Улаанбаатар 1c

С.Амарсайхан: нийслэлийн төрийн өмчит байгууллагуудын орлогыг нийслэлд төвлөрүүлнэ

Анхбаяр 2018-08-31 12:41

Нийслэлийн хэмжээнд 2017 онд 32 орон нутгийн өмчит үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулжээ. Эдгээр аж ахуйн нэгж нийт 246.4 тэрбум төгрөгийн орлого олж, 260.6 тэрбум төгрөгийн зардал гарган 16.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Ашигтай ажилласан аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нийт цэвэр ашиг нь 1.5 тэрбум төгрөг болжээ.  Харин нийслэлд оногдох ногдол ашгийн хэмжээ 480 сая төгрөг юм байна. Тиймээс НИТХ-аас шийдвэр гарч, Гэрлэх ёслолын ордон, Соёлын төв өргөө, Улаанбаатар чуулга зэрэг нийслэлийн өмчит байгууллагуудын нийт орлогыг нийслэлд төвлөрүүлэхээр болсон юм. Үүнтэй холбоотой үйл ойлголцох асуудал ч үүсээд авчээ. Энэ талаар НИТХ-ын дарга С.Амарсайханаас зарим зүйлийн тодрууллаа.

-Ашигтай ажилласан зарим аж ахуйн нэгжийн нийт цэвэр ашгийг нийслэлд төвлөрүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор “Гэрлэх ёслолын ордныг татан буулгана” гэдэг яриа гарсан байна. Үүнд дээр тайлбар өгөөч?

-Ийм асуудал огт байхгүй. Өмнөх жилүүдэд “Гэрлэх ёслолын ордныг хувьчилна” гэж байсныг зогсоож байсан хүмүүсийн нэг нь би өөрөө. Хуримын ордон үе үеийн залуу хосуудын гал голомтоо бадраасан түүхийн голомт. Энэ бол байсаар байх болно. Харин үйл ажиллагаатай нь холбоотой зарим асуудал гарч байгааг үгүйсгэхгүй. Орон нутгийн ашигтай ажиллаж байгаа 7-8 газрын ногдол ашгийг энэ жил нийслэлд бүгдийг нь төвлөрүүлж байгаа юм. Үүнд, Хуримын ордон орсон. Эдгээр байгууллагын нийт ашиг нь 1.5 тэрбум төгрөг болсон. Үүнээс 40 хувийг нь нийслэлд төвлөрүүлдэг байсан. Харин энэ жил 100 хувь нийслэлд төвлөрүүлнэ гэдэг шийдвэр гаргасан. Эдгээр байгууллагууд бүгд ашигтай ажиллах боломжтой. Тиймээс тэр боломжоо дайчлан ажиллах хэрэгтэй.

Тэр байгууллагуудад ямар нэгэн юм үлдээх шаардлагагүй. Жишээ дурьдвал, “Гэрлэх ёслолын ордон” жилд 1.284 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан байна. Үүнээс зардал нь 963 сая төгрөг. Нийт цэвэр ашиг нь 321.220 сая төгрөг. Нийслэлд хувиарлах ногдол ашиг нь 29 сая төгрөг гэх мэтчлэн жил болгон байгууллагууд ингэж ажилладаг. Цаашид дээрх байгууллагууд ингэж ажиллахгүй. Бүх ногдол ашгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ. 2019 онд эдгээр байгууллагуудыг яаж ажилладагыг харна. Ингэж аль аль талдаа хариуцлагатай ажиллах шаардлага байна. Үеийн үед нийслэлийн өмчийг үнэгүйдүүлж, эндээс завшиж ирсэн нөхдүүдийн идсэн, уусан багадаагүй. Ашгийг нь 100 хувь авч, нийслэлд төвлөрүүлсэнтэй холбоотой дээрх нөхдүүд санаатай, зорилготой татан буулгаж, сүйтгэх гэж байна гэсэн цуу яриа тарааж байгаа юм. Харин ашиггүй ажилласан газрыг татан буулгах асуудлыг ярьсан.

-Ашигтай ажилласан өөр ямар байгууллага байгаа вэ?

-Тохижилт үйлчилгээний газар 500 сая төгрөгийн ашигтай ажилласан. Бүгдийг нь татан авч байгаа. Хүүхдийн сургуулийн хоол болон бусад үйлчилгээг үзүүлдэг “Асгат багачууд хүнс” компани ашигтай ажилласан. Тэрийг бүгдийг нь татаж авсан. Төв цэнгэлдэх хүрээлэнгээс эхлээд нийтдээ 11 аж ахуйн нэгжийн найм нь ашигтай ажилласныг нийслэлд төвлөрүүлсэн. Цаашдаа ч гэсэн нийслэлийн өмчийн үр ашгийг нэмэгдүүлэхээр ажиллана.

-2017 оны давсан орлогын төсвийг хэрэгтэй зүйлд нь зарцуулна гэдгийг НИТХ-аар ярьж байна. Энэ хөрөнгийг ямар зүйлд зарцуулах вэ?

-2017 оны давсан төсвийг 2018 онд шилжүүлж, шаардлагатай зүйлүүдэд хөрөнгө оруулалт хийх ажлыг хэрэгжүүлнэ. Үүнтэй холбоотой 2018 оны нийслэлийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Одоогоор 23 тэрбум төгрөгийн давсан орлого байна. Үүнийг нэн тэргүүнд шаардлагатай төслүүдэд зарцуулна. Өөрөөр хэлбэл, төр захиргааны байгууллагуудыг Яармаг руу нүүлгэх ажил эрчимтэй явж байгаа. Энэ ажлыг ирэх арванхоёрдугаар сард багтааж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй тогтоол, шийдвэр нь гараад явж байна.

-Амралт, зугаалгын цаг дуусч, утааны улирал ирэх дөхөж байна. Жил болгон яригддаг энэ асуудал дээр нийслэлээс ямар ажил хэрэгжүүлж байна вэ? 

-“Агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө”-г нийслэлээс баталсан. Засгийн газрын бодлого, шийдвэртэй уялдуулаад зарим ажил хийгдэж байна. Өөрөөр хэлбэл, 2019 оны дөрөвдүгээр сараас эхлээд түүхий нүүрсийг Улаанбаатар хотод оруулахыг хориглоно гэсэн шийдвэртэй уялдуулаад бэлтгэж ажлыг хангах, утаагүй түлшийг боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах, чанар стандартын шаардлагыг хангах, иргэдэд хямд өртгөөр нийлүүлэх, түгээх ажлыг төлөвлөж байна. Ирэх сарын ээлжит бус хуралдаанаар агаарын бохирдолтой холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Хэрэгжүүлж байгаа ажлынх нь явцыг шалгаж, шаардлагатай гэвэл зарим арга хэмжээг өөрчилж, эрчимжүүлнэ.

-ТЭЦ II станцын дэргэд байгуулагдсан сайжруулсан түлшний үйлдвэр дөнгөж туршилтын шатандаа явж байна лээ. Дээрээс нь яармагт баригдах үйлдвэрийн явц ямар байгаа вэ. Мөн консерциум болон ажиллахаар болсон 11 хувийн үйлдвэрийн хүчин чадал тийм ч сайн биш байгаа гэсэн? 

-Хэн чанартай сайжруулсан түлш үйлдвэрлэж чадаж байна,  хэн хямд нийлүүлж чадаж байна,  тэр аж ахуйн нэгж, иргэдийг бид дэмжиж ажиллах ёстой. Түүнээс биш чанар стандарт нь тодорхойгүй, үнэ өртөг нь өндөр, иргэдэд яаж хүргэх нь ойлгомжгүй асуудлыг цэгцэлнэ.  Үүний хүрээнд утаагүй түлшний үйлдвэрийг хариуцсан төрийн өмчит компани, нийслэлийн холбогдох удирдлагуудтай бид уулзалт хийж, төлөвлөгөөгөө гаргаж байна. Одоо туршилтууд хийгдэж, бэлтгэл ажлаа хангаж байгаа. Бүтэн жилийн хугацаанд буюу ирэх оны намар ямар нэгэн асуудалгүйгээр Улаанбаатар хотын иргэд сайжруулсан нүүрс хэрэглэнэ. Иргэдийг зовоохгүйгээр ажлаа зохион байгуулах нь бидний үүрэг.  

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид