Улаанбаатар 1c

АНУ-ын Сенатын гишүүн Жон Маккейн тархины хорт хавдрын улмаас таалал төгслөө

Анхбаяр 2018-08-28 14:21

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Вашингтоныг орхисон Жон Маккэйн өнгөрсөн баасан гарагт өөртөө хийж буй эмчилгээг зогсоох шийдвэрийг өөрөө гаргасан байна. Түүний охин Меган “Энэ цаг мөчөөс хойш аавынхаа замналаар амьдарч, түүний мөрөөдөж байсан, хүсэж байсан зүйлсийг гүйцэлдүүлэх болно” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр “Аав минь байхгүй учир өдөр, сар, жилүүд хуучин шигээ тийм ч сайхан байхгүй байх нь лавтай. Гэхдээ бидний төлөө амьдарч ирсэн түүний дурсамж, үлгэр жишээ байгаа учир хайр энэрлээр дүүрэн сайхан өдрүүд ч бас үргэлжлэх болно” гэж хэлсэн байна.

Маккейн 1982 оноос улс төрийн карьераа эхлүүлж, улс төрд өндөр амжилт үзүүлэн Сенатад зургаан удаа улиран сонгогдсон шилдэг улстөрчдийн нэг билээ. 2000 онд МакКэйн АНУ-ын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Намаас нэр дэвшин өрсөлдсөн боловч Жорж В.Бушид ялагдаж байлаа. 2008 онд тэрбээр дахин энэхүү эрхийн төлөө өрсөлдөж, нам дотроо ялалт байгуулсан боловч Ардчилсан Намаас нэр дэвшигч Барак Обамад ялагдсан юм. Түүний аав болон өвөө нь АНУ-ын Тэнгисийн цэргийн адмирал байсан юм. Харин тэрбээр Вьетнамын дайны үед нисгэгч байлаа.

Вьетнамын дайны үеэр буюу 1967 оны аравдугаар сард Ханой хотыг бөмбөгдөж явахдаа онгоц нь буудуулан сөнөж, улмаар вьетнамчуудад олзлогдон таван жил гаруй хугацаанд тус улсад хоригдсон байдаг. Тэрбээр хоригдох хугацаандаа олон удаагийн эрүү шүүлтэд орсны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон юм. Маккайны аавыг АНУ-ын Армийн генерал гэж мэдсэний дараа вьетнамчуудын түүнд хандах хандлага арай өөр болсон хэмээн тэрбээр хожим дурссан байдаг. Тэрбээр 1973 оны гуравдугаар сарын 14-нд суллагджээ.

АНУ-ын гадаад бодлого, цэргийн зэвсгийн үйл хэрэгт чухал дуу хоолой болдог Маккайн нь Оросын эсрэг хатуу бодлого баримталдгаараа алдартай. Тэрбээр Иракийн дайныг хүчтэй дэмжигч байсан билээ. Мөн Ерөнхийлөгч Дональд Трампын хүчтэй шүүмжлэгч байлаа. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обома, Жорж Буш нар хэвлэл мэдээллээр дамжуулан түүнд эмгэнэл илэрхийлсэн байна.

https://www.usatoday.com/story/news/politics/2018/08/25/john-mccain-arizona-senator-died-brain-cancer/955220001/

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид