Улаанбаатар 1c

Ерөнхийлөгчийн гурав дахь болзоо

Анхбаяр 2018-09-12 21:14

Энэ бол дэлхийн түүхий эдийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын зах зээлийн эрэлтэд түшиглэсэн хөгжлийг харж буй судлаачдын үг. Харин манай улсын хувьд дан ганц урд хөрш бус Япон, Солонгос тэргүүтэй аж үйлдвэр хөгжсөн гуравдагч зах зээлд экспорт хийх хэтийн зорилт тээж ирсэн. Энэ боломжийг Орос, Монгол хоёр улсын төрийн тэргүүнүүд  жилийн өмнө Владивосток хотноо  нээж өгсөн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Владивостокийн гурав дахь удаагийн эдийн засгийн чуулганы үеэр ОХУ-ын нутгаар, төмөр замаар дайран өнгөрөх Монголын транзит ачаанд тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай хэлэлцээрийг байгуулах тохиролцоонд хүрч байв. Улмаар Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд ОХУ-ын нутгаар дамжуулан тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтэд 25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлт эдлүүлэхээр болсон. Өнөөдрийн байдлаар Монгол Улс ОХУ-аас дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт нэгдсэн нэвтрэх тарифаас 66.4 хувь, чингэлэг тээвэрт 52 хувийн хөнгөлөлт авч байна. Энэ бол Ерөнхийлөгч Х.Баттулгын төрийн тэргүүний хувиар ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн анхны уулзалтын үр дүн байсан юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хойд хөршөөрөө дамжин далайд гарах гарцыг бий болгосон. Ингэхдээ ОХУ-ын зүүн эргээр дамжуулан түүхий эдийн өндөр эрэлттэй гуравдагч зах зээлд хүрэх гарцыг эрэлхийлсэн. 
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш хоёр дахь удаагаа Владивостокийн Дорнын эдийн засгийн чуулганыг зориод байна. Энэ үеэр төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын тэргүүлэх нэгдсэн хуралдаанд оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ зэрэг орны төрийн тэргүүн, Ерөнхий сайд нартай нүүр тулсан уулзалт хийхээр төлөвлөж буй гэх албан мэдээлэл байна. БНСУ болон Япон Улсын Ерөнхий сайд нартай хийсэн өчигдрийн уулзалтаар Зүүн Хойд Азийг хэрсэн эрчим хүчний супер сүлжээ байгуулах асуудлыг хөндөн ярилцаж, талууд дэмжсэн гэх мэдээлэл байна. Зүүн Хойд Азийн орнууд болох ОХУ, Монгол Улс, БНХАУ, БНСУ, Япон Улсуудын хүрээнд яригдсаар ирсэн уг төслийн хүрээнд манай улсын эрчим хүчний салбарт 10 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх тооцоо бий. Энэ мэтчилэн хэд хэдэн удаагийн дээд хэмжээний уулзалтаар томоохон асуудлуудыг хөндөж, дэд бүтцийн мега төслүүдийн суурь тавигдаж магадгүй гэх таамаг байгаа юм. Үүнд, Ерөнхийлөгчийн хоёр дахь гадаад айлчлал буюу гурван сарын өмнө БНХАУ-ын Чиндао хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр яригдсан Монгол Улсын нутаг дэвсгэрээр хойд хөршөөс урд хөрш хүрэх байгалийн хийн хоолойг дайруулах, гурван улсын эдийн засгийн коридор байгуулах ажлыг эрчимжүүлэх, Орос, Монголын хамтарсан Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн техник технологийг шинэчлэх хөрөнгө оруулалт татах зэрэг асуудлууд багтаж байна. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын Чиндао дахь уулзалтын үеэр манай талаас хоёр улсын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын одоогийн дэд бүтцийг шинэчлэх ажлыг хоёр улсын оролцоотойгоор эхлүүлж бодит ажил хэрэг болгох санал тавьсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Орос-Хятадыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойнуудыг өөрийн нутгаар дайруулан өнгөрүүлэх Монголын талын саналыг дэмжсэн байдаг. Хэрэв ОХУ, БНХАУ-ыг холбосон газрын тос болон хийн хоолой байгуулахаар тогтвол мөн л олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт яригдаж таарна. Хойд хөрш байгалийн хий болоод нефтийн асар их баялагтай. Тус улс төсвийн орлогынхоо дийлэнх хувийг байгалийн хий, нефтийн борлуулалтаас бүрдүүлдэг. ОХУ хийн болон нефтийн хоолойн өргөн сүлжээгээр Европын олон оронд хий, нефть нийлүүлсээр ирсэн. Гэвч барууны орнуудтай үүссэн таагүй харьцаанаас үүдэн Зүүн Азийн орнуудад байгалийн хий нийлүүлэх талаар идэвхтэй ажиллаж эхэлсэн юм.  
Гэхдээ эдгээр асуудлуудыг даган Монгол Улс БНХАУ, ОХУ-ууд тэргүүлдэг ШХАБ-д элсэх асуудал хөндөгддөг. Ерөнхийлөгчийн зүгээс ШХАБ-д элсэх талаарх байр сууриа Монголын эдийн засгийн чуулганы индрээс илэрхийлсэн удаатай. Энэ нь Давосын дэлхийн эдийн засгийн чуулган бус Владивостокийн Дорнын эдийн засгийн чуулганд оролцох болсноор илрэх болсон. Олон улсын шинжээчдийн зүгээс ШХАБ-ыг АНУ, НАТО-тай өрсөлдөх цэргийн эвсэл гэж үздэг. Энэ талаасаа эдийн засгийн чуулгантай зэрэгцэн  Дорнод Сибирьт болж буй ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан “Восток-2018” цэргийн хээрийн сургууль эхэлсэн нь зүгээр ч нэг  тохиолдол биш. Энэ нь ОХУ-ын хувьд сүүлийн 40 жил хийгээгүй томоохон цэргийн сургууль бөгөөд тус улс Алс Дорнод, Сибирьт цэргийн сургуулилалт хийхдээ Зүүн Азиас үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэн  бэлтгэл хийдэг байжээ. Гэтэл энэ удаагийн хээрийн сургуульд анх удаа Хятадын цэргийн хүч оролцож байгаа нь олон улсад  өгч буй бас нэг дохио гэдгийг барууны шинжээчид онцолсон байна. Тиймээс дан ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь манай улсын гуравдагч хөршийн бодлогод харшилж буйг судлаачдын зүгээс шүүмжлэх  болсон юм. Харин итгэлцэл, эдийн засгийн түншлэлийн талаас нь харвал, ШХАБ-ын гол цөм болсон Орос, Хятад гүрнүүд дэлхийд тэргүүлэх тоглогчид учраас Монгол Улсын хувьд боломж. Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга “Мөнхийн хоёр хөршийн  эдийн засаг ойрын гурван жилд 30 их наяд ам.доллар болон тэлэх судалгаа бий. “Бүс ба зам” хөтөлбөрт бидний оролцоо ямар байх вэ” гэх асуултыг Монголын эдийн засгийн чуулганы үеэр тавьсан байдаг. Тиймээс ч Дорнын эдийн засгийг идэвхжүүлэх дөрөв дэх удаагийн Владивостокийн чуулган “Алс Дорнод: Хязгаарлагдмал боломжуудаа өргөжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй болов уу. Владивостокийн эдийн засгийн чуулганы оролцогчид жилээс жилд өргөжиж буйг энд онцлох нь зөв байх. Зөвхөн өнгөрсөн оны чуулганд 15 орны гурван мянга гаруй бизнесийн төлөөлөгчид оролцож, 1.2 их наяд рублийн 32 гэрээ хэлцэлийг оролцогч талуудад танилцуулж байжээ. 2015 оноос хойш ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй уг чуулга уулзалт нь ОХУ-ын зүүн бүс нутгийн хөгжилд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилготой мөн дэлхийн улс төр, тулгамдаж буй эдийн засгийн талаар хэлэлцдэг том чуулган болжээ. Энэ удаагийн чуулганд БНХАУ, Япон, Их Британи, Герман зэрэг 60 гаруй орны таван мянган төлөөлөгч оролцож байгааг зохион байгуулагчдын зүгээс онцолсон байна. Тиймээс дан ганц улс орны удирдагчдын төвшинд бус дэлхийн томоохон групп компаниудад Монгол Улсад хөрөнгө оруулах, харилцан ашигтай хамтран ажиллах ихээхэн нөөц бололцоо байгааг таниулах ач холбогдолтой. Энэ жилийн Дорнын эдийн засгийн чуулганы үндсэн хөтөлбөрт хэд хэдэн чухал сэдвийг хөндөн хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. Тухайлбал, бүс нутгийн улс орнуудын бизнесийн хамтын ажиллагааг тэлэх, Алс Дорнодын бүсийн эдийн засгийн  чадавхид бүх талын шинжээчдийн зүгээс үнэлэлт дүгнэлт гаргаж, цаашдын хамтын ажиллагаа, эдийн засгийн болоод санхүүгийн өрсөлдөх чадавх, бүс нутгийн хүрээнд шинээр хөрөнгө оруулалт татах боломжийг танилцуулах, төрийн болоод орон нутгийн засаг захиргааны хүрээнд гаднын бизнесийг татах чиглэлд хийгдэж байгаа ажлууд, цаашдын зорилт зэргийг чуулганы үндсэн сэдвийн хүрээнд хөндөн хэлэлцэхээр тусгажээ. Эдгээр дундаас газрын тос, байгалийн хийн асар их нөөцтэй ОХУ, нөгөө талаас дэлхийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын хооронд хийгдэх томоохон гэрээ, хэлцлүүдийг олон улсын төвшинд анхааралтай ажиглаж байна. Ялангуяа далайд гарцгүй Монгол Улсын хувьд газар нутгийн хувьд мөнхийн хөршүүд, эдийн засгийн хувьд ч мөнхийн түншүүдтэйгээ хүрээнд хэрэгжүүлэхээр ярьж ирсэн томоохон төслүүдээ энэ удаагийн чуулганыг алдалгүй дэлгэж тавих нь цаг хожно.  
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид