Улаанбаатар 1c

Абэгийн чимээгүй хувьсгал

Анхбаяр 2018-09-14 19:24


Япон Улсын 39 дэх Ерөнхий сайд Эйсаку Сато (1901-1975) 1964 онд сонгогдсоноосоо хойш 1972 он хүртэл хоёр удаа дахин сонгогдсоноороо Япон Улсын түүхэнд хамгийн урт хугацаанд тасралтгүй засгийн эрхийг барьсан Ерөнхий сайдын амжилтыг эзэмшдэг юм. Харин Шинзо Абэгийн хувьд 2020 оны зун хүртэл албан тушаалаа үргэлжлүүлэн хаших аваас энэхүү амжилтыг даваад зогсохгүй зургаа дахь Ерөнхий сайд Кацура Тарогийн (1848-1913) Засгийн газарт 2886 хоног хүчин зүтгэсэн гэх гайхалтай амжилтыг 2019 оны төгсгөл гэхэд давах юм. Энэ нөхцөлд түүнээс илүү урт хугацаанд тогтвортой удирдсан удирдагчийг олъё гэвэл XIX зуун, самурайнуудын эрин үе хүртэл ухрах шаардлагатай болно. 
Удирдагч бүр төрийн эрхэнд байх хугацаандаа хийж бүтээсэн үйлсээрээ түүхэнд бичигддэг. Харин Абэгийн алдар гавьяа чухам юугаар дурсагдах вэ гэдэг нь яг одоогийн нөхцөлд тодорхойгүй байна. Эдийн засгийн бодлогын хувьд онцолж болох хэдий ч удирдагчийн нэрийн хуудас болгох хэмжээнд хараахан хүрэхгүй. Харин тэрбээр Үндсэн хуулийг шинэчлэх хүсэл тэмүүллээ өөрийн амьдралын гол үйлс бүтээл байх болно гэж тодорхойлж байсан удаатай. Энэ ч бас бидний бас Шинзо Абэгийн өөрийнх нь хайж буй хариулт хараахан биш буй за. 
Учир нь, дэмжигчид болоод өрсөлдөгчдийнх нь тодорхойлдгоор “Харцага мэт ширүүн консерватив” Шинзо Абэг Япон Улсын түүх “чимээгүй хувьсгал”-аар нь үеэс үед санан дурсах магадлал илүүтэй юм. Тэрбээр засгийн эрхийг барих хугацаандаа нийгмийн байгууламжийг бүхэлд нь өөрчилсөн бодлогуудыг хэрэгжүүлсэн. Үүнд, гадны иргэд, боловсон ажиллах хүчинд хамгийн хаалттай гэж болох орчинг бүрдүүлээд зогсохгүй дотоодын хөдөлмөр эрхлэлтийн орчин, дүрмийг өөрчилсөн зэргийг дурдаж болно. 
Чухам дээрх шалтгаануудын улмаас Япон Улсын иргэдийн тэтгэвэрт гардаг нас дэлхийн хаана ч байдаггүй тийм өндөр хэмжээнд хүрсэн байдаг. Тодруулбал, иргэд 60-70 насны хооронд тэтгэврээ авч эхлэх хугацаагаа өөрөө сонгох боломжтой. Гэхдээ ихэнх иргэд хожуу тогтоолгох тусам тэтгэврийн хэмжээ үнэмлэхүйц хэмжээнд нэмэгддэг шалтгааны улмаас 65 наснаас хойш тэтгэврээ тогтоолгохыг эрмэлздэг байна. Одоогийн байдлаар Шинзо Абэгийн Засгийн газар тэтгэврийн насыг цаашид нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар судалж байгаа юм.

Хүмүүсийн мэддэг ба мэддэггүй үнэн

“Юу гэхээр, би Либерал ардчилсан намын Нийгмийн харилцааны хороог удирддаг байсан шүү дээ” хэмээн Шинзо Абэ “Nikkei”-д өгсөн ярилцлагадаа инээвхийлэн хэлээд нийгмийн аюулгүй байдал, ажлын орчинд хамаарах бодлого болон зорилтоо тайлбарлаж өгсөн. Либерал ардчилсан намын Бодлогын судалгааны зөвлөлд харьяалагддаг Нийгмийн харилцааны хороо эрүүл мэнд, тэтгэвэр, асрах үйлчилгээ, ажлын байрны бодлогыг тусгайлан боловсруулдаг, байр суурь ба нөлөөллийн хувьд үнэхээр хүчирхэгт тооцогддог хороо юм. Абэ өөрийн харцага талыг харуулаагүй үедээ буюу парламентын шинэхэн гишүүн байхдаа энэхүү хороог ахалж байсныг нь хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. 
Тэрбээр Япон Улсын 56 болон 57 дахь Ерөнхий сайд Нобусукэ Кишигийн (1896-1987) ач хүү бөгөөд 2006 онд Ерөнхий сайдын суудлыг хүлээн авахдаа дайны эсрэг үзэл баримтлал бүхий Үндсэн хуулийг өөрчилж, зэвсэгт хүчинтэй болох өвөөгийнхөө хүсэл эрмэлзлэлийг гүйцэлдүүлэх амлалт өгч байсан юм. Тэр үед 52 настай байсан Шинзо Абэ дэлхийн II дайнаас хойшхи хамгийн залуу Ерөнхий сайд болсон. 
Улс төрийн гараагаа эхэлсэн үеэсээ л олон нийтийн анхаарлын төвд байсан тэрбээр төрийн өндөрлөгт хүрсэн даруйдаа улсынхаа “асуудалтай” хөрш Хойд Солонгостой илэрхий сөрөг байр сууринаас харьцаж эхэлсэн. 1970, 1980-аад оны хооронд хүн бүр хоорондоо шивнэж ярилцдаг байсан сэдэв болох Хойд Солонгосын хүний хулгайн хэргийг тэр шууд л анхаарлын төвд зоригтойгоор гаргаж ирсэн. Шинзо Абэ тэр үед “Үзэсгэлэнтэй улс орон өөд” нэртэй номоо хэвлүүлж, өөрийнхөө Япон Улсад зориулсан алсын хараагаа танилцуулж байв. Түүний нэрийг амжилт, ирээдүй гэсэн хоёр үг л дагалдаж байсан үе нэг жил хэртэй л үргэлжилж, тун удалгүй улстөрчийн  замналд нь гамшиг тохиосон.
Өвчин тусаад зогсохгүй Дээд танхимын сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээсэн залуу Ерөнхий сайд ердөө 366 өдрийн дараа албан тушаалаасаа буув. Хожим энэ үеэ дурсахдаа тэрбээр “Тамд орчихсон юм шиг л байсан. Би өөрийн бахархал, өөрийн нэр хүндийг тэр чигээр нь алдчихсан” хэмээн ярьж байсан юм. Дэлхийн II дайнаас хойш тасралтгүй засгийн эрхэнд байсан Либерал ардчилсан намын байр суурь хөндөгдөж, зүүний чиг баримжаанд ганхаж эхэлсэн юм. Энэ хугацаанд Абэ бууж өгөлгүй өөрийн амьдардаг Ямагучи тойрогт сонгогчдын саналыг эргүүлж авахаар идэвхийлэн ажиллаж байв. Хичээл зүтгэл бүрт хариу шан харамж олгогддог гэдгийг харуулж, Абэгийн хоёр дахь боломж хэний ч санаанд оромгүй богино хугацаанд иржээ. 2012 онд тэрбээр Абэдийн засаг (Абэгийн эдийн засаг) хэмээх нэртэй хүчирхэг зэвсгээр Либерал ардчилсан намын удирдлагыг эзлэн авсан байна. Абэдийн засаг бол мөнгөний бодлогыг хөнгөвчилж, нийгэмд зориулах зардлынхаа хэмжээг түрэмгийлэн нэмэх зорилгоор улсын эдийн засгийг хүчиржүүлэх бодлого.  
Түүнээс хойш Либерал ардчилсан нам таван удаагийн сонгуульд дараалан гайхалтай ялалт байгуулжээ. Энэхүү ялалтын гайхамшиг нь энэ хугацаанд таван ч Ерөнхий сайд солигдох боломжтой байхад Абэ ганхалгүй зогсож байсан явдал юм. Абэ “үзэсгэлэнтэй улс байгуулах” хүслээ дарж, эдийн засгаа сайжруулахад төвлөрөн ажилласнаас үзэхэд яах аргагүй алдаанаасаа сургамж авсан нь харагдана. Түүхийн хуудсыг сөхөн үзвээс Либерал ардчилсан намын дэмжлэг улсын эдийн засаг тогтвортой, өсөж байгаа үед маш хүчтэй байдаг. 

Эдийн засаг ба Абэ

Өнгөрсөн 2012 онд Шинзо Абэг ялж, кареерыг нь дуусгах шахсан Шигэру Ишиба энэ удаа түүнтэй дахин нүүр тулаад байна. Абэдийн засгийг хамгийн хүчирхэг шүүмжлэгч ноён Ишиба “Nikkei”-д өгсөн ярилцлагадаа өрсөлдөгчөө ийнхүү шүүмжилж байв. “Иен сул, хувьцаа хүчтэй, хялбар мөнгөний бодлого, гадаад эдийн засаг хүчирхэг байсан зэрэг явдлуудын ачаар тэр азтай байсан”.
Аз уу, ухаан уу гэдгийг дүгнэх нь одоо зохимжгүй. Гэхдээ Абэг 2012 онд Засгийн эрхэнд гарснаас хойш хувьцааны дундаж үнэлэмж хоёр дахин нэмэгдсэн гэдгийг онцлох нь зүйтэй. Японы төрийн банкны мөнгөний бодлого улсын экспортод түлхэц үзүүлсэн төдийгүй аялал жуулчлалын салбарт гарсан тэсрэлтийн үндсэн хүчин зүйл болно. Хэдийгээр ажиллах насны хүн амын тоо 4.5 саяар буурсан боловч ажилчдын тоо 2.5 саяар нэмэгдсэн байна. Эндээс дүгнэхэд, ажилгүйдэл сүүлийн 25 жилийн дунджаас хамгийн бага 2.5 хувьд хүрч буурсан амжилтыг 2012 оны 4.3 хувийн амжилттай л харьцуулж болох юм. Корпорациудын ашиг дээд амжилтаа тогтоосноос гадна Засгийн газрын татвар цуглуулах ажиллагаа бүх цаг үеийн өндөрлөгт хүрэхэд тун ойрхон байгааг тэмдэглэх хэрэгтэй. 
Нью-Йоркод байршилтай Тонео ухаан улс төрийн эрсдлийн зөвлөгөөний төвийн Япон шинжээч Тобиас Харрис хэлэхдээ “Эдийн засгийн эерэг нөхцөл байдал Абэд нийгэмдээ чиглэсэн бодлогоо хэрэгжүүлэхэд хамгийн гол түлхэц үзүүлж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлтөөс дэмжлэг авч байгаа нь Япон Улсад бодлогын туршилт хийх хангалттай зай олгож байгаа юм” гэжээ. Гэхдээ эдийн засагт байнга эерэг үзүүлэлт зонхилно гэдэг боломжгүй зүйл гэдгийг инфляцийн өсөлтийг гүйцэж түрүүлж хараахан чадахгүй байгаа цалингийн нэмэлт харуулж байна. 2012-2017 оны хооронд айл өрхүүдийн хэрэглээ сул байгаа энэ үед эдийн засаг 1.3 хувийн даруухан өсөлт дундчилсан.
Абэгийн санааг таамаглаж болох боловч үйлдлүүд нь хэзээд таамаглашгүй байдаг. Үүнд түүний эдийн засгаа сайжруулахдаа уламжлалт бус аргууд ашигладгийг онцлоё. Өнгөрсөн нэгдүгээр сард Японы тэргүүлэх бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр “Цалинг гурван хувиар нэмэцгээе” гэж уриалсан нь Ерөнхий сайдын дөрөв дэх жилдээ үргэлжилж буй уриалга юм. Японы ажилчдын байгууллагууд дундаас хамгийн томд тооцогдох Японы Худалдааны нэгдлийн холбоо ч түүн шиг ингэж зоригтойгоор цалинг нэмэх асуудал хөндөж байсан удаагүй. 
Абэгийн илгээсэн төлөөлөгч нар хэзээ ч ганзага хоосон буцаж байгаагүй нь гайхалтай хэрэг. Абэдийн засгийг хэрэгжүүлэгч сайд асан Акира Амари Японы автомашин үйлдвэрлэлийн зүрх болох алдарт Тоёота моторс компанийн төв байрладаг Айчи тойрогт зочлохдоо дараах шаардлагыг тулгасан байдаг. “Абэдийн засгийн тэлэлтийн ачаар иен сул байгаа учраас л авто үйлдвэрлэлийн салбар урьд өмнө олж байгаагүй ашгийг олж байгаа учраас Засгийн газрын хүсэлтийн дагуу компаниуд цалингаа нэмэх ёстой”. Тоёотад мэдээж хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголт үгүй. 
Иймэрхүү арга барил Либерал ардчилсан намын зүрхэн дэх консерватив үзэл баримтлалаас зөрсөн мэт боловч социалист гэж нэрлэхүйц бодлогууд хэрэгжүүлсний ачаар зүүний чиг баримжаатай иргэдийн дэмжлэгийг авч байгаа юм. Жишээ татахад, 1950-аад оны үеэр эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бүх нийтэд үнэгүй, хүртээмжтэй байдлаар хүргэх чиглэл гаргасан нь бодитоор хэрэгжсэн, улмаар намын нэр хүнд хэд дахин өссөн байдаг. Энэхүү төр нийгмийн уялдаа, харилцан үйл ажиллагааны торгон утас хэрхэн ажилладгийг, Либерал ардчилсан намын амжилтын нууцыг Шинзо Абэ маш сайн ухаарсан болох нь сүүлийн жилүүд дэх байр сууриас нь илт харагдана. Тийм ч учраас олон нийтэд төдийлөн илт ажиглагддаггүй өөрчлөлтүүдийг зоригтойгоор гүйцэтгэн, өөрийнхөө “Үзэсгэлэнт улс орны” дүр зургийг бий болгох “чимээгүй хувьсгалыг” Абэ гүйцэлдүүлэх нь цаг хугацааны асуудал билээ.

Ашигласан эх сурвалж: Asia.Nikkei.com , Sankei.com , Japan-Forward.com

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид