Улаанбаатар 1c

Сэдвийн мөргөлдөөн

Анхбаяр 2018-09-14 19:19

2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар дэд сайдуудаа цомхотгож байлаа. Тэр жишээг сөрөг хүчин дурдаж эрх баригчдаас нэхэх гэж байгаа болов уу. Ер нь эдгээр сэдэв бол сонгуулийн өмнөх жилийн төсөв дээр яригддаг уламжлалт зүйлс л дээ. 2015 оны хавар төсвийн тодотголын үеэр УИХ-ын бие даагч гишүүн асан С.Ганбаатар АН-ын эрх баригчдаас дэд сайдуудаа цомхотгож, хэмнэлт хийхийг шаардаж байлаа. Тэгвэл эрх баригчдад ч ярих юм бий. Сангийн яамны зүгээс У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш таван их наяд 698 тэрбум төгрөгийн өр барагдуулаад байгааг зарласан. Хэрэв энэ зэргийн өр тавиагүй байсан бол төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломж байсан талаар ярьж таарна. Ирэх онуудад төлөх зээл, зээлийн хүүгийн асуудал ч төсөв дээр босч ирнэ. Тэдгээр өрийг өмнөх дөрвөн жилд эрх барьсан АН-ын үед тавьсан гэдгийг ч дахин сэвэх төлөвтэй байна. Чуулган угтаад мэр сэр дуулдаад эхэлсэн мэдээллүүдээс харахад шүү дээ. 
Ирэх зун Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болох тул намуудын идэвх энэ намрын чуулганы үеэр гойд байх төлөвтэй. Р.Бурмаа нарын санаачилсан Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр нөхөн сонгуулийг зөвхөн зургаа болон аравдугаар сард зохион байгуулахаар хуульчилсан байдаг. Гэхдээ ээлжит сонгуулиас нэг жилийн өмнө нөхөн сонгууль явуулахгүй байх тухай хуулийн заалтыг хасчихсан юм билээ. Тэгэхээр нөхөн сонгууль ирэх зургадугаар сард болдгоороо болно гэсэн үг. УИХ-ын ээлжит сонгуулиас нэг жилийн өмнө болох нөхөн сонгууль намуудын рейтингийг тогтооно гэдэг талаасаа анхаарал татах нь дамжиггүй. Мөн АН, МАН аль аль нь намын даргаа сольчихоод байгаа. Тэдний хувьд намдаа эхний ялалтыг авчрах нэр төрийн даалгавар бий. Мөн МАХН-ын хувьд УИХ-ын гишүүн О.Баасанхүүг “Намаа хуваах гэсэн” гэдэг шалтгаанаар хөөх шийдвэр гаргасан. Тэгэхээр МАХН-ын хувьд ирэх сонгуулийн өмнө намдаа нэг суудал авчрах шаардлагатай. Ингэж чадах хүн нь намын дарга Н.Энхбаяр гэдэг мэссэж өнгөрсөн хугацаанд ил далд нэлээд явлаа. 
Ийм хөрсөн дээр нийгэмд ямар ч үйл явдал болсон өрсөлдөгч талууд өөрт ашигтай бол улам дэлгэрүүлэх сонирхолтой байгаа нь багш нарын ажил хаялтаар нотлогдож буй юм. Багш нарын хувьд цалингаа нэмүүлэх шаардлага байгаа юу гэвэл тийм. Гэхдээ энэ асуудлыг нэг дор бүрэн дүүрэн шийдэж чадах уу гэдэг бол өөр асуулт. Олон жил ужгирч хоцрогдсон багш нарын цалинг санаанд хүртэл нэмэхийн тулд мөн л тийм хугацаанд үе шаттай хийхээс өөр аргагүй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Засгийн газар есдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг, түүний дотор сувилагч, бага ангийн багш, цэцэрлэгийн багш зэрэг зарим албан хаагчдын цалинг түлхүү нэмэх шийдвэр гаргасан. Илүү нэмэхийг ч шаардаж байна. Бид бүх боломжоо ашиглаад дахиад өндөр хүүтэй арилжааны зээл авахгүйгээр, өрөө барагдуулж бас боломжоороо цалин нэмээд явж байна. Та бүгд ойлгож хандана гэдэгт итгэж байна” гэдэг үгээ давтаад яваа. Гэвч цалин нэмэхийг шаардсан шаардлага улам эрчээ авсаар буй нь цаанаа улс төрийн болоод өөр бусад зорилго агуулаад байгаа юм биш байгаа. 
Тодруулбал, анхандаа багш нарын ажил хаялт их итгэлгүйхэн эхэлсэн юмдаг. Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн 12 сургууль ажил хаялт эхлүүлэхэд тэднийг АН-аас УИХ-д сонгогдсон хэн, хэний гарсан тойрогт хамаардаг гээд хуруу дараад тоолчихож болохоор байсан даа. Тэдний тэмцэл эхэндээ “Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэгдүүлсэн нь аль чадах хэмжээндээ хийсэн боломжит хувилбар” гэдэг тайлбарт дарагдаад бараг зогсчих шахсан. Үнэхээр ч өнөөдөр улсын төсвийн дөрөвний нэг нь буюу хоёр их наяд гаруй төгрөг төрийн албан хаагчдын цалинд явж байгаа. Дахиад 50 хувиар нэмэгдүүлнэ гэвэл жил бүр нэг их наяд төгрөгийн тогтмол орлого хэрэгтэй болно. Хэрэв энэ жил нэмлээ гэхэд дараа жил дахиад л их наядын дарамт төсөвт учирч таараа. Тэгэхээр цалин 50 хувиар нэмэгдүүл гэдэг бол Засгийн газраас “Сүн далайн чинээ сүү өг” гэж шаардсантай адил. Хэрэв нэмчихлээ гэхэд юмны үнэ тэр хэмжээгээр өснө. Үр дүнд нь төгрөгийн ханш унаад талийна. 
Тэгвэл яагаад 8-30 хувиар төрийн албан хаагчдын цалин өссөн боловч тэмцэл ийм хүчтэй үргэлжилсээр байгааг нь нийгэмд өрнөсөн бусад томоохон сэдвээс хайж болж байна. Тухайлбал, Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас нүүрс алдагдсан асуудал дээр Ажлын хэсэг гаргаж шалгалт хийсний хариуг УИХ-ын гишүүн Л.Энхболд мэдээлж байлаа. Тэрбээр “Шалгалтын явцад ГЕГ-аас өгсөн дүгнэлтэд Монгол Улсын гаалиар эх үүсвэр нь тодорхойгүй 390 мянган тонн нүүрс гарсныг тогтоосон. Мөн ХХЕГ-ын дүгнэлтэд 2013-2017 онд цөөн тооны ачааны автомашин 35 мянган удаа хил нэвтэрсэн талаар дурдсан байна. Зарим нь хоосон хил гарсан гэнэ. Хоосон гарсан гээд байгаа машинуудыг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. МХЕГ-ын дүгнэлтээс харахад “Эрдэнэс Тавантолгой”-н тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 340 мянган тонн нүүрс алдагджээ гэж тогтоосон байна. Үүнийг мөнгөн дүнгээр нь бодвол 60 орчим тэрбум төгрөг болно. Энэ хэмжээний өмч хөрөнгө Монголын ард түмнээс алга болжээ” гэсэн юм. Хэрэв түүний мэдээлэл үнэн бол энэ зэргийн мөнгө төрийн бүх албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг өгч хүрэлцэх хөрөнгө л дөө. Гэтэл энэ сэдвийг босохтой зэрэгцээд багш нарын ажил хаялт эрчээ авчихсан нь анхаарал татаж байна. Магадгүй энэ сэдвийг үргэлжлүүлэхгүй байх сонирхол багш нарын ажил хаялтын дуулианыг дэмжихтэй тохирсон байж болох талтай. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллийн урсгалаас харагдаж байгаагаар дүгнэвэл шүү дээ. Ер нь аливаа дуулианыг нөгөөгөөр нь дардаг технологи манайд түгээмэл болоод байгаа. 
Мөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн маргаан хоёр жил дамнан үргэлжилж байна. Эрдэнэтийн 49 хувийг төрд авах УИХ-ын тогтоол гарч, Үндсэн хуулийн Цэц дээр хууль зөрчөөгүйг нь баталсан  боловч Захиргааны хэргийн шүүх дээр 49 хувийн талынхан ялчихсан. Өнөөгийн байдлаар 49 хувийн талынхан нь олон улсын шүүхэд хандаж асуудлаа шийдүүлнэ гэсэн байр суурь илэрхийлээд байгаа юм билээ. Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг УИХ, Засгийн газрын төвшинд  хэлэлцэх, анхаарлын төвд байхаас мөн л багш нарын ажил хаялт аварч байгаа нь нууц биш. Эрдэнэтийн асуудлыг шийдэхээс илүүтэй Засгийн газар, УИХ багш нарын тэмцлийг голлон хэлэлцэж, энэ сэдвийн хүрээнд маргалдаж байх нь наанадаж цаг хожих боломж юм. 
Үүнээс ургуулаад бодвол Засгийн газар дээр дурдсан компаниудаас авсан барьцаа сулруулбал асуудал намжиж Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл хэлэлцээрийн ширээнд суух боломж бүрдэх болов уу.  Тэгээд өдгөө Засгийн газраас барьж буй инфляцийн төвшинтэй уялдуулан цаашид цалин, тэтгэвэр нэмнэ гэсэн бодлогын нэр жаахан өөрчлөгдөөд “Үе шаттай нэмэгдүүлэхээр боллоо” гэсэн гэрээ болон хувирч “Хонь бүрэн чоно цатгалан” асуудал цэглэгдэх  боломжтой. Өнөөдөр болж буй үйл явдлуудын уялдааг харахад шүү дээ.  
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид