Улаанбаатар 1c

Н.Учрал: Хүүхдийг хохироохгүй байх нь багш нарын үүрэг

Анхбаяр 2018-09-14 19:23

-Багш нарын ажил хаялт өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байна. Багш нар цалингаа нэмүүлэхийг шаардах эрхтэй ч хүүхдүүдийг боловсролоор нь хохироох ёсгүй байх. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Багш нар нэг зүйлийг сайн ойлгох ёстой. УИХ-аас төсөв баталдаг. Төсөвт тодотгол оруулж байж цалин хөлс нэмэх боломжтой. Тэгэхээр хууль эрх зүйн хувьд боломжгүй цаг үе таарчихлаа. Гэхдээ боломжуудыг эрэлхийлэх боломж байгааг бас мартаж болохгүй. Тухайлбал, багш нарын цалинг нийгэм даяар хавтгайруулж, 20-30 хувиар нэмэх нь олигтой үр дүнд хүрэхгүй гэдгийг өнгөрсөн он жилүүд хангалттай харуулсан. Ингэж цалин нэмлээ гэхэд боловсролын салбарт сайн багш, мэргэжилтэн орж ирэхгүй байна. Багш мэргэжлийг сонгож байгаа оюутнуудын тоо буурсан. Багш нарын мэргэжлийн ур чадвар Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн сурагчдын дүнгээс шууд анзаарагдаж байгаа. Тэгэхээр энэ салбарт багш нарыгаа дэмжих, урт хугацаанд ажиллах хөшүүргийг нь хийж өгч чадахгүй байна.
-Уг нь төрийн албан хаагчдын цалинг тодорхой хэмжээгээр нэмсэн. Одоо дахин нэмэх боломж байгаа юм уу?
-
УИХ-ын намрын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэнэ. Тухайлбал, сумын төвөөс алслагдсан суурин газарт байшин барих ямар ч шаардлагагүй. Зарим тойрогт шаардлагагүй хөрөнгө оруулалт хийж, үргүй зардал гаргаж байна. Үүнийг танаж, цалин нэмэх боломж байгаа. Энэ асуудлыг ирэх оны төсвийг хэлэлцэхэд нээлттэй хэлэлцэх ёстой. Тиймээс багш нар энэ асуудалд ухаалаг хандах хэрэгтэй. Багш нар ажил хаяснаараа олон зуун хүүхдийн эрх ашгийг хохироож байна. Сурагчдыг хохироохгүй байх нь багш нарын үүрэг. Миний зүгээс багш нарыг асуудалд ухаалаг хандаач ээ гэж хэлмээр байна. Уг нь Багшийн хөгжлийн тухай хуульд багшийн урамшууллын талаар чухал агуулга орсон байгаа.
-Тодруулбал?
-Хуульд багшийн урамшууллын тогтолцоог ажлын гүйцэтгэлд нь тулгуурлаж хийнэ гэж заасан байгаа. Үүнийг багшийн мэргэжилтэй нь уялдуулбал гурван жил болоод зэрэг ахих боломжтой. Багшийн өөрийгөө хөгжүүлсэн байдал, ур чадвар, эцэг, эхийн хандлага, сурагчдын үнэлгээ гэх мэт олон зүйлээр илэрнэ. Энэхүү урамшууллын үнэлгээг Засгийн газраас батлах ёстой юм. Ингэснээр багш нарын дунд чөлөөт өрсөлдөөн бий болно. Үнэхээр чадалтай бол хүүхдүүдийнхээ дунд нэр хүнд нь өснө. Багш болох хүүхдийн тоо ч нэмэгдэнэ. Захиралдаа таалагдах шаардлагагүй болно. Тэтгэлэгт хөтөлбөрт тэргүүлэх салбарын эгнээнд боловсрол байна гэдгийг зааж өгсөн юм. Мөн хувьсах зардлын хоёр хувийг багшийн хөгжилд зарцуулна гэдгийг тусгасан. Сургуулийн удирдлагад нь хүртэл цайны газраа түрээслэх боломжийг нь олгосон байгаа. Ингэснээр орлогыг багшийн хөгжилд зарцуулахын зэрэгцээ ном сурах бичгээр хангах учиртай. Энэхүү хуулийн төсөл ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Харин гүйцэтгэл болоод хэрэгжилтийг тал талаас хянах нь зөв. Түүнээс биш ажил хаяад юу ч шийдэхгүй. Засгийн газарт ч, улс оронд ч шаардлага биелүүлэх боломж алга. Аливаа зүйлд нухацтай хандацгаая, багш нар аа. Үүний цаана ард түмний хүүхэд хохирч байна гэдгийг дахин дахин хэлмээр байна.
-Улс оронд эдийн засгийн боломж байхгүй энэ үед багш нар ажил хаялтаа зогсоохгүй бол яах вэ. Таны бодлоор асуудлыг шийдэх ямар гарц байна вэ?
-Бид шийдэл хайж байна. Салбарынхантайгаа бүрэн дүүрэн ойлголцож болно. Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ачаалал, зовлон бэрхшээлийг би бүрэн мэдэж байгаа. Багш нарт зориулсан 13 төрлийн нэмэлтээс зарим нь олгогдохгүй байна. Үүнийг бүрэн олгодог болъё. Ингэвэл багш нарын цалин үе шаттайгаар нэмэгддэг болно. Үндсэн цалингаас гадна урамшуулал нь их болно гэсэн үг. Тиймээс тойрч суугаад зөвшилцөлд хүрэх нь зөв. Жагсаад ямар ч үр дүнд хүрэхгүй.
-Та шаардлагагүй хөрөнгө оруулалтыг танаж, багш нарын цалинг нэмэх боломжтой гэлээ. Ялангуяа сонгуулийн жилийн өмнө гишүүд тойрогтоо хийх ажлын хөрөнгө оруулалтыг танаж чадах болов уу. Жишээ нь, та өөрийнхөө тойрогт хийх ажлуудаас хасч чадах уу?
-
Би энэ жил хоёр сургууль, хоёр цэцэрлэг бариулахаар хөрөнгө оруулалтыг нь төсөвт суулгуулсан. Харин ажлын тендер зарлахгүй байсаар энэ сартай золголоо. Тендерийг нь эрт зарлах хэрэгтэй байна. Ингэхгүй бол зуны улирлыг алдчихлаа. Би ирэх жил нэг сургууль, нэг цэцэрлэг бариулах хүсэлтэй байгаа. Нэг ч цэцэрлэг, сургуульгүй хороо манай тойрогт байна. Гурван ээлжээр хичээллэдэг долоон сургуулийн нэг нь манайд байна. Сургуулийн өргөтгөлийг барихгүй бол дөрвөн ээлж рүү ч шилжиж магадгүй. Тиймээс сургууль, цэцэрлэгийн ажлыг нэгдүгээрт тавих ёстой. Мөн тойргийн иргэд 28 жилийн турш зорчсон 4.5 километр зам байгаа. Энэ замын зорчих хэсэг нь үнэхээр хэцүү. Өвлийн улиралд хүүхдүүд сургуульдаа явахад их хүндрэлтэй байдаг юм. Тиймээс тус замыг барих мөнгө хүрэхгүй байлаа ч өөр санхүүжилтээр эхний ээлжид 2.5 километрийг нь барья гэж байгаа. Миний хувьд эдгээр ажлын санхүүжилтийг танахад буулт хийхгүй. Харин бусад буюу соёлын ордон, дүүргийн байр барих гэдэг ч юм уу ажлуудын хөрөнгө оруулалтаас тануулахад цааргалах зүйлгүй. Учир нь, яг одоо бидэнд соёлын ордон, дүүргийн байр хэрэгтэй юү гэдгээ бодох хэрэгтэй. Цагаа тулахад төр түрээслээд байранд орж болно. Харин хүүхдүүдийн боловсролд хамаарах асуудлыг хойш тавьж болохгүй.  
-Багш нарын ажил хаялтаар улс төрийн тоглолт хийж байна гэж хардах хүмүүс байна л даа. Үүнийг юу гэж харж байгаа вэ?
-Би сайн мэдэхгүй юм. Надад баттай эх сурвалж алга. Хэрвээ багш нараар улс төр хийж байвал цаад хүмүүсийг нь илрүүлж, хариуцлага ярих ёстой. Багш нараар улс төр хийж болохгүй. Гэхдээ өнөөдөр ийм том хүрээг хамарна гэдэг улс төр гэхээс илүүтэй нийгмийн шаардлага байна гэсэн үг.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид