Улаанбаатар 1c

“Эрдэнэс тавантолгой” 1.1 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ

Анхбаяр 2018-09-14 19:24

Ингэснээр жилийн төлөвлөгөөгөө хагас жилдээ биелүүлж, 290.3 тэрбум төгрөгийг  улсын төсөвт төвлөрүүлжээ. Тус компани нь 373 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Одоо ногдол ашиг 131 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өчигдөр мэдээллээ. Цэвэр ашиг өсөх хэрээр 1072 хувьцааг амь оруулах, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх боломж нэмэгдсэн гэнэ. Энэ оны жилийн эцсийн гүйцэтгэлийн үр дүнгээр 1072 хувьцааг иргэн бүрт хувьцаа тараахаар болжээ.  Энэ онд нийт 10.5 сая тонн нүүрс борлуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Одоогоор 9.5 сая тонн нүүрс борлуулсан байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК дэргэдээ орон тооны бус Олон нийтийн зөвлөл байгуулахаар болжээ. Энэ нь бизнесийн байгууллага дэргэдээ анх удаа олон нийтийн зөвлөлийг үүсгэн байгуулж байгаа юм байна. Тус зөвлөл нь мэдээллийн ил тод, нээлттэй байдал, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, дээшлүүлэх, авлига, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэсэн үндсэн гурван чиглэлд  есөн гишүүнтэйгээр ажиллах аж. Зөвлөлийн гишүүдийг иргэдийн дундаас  санал асуулга явуулах хэлбэрээр сонгон шалгаруулах юм байна. Мөн тус компани 13 гэрээг нээлттэй сонгон шалгаруулалтаар хамгийн сайн үнэ өгсөн, санхүүгийн өндөр чадамж бүхий компаниудтай байгуулж, гэрээний явц, үр дүн, гүйцэтгэлийг нийтэд анх удаа ил тод болгожээ.  Энэ талаар өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэлэв. Тэрбээр, “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХХК Тавантол­гойн ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх, олон улсын зах зээл дээр IPO гаргах ажлыг эхлүүлсэн байгаа. Энэ ажлыг эхлүүлснээс хойш өнөөдөр 72 дахь өдөр болж байна. Энэ хүрээнд дөрвөн том ажил хийгдэнэ. Олон улсын санхүүгийн зөвлөх, хуулийн зөвлөх авч ажиллах, зэрэг найман үе шаттай ажлын тав дахь үе дээр явж байгаа. Олон улсын зөвлөх авах олон улсын тендерүүд  одоогоор зарлагдсан байгаа. Компанийнхаа засаглалыг сайжруулах зорилгоор дэргэдээ орон тооны бус олон нийтийн зөвлөл байгуулна. Өнөөдөр нэр дэвшүүлэх ажил эхэлнэ. Зөвлөл есөн гишүүний бүрэлдэхүүнтэй, гурван дэд хороотой ажиллана. Анх удаа бизнесийн байгууллага тэр дундаа төрийн өмчид аж ахуйн нэгж дэргэдээ олон нийтийн зөвлөл байгуулж байгаа нь энэ. Зөвлөл нь мэдээллийн ил тод, нээлттэй байдал, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллана. Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг тогтмол явуулна. “Ажилд урьж байна” буланг цахим хуудастаа байнга ажиллуулж байгаа. Компанийн нээлттэй сонгон шалгаруулалтаар зар явуулна. Бүх сонгон шалгаруулалт ил тод явагдана. Өмнө нь хувийн өмч, төрийн байгууллагуудад ч байгаагүй жишгийг тогтооно. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг борлуулалтын гэрээ хийлээ гэж шүүмжлэх болсон. Борлуулалтын гэрээ хийхгүй юм бол би энд байх шаардлага байхгүй. Энэ бол миний үндсэн ажил. Ингэхдээ гэрээг гурван хэлбэрээр явуулах болсон. Шинэ гарц нээж, бий болгоно. ОХУ руу шинэ гарц бий болгож, Владивостокоор дамжуулна. Ингэж байж худалдан авалт сайжрах боломж бүрдэнэ.  Мөн нүүрс угааж, эцсийн бүтээг­дэхүүн болгож, хамтран ажиллаж борлуулж байгаа” гэлээ. Тус ком­пани байгуулагдсанаасаа хойш нийт хугацаанд нүүрс худал­дах 173 гэрээ байгуулсан байна.
Тухайн компанийн 268 мянган тонн нүүрс тодорхой шалтгаангүйгээр алга болсон тухай мэдээлэл байдаг. Энэ тухай тэрбээр ярихдаа “МХЕГ, Ашигт малтмалын газар, Сангийн яамны  холбогдох хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг ажилласан. Энэ талаар УИХ-ын нэр бүхий гишүүн мэдээлэл ч хийсэн. 268 мянган тонн нүүрс манай  компанийн өөрийн нүүрснээс алдагдсан гэдгийг компани анх тогтоож өгсөн. Өмнө 2013 оноос хойш алдагдаад явж байсан юм билээ. Компанийн нүүрс алга болсон гэдгийг бид тогтоож өгсөн гэсэн үг. Энэ үндсэн дээр улстөрийнхөн, бусад мэргэжлийн байгууллагуудын өнөөдөр ярьж буй асуудал гарч ирсэн юм шүү. Шүүхээс шалгагдаж дуусаагүй учир хэн нэгнийг буруутай гэж хэлэх нь бизнесийн компанийн хувьд эрсдэлтэй. Орон нутгийн  “Тавантолгой” бол манай дотор байдаг жижиг уурхай. Жижиг уурхайн зовлон гэж бий. Бүх зүйл нь манай уурхайн хяналтын бүсээр дамждаг. Ажилчид нь нэвтрэхдээ хүртэл манай харуул хамгаалалтаар дамжиж ордог. Технологийн зам гээд өргөтгөхөд хүртэл манай нүүрс унадаг. Мөн дэсэлгээ хийхэд, шал, хана, тааз тогтооход унадаг. Ийм байдлаар 2013 оноос хойш явж ирсэн гэдэг тайлбарыг хийдэг. Харин 2017 оноос хойш буюу 268 мянган тонн нүүрс алдагдсан гэдгийг тогтоосноос хойш нэг ч тонн нүүрс алдаагүй. Яагаад гэвэл бид орон нутгийн “Тавантолгой” ХК-г хариуцлагажуулж чадсан. Дээрх алдагдсан нүүрс одоо 340 мянган тонн болсон гэсэн мэдээлэл ирсэн. Бид үүнд баяртай байгаа.  Энэ хэмжээний орлогыг манай компани буцааж авна. Орон нутгийн “Тавантолгой” ХК ТУЗ-өө хуралдуулж дээрх төлбөрийг төл гэдэг шийдвэрийг гаргасан юм билээ. Бидний ажил урагш явж байгаа. Улстөрчдийн ажил яаж явагдах нь бидэнд сонин биш. Бид дэлхийд гарах гээд явж байгаа бизнесийн байгууллага” гэсэн юм. Мөн энэ үеэр алдагдсан нүүрсээ нэг тоннын ч хорогдолгүйгээр олж авна гэдгийг ч нэмж хэлэв. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид