Улаанбаатар 1c

Өмгөөлөгч: Шүүгчид шинжээч томилохоос татгалзсан үндэслэлээ тайлбарладаггүй

Анхбаяр 2018-09-12 13:33

-Манай улсад мансууруулах төрлийн бодисын хэрэглээ нэмэгдлээ гэж яригдах боллоо. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-2002 оны болон 2017 оны шинэ Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл ангид мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн бол ямар ял шийтгэл ногдуулах вэ гэдгийг огт тусгаж өгөөгүй. Хэрэглэгчийн хангамжийг хэн хийх үү. Мэдээж хар тамхи тээвэрлэдэг этгээд эсвэл зохион байгуулалттай гэмт бүлэглэл. “Чи үүнийг хэрэглэвэл чамд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ шүү” гэдэг айлгах тактик байхгүй болохоор л сонирхогчдын тоо олширч байна. Эхний хэдэн удаагийн хэрэглээг гэмт этгээд үнэ төлбөргүй өгдөг юм. Нэг, хоёр хэрэглэхээр хамааралтай болж эхэлнэ дээ. Энэ үеэс нь гэмт этгээдүүд худалдаж эхэлдэг. Хар тамхи хэрэглэхийн тулд эхлээд өөрийн эд хөрөнгөө зарна. Зарах юмгүй бол хулгай хийж, худлаа хэлнэ. Бүр эцэстээ хар тамхи наймаалагчдын гар хөл болдог. Ийм л замаар хүрээ тэлдэг. Тиймээс хэрэглэсэн тохиолдолд яах вэ гэдэг асуудлыг эцэслэх хэрэгтэй. Яахав. Худалдах зорилгоор олж авсан бол ял авна л даа.
-Гэхдээ гэмт хэрэгт холбогдсон иргэдийн олонх нь худалдах зорилгогүйгээр олж авсан гэж мэдүүлдэг гэсэн байсан?
-Яг үнэн. Ингэж л ял завших гэдэг нь болно. Хэрвээ худалдан борлуулах зорилгоор олж авснаа хүлээн зөвшөөрвөл 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял ногдуулдаг. Гэхдээ энэ ялыг хөнгөлөх боломж бий. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 20.7.2-ыг хүлээн зөвшөөрвөл хорих ялын хэмжээг хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр хөнгөрүүлдэг. Ингэхээр 1-4  хүртэлх жилийн хорих ял онооно гэсэн үг. 
-Шүүгчдэд тухайн иргэнийг донтогч мөн эсэхийг тодорхойлох хүсэлт гаргадаг уу?
-Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон иргэнийг өмгөөлж байгаа өмгөөлөгч бүр донтогч мөн эсэхийг тодорхойлах хүсэлт гаргадаг. Яагаад гэвэл, зарим нь улаан галзуу болчихсон байдаг. Хананд өлгөсөн зурагтай ярина. Бүр онгоцонд суугаад нисчихнэ. Эмэгтэй хүний зурагтай бэлгийн харилцаанд орно гээд боддоо. Тиймээс шинжээчийн дүгнэлт гаргуулъя гэхээр шүүгч татгалздаг. Уг нь нэг их удахгүй ажил шүү дээ. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнд сэтгэцийг нь шалгаад эмгэгтэй эсэхийг тодорхойлчихно. Хэрвээ эмгэгтэй бол албадан эмчилгээнд оруулах ёстой. Ийм шийдвэр гаргах эрх нь шүүгчид бүрэн бий. Гэтэл бидний хүсэлтийг хүлээж авахаас татгалздаг.
-Тэгэхээр өмгөөлөгчид шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргадаг ч шүүгчид огт хүлээж авдаггүй байх нь. Тийм үү?
-Яг тийм. Нэгэнт донтогч болсон хүнийг таван жил хорилоо гээд яах юм бэ. Боломжтой нэг нь хар тамхиа зөөлгөж хэрэглэнэ. Боломжгүй нэг нь бусад төрлийн бодист донтоно. Хорих ангиас суллагдангуутаа дахиад эрэлд морддог. Ийм тохиолдол олон бий. 
-Шүүгчид татгалзсан үндэслэлээ тайлбарладаг уу?
-Хүсэлтийг хангахаас татгалзаж байна гэхээр өөр зүйл хэлэхгүй. 
-Уг нь татгалзсан үндэслэлээ тайлбарлах ёстой гэж хуульд заасан байдаг биз дээ?
-Тийм. Шүүгч нь хүртэл хуулиа биелүүлдэггүй болж таарах гээд байгаа биз.
-СЭМҮТ-д энэ төрлийн бодист донтсон иргэдэд төлбөртэй эмчилгээ хийдэг юм билээ. Гэхдээ цөөн нэр төрлийн бодисын хувьд юм билээ?
-Төлбөр мөнгө нэг их сонин биш. Донтогч болсон хүүхэд, залуусын олонхийнх нь ар гэр санхүүгийн боломжтой. Энд нэг зүйлийн нэмж хэлэхэд, Эрүүгийн хуулиар 0.8 граммаас дээш хар тамхи хадгалсан, тээвэрлэсэн, худалдан борлуулсан бол шийтгэл ногдуулах ёстой. Гэтэл 0.8 граммыг шинжилгээнд явууллаа гэхэд дээжинд хэдэн граммаас дээш бодис тэнцэх ёстой юм бэ гэдэг нь эргэлзээтэй. Үүнийг журамласан зүйл огт байхгүй. Дээр нь шаардлагатай урвал, бодис худалдаж авах төсөв ШШҮХ-д байдаггүй юм билээ. Итгэхгүй бол хүрээлэнгээс асуусан ч болно. Орчин үеийн тоног төхөөрөмжтэй боллоо гэж нэг хэсэг бужигнасан. Яг үнэндээ химийн аргаар гаргаж авсан, сүүлийн үеийн бодисыг шинжлэх боломжгүй. 
-0.8 граммаас бага байсан ч шинжлэх боломжтой гэж албаны хүн хэлсэн?
-Үнэн гэдгийг нь нүдээрээ хараагүй биз дээ. Би энэ төрлийн олон хэрэг дээр ажилласан. Эргэлзээтэй асуудал. 0.8-хан граммын төлөө ял авна гэдэг харамсалтай биз дээ. Судлахад гэмгүй. 
-Гэхдээ хуульд хэдэн граммаас дээш гэж заасан байна. Түүнийг мөрдөх нь хууль, хяналтын байгууллагын үүрэг шүү дээ?
-Би өмгөөлөх байр суурьнаас, та яллах байр сууринаас яриад байна. Ингэж хардах нь зөв. Гэхдээ асуудлыг хоёр талаас нь харах хэрэгтэй. Бүгдийг нь яллахаас илүүтэй албадан эмчилгээнд хамруулах хэрэгтэй. Ерөнхий бололвсролын сурагч нэг удаа сонирхож хэрэглэснийхээ төлөө ял авбал харамсалтай биш гэж үү. Миний өмгөөлсөн хүүхдүүд дахиж нэг ч удаа хэрэглээгүй. Бүгдээрээ их, дээд сургуульд элсч орсон. Эндээс харвал, ганц нэг удаагийн буюу сонирхлын төвшинд хэрэглэсэн хүмүүсийг яллахаас аль болох татгалзах хэрэгтэй. 
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд зарим төрлийн бодисыг шинжлэх боломжгүй гэлээ. Гэтэл орчин үеийн тоног төхөөрөмж учир ямар ч бодисыг шинжлэх боломжтой гэж албаны хүмүүс нь мэдэгдэж байсан шүү дээ?
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс илүү Гаалийн төв лаборторийн шинжилгээ илүү сайн байх тохиолдол гардаг. ШШҮХ-ээс “Мансууруулах төрлийн бодис биш” гэсэн дүгнэлт гарлаа гэхэд Гаалийн төв лабораторийн шинжилгээгээр “мөн” гэж гардаг. Хайнаа хагалахаар гаалийн лабораторийн дүгнэлт зөв болж таардаг. Тэгэхээр ШШҮХ-гийн лаборатори тийм ч найдвартай биш байгаа биз дээ.
-Шүүхээс энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон яллагдагчид бага оноолоо гэх шүүмжлэл их гардаг. Шинэ Эрүүгийн хууль ялын бодлогоос аль болох татгалзсан хууль. Гэхдээ нийгмийг хордуулдаг ийм гэмт хэргийг удаа дараа үйлдсэн этгээд, гэмт бүлэглэлийн гишүүдийг найм хүрэхгүй жилээр хорих нь шударга гэж үү?
-Бүх насаар нь хорих ёстой гэж үү?
-Тэгж хэлээгүй л дээ. 
-Шоронжсон хуультай байснаараа монголчууд юу хожсон юм бэ. Юу ч хожоогүй. Харин ч архаг гэмт хэрэгтнүүдийг төрүүлсэн. Тиймээс л шоронд хорихоос илүүтэй нийгэмшүүлье гэдэг үзэл баримтлалаар Эрүүгийн хуулийг шинэчилсэн. Энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 хүртэлх жилээр хорих ёстой. Хөнгөрүүлэх нөхцөл үүсвэл гуравны нэгээр хөнгөрүүлдэг гэхээр 1.6-8 хүртэлх жилийн хорих ял эдлэнэ. Найман жил гээд боддоо. Ингэж яллахын оронд албадан эмчилгээнд хамруулж эмчилчих. Гэхдээ донтогч гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан хүмүүсийг шүү дээ. 
-Шүүхээс албадан эмчилгээнд хамруулж болно гэсэн шийдвэр гаргах бүрэн боломжтой юм билээ. Гэтэл донтогч болсон нь нэгэнт батлагдсан яллагдагчийн хэрэгт яагаад ийм шийдвэр гаргадаггүй юм бол. Албадан эмчилгээ хийх боломж байхгүй гэдэг утгаар ханддаг юм болов уу. Та үүнийг юу гэж бодож байна вэ?
-Хуульд ингэж заасан. Гэтэл шүүгчид яагаад ийм боломж олгодоггүйг огт ойлгодоггүй. Энэ төрлийн гэмт хэрэгт шүүгчээр ажилласан шүүгчээс асуусан нь дээр болов уу.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид