Улаанбаатар 1c

Түрүү бөх чансааны 2000 оноо, 26 мянган ам.доллар авна

Анхбаяр 2018-09-12 21:31

Хувийн 14 жин, холимог шигшээ багийн тэмцээнд 130 орны 800 гаруй тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэг өгчээ. Дэлхийн аварга, медальт гэсэн хүндэт цолноос гадна чансааны өндөр онооны төлөө бөхчүүд барилдах юм. Хөх хотын гранпригаас эхлэн “Токио 2020” олимпийн наадмын чансааны оноо эхэлсэн. Олимпийн эрх авахад энэ оноо маш чухал үүрэгтэй.
Алтан медаль - 2000 чансааны оноо
Мөнгөн медаль - 1400
Хүрэл медаль 1000 оноо хүртэх юм.
(V байр 720, VII байр 520, 1/16 320 оноо )                 тус тус авна. 
Түүнчлэн шагналын сан ч тун өндөр.
Дэлхийн аварга - 26 мянган евро
Мөнгөн медаль - 15 мянган евро
Хүрэл медаль - 8000 мянган евро
Баку хот анх удаа ДАШТ хүлээн авч байгаа. Гэхдээ тус хот 2011 оноос “Их дуулга” тэмцээн хүлээн авснаас гадна долоон жилийн өмнө “Мастерс”, 2015 онд анхны Европын наадмыг зохион байгуулсан тул туршлага хангалттай. ДАШТ-ийг дөрвөн жилийн өмнө ашиглалтад орсон “National Gymnastics Arena” цогцолборт зохион байгуулах бөгөөд уг ордон нь 6000 хүний багтаамжтай. Өнгөрсөн жилийн ДАШТ Унгарын Будапешт хотод болоход манай тамирчид нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа дэлхийн аварга болсон бөгөөд цолоо хамгаалж барилдана. Тэмцээн найм хоног үргэлжилж, өдөр бүр эрэгтэй, эмэгтэй нэг жингийн аваргууд тодрох юм. Сугалааг тэмцээнээс нэг хоногийн өмнө буюу 19-нд 18.00 цагт явуулахаар товложээ. Сугалааны арга хэмжээг Олон улсын жүдо бөхийн холбооны фэйсбүүк хуудас болон ippon.tv-гээр шууд үзэх боломжтой.
Урьдчилсан барилдаан өдөр бүр 14.00 цагаас гурван татами дээр зэрэг үргэлжлэх бол  финалын барилдаан 20.00 цагаас эхэлнэ. Хуваарийг танилцуулъя. 
Есдүгээр сарын 20: 60кг/48кг
Есдүгээр сарын 21: 66кг/52кг
Есдүгээр сарын 22: 73кг/57кг
Есдүгээр сарын 23: 81кг/63кг
Есдүгээр сарын 24: 90кг/70кг
Есдүгээр сарын 25: -100кг/-78кг
Есдүгээр сарын 26: +100кг/+78кг
Харин 27-нд холимог багийн тэмцээн болох бөгөөд 13.00 цагт эхлэх юм. 32 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд “SPS” болон “С1” телевиз чөлөөт, жүдо бөхийн С.Шижирбатын тайлбартайгаар албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид