Улаанбаатар 1c

Чанартай сэтгүүлзүйг уламжлан үлдээхийг хичээж яваа талбар нь өдөр тутмын сонинууд

Анхбаяр 2018-09-14 19:25

М.Шийрав: өдөр тутмын сонин мэдээллийн хамгийн найдвартай эх сурвалж
(МУСГЗ, СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуулийн Сэтгүүлзүйн тэнхимийн багш)

-Одоо үед өдөр тутмын сонин уншдаг хүн маш цөөн болсон. Гэсэн ч манай өдөр тутмын сонинууд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа нь сайн хэрэг. Сэтгүүлчдийн ур чавдарын хувьд авч үзвэл сэтгүүлзүйн бүх төрлөөр хамгийн сайн бичиж, баримтын боловсруулалт хийж байгаа нь өдөр тутмын сонины сэтгүүлчид гэж хардаг. Зарим нэг нь алдаа дутагдалтай ч өдөр тутмын сониныхон л тууштай бичиж байгаа учраас илүү сайн байна. Өдөр тутмын сониныхон бусад сэтгүүл, шар хэвлэл зэргийг бодвол илүү ёс зүйтэй учраас мэдээллийн хамгийн найдвартай эх сурвалж болж байна. 

Б.Наранбаатар: Сонины сэтгүүлчид сэтгүүлзүйн үүргээ сайн биелүүлдэг 
(МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн доктор, дэд профессор) 

-Орчин үеийн хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлагыг харахад агуулгын хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь үндсэн гурван  төрлийн мэдээллийг хүмүүст өгдөг. Нэгдүгээрт, үндсэн үүрэг буюу сэтгүүлзүй, хоёрдугаарт, пи ар-ын шинжтэй. Улс төр, бизнесийн гэх мэт. Гурав­дугаарт, мар­кетингийн мэдээллийг хүргэдэг. Сэтгүүлзүйн мэдээлэл нь олон нийтийн эрх ашгийг хамгаалснаараа нөгөө хоёроосоо онцлог. Иргэдийн мэдэх эрхэд үйлчилдэг гэсэн үг. Харамсалтай нь орчин үеийн хэвлэл мэдээллүүд сэтгүүлзүйд биш, маркетинг, пи ар-даа анхаарлаа хандуулаад байна. Энэ нь арилжааны телевизэд хамгийн их ажиглагддаг. Харин өдөр тутмын сонинд сэтгүүлзүй жинхэнэ утгаараа хөгжсөн байдаг. Чанартай сэтгүүлзүйг уламжлан үлдээхийг хичээж, зорьж яваа талбар нь өдөр тутмын сонинууд байна. Сэтгүүлзүйн үүрэг зарчимдаа үнэнч, иргэн уншигчийн мэдээллийн хэрэгцээг хангаж чаддаг. Хамгийн чадварлаг нь байж, сэтгүүлчийн ажлаа нухдаг хүмүүс бол өдөр тутмын сонины сэтгүүлчид. Үүнийг батлах олон жишээ  байна. Ганц нэг үг үсгийн алдаа гардаг. Түүнийгээ тэд өглөө бүр шуурхай хурал дээрээ яриад, засч залруулаад явдаг. Үүнээс гадна тэд сэтгүүлчийн ёс зүйн алдаа хамгийн бага гаргадаг гэж болно. Нэг сэдвээр нийтлэл бичлээ гэхэд бодож, тунгааж, мэдээллээ цуглуулж, хэдэн цагаар суудаг. Монгол сэтгүүлчдийн нэг онцлог нь ганцаараа бие дааж ажиллах дуртай байдаг. Энэ боломж нь өдөр тутмын сонины редакцид бий. Харин телевиз бол багийн ажил. Далайцтай том сэдэв хөндөөд явахаар багийн ажиллагаа шаарддаг тул хүн тус бүрээс шалтгаалсан жижиг алдаа гараад тухайн нэвтрүүлгийнхээ үнэ цэнийг бууруулдаг. Сэтгүүлчийн ёс зүйн алдаа гардаг цөм нь хариуцлага. Тухайн цаг хугацаанд сэтгүүлч “Би энэ өгүүлбэрийг ингэж бичих үү. Энэ үгийг сонговол ямар агуулга илэрхийлж болох вэ гэдгээ хариуцаж, ажилдаа, өөртөө, уншигчдаа үнэнч байхыг ёс зүй гэдэг. Ёс зүй бол тухайн цаг хугацаандаа шийджэ буй хувь хүний хариуцлагын асуудал тул үүнийг ямар нэгэн дүрмээр, эрхзүйн актаар зохицуулах боломжгүй. Сонины хөгжлийн хандлага ярихаар “Захиалагч нь хаана байна вэ. Сонинг хэн уншдаг юм. Борлуулалт чинь ямар вэ” гэдэг асуудал гарч ирдэг. Гэтэл сонины сэтгүүлч, бичдэг сэтгүүлзүй хэзээ ч мөхөхгүй. Харин сонинг заавал цаасан дээр хэвлэх албагүй болно.  Энэ талбарт ажиллаж байгаа сэтгүүлчид үүнд итгэлтэй байх хэрэгтэй. Өөрсдийгөө үнэлж, урам зоригтой байх ёстой. 
 

С.Амартүвшин: Уншигчдын итгэл өсч байгаа нь сэтгүүлчдийн чадвартай холбоотой
(
МУБИС-ийн, Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, Доктор, дэд профессор)

-Манайд үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дотроос чанартай мэдээл­лээрээ ялгардаг хэрэгсэл бол яах аргагүй өдөр тутмын сонинууд. Яагаад чанартай мэдээлэл гэж онцлоод байна вэ гэвэл хэвлэн нийтэлж байгаа мэдээллийн бодит байдал, тэнцвэр, боловсруулалт зэрэг чанартай мэдээлэлд тавигддаг шалгуур үзүүлэлтүүдийг өдөр тутмын сонинуудын мэдээллүүд хангаж чаддаг. Эх сурвалж, баримт нотолгоонд үндэслэн мэдээлэх, нийгэмд чухал ач холбогдолтой сэдэв асуудал хөндөх, үйл явдлыг нухацтай, бүрэн төгс сурвалжлан мэдээлэх, задлан шинжлэх, тайлбарлан таниулах,  эрэн сурвалжилах гээд мэргэжлийн ур чадварын олон асуудал үүнтэй холбогдоно. Энэ шаардлага, мэргэжлийн стандартыг хангаж ажиллах тал дээр өдөр тутмын сонины редакциуд хариуцлагатай байж чаддаг. Иймээс ч захиалагч, уншигчдын дунд өдөр тутмын сонинд итгэх итгэл буураагүйг хэвлэл мэдээллийн мониторнг болон зарим судалгаа харуулсаар ирсэн. Ер нь хэвлэл мэдээллийн зах зээл хэрэглэгчдийн итгэл дээр суурилдаг зүйл. Тиймээс ч өдөр тутмын сонинуудын мэдээлэл найдвартай гэж үзэх хандлага уншигч, хэрэглэгчдийн дунд байдаг. Нийт хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн тоо, хэрэглээтэй харьцуулахад ийм итгэл үнэмшилтэй хэсэг цөөн юм шиг боловч үндсэндээ өдөр тутмын хэвлэлээс мэдээлэл авдаг хэрэглэгчид хэвлэлийн соёл төлөвшсөн уншигчид байдгийг анзаарч болно. Мэдээж хэрэг ажлын ачаалал өндөр, цагийн дарамт ихтэй зэргээрээ өдөр тутмын сонины сэтгүүлчид цагт баригдаж, ачаалалд дарагдан зарим үед мэдээллийг нягтлах, боловсруулах тал дээр алдаа мэр сэр гарч ажиглагддаг. Яг энэ үед нийгэм, иргэдийн зүгээс итгэл буурах, сэтгүүлч, редакцыг шүүмжлэх аяс цухалзаж байдаг. Гэхдээ өдөр тутмын сонины уншигчид сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэх зүй тогтол ажиглагдаж байна. Энэ нь нэгд, иргэдийн мэдээллийн боловсрол дээшилж чанартай мэдээллийг ялгаж, чухалчилж хүлээж авдаг болсонтой холбоотой. Хоёрт, нийгмийн сүлжээ, интернэтийн орон зайд газар аваад байгаа хуурамч мэдээллээс болгоомжилж, мэдээллийн үнэн бодит байдлыг нягталж, чанартай мэдээлэл хүртэх гэсэн нийгмийн мэдээллийн хэрэглээний зөв хандлагатай холбоотой гэж үзэж болно. Мэргэжлийн ёс зүйн зөрчил хааяа гарч байдаг ч өдөр тутмын сонинуудын редакциуд харьцангуй шүүлтүүр сайтай. Мэдээж ийм алдаа дутагдал гардаг нийтлэг асуудал байдаг нь мөнөөх редакцын хараат бус байдал, нийтлэлийн дотоод бодлого чиглэл, эзэмшил харьяаллын болон санхүүтэй холбоотой нөлөөллүүдтэй холбоотой байдаг. Гэхдээ энэ байдал урьд өмнөх жилүүдийг бодоход засагдаж эерэг байдал аажим тогтож байгаа. Өдөр тутмын хэвлэлүүд нийгмийнхээ өдөр тутмын өнгө төрхийг тольдож, түүхийг тасралтгүйгээр бүтээлцдэг гэдэг утгаараа олон ургальч байдлаар манай ардчиллын үнэн дүрх төрхийг тэмдэглэн үлдээх үйл хэрэг үргэлжилсээр байна. Энэ бүхэн эцсийн бүлэгт өдөр тутмын сонины редакциудыг бүрдүүлж байгаа хамт олон, сэтгүүлчдийн хариуц­лага, ёс зүй, ур чад­вартай л шууд холбоотой. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид