Улаанбаатар 1c

Хүсэл, хясалд хавчуулагдсан НҮҮРСний салбарынхан чуулав

Анхбаяр 2018-09-04 22:46


Зах зээл дээр 2015 онд ёроолдоо хүртэл унасан коксжих нүүрс 2016, 2017 онтой харьцуулахад 2018 оны эхний хагаст хоёр дахин нэмэгдээд байгаа юм.  Нүүрс, зэсийн салбар Монголын эдийн засгийг чирдэг. "Энержи ресурс" компани гэхэд л хагас жилд дөрвөн сая тонн нүүрс экспортложээ. Үйлдвэрлэлээ 15 хувь нэмэх боломжтой ч хил, гаалийн нэвтрүүлэх чадамж тааруугаас чадахгүй байгааг холбогдох албаныхан нь хэлж байлаа. “Эрдэнэс Тавантолгой" компанийн коксжих  нүүрсний нөөц 1.3 тэрбум тонноор нэмэгдсэн гэдэг мэдээлэл хөрөнгө оруулагчдад хүрэх содон мэдээлэл байлаа.  Ирэх оны дунд үеэс  хойш коксжих нүүрсний үнэ унах хандлагатай байгаа учраас IPO гаргах асуудал 2011 оных шиг бүтэлгүйтэх магадлал өндөр. Тиймээс гадаад зах зээлийн таатай энэ үеийг ашиглаж цаг хугацаатай уралдан IPO гаргах асуудлыг түргэн шийдэх хэрэгтэй гэдгийг хуралд оролцогчид хэлж байлаа. 

Хятадын “Цэнхэр тэнгэр”-ийг хамгаалах бодлого Монголын нүүрсний ирээдүйд муугаар нөлөөлнө
Хурлын дараагийн сэдэв Монгол-Хятадын нүүрсний зах зээл байв. Энэ үеэр Хятадын “Фэнвэй Энержи Информэйшн Сервисез” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Сара Лиу “Хятадын коксжих нүүрсний зах зээл, эрэлт нийлүүлэлт, үнэ, өрсөлдөөн” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр “Хятадын нүүрсний бодлого хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль хамгаалал, үнийн зохицуулалтын чухалчилдаг. Экспорт, импортыг тэнцвэржүүлэх бодлого нь уян хатан шинжтэй байгаа. Дотоодоосоо нийлүүлэх нүүрсний хангалт, эрэлтийн тэнцвэр дээр тулгуурладаг. Коксжих нүүрсний гаралт жилээс жилд буурах хандлагатай байна. Нүүрсний үнийн хувьд савлагаатай байна. Манай улсад энэ жил  нүүрсний 150 сая тонн хүчин чадлыг алга болгох бодлого хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд 80 тоннын хүчин чадлыг он гарсаар бууруулж чадсан. Манай Засгийн газар технологи сайтай үйлдвэрүүдээ дэмжиж, байгальд муу нөлөө үзүүлдэг үйлдвэрүүдээ зогсоох бодлого баримталж байгаа. Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал болон байгаль орчны чиглэлийн зохицуулалт чангарч байна. Төрийн зөвлөлөөс “Цэнхэр тэнгэр”-ийг хамгаалах гурван жилийн төлөвлөгөөгөө баталсан. Энэ хүрээнд эрчим хүчний үр ашиггүй хэрэглээг 2020 он гэхэд 58 хувиар бууруулна гэсэн зорилго дэвшүүсэн. Энэ зорилт Бээжингийн Хэбэй мужаас гадна долоон мужид хамааралтай. Найман муж гурван жилийн хугацаанд хорт хийн ялгаруулалт, хуучирсан бохир технологио халах үүрэг амлалт авсан. 2018 болон 2020 он гэхэд ямар төвшинд очих вэ гэдгийг маш тодорхой зааж өгсөн байдаг. Бээжингийн Хэбэй муж гэхэд 200 сая тонноор бууруулна гэсэн амлалт авсан” гэв. Сара Лиугийн илтгэлээс харахад Хятад Улсад нүүрс хэрэглэдэг үйлдвэрүүдийн тоо цөөрч, гаднаас авдаг нүүрснийхээ хэмжээг багасгах төлөвтэй байгаа нь ажиглагдана. Мөн ган болон хар төмөрлөгийн үйлдвэрээ цөөлөх бодлого хэрэгжүүлж байгаа нь бүтцийн шинэчлэл ямар далайцтай хэрэгжиж байгааг харж болохоор байна. Түүнчлэн Хятад Улсад нүүрсийг угаадаг үйлдвэрүүдэд тавих төрийн хяналт чангарч, шаардлага хангаагүйг нь үг дуугүй хаах бодлого хэрэгжиж байгаа юм. Бас хүнд даацын автомашинаар нүүрс тээвэрлэхийг хориглож, 2020 он гэхэд автомашинаар бус төмөр замаар тээвэрлэлт явуулах тухай зорилтууд тусгагджээ. 
Хятадад коксжих нүүрсний нийлүүлэлт 2006 оноос хойш хэтрээд байсан бол бодлого нь хэрэгжснээр  эрс багассан байна. Хаагдахаар төлөвлөгдсөн коксжих нүүрсний хэд хэдэн үйлдвэр байгааг Хятадаас ирсэн төлөөлөгчид хэлж байв. Коксжих нүүрсний үйлдвэрүүд хаагдсанаар 42 сая тоннын хүчин чадал хасагдана гэсэн үг юм. Мөн импортыг цэгцлэх бодлого нь нөлөө үзүүлэхээр байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого нь нүүрс импортлох квотод нь ч тодорхой нөлөөг үзүүлэхээр байгаа юм. Ийнхүү эрэлт, нийлүүлэлтийн баланс өөрчлөгдсөнтэй холбоотой Монголоос импортоор авч байгаа нүүрсний хэмжээ өмнөх оноос есөн хувиар буурчээ. Тус улсад  Австрали, Монгол хоёр гол нийлүүлэгч нь хэвээр байгаа ч ОХУ байр сууриа бататгахын төлөө нэлээд шаргуу ажиллаж байгаа гэнэ. Тиймээс Монголоос авч байгаа коксжих нүүрсний импорт харьцангуй буурах нь тодорхой болж байгаа юм. Гэхдээ энэ оны хоёрдугаар улирлаас коксжих нүүрсний экспорт сэргэж, 7.4  сая тоннд хүрсэн нь нэлээд өндөр үзүүлэлт байлаа. Жилийн дүнгээрээ өнгөрсөн жилийнхээсээ ялимгүй доогуур үзүүлэлттэй гарна гэсэн төсөөлөл байгааг хуралд оролцогчид хэлж байлаа. Хятадын “Фэнвэй Энержи Информэйшн Сервисез” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Сара Лиу “Коксжих нүүрсний нийлүүлэлт тогтворжиж байгаа хэдий ч эрэлт нь энэ ондоо буурах хандлагатай байна. Коксжих нүүрсний зах зээл илүүдэлтэй байх нөхцөл байдал харагдаж байна. Нөөц хоёр сая тоннд хүрч болзошгүй байна. Ерөнхийдөө эрэлт, нийлүүлэлт тэнцвэржсэн. Зарим нэг тодорхой цаг үед нийлүүлэлт хомсдох магадлал байна. Олон улсын зах зээл дэх нүүрсний үнэ савалгаа ихтэй хэвээр байна. Далайн чандаас авах нүүрсний үнэ өндөр. Хятадын хэрэглэгчдийн худалдан авалт нэмэгдэж байгаа учраас далайн чандаас авах нүүрсний үнийг нэмэгдүүлэх нөлөө үзүүлж байна. Дараа жил Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлого үргэлжлэн хэрэгжинэ гэсэн төсөөлөлтэй байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны хяналт улам чангарана. Дотоодын нийлэлт нэлээд тогтворжих болов уу. Хэдийгээр тодорхой бус байдал байгаа хэдий ч коксжих нүүрсийг олборлодог зарим нэг уурхайтай холбогдох нөхцөл байдал, усны нөөцтэй холбогдох зарим нэг шийдвэрээс үүдээд дотоодын нийлүүлэлтт дээш, доош болох магадлалтай. Импорт, экспортын хувьд дотоодын импортыг хязгаар-лах бодлого хэрэгжих үндэслэлийг бий болгож байгаа. Энэ нь коксжих нүүрсний импортод нөлөө үзүүлэх нь тодорхой. Эдийн засгийн идэвхжил удаашрах хандлагатай байгаа нь коксжих нүүрсний үйлдвэрлэл, түүний хэрэгцээ шаардлагыг харьцангуй бууруулах дүр зураг ажиглагдаж байгаа” гэсэн юм. 
Монголчууд нүүрсний зах зээл  идэвхитэй, өсөлттэй байна гэж хөөрцөглөж байгаа ч алсдаа манай хамгийн том зах зээл болох Хятад Улсын бодлого муугаар нөлөөлж болзошгүйг харж болохоор байна. Өөрөөр хэлбэл, коксжих нүүрсний экспорт хумигдахаар байгааг дээрх илтгэл санууллаа. Тиймээс “Нүүрсний цонх үе” гэж нэрлэгдээд байгаа алтан цагийг ашиглаж, олон жил ярьсан тээвэр ложистекийн асуудлаа шийдвэрлэж, ахиухан ашиг олох нь чухал болоод байна.

Байр суурь

“Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл:

-2008-2009 онд нүүрсний зах зээл эрчимжиж байсан бол 2011-2012 онд үнэ унасан. Харин 2015-2016 оны сүүлчээр үнэ сэргэх хандлагатай болсон. Одоо ч нүүрсний зах зээл сайн байгаа. Монгол Улс коксжих нүүрс голлон экспортолж байна. Коксжих нүүрсийг Хятад Улс метал болон гангийн үйлдвэрт ашигладаг. БНХАУ дэлхийн гангийн хэрэглээний 50 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Үүний дагаад коксжих нүүрсний хэрэглээ хамгийн өндөртэй байдаг.  Урд хөршийн нүүрсний хэрэглээ өсөхгүй байгаа. Харин коксын хэрэглээ тогтвортой байна. Нүүрсний импортын хэмжээ ч хязгаартай байгаа. Сүүлийн хоёр жилийн нүүрсний үнэ өссөн байх үед Индонез, Австралиас ихэнх коксжих нүүрсээ импортолсон. Зах зээл дээр 2015 онд ёроолдоо хүртэл унасан коксжих үүрс 2016, 2017 онтой харьцуулахад 2018 оны эхний хагаст хоёр дахин нэмэгдлээ.  2017 онд манай улс  нийт экспортын орлогын 40 хувийг нүүрснээс олсон. Энэ бол улстөржилтөөс хол байх ёстой салбар юм. Манай компани хагас жилд  дөрвөн сая тонн нүүрс экспортолсон. Үйлдвэрлэлээ 15 хувь нэмэх боломжтой ч хил, гаалийн нэвтрүүлэх чадамж муу байгаагаас болоод чадахгүй байна. Манай компани Монголын нүүрсний экспортын 20 хувийг эзэлдэг. Манай улс  дэд бүтэц, хилээр нэвтрэх чадвараа сайжруулахгүйгээр нүүрсний зах зээлд гарсан хоёр дахь том боломжийг ашиглаж чадахгүйд хүрнэ. Боломжоо ашиглахын тулд гарцаа олон болгомоор байна.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал О.Одбаяр:

-Хил гаалийнхаа чадварыг сайжруулах хэрэгтэй байна Хил гаалийн чадварыг сайжруулж, нүүрсээ Тавантолгой ордоос шууд Ганц модын боомт руу явуулах нь эдийн засгийн хувьд үр өгөөжтэй. Өнөөдөр бид олон шат дамжлагаар нүүрсээ зөөдөг учраас 100-500 мянган тонныг алддаг. Дээрээс нь нүүрсний үнэ 2-3 ам.доллараар өсдөг. Ямартай ч энэ жил Хятадын хил гаалийн боломж харьцангуй сайжирсан. Бид нүүрс угаах үйлдвэрийн судалгаа хийж байгаа. Гэхдээ манай нүүрс байгаль дээрээ маш чанартай. Угаах шаардлагагүй хэмжээний нүүрс шүү дээ. Бид олон талын судалгаа хийж байна. Эрчим хүчнийхээ нүүрсийг яах вэ гэдгийг том зургаар харж байж шийдэх асуудал. Бид өнөөдөр угаах үйлдвэр бариад хилийн цаана байгаа 50 үйлдвэртэй өрсөлдөж чадах уу гэдэг нь асуудал шүү дээ.

“Coal Mongolia” чуулганыг үүсгэн байгуулагч Л.Наранбаатар:

-Нүүрсний үнэ харьцангүй тогтвортой байх бөгөөд энэ нь ирэх жилийн дунд үе хүртэл үргэлжлэх хандлагатай байна.  Энэ жилийн чуулганд БНХАУ-аас олон төлөөлөгч оролцсон нь  онцлог боллоо. Коксжих нүүрсний нөөц 1.3 тэрбум тонноор нэмэгдсэн гэдэг нь хөрөнгө оруулагчдад хүрэх содон мэдээлэл болж байна. Мөн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газрын төвшинд шахуу ажиллаж байгааг салбарын сайд нь онцоллоо. Ирэх оны дунд үеэс хойш коксжих нүүрсний үнэ унах хандлагатай байгаа учраас IPO гаргах асуудал 2011 оных шиг бүтэлгүйтэх магадлал өндөр байгаа. Гадаад зах зээлийн таатай энэ үеийг ашиглаж цаг хугацаатай уралдан ажиллах шаардлагатай байна. Өнгөрсөн онд 40 гаруй  компани нүүрсний олборлолт хийж байсан бол одоо энэ тоо 59 болж нэмэгдсэн. Экспортын хэмжээ 25 саяд хүрсэн байна. Энэ байдлаараа явбал энэ ондоо 40 сая тонн нүүрс экспортолж Австрали Улсын өмнө гишгэх төлөвтэй байгаа. Бид нүүрсний экспортоо нэмэгдүүлэхийн тулд том төслүүд хэрэгжүүлж болно. Гэхдээ нүүрсний хамгийн том худалдан авагчтайгаа дипломат харилцаандаа сэв суулгавал хөрөнгө оруулалт орж ирэхгүй. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: 

-Засгийн газраас хариуцлагатай, ил тод геологи, уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Нүүрсний салбар бол манай улсад орчин үеийн уул уурхайн салбарын үндсийг тавьсан төдийгүй нүүрс нь стратегийн чухал ач холбогдолтой экспортын бүтээгдэхүүн билээ. Тавантолгойн болон бусад томоохон нүүрсний ордуудыг иж бүрэн ашиглах, бүс нутгийн дэд бүтэц, эдийн засгийн интеграцид үндэслэсэн хамтын ажиллагааны хүрээнд бидэнд харилцан ашигтай хамтран ажиллах өргөн боломжууд бий. Уул уурхайн салбарын хамгийн хүнд асуудал ус байна. Төмөр зам, цахилгаан станц гэхээсээ устай байж баяжуулах үйлдвэр, уул уурхайн бүтээгдэхүүн тогтвортой байх юм. Гадаргууны усны хэрэглээнд анхаарахаар “Хэрлэн говь” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Гүний үйлдвэрлэлийн устай гадаргын усыг хослуулах хэрэгтэй.  Тэгэхээр бид үүнийг хийх юм. Байгаль орчны яаман дээр “Хөх морь” төсөл хэрэгжиж байгаа нэг талаасаа Орхон говь, нөгөө талаасаа Хэрлэн говь, мөн нийслэлийн цэвэрлэх байгууламжаас гарсан саарал усыг өмнийн говийн бүсийн бүтээн байгуулалтад зориулах тэр хугацаанд өмнийн говийн үйлдвэрлэлийн хэрэглээний усыг ашиглана. 

Зам, тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч Р.Мэргэн:

-Хилийн нэвтрүүлэх чадвар тааруугаас Тавантолгой, Гашуунсухайт боомтод урт дараалал үүсдэг. Дэд бүтцийг шийдэж байж энэ байдал үгүй болох юм. Зам нь 2010 онд баригдсан учир маш их элэгдэж хуучирсан байгаа. Тээвэрлэлтийг зогсоохгүйн тулд бид замд засвар үйлчилгээ хийж, зохицуулж ажиллаж байна.  Энэ зун бороо их байсан учир замд 5-6 эвдрэл гарснаас тээвэрлэлтийг зогсоохоос аргагүй байдалд хүрлээ. Засгийн газраас олгосон зөвшөөрлийн дагуу гүйцэтгэгч компанийг сонгож, гэрээгээ байгуулвал энэ сардаа багтаад замын  эхлүүлэхээр төлөвлөсөн. Бүтээн байгуулалтын ажлыг барих, ашиглах, шилжүүлэх гэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн сонгодог хэлбэрээр явуулна. Энэ нь хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр замаа бариад, тодорхой хугацаанд төлбөр хураамжаар үр ашгаа нөхсөний дараа төрд үнэ төлбөргүй шилжүүлэх нөхцөлтэй. Барилгын ажилд одоогийн байдлаар 360 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Одоогийн зам 60 орчим тоннын даацтай бол шинэ зам 100 гаруй тоннын даацтай байхаар төсөлд тусгасан. Замын чанарыг сайжруулснаар байгаль орчинд үзүүлэх хор хохирлыг бууруулах бодлого барьж байна. Түүнчлэн зам сайжирснаар эдийн засгийн үр өгөөжтэй байх юм. Тавантолгой, Гашуунсухайтын төмөр шинээр барьснаар жолооч нарын нийгмийн асуудал сайжирна. 

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг:

-УИХ-аас тогтоол батлагдсантай холбоотойгоор IPO хийх бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна. Хамгийн эхлээд нөөцөө баталгаажуулна. Өнөөдрийг хүртэл Тавантолгойн уурхайд нэмэлт хайгуул хийж, нөөцийн нэгдсэн тайланг нь гаргаагүй байсан. Блокийн  болон жорк стандарт гэсэн нөөц тогтоох хоёр арга байдаг.  Блокийн аргачлалаар 5.1 нэг тэрбум тонноор тогтоогдож байсан нөөцийг бид нэмэгдсэн тайлангаар зургаан тэрбум 340 сая тонн гэж болгож өсгөсөн. Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг жорк стандартаар бол 7.6-8 тэрбумын нөөцтэй болох нь тогтоогдож байгаа юм. “Эрдэнэс-Тавантолгой” компани 2014, 2017, 2018 онд нэмэлт хайгуул хийсэн. Энэ онд 68 мянган тууш метр талбайд хайгуул хийж байгаа. Манай эзэмшиж байгаа найман тусгай зөвшөөрлийн талбай дээр нэг сая орчим тууш метр талбайд хайгуулийн ажил хийж байж орд маань бүрэн судлагдаж дуусна. Цаашид жил болгон 100-150 мянган тууш метр талбайд хайгуулын ажил хийнэ. Хувьцаа гаргах тухайд гэвэл УИХ, Засгийн газраас хувьцаагаа гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалах үүрэг өгсөн. Одоогийн байдлаар Лондон, Торонто, Хонг Конгийн хөрөнгийн биржийг судалж байгаа. Эдгээрээс хамгийн боломжтой нь Хонг Конгийн хөрөнгийн бирж юм. Энэ хөрөнгийн бирж бусад бүх хөрөнгийн биржид хүлээн зөвшөөрөгдөх шаардлага тавьдаг. 360 хоногт багтаан IPO гаргах үүрэг өгсөн. Эхний үе шат болох 180 хоногийн хугацаа нь үргэлжилж байна. Эхний шатны 180 хоногт хийх ажил нь дотроо найман үе шаттай. Иргэд хувьцаа гаргах асуудлыг сонирхож байгаа байх. Бид олон улсын зах зээлд IPO  гаргахаас үл хамааран ногдол ашиг тараана. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид