Улаанбаатар 1c

Солонгосын визний журамд өөрчлөлт оров

Анхбаяр 2018-09-12 21:28


Шинэ журамд олон удаагийн визний нөхцөл хангаж буй иргэний гавьяа шагнал, ажилласан жил, эдийн засгийн чадавх мөн оршин суух хугацаандаа аливаа зөрчил гаргаж байгаагүй зэргийг харгалзан үзэж шууд гурав болон таван жилийн олон удаагийн виз олгохоор болжээ. Энэхүү журамд өөрчлөлт оруулахад БНСУ-ын Хууль зүйн яам, Гадаадын иргэн харьяатын газар, Цагаачлалын алба зэрэг холбогдох байгууллагуудын хамтран шийдвэр гаргадаг байна. Хуучин журмаар олон удаагийн визийг олгохдоо долоон шалгуур хангасан тохиолдолд виз олгодог байсан бол энэ удаагийн шинэчлэлээр нэмж зургаан шалгуурыг тусгахаар болжээ. Өөрөөр хэлбэл,  шинэ журамд нийт 13 шалгууртай болгожээ. Өмнөх долоон шалгуур дээр холбогдох нөхцөлийг хангаж буй эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин, сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар ажилласан иргэнд энэ визийг олгохоор болжээ. Нэг жилийн турш 500 сая төгрөгөөс дээш төгрөгийн татвар төлсөн аж ахуйн нэгжийн хэлтсийн дарга болон түүнээс дээш албан тушаалтан ажиллах боломжтой. БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн, эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн, олны танил урлаг соёлын зүтгэлтэн, тамирчин энэ журамд хамаарчээ. Түүнчлэн 500 сая төгрөгөөс дээш үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө зэрэг хувийн хөрөнгө эзэмшиж буй иргэн олон удаагийн виз хүсэх боломжтой болжээ. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. 
 -Олон удаагийн визийг  гурав ба таван жилийн хугацаатайгаар олгоно гэлээ. Ямар шалгуураар визний хугацааг ялгаатай нөхцөлөөр олгох вэ?
-Одоогоор энэ талаар бүрэн мэдээлэл өгөх боломжгүй. Виз олгох журмаа сайжруулж байгаа. Тухайлбал, эмч гэхэд таван жилээр олгох жишээний. Энэ асуудлыг эцсийн байдлаар шинэчлэн дуусгахаар бэлтгэж байгаа. Шинэчилсэн журмаар илүү нарийвчлалтай байх болно. Ер нь олон удаагийн визний хугацааг ялгаатай байдлаар олгохдоо тухайн виз мэдүүлэгчийн ажилласан жилийн туршлага болон бусад нөхцөлийг харгалзан үзэж ялгаатай олгох юм. 
-Солонгос Улс руу манай улсаас хэчнээн иргэн виз мэдүүлэх хүсэлт гаргадаг юм бэ. Үүнээс яг хэд нь   виз авдаг вэ?
-2016 онд 60 мянган иргэн виз мэдүүлж байсан. Харин 2017 онд 130 мянган монгол иргэн солонгост зорчих визний хүсэлт гаргасан. Энэ оны долоон сарын байдлаар 88 мянган иргэн визний хүсэлт  гаргасан. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор 130 хувиар өссөн үзүүлэлт юм. 
-Хуурамч бичиг баримт бүрдүүлэх тохиолдол нэмэгдэж байна гэлээ. Одоогоор хэчнээн монгол иргэн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэргээр шалгагдаж  байна вэ?
-Хуурамч бичиг баримт бүрдүүлэх асуудал нь виз мэдүүлэх хугацаагаараа ялгаатай. Нийт тооноос илүү нэг жишээ хэлэхэд, долоо хоногт 1000 бичиг баримт хуурамчаар бүрдүүлсэн тохиолдол байна. Таван сая төгрөгийн барьцаа буюу санхүүгийн чадавхыг илэрхийлсэн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлэх тохиолдол маш их байдаг. 
-Шинэчлэгдсэн журам хэзээнээс мөрдөгдөж эхлэх  вэ?
-Олон удаагийн визний журмыг нарийвчилж дуусахаар аль болох хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Аравдугаар сараас эхлэн шинэчилсэн журмаа хэрэгжүүлж эхэлнэ гэж төлөвлөж байгаа. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид