Улаанбаатар 1c

Э.Сувд-Эрдэнэ: Озон эмчилгээ нь хүний биед хамгийн цэнгэг агаарыг нэвтрүүлж, дархлааг дэмждэг

Анхбаяр 2018-09-12 21:29

-Удахгүй хүйтний улирал эхэлж хотын иргэд хорт утаагаар амьсгалах цаг ойртлоо.  Тэгвэл хүнийг хүчилтөрөгчөөр хангадаг “Озон эмчилгээ” нь хэзээнээс манай улсад нэвтрэв. Онцлог давуу тал нь юу вэ?
-
“Озон эмчилгээ” буюу хүчилтөрөгчийн эмчилгээ нь манай улсад анх 2014 онд дэлгэрсэн юм. Озон гэдэг маань гурван атомт молекул. Энэ нь хүний биед орохдоо хүчилтөрөгч болон задардаг. Хүчилтөрөгч болон задарснаар бүх эрхтэн тогтолцоог хүчилтө­рөгчөөр хангаж өгдөг. Энэ нь сахар, вирус, бактерийг устгаж хүний биеийн дархлааг дэмжинэ. Ерөнхийдөө “Озон эм­чилгээ” гэдэг нь эмийн бус аргаар хүчилтөрөгчөөр дамжуулан хүний бие махбодийг эмчилдэг эмчил­гээний төрөл. Уг эмчилгээ нь 100 гаруй жилийн өмнө үүссэн. Одоогоор Герман, Америк, Орос, Итали, Франц, Япон зэрэг оронд  өргөнөөр хэрэглэдэг. 
-Эмийн бус аргаар гэж байгаа учраас яг ямар аргаар хүний биед хүчилтөрөгчийг нэвтрүүлж байна вэ?
-Хүчилтөрөгчийн эмчил­гээг 30 гаруй төрлийн аргаар хийж, 180-аад өвчнийг эмчлэх боломжтой. Монголд 27 төрлөөр нь хүний биед хүчилтөрөгчийг нэвтрүүлж эмчилгээ хийж байна.
-Энэхүү эмчилгээг манай улсад хийж эхлээд удаагүй. Тиймээс яг ямар төрлийн өвчинд үр дүнгээ сайн өгч байна вэ? 
-Бүх төрлийн өвчинд энэхүү эмчилгээг хийх боломжтой. Учир нь хүний цусыг шингэлж, цусны эргэлтийг сайжруулж дархлааг дэмждэг. Манай улсын иргэдийн хувьд сахарын өвчтэй, цусны даралт ихтэй болон жирэмсэн эхчүүдэд хамгийн үр дүнтэй байна. Гэхдээ бүхий л төрлийн өвчинд хориглох заалтгүйгээр хийж болохоороо онцлогтой. Мөн энэ эмчилгээг бүхий л насныханд хийх боломжтой. Озон эмчилгээ нь хүний биед хамгийн цэнгэг агаарыг нэвтрүүлж, дархлааг дэмжинэ.  
-Та сая жирэмсэн эх­чүүдэд сайн үр дүн­тэй эмчилгээ гэлээ. Жирэм­сэн эхчүүдэд яг ямар нөлөө үзүүлдэг юм бол?
-Манай дээр хордлого ихтэй эхчүүд маш их ирдэг. Дотор муухайрч хоолны дуршилгүй болсон. Доошоо тонус өгдөг, толгой эргэж даралт нь ихэссэн гэх мэт шинж тэмдгийг дарж чадахгүй байгаа. Тэдний хувьд хүчилтөрөгчийн 3-4 эмчилгээ хийлгэснээр үр дүнгээ өгдөг. Жирэмсний эрт үеийн хордлогыг бүрэн тайлж чадаж байна. Мөн төрсний дараа ч хүүхэд эрүүл төрж байгаа. Учир нь хүүхэд эхийн хэвлийд байх үедээ хангалттай хүчилтөрөгч авч чадаагүйгээсээ болоод тархины даралттай, хүчилтөрөгчийн дутагдал­тай төрдөг. Ялангуяа өвлийн улиралд Улаанбаатар хотын агаарын бохирдлоос болоод ураг эндэх тохиолдол хүртэл гардаг. Тэгвэл өвлийн улиралд энэ эмчилгээг хийлгэснээр жирэмсэн эхчүүд урагт учирч болох аюулаас урьд­чилан сэргийлж байна гэсэн үг. Тиймээс хүчил­төрөгчийн эмчилгээ нь өвлийн улиралд Улаанбаатар хотын иргэн бүрт хэрэгтэй. Жирэмсэн эхэд озон эмчилгээ дараах дараах есөн төрлийн үр дүнг үзүүлнэ.
1. Ургийг хүчилтөрөг­чийн дутагдлаас урьдчилан сэргийлнэ
2. Төрсний дараах хүүхдийн тархины дарал­таас урьдчилан сэргийлнэ
3. Умайн тонус буюу умайн хананы булчин чангарлыг суллана
4. Жирэмсний эрт болон хожуу үеийн хордлого тайлна
5. Дархлаа сайжирч ядрах шинж тэмдэг багасна
6. Нойронд сайжирна
7. Цусыг шингэлж, цусны эргэлтийг сайжруулснаар хүйгээр дамжин ургийг тэтгэнэ
8. Жирэмсний үеийн цээж гашуун оргилтыг дарна
9. Жирэмсний үеийн болон төрсний дараах сэтгэл гутрал тайлна гэх маш олон үр дүнг эхнээсээ үзүүлж байна.
-Эмчилгээг курсээр нь хийх үү. Хэд хийлгэж байж нэг курс болох вэ?
-Заавал курсээр нь хийл­гэнэ гэсэн заалт байх­гүй. 10 удаа хийлгэж байж нэг курс эмчилгээ болно.
-Эмчилгээг 30 гаруй төрлийн аргаар хийдэг гэсэн. Харин манай улсад хамгийн өргөн хийгдэж буй төрөл нь юу вэ?
-Хүмүүс ихэвчлэн озон­той дусал болон “RI” буюу шулуун гэдсээр хийх хоёр аргыг ихээр сонгон үйлчлүүлж байна.
-“Озон эмчилгээ”-г манай улсын хэмжээнд хэдэн газар хийдэг юм бэ?
-Ерөнхийдөө 3-4 эмнэ­лэгт л энэ эмчилгээг хийдэг. Үүний дотор дэлхийн стандартын дагуу хийдэг нь “Амарсанаа гүнж” сувилал байгаа. Яагаад гэвэл дээрх сувиллын эмч Ц.Мөнхтуяа нь дэлхийн озон эмчилгээний холбоонд Монголоос хамгийн анх элсэн орсон.
-Бүх насныханд хийж болдог энэ эмчилгээг хийлгэж болохгүй тохиолдол бий юү? 
-Бараг байхгүй гэж болно. Гэхдээ цусыг шин­гэлдэг учраас зарим тохиолдолд хориотой байдаг. Үүнд, гадуур болон дотуур цус алдалттай үе, мөн эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн үед хийх боломжгүй. Ийм үед хийвэл цус алдах магадлал ихэснэ. Мөн сарын тэмдгийн мөчлөг уртасдаг.
-Одоо улирал солигдох завсарын үе учраас гадуур ханиад томууны дэгдэлт их байна. Ханиаднаас иргэд хэрхэн урьдчилан сэр­гийлэх талаар зөвлөгөө өгнө үү?
-Энэ нь вирусын гарал­тай ханиад юм. Таны хэлсэнчлэн улирал солигдох завсрын үеэр  дэгдэлт нь улам бүр нэмэгддэг. Учир нь, хүмүүс энэ хувцсаа тохируулж өмсөөгүйн улмаас даардаг. Ингэснээр дархлаа суларч ханиад хүрээд байгаа юм. Тиймээс ханиаднаас урьдчилан сэргийлэх хам­гийн эхний алхам бол хувцсаа тохируулж өмсөх байна. Мөн дархлаагаа дэмжиж биедээ хэрэгтэй эрдэс бодисыг авч, аль болох эмийн бус аргаар өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Бүр болохгүй бол томуугийн эсрэг вакцинд хамрагдаж болно.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Naranerdene
    Angiin nzda amjilt hvsie
    2018 оны 09 сарын 14 | Хариулах
  • А.Алтанзул
    Миний дүү нь мундаг шүү. Чамдаа амьжилт хүсэе.
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
Нийтлэлчид