Үлэг гүрвэлийн парк манай аймагт бий. Бид тэнд очиж чөлөөт цагаа өнгөрөөдөг. Мэдээж паркт хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай байдаг. Харин хүүхдүүдийн эрх хамгийн их зөрчигдөж буй зүйл нь тэдний хоорондын харилцаа юм. Бие биенээ элдвээр хэлэх, үл хүндэтгэх байдал нь хэн нэгнийгээ сэтгэлээр унагаж, нийгэмд оролцох идэвхийг нь сулруулдаг. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид