Улаанбаатар 1c

Элэгний “В”, “С” вирусын эмчилгээ 75 хувийн үр дүнтэй байна

Анхбаяр 2018-09-12 13:26

Вирусын халдварт хамгийн их өртөмтгий хүмүүс нь 20-иод насныхан байдаг байна. Жил бүрийн энэ сарын 28-ныг дэлхий нийтээрээ хепатитын эсрэг өдөр болгодог. Эл өдрийг манай улс “Хепатитыг илрүүлье, эмчилье” гэдэг уриан дор зохион байгуулахаар болсон.  Өчигдөр энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл , Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ХДХВ, ДОХ-ын газрын дарга Готфрид Хриншол, Дэлхийн хепатитын холбооны ерөнхийлөгч Майкл Нинбург, Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, Эмчлүүлэгчдийн төлөөлөл болох Баянгол дүүргийн V хорооны иргэн Д.Отгон нар оролцлоо. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Дэлхий нийтэд хүн амын өвчлөлийн гол шалтгааны нэг нь хепатитын вирус болсон. Хепатитын вирустэй тэмцэх, дэлхий нийтээрээ дуу хоолойгоо өргөх, дэлхийн улс орнуудын шийдвэр гаргах төвшний удирдлагуудын анхаарлыг төвлөрүүлэх, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл үндсэндээ бүх нийтийн анхаарлыг тус вирусын эсрэг чиглүүлэх зорилготой байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага жил бүр дэлхийн хепатитын өдрийг тэмдэглэдэг. Энэ удаа Улаанбаатар хотыг сонгосон. Монгол Улс 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Эхний үе шат нь 2017 оны тавдугаар сараас 2018 оны долдугаар сарын хооронд хэрэгжиж өндөрлөсөн. Үүнд 40-65 насны иргэдийг  хамруулсан. Улсын хэмжээнд энэ насны 750 мянган хүн бий. Эдгээрээс 353 мянга нь эрт илрүүлэгт хамрагдсан. Үүнээс 31 мянга нь элэгний “С” вирустэй,  20188 нь элэгний “В” вирустэй гарсан. Эдгээр хүмүүсийг эмчлэхдээ эрүүл мэндийн даатгалын сангаас 60-100 хувийн хөнгөлөлт үзүүлдэг. Эмчилгээний үр дүн 75 хувьтай гарсан. Энэ нь дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол Улсад анхаарлаа хандуулах нэг нөхцөл болсон. Яагаад хепатитын асуудлыг дэлхий нийтээрээ анхаараад байгаа вэ гэвэл өнөөдөр дэлхийн хэмжээнд 425 сая хүн уг вирусээр шаналж байна. Жилдээ 1.3 сая хүн элэгний вирусээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал,  хорт хавдраас болж нас барж байна. Монгол Улсад гэхэд 2017 онд 1614 хүн нас барсан. Иймээс хепатитын вирустэй тэмцэх асуудал бол дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулах зүйл юм. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёр дахь шатны үйл ажиллагаа улс даяар хэрэгжээд явж байна. Уг шатны илрүүлэлтэд нийтдээ 1.8 сая хүн орно. Үүнд 15-39, 65-аас дээш насны иргэд хамрагдах боломжтой. Түүнээс гадна 40-65 насны нэгдүгээр шатнаас үлдсэн иргэдийг үргэлжлүүлэн хамруулж 2020 онд элэгний “С” вирусын тархалтыг бууруулах, таслан зогсооно.  Ингэснээр  элэгний “С” вирусээс үүдэлтэй архаг өрөвсөл, хатуурал, хорт хавдрын нас баралтыг эрс бууруулах зорилт тавьсан” гэлээ. Харин ДЭМБ-ын Хепатитын асуудал хариуцсан захирал, доктор Готфрид Хирншол “ДЭМБ-аас вируст хепатитын халдварыг устгах зорилгодоо хүрэхийн тулд улс орнуудыг оношилгоо, эмчилгээний хүртэмжийг нэн даруй нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хепатитын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд ДЭМБ-аас “С вирусын эмчилгээний олон улсын шинэ удирдамжийг гаргасан. Энэхүү удирдамж нь хепатитын “С “вирусын архаг халдвартай 70 сая хүнийг богино хугацаанд эмчлэн эдгэрүүлэх боломжийг нээж байгаа юм. Хепатитын халдварыг бүрэн таслан зогсоохын тулд байнгын шинэ санаа, сайжруулсан эм, эмчилгээ, үйлчилгээг олж нээх шаардлага бидэнд тулгарч байна. Энэхүү шинэ удирдамж нь одооноос хепатитын С вирусын халдвартай бүх хүмүүст богино хугацаанд шинжилгээнд хамрагдан, түргэн эдгэх бололцоог нээж өгч байна”  гэлээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Бразил Улсын нийслэл Сан Паула хотод Дэлхийн хепатитын холбоо,  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Бразилын Засгийн газрын хамтран  хепатитын асуудлаар дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулсан. Энэхүү чуулга уулзалтаар “Хепатитгүй ирээдүйн төлөө” дэлхийн хөдөлгөөний манлайлагч орноор манай улсыг нэрлэжээ. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлсэн гэж ийнхүү үнэлсэн байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид