Улаанбаатар 1c

Захидлаар нээгдсэн “цонх”

Анхбаяр 2018-09-12 21:23

Сара Сандерс захидлын агуулгыг тодорхойлохдоо “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах ажилд үргэлжлүүлэн оролцох” хэмээн тодотгосон. Тэрбээр өнгөрсөн ням гарагт Пхенаньд болсон баярын жагсаалд холын зайн пуужин харагдаагүй явдлыг сайны тэмдэг гэж үзэж байгаагаа хэлсэн юм.
Өнгөрсөн зургадугаар сард Сингапурт зохион байгуулагдсан хоёр улсын дээд хэмжээний уулзалтын үеэр талууд БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцэж, улмаар зогсоох байр сууринд тодорхойгүй нөхцөлтэйгөөр хүрсэн. АНУ-ыг заналхийлж байсан Ким Жон Ун чухам яагаад цөмийн зэвсгээсээ татгалзах болов, татгалзсаныхаа хариуд ямар үр дүнд хүрэх вэ гэдэг нь одоо ч дэлхийн анхаарлын төвд байгаа юм. Энэхүү тохироог ил болгох магадлалтай Трамп, Кимийн хоёр дахь уулзалтын тов одоогийн байдлаар тодорхойгүй байна. 

Хөх ордны хичээл зүтгэл

Ирэх долоо хоногт Пхеньянд айлчилж дээд хэмжээний уулзалт хийх Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний хувьд гурван талын уулзалт санал болгосон. Ингэснээр 1950-1953 оны хооронд үргэлжилсэн Солонгосын дайнд цэг тавих хамтын мэдэгдэл гаргана хэмээн найдаж байгаа аж.  Уг зөрчил түр гал зогсоох гэрээгээр зогссон учраас Хойд Солонгос болон АНУ-ын тэргүүлж буй Нэгдсэн Үндэстний хүчин (үүнд Өмнөд Солонгос харьяалагдана) одоо ч дайны нөхцөл байдал үргэлжилсээр байгаа юм. Өмнөд Солонгосын талаас энэхүү зөрчлийг албан ёсоор эцэслэх талаар санал гаргасан ч НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдааны үеэр Ерөнхийлөгч Мүн Жэ Иний Аюулгүй байдлын дарга Чун Юу Ёон хэлэхдээ гурван талын уулзалтын үр дүн дутагдаж байгааг онцолсон. 
Ерөнхийлөгч Мүн Жэ Ин цөмийн зэвсгээс ангижруулах явдалд ахиц гаргах, Солонгосын дайныг албан ёсоор дуусгахын тулд Ким удирдагчид хэд хэдэн санал тавих төлөвтэй байна. Үүнд, АНУ-ын зүгээс аюулгүй байдлыг хангах санал багтжээ. Тэрбээр энэ сарын төгсгөлөөр Нью-Йорк хотноо зохион байгуулагдах НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаанд оролцохдоо Ерөнхийлөгч Трамптай энэ талаар санал солилцох аж. Ноён Трамп Ерөнхийлөгч Мүнээс Вашингтон болон Пхеньяныг холбох гол зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийг хүссэн талаар Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч хэвлэлийхэнд мэдээлсэн. Өмнөд Солонгосын Засгийн газрын хуралдаанаар Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “Хойд Солонгосын цөмийн зэвсгийг задлах ажиллагааны дараагийн шатанд ахихын тулд Хойд Солонгос ба АНУ-ын удирдагчид хүчтэй санал дэвшүүлж, зоригтой шийдвэр гаргах ёстой. Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө татан буулгах хэрэгтэй. Харин энэ явдалд АНУ-аас зохих ёсны дэмжлэг үзүүлэх нь зүйтэй” гэжээ.  
Ерөнхийлөгч Трамп Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн Пхеньянд хийх уулзалтыг цуцалсан, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Ким удирдагчийг гурван талын уулзалтад оролцоно гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлсэн явдлууд Солонгосын хойгийн асуудалд ахиц гарах найдварыг тодорхой хэмжээнд бөхөөсөн ч асуудал талаар өнгөрсөнгүй. 

Цонх нээгдэв

Өмнөд Солонгос ба АНУ-ын цөмийн асуудал хариуцсан бие төлөөлөгч нар энэхүү шинээр нээгдсэн боломжийг ашиглан Пхеньян болон Вашигтоны гацаанд орсон харилцааг хөдөлгөөнд оруулахаар ажиллаж эхэллээ. Өмнөд Солонгосын бие төлөөлөгч Ли До Хун, АНУ-ын бие төлөөлөгч Стивен Биган нар уулзаж Умардын цөмийн зэвсгээс ангижрах үйл явдалд хэрхэн ахиц гаргах талаар санал солилцсон байна. Биган уулзалтын эхэнд хоёр талд аль алинд нь өндөр хариуцлага ногдож байгааг тэмдэглээд “Ерөнхийлөгч Трамп, Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Ким дарга нар үнэлж баршгүй боломж бий болголоо. Тиймээс бид энэ боломжоор дүүрэн хором мөчүүдийг чадах бүх хэмжээгээрээ ашиглах хэрэгтэй” гэжээ. 
Вашингтон дахь Үндэсний ашиг сонирхлын төвийн Аюулгүй байдлын судалгааны тэргүүн Харри Казианис Ерөнхийлөгч Трамп хоёр дахь уулзалтыг тооцоолж чадсан нь үнэхээр зөв алхам боллоо хэмээн онцолсон байна. Мэргэжилтнүүд, ажиглагчдын өндрөөр үнэлж буй энэхүү “цонх” Солонгосын хойгт энх тайванг авчрах нь бараг л цаг хугацааны асуудал. Үүгээрээ Ерөнхийлөгч Трамп бүрэн эрхийнхээ хугацааг дахин нэг удаа сунгах “цонх”-ыг ч өөртөө нээж чадлаа. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид