Улаанбаатар 1c

Бөхийн өргөөг төрийн өмчит болгох нь хэнд ашигтай вэ

Sergelen 2018-09-19 08:57

Тэгвэл энэ хэрүүлийн гол обьект нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Бөхийн өргөө юм. Хоёр тал бөхийн холбоонд бус 1998 онд ашиглалтад орсон Бөхийн өргөө хэмээх дугуй хэлбэртэй байшинд санаархаж, тус байшин томчуудын нүдэнд мөнгө болж харагдаад багагүй хугацааг үджээ. Хотын “А” зэрэглэлийн бүсэд байрладаг уг обьект нь бүх талаараа давуу талтай. Хотын төвд, ашигтай байрлалтай, өөрийн гэсэн газартай гэх мэтчилэн хэн нэгэн өөрийн өмч болгосон байхад ямар ч байдлаар ашиглах боломжтой. Ийм л учраас А.Сүхбат, Х.Баянмөнх, Л.Чинбат, Б.Бат-Эрдэнэ тэргүүтэн эртнээс нүдээ унагаж иржээ. Бөхийн холбоо нэрийн дор энэхүү байшин, газарт санаархаж буйгаа ил тод зарласан нь дээрх эрхмүүд болохоос биш далд санаархалтай, хэрүүлийн дундаас бяцхан ашиг хүртчих санаатай дагалдагчид бас олон бий. 1992 онд Бөхийн өргөөний барилгын ажлыг эхэлсэн ч мөнгөгүйн улмаас зогссон байдаг.

Улмаар 1997 онд УИХ-аас барилгын ажлыг дуусгавар болгоход шаардагдах 1.1 тэрбум төгрөгийн 800 саяыг нь шийдсэн түүхтэй. Дээрээс нь төрийн өмчийн компаниуд нийтдээ 142 сая төгрөг өгсөн гэж байгаа. Ард түмний хандив ч бий. Ингээд ашиглалтад орсон цагаас хойш Бөхийн өргөө жилдээ хамгийн багадаа тэрбумын ашигтай ажилладаг гэх яриаг Л.Чинбат тэргүүний талаас мэдээллэж байв. Сүүлийн хоёр жилд  168 удаагийн урлагийн тоглолтоос 415.7 сая төгрөг, үндэсний бөхийн 102 удаагийн бөхийн барилдаанаас 1.7 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Үндсэндээ хоёр тэрбум гаруй төгрөг гэсэн үг.

Дээр дурдсан цөөн зүйлээс л харахад маргалдагч талууд холбоонд бус өргөөнд шунаж буйг илтгэж байгаа юм. Наадмаас өмнө нэлээд хүчтэй маргалдаж байсан хоёр тал өнөөдөр хэрүүлээ түр зуур намжаасан. Гэхдээ намжмал байдал нь удаан үргэлжлэхгүй. Тэгвэл маргалдагч хоёр тал дээр дахин нэг тал нэмэгдэв. Энэ бол төр. Ердөө зургаахан хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга албан бичиг явуулжээ. Үүнд “Монгол бөхийн өргөөг төрийн өмчид шилжүүлэх асуудлаар “Арга хэмжээ авах тухай” албан бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээжээ.

Тэрбээр албан бичигтээ “Бөхийн өргөөг болон Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүний албан тушаалыг булаалдсан хэсэг хүний зөрчил, тэмцэл туйлдаа хүрч, монгол хүн бүрийн хүндлэл, бишрэлийг хүлээж ирсэн үндэсний спорт, түүхт их өв соёлын нэр хүнд, үнэлэмжийг үгүйсгэн гутаах болсонтой холбогдуулан миний бие 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр зөрчилдөгч талуудын төлөөлөл болсон нэр бүхий хүмүүст хууль ёсыг умартсан тэмцлээ таслан зогсоож, Төрийн бус байгууллагын тухай хууль болон холбогдох бусад дүрэм журмынхаа хүрээнд асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх сануулга хүргүүлсэн боловч үр дүнд хүрсэнгүй. Зөрчилдөгч талуудаас ирүүлж буй бие биенээ үгүйсгэж харлуулсан өргөдөл, мэдээллүүд өнөөдөр ч тасрахгүй байна.

Бөхчүүд болон бөхийн зүтгэлтнүүдийн хүрээнээс хальж, бөх сонирхогчдыг хүртэл талцуулах хэмжээнд хүрсэн энэхүү үйл явдлыг иргэд, олон нийт илт буруушааж, улсын төсвийн хөрөнгө, ард түмний хандив, тусламжаар байгуулагдсан Монгол бөхийн өргөөг төрийн мэдэлд авах ёстой гэдэг санал, шаардлагыг гаргах болсон нь зүй ёсны хэрэг бөгөөд анхаарч шийдвэрлэвэл зохих үндэслэл бүхий асуудал мөн юм” хэмээжээ. Харин Ерөнхий сайд үүнд хэрхэн хариулахаа мэдэхгүй ацан шалаанд орсон нь үнэн. Яагаад гэвэл төрийн бус байгууллагын ажилд төр оролцох нь ёс зүйн хувьд зохимжгүй. Төрийн бус байгууллага бол төрөөс төсөв авдаггүй. Өөрсдийн зохион байгуулсан арга хэмжээ, үйл ажиллагаагаараа санхүүжилтээ босгож, түүгээр цалинждаг байгууллага. Тэр утгаараа олон хүний хэл аманд өртөхөөс Ерөнхий сайд жийрхэж байж болох юм. Түүний жийрхэх зөв. Яагаад гэвэл хэдхэн хүний үгээр үг хийж төр нь төрийн бус байгууллагын ажилд оролцох нь өөрөө утгагүй асуудал. Бөхийн өргөөг төрийн өмчид шилжүүлэх ёстой гэх байр суурь илэрхийлж байгаа хүмүүс нь Монголын нийт амын дөнгөж арваадхан хувь. Жаахан хэтрүүлэгтэй хэлбэл хэн нэгнийг дэмжигчид л ийм санал гаргаад, түүгээрээ олонхийн санал авахын тулд сошиал ертөнцөд тараасан.

Харамсалтай нь, тийм ч сайн үр дүнд хүрээгүй гэлцдэг. Сэтгүүлч хүн хардах эрхтэй. Тэгвэл хардах эрхийнхээ хүрээнд Бөхийн өргөөтэй холбоотой саналаа хэлэхийг хүссэн минь энэ. Хэрвээ Ерөнхийлөгчийн гаргасан саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжиж Бөхийн өргөөг төрийн өмчид шилжүүлбэл Монголын төр дэндүү жижиг харагдана. Бас одоогийнхоосоо ч илүү нэр хүндээ алдана. Өнөөгийн нийгэмд төр засгийнхны хийх ажил, шийдэх асуудал дэндүү их. Гэтэл нэг төрийн бус байгууллагын хэрүүлд оролцож, аахар шаахар асуудлаар улс төр хийх нь хэр явцтай вэ.

Ганц хоёрхон жилийн дараа төрийн өмчит Бөхийн өргөөг хувьчилбал яах вэ. Магадгүй Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн эзэмшлийн “Женко” группээ тендерт оролцуулж ялаад, Бөхийн өргөөг худалдаж авбал яах вэ. Төрийн өмчид шилжүүлснийхээ дараа төрд ашиггүй обьект хэмээгээд хэн нэгэн мөнгөтэй бизнесмэнд зарах ч боломж байна. Энэ мэтчилэн хардвал олон зүйл бий. Тиймээс бөхийн өргөөг төрийн өмчид шилжүүлэх нь хамгийн буруу алхам. Түүний оронд үндэсний бөхийн спортод сэтгэл зүтгэл гаргах чадалтай, хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдаггүй жинхэнэ зүтгэлтнийг олоход та тусалж болох юм, эрхэм Ерөнхийлөгч өө.

Түүнээс биш Бөхийн өргөөг төрийн өмч болгоход санаа зовох нь танд жижигдэнэ. Бодлогын түвшинд хийх ажил танд болон Ерөнхий сайдад их байгаа. Үндэсний спорт, тэр тусмаа бөхийн хөгжилд санаа тавьсанд тань талархаж байгаа ч хөгжүүлэх хүн нь, байгууллага нь төр биш. Та өөрөө спортын угшилтай учраас үүнийг хамгаас илүү мэдэх учиртай. Бөхийн өргөөг урьдын адил ашиглалтад орж, бөх сонирхогчид өргөөндөө бөхөө үзэхийг хүсч байгаа нь мэдээж. Ямар сайндаа намрын барилдааны нээлт болдог Монголд барилгын салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойн барилдаан жуулчны баазад болж хэдхэн бөх, үзэгчийг хамарч байх вэ. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэсэн үг бий. Үнэхээр үндэсний бөхийн хөгжил, хоёр талын маргаанд спортын зүтгэлтний хувиар сэтгэл зовниж байгаа бол арай өөр арга, алхам хайгаасай гэж хүсье.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид