Улаанбаатар 1c

Т.Мөнхтунгалаг: Сонины редакц соронз мэт татаад байсан санагддаг

Анхбаяр 2018-09-12 21:19

-Салбар бүрт амжилттай ажиллаж яваа сэтгүүлчийн “урлан”-д тантай уулзсандаа баяртай байна.  Сэтгүүлч мэргэжил таны хүүхэд насны мөрөөдөл байв уу. Яагаад энэ мэргэжлийг сонгох болов. Юунд нь сэтгэл татагдсан бэ? 
-Сэтгүүлчийн ажлыг санамсаргүй сонгосон. Багаасаа л багш болохыг хүсдэг байлаа. Монгол хэл, уран зохиолын багш Алтанцэцэг шигээ болохыг л мөрөөддөг байсан. Тэр мөрөөдлөө биелүүлэхийн даваан дээр гэнэт өөрийгөө багш хийж чадна гэдэгт эргэлзэж эхэлсэн. Над шиг хурц, дүрэлзсэн ааштай, амархан унтарч, асаж байдаг хүн самбарын өмнө зогсоод тэвчээрийн хязгаарыг харуулж ардын хүүхдүүдэд эрдэм ном зааж чадах уу гэж өөртөө эргэлзсэн. Эх хэлээрээ зөв бичих дүрэм жаягийг их сургуулийн багш нараараа сайтар заалгасан болохоор надад энэ талын бэрхшээл байдаггүй. Оюутны зуны амралтаараа үүргийн худалдаанаас нэг сонин худалдаж аваад бүтэн дөрвөн нүүр дүүрэн үг, үсгийн алдааг нь улаан балаар засаад хаягаар нь явуулчихсан. Тэгэхдээ гэрийнхээ утасны дугаарыг бичихээ мартаагүй. Тэгсэн тэр сонины редакцаас над руу утасдаж ирж ажиллахыг урьсан. Тэгээд л МУБИС-ийн монгол хэл, уран зохиолын ангийн гуравдугаар курст байхаасаа МОНЦАМЭ агентлагт мэдээ өгч, эмэгтэйчүүдийн “Галын бурхад” сонинд ярилцлага нийтлүүлж, “Дэлхийн мэдээ” сонинд техник редактор хийж эхэлсэн дээ. Долоо хоногтоо хэд гурван төгрөгийн гонорар (бичлэгийн шагнал) авдагтаа их л урамшаад би гэдэг хүн төгсөх жилийнхээ намар ерөөсөө л сонинд ажилладаг хүн болно гээд шийдчихсэн. Сэтгүүлч болно гэж том юм бодоогүй байх. Сонины редакц л соронз мэт татаад байсан санагддаг. 
-Та аль нутгийнх вэ. Нутаг ус, аав ээжийнхээ талаар дурсаач. Таныг мэргэжлээ сонгоход нөлөөлж байв уу?
-Би зүүн аймгийн хүн. Сүхбаатар аймагт төрсөн, Дорнод аймагт өссөн.
Аав, ээж хоёр минь Дорнод аймгийн Мах комбинатад насаараа ажилласан эгэл жирийн хүмүүс. Тэд маань ийм, тийм ажил мэргэжил эзэмш гэж зааж чиглүүлээгүй. Гэхдээ өрөөл бусдад лай ланчиггүй, өөрөө өөртөө гуниггүй аж төрөхийн ухааныг багаас минь хангалттай төлөв­шүүлсэн. Тэр л ухааны хүчээр би өөрийгөө хүний дайтай яваа гэж боддог.   
-Их сургуулиа хаана төгсөж байв. багш нар болон ангийн нөхдөө дурсаач. Одоо бүгд мэр­гэжлээрээ ажиллаж байгаа юу? 
-МУБИС-ийг 1997 онд монгол хэл, уран зохиолын багш мэргэж­лээр төгссөн. Манай ангийн­хан мэргэжлээрээ ажиллац­гааж, одоо нэртэй сайн багш нар болцгоосон. “Очиж очиж багшийн дээд сургуульд, очиж очиж монгол хэлний ангид сураад байх даа яахав дээ” гэж тухайн үед зарим хүнд шоолуулж л байсан. Гэвч тэгж шоолж байсан хүмүүс өнөөдөр өргөдөл бичээд өгөөч гэж надаас гуйдаг юм даа (инээв). Эх хэлээ мэднэ гэдэг, эзэмшинэ гэдэг өндөр дээд боловсрол гэж би үздэг. “Миний хэлний хязгаар бол миний ертөнцийн хязгаар” гэж гүн ухаантан Л.Виттгэнштэйн хэлсэн байдаг. Эх хэл гэдэг нь бидний өдөр тутмын харилцааны хэрэгсэл төдий зүйл биш. Бид бүхний бодох, бүтээх ухамсарт үйл ажиллагааны эх сурвалж нь эх хэл байдаг.  
-Ажлын гараагаа хаа­наас эхэлж байсан бэ? 
-Төгсөх курсын хавар нагац ахынхаа хэлс­нээр “Засгийн газрын мэдээ” сонинд очиж Ж.Нэргүй ахтай уулзлаа. Европ хэлээрх хамгийн урт номыг орчуулсан алдарт орчуулагч, яруу найрагч Ж.Нэргүй ах шүү дээ. Намайг хөтлөн сонины­хоо Нийгэм, соёлын мэдээл­лийн албаны дарга У.Амарсайхан гуайтай уулзууллаа. У.Амарсайхан гуай бол жинхэнэ ярилцлагын мастер байсан юм. Түүний удирддаг албанд манай дээд төгсөлтийн оюутнууд болох яруу найрагч Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг нар ажилладаг байв. Ангийнхан маань багшлах дадлага хийж байхад би ганцаараа өдөр тутмын сонинд дагалдан хийж эхэлсэн. Зэрэгцээд эмэгтэйчүүдийн “Галын бурхад” сонинд Я.Ариунтуяа эгч, Н.Саран­гэрэл эгч нарынхаа нөмөр нөөлгөн дор баруун солгойгүй сараачиж сонины ажлын дөр суусаар байсан. Төгсөлтийн баяр хийснийхээ маргааш “Засгийн газрын мэдээ” сонинд очиход ерөнхий эрхлэгч Ц.Ганболд шууд тушаал гарган Эдийн засгийн мэдээллийн албанд сурвалжлагчаар томилж билээ. Хавар нь У.Амар­сайхан гуайн албанд дориун зүтгэлтэйхэн байсныг “Засгийн газрын мэдээ” сонины коллеги үнэлсэн нь тэр л дээ. Ингээд л би гэдэг хүн албан ёсоор сэтгүүл зүйд хөл тавьж сонины хүн болсон доо. Түүнээс хойш 20 намар өнгөрчээ. 
-Таныг сэтгүүлзүйн гал тогоонд орж ирэх үед сэтгүүлчийн ажлын орчин нөхцөл, цалин хангамж ямар байв. Өнөөдрийн төвшинтэй харьцуулахад сэтгүүлчдийн нийгмийн асуудалд өөрчлөлт гар­сан гэж боддог уу? 
-Ажлын нөхцөл, цалин хангамжаа хэзээ ч голж байсангүй. Анх эхэлж байхад цаас, бал хоёр байхад л болдог байлаа. Гараар бичнэ. Дуу хураагуур хэрэглэж бай­гаагүй. Компьютер, нөүт­бүүк байхгүй. Дүүрэн ноорог цаас, ном, дэвтэр овоолсон ширээний ард сууж ажилладаг байсан. Сэтгүүлчийг хөл нь тэжээдэг юм. Дэвтэр, балаа цүнхлээд л алхаж өгдөг байлаа шүү дээ. Алхаж явахдаа нийтлэл, сурвалжлагынхаа эхлэл, өрнөл, төгсгөлийг бодож явах жишээтэй. Бичих олон санаа алхаж явахад орж ирдэг. Аажимдаа ажлын орчин, нөхцөл нийгэм, цаг үеэ даган өөрчлөгдөж, одоо бол сэтгүүлчдийн нийгмийн асуудалд томоохон ахиц гарсан гэж хардаг. 
-Сэтгүүлч хүн ямар зан чанар, ямар үзэл бодол, төлөвшлийг өөртөө бий болгосон байх ёстой гэж үздэг вэ. Сэтгүүлчийн үнэт зүйлийн тухайд таны бодол? 
-Энэ тал дээр ганц л үгэнд гүнээ итгэдэг. Итгэсээр ажилладаг. Сэтгүүлч байя гэвэл хүн бай гэж сонины эрхлэгч нар маань бидэнд захиж сургасан. Эхлээд хүн бол, хүн шиг бай, хүнлэг ханд гэж. Энэ л зарчмыг мэргэжил нэгт дүү нартаа онцолж хэлэх дуртай. 
-Мэргэжлийн ёс зүйн талаар юу хэлэх вэ?
-Сэтгүүлчийн мэргэж­лийн ёс зүйн талаар манай салбарынхан хангалттай ярьж, хэлэлцэх болсон. Ёс зүйн зарчмаа тодорхойлж, дүрмээ тогтоож, Ёс зүйн зөвлөл байгуулагдан хяналт тавьж ажиллаж байна. Ажлаа өдөр тутам яг гардан хийж байгаа сэтгүүлчдийн хувьд ёс зүйн асуудал нь тэгтлээ уруудаж доройтоогүй байна. Харин хэвлэл мэдээллийг зэвсгээ болгон ашиглаж байгаа эздийн эрх ашиг, эрх мэдлийн дуу хоолой болгож байгаа тэр бодлого, тэр системийг аажим өөрчлөхөөс асуудлыг эхэлж ярих ёстой. Өөрөөр хэлбэл, хувь сэтгүүлчийг ёс зүйгээ барьсангүй гэж өөлж баалах биш нийтлэг сөрөг үзэгдлийг арилгахын төлөө, тогтолцооных нь хувьд харж хийх ёстой ажил. Сэтгүүлч ёс зүйгээ санаатай зөрчсөн гэж чичлэхээс илүү түүнийг ёс зүйн алдаанд хүргэж байгаа хүчин зүйлүүдийг эхлээд авч үзэх ёстой.  
-Одоо таныг АТГ-ын Тунгаа гэдгээр хүмүүс анддаггүй. АТГ гэх салбар сонины болон сэтгүүлзүйн салбараас тэс хөндлөн үү. Мэргэжлээ санах тохиолдол байх уу. Сэтгүүлчийн тухайд ямар ажлын туршлагыг өөртөө олж авч байна вэ? 
-АТГ хэмээх төрийн тусгай байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байна. “Ардын эрх” сонинд ажиллаж байхдаа шинээр байгуулагдаж байгаа төрийн байгууллагад анкетаа өгөөд үзье гээд өгсөн. Нэр сүр, цалин цавуу гэхчлэн илүү дутуу бодол тухайн үед ер агуулаагүй. “Ардын эрх” сониндоо өөртөө таарсан эрх мэдэлтэй, боломжийн цалин орлоготой, хүндэтгэл хүрээлэлтэй, басхүү хан­галт­тай эрх чөлөөтэй, яг л загас усандаа мэт байсан. Тэгэх мөртлөө цоо шинээр байгуулагдаж байгаа авлигатай тэмцэх байгууллагад ажиллахыг хүссэн юм. Тухайн үеийн шаардлага, шалгуурт нийцэж АТГ-ын соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллаж эхэлсэн. Соён гэгээрүүлэх гэдэг нь хуульд зааснаар бол авлигын хор аюулыг олон нийтэд ухуулан таниулах, авлигатай тэмцэх арга барилд иргэдийг сургах ажил. Үндсэндээ ярих, бичих ажил. Миний ажил мэргэжил үүнд бүрэн тохирно. Тэгэхээр тэс хөндлөн биш байгаа биз. АТГ дотор мэргэжлийн ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа гэж ойлгодог. 
-Таны анхны цалин хэд байсан бэ. Сэтгүүл­чийнхээ хувьд бичвэрээ үнэлүүлээд цалин авсан тэр мэдрэмж ямар байв? 
-Үнэхээр гайхалтай сайхан. Миний явж олсон, ухаанаа зарж хийсэн хөдөл­мөрийн хөлс. Цалин мөнгөнөөс илүү дурсамж­тай, үлдэцтэй нь өдөр тутмын сонин дээр миний нэртэй нийтлэл гарсан байдаг. Нэрээ хараад өөрөөрөө тэрүүхэндээ бахархаад, дотроо онгироод л сүйд болдог байлаа шүү дээ (инээв). 
-Сэтгүүлзүйн гал тогоо өөрийн гэсэн онцлогтой. Тэр тусмаа сонины сэтгүүлзүй. Сонинд ажилладаг сэтгүүлчийн зан араншин хүртэл ТВ, радиогийн сэтгүүлчдээс арай өөр байдаг шиг санагддаг. Сониныхон ганган дэгжин биш, илүү дотогшоо бясалгагч араншинтай ч гэдэг юм уу. Танд энэ тухайд ажиглагддаг зүйл бий юу? 
-Ийм ялгаа маш тод байдаг. Сониныхон, тэр дундаа өдөр тутмын сонины сэтгүүлчид маш төлөв даруу хүмүүс. Тэр хэрээрээ амбиц, хувь хүний шунал багатай ч юм уу гэж харагддаг. Өдөр тутмын сонины редакц бол хагас цэрэгжилтийн зохион байгуулалттай штаб. Сэтгүүлчийн ажил тогтсон цагтай, дүрэмтэй, шат дамжлагатай. Телевиз, радиогийн ажил багийн шинж чанартай, зураглаач, найруулагч, редактор, хөтлөгч, нэвтрүүлэгч гээд  олон хүнээс хамааралтай. Харин сонины сэтгүүлчийн ажил харьцангуй өөрөөс шууд шалтгаалдаг онцлог­той. Одоо манай сонины сэтгүүлчид өөрсдөө бичнэ, шивнэ, дэглэнэ, эхээ бэлтгэнэ, хэвлэн түгээх ажлаа ч өөрсдөө гүйцэтгэх болсон. Тийм болохоор сонины сэтгүүлчид харьцан­гуй биеэ даасан, илүү хурд­тай, ачаалал дааж сурсан, хариуцлага хүлээх тэн­хээтэй хүмүүс. Өдөр тутмын сониныхон овог, нэрээ­рээ танигддаг. Хөдөө орон нутагт томилолтоор ажил­лаж байхад байнгын идэвхтэй уншигчид маань овог, нэрээр дуудаж мэнд­чилэх нь сайхан санагддаг шүү. 
-Танд онцгой дур­самж үлдээсэн хамт олон, редакц, эрхлэгч, редакторын тухай дурсаач?
-Би “Ардын эрх” сонинд ажилласан гурван жилийн намтартаа их дуртай. Энэ сонинд ажиллаж байсан хамт олондоо одоо ч хайртай. Төрийн статустай байсан “Ардын эрх” сонин түмний хэвлэл нэрээр дахин мэндэлж, ерөнхий эрхлэгчээр нь Б.Тэмүүлэн, хариуцлагатай нарийн бичгийн даргаар Д.Нарантуяа нар ажиллаж байхад би очсон. Тоймч, албаны даргаар ажилласан. Энэ бол намайг шинээр нээсэн редакц. Миний ажиллаж байсан “Ардын эрх” сонин одоо “NEWS” агентлаг болон өргөжиж, мэдээллийн цахим орон зайд тэргүүлж явааг харах бахархалтай байдаг. За тэгээд Б.Лигдэн, Б.Пүрэвдаш, Б.Монхоо, Г.Бямбажал, Э.Сонинтогос, Ц.Ганболд, Д.Сандагсүрэн гээд үлгэр дуурайл авах олон сайхан эрхлэгч нараа дандаа дурсаж явдаг даа.    
-Сэтгүүлчид дандаа түүхийн гэрч болж явдаг. Энэ утгаараа манай булан ч мөн сэтгүүлчийн урланд “нуугдаж” байдаг түүхийг яриулах зорилготой. Таны хувьд олон түүхэн, чухал сурвалжлага, үйл явдал, хэрэг зэрэгт оролцож нүдээр үзэж түүнийгээ уншигчдад хүргэж байсан болов уу. Энэ тухайгаа хуваалцаач?
-Би өөрийгөө сэтгүүлч гэж нэрлэхээс эмээдэг. Харин сурвалжлагч Мөнх­тун­галаг гэж хэлүүлэх дуртай. Голцуухан сурвалж­лага хийж явсан болохоор тэгдэг байх. 1998-2007 онд “Өнөөдөр”, “Монголын мэдээ”, “Ардын эрх” сонинд парламентын сурвалжлагч, тоймчоор ажиллаж байсны хувьд УИХ-аар хэлэлцэн баталсан олон зуун хууль тогтоомжийг сурталчлах, мэдээлэх ажлыг хийсэн шиг хийж явсандаа олзуурхдаг. Парламентын сурвалжлагч гэдэг бол улстөрчдийн дуу хоолой биш харин төрийн эрх барих дээд байгууллагын хэлэлцэж, батлан гаргасан хууль тогтоомжуудыг иргэд, олон нийтэд мэдээлэн сурталчлах чухал үүрэг шүү дээ. УИХ-ын танхимд улс орны цаг үеийн шинжтэй маш олон мэдээлэл цугларч, тэндээс бүх талын мэдээллийг нэг дор авах боломжтой байдгаараа давуу талтай. Гурван үеийн парламентыг сурвалжилсан байна. Ардчилсан нийгмийн суурь гэж хэлж болох харилцаануудыг зохицуулсан хуулиудыг батлан гаргаж байх цаг үед парламентын сурвалжлагч байснаараа бахархдаг. Монгол Улсад ардчилсан парламентыг хөгжүүлэхэд, хууль тогтоох механизм нь өөрөө нээлттэй, ил тод, олон нийтийн хараа хяналтын дор зөв хэлбэр, зарчмаа олж төлөвшихөд парламентын сурвалжлагчдын оруулсан хувь нэмэр тодорхой хэмжээгээр байгаа. Олон нийтийн итгэлээр сонгогдон ажиллаж байгаа хүмүүсийг тэр сонгосон иргэдийнх нь өмнөөс хяналт тавих, зарим талаар шахаж ажил­луулах үүргийг парла­ментын сэтгүүлчид хүлээ­дэг онцлогтой. Хуулиар дамжуулан хувийн эрх ашгаа, хэсэг бүлгийнхээ ашиг сонирхлыг шургуулах гэсэн бусармаг үйлдлийг ч илчлэх шаардлага бидний үеийн парламентын сэт­гүүлч­дэд байсан. Тухайл­бал, 2000-2004 онд Засгийн газраасаа бүрэн хараат, нэг намын хэт олон­хийн төлөөлөлтэй парламент байх үед гүйцэтгэх засаглалд хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүч нөлөөгөөр олон нийтийн хяналт тавин ажиллаж байсан. 
-Таны дуртай зүйл юу вэ? 
-Хүүхдүүдтэйгээ зэрэг­цэж суугаад байгаль, дэлхий ертөнцийн тухай баримтат кино, нэвтрүүлэг үзэх дуртай. Үзэхдээ дуугүй үзэхгүй. Заавал тайлбар, дүгнэлт хэлж үг, сургаалаа хавчуулж л суудаг юм (инээв). 
-Аливаа юм бүхэн өөрийн үетэй. Сэтгүүлзүй дэх өөрийн үеийнх­нийхээ талаар юу хэлэх вэ. Та бүхэн Мон­голын сэтгүүлзүйд юу үлдээсэн гэж хардаг вэ? 
-Сэтгүүлзүйд миний үеийнхэн өмнөх үеийнхээ үлгэрлэл, замналыг залган авч яваа тод мөртэй хүмүүс. Уламжлалт сэтгүүлзүйн элементүүдийг орчин цагт нийцүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ эрэн сурвалжлах сэтгүүлзүйн технологийг нутагшуулах эхлэлийг тавьсан. Жишээ нь, ахмад үеийнхэн маань байгаа үйл явдлыг байгаагаар нь мэдээлдэг байсан бол манай үеийн сэтгүүлчид байгаагаар нь мэдээлэхийн зэрэгцээ байгаагийн цаана юу байгааг илрүүлж мэдээлэх арга техниктэй болсон. Алив бүхэн өөрийн оршин байх цаг хугацаатай, хөгжих үе шаттай байдаг юм болохоор сэтгүүлзүйд ч бас өөрийн гэсэн онцлог, өсөлт хөгжил, алдаа оноо байж таарна. Сайнтай, муутай сав дүүрнэ гэдэг биз дээ. Туулах ёстой бол туулна. Давж гарна. Улам хөгжинө.      
-Залуу сэтгүүлчдэд хандаж юуг анхааруулах вэ. Манай салбар цаашид хэрхэн өсч, хөгжөөсэй гэж боддог вэ. Сэтгүүлчдийн дуу хоолой хаашаа, хэнд, юунд чиглээсэй гэж боддог вэ? 
-Хэтэрхий олны танил, урлаг соёлын одод, эсвэл улстөрчид, бизнес­менүү­дийн тансаг, нүд гялбам хувцас хэрэглэл, өмсгөл зүүсгэл, худал гоё үгсийг дамжуулдаг болчихжээ. Энэ нь сэтгүүлзүй байж болох ч хамгийн чухал нь лав биш. Би мэргэжил нэгт дүү нартаа эгэл жирийн хүмүүсийн тухай бичээч гэж хэлж зөвлөдөг. Өөрөө ч тэр хүмүүсийн тухай бичих дуртай. Унших дуртай. Нөгөө мөнчгөрөөрөө гэдэг шиг бор зүрхээрээ зүтгэж яваа, ямар нэгэн удам угсаа залгаж юм уу өв хөрөнгө залгамжилж биш, өөрийнхөө амьдралыг өөрөө л бүтээсэн эгэл жирийн хүмүүсийн тухай, хөдөл­мөрч хүний тухай ярилцлага, нийтлэл олноор гаргаж, энэ баргардуухан нийгэмд гэрэл гэгээ нэ­мээсэй гэж хүсдэг дээ.
-Ярилцсанд баярлалаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид