Улаанбаатар 1c

Ерөнхий сайд аа, үгээ хэлэх цаг тань болжээ

Sergelen 2018-11-01 09:56

Энэ дундаас Засгийн газрын гишүүдийн нэгдмэл ашиг сонирхол бүхий аж ахуйн нэгжүүдэд концессын гэрээ байгуулах эрх өгсөн нь олон нийтийн дургүйцлийг илт хүргэсэн юм. Ингээд өнгөрсөн жилийн намрын чуулганаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилж байлаа. Тэрбээр томилогдсоныхоо дараа чуулганы индэр дээрээс “Ард түмэн ууртай байна. Улс орны маань нийгэм, эдийн засгийн байдал ч хүнд байна. Бид бүхэн үүнийг сайн мэдэж байгаа. Ажилгүйдэл, ядуурал, амьдралын хүндэд бухимдахын зэрэгцээ нийгмийн шударга ёс алдагдаж, баян хоосны ялгаа туйлдаа хүрч, авлига хээл хахууль газар авч, төрийн нэр хүнд унаж, хүчгүйдэж байгаад ард түмэн уурлаж байна. Эрх мэдэл, өнгө мөнгөний өмнө хүчин мөхөсдсөн хууль цааз, төр, засагтаа гутарч байна. Бид бүхний байгуулахаар зорьсон хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм хаана байна вэ гэж та биднээс ард түмэн асууж байна. Бас нэхэж, шаардаж байна. Манай нийгэмд хууль цаазыг үл тоомсорлох сэтгэлгээ газар авч, хууль дээдлэх ёс, зарчим бүхэлдээ алдагдлаа. Нам дамжсан бүлэглэлүүд, олигархиуд төрийн чухал шийдвэрүүдийг гаргахад нөлөөлдөг боллоо”, “Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ. Гэхдээ хуулийн хүрээнд. Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй. Өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол төрийн алтан сүлд өнгө мөнгөний сүрэнд бүдгэрэх ёсгүй. Төрийн байгууллагын удирдах, удирдуулах ёс алдагдаж, төрийн боловсон хүчний бодлого төрийн ордонд биш, хувийн компанийн өрөөнд хундаганы ард шийдэгддэг боллоо. Сайд нь Төрийн нарийн бичгийн даргаа, Төрийн нарийн бичгийн дарга нь газрын даргаа, газрын дарга нь мэргэжилтнээ захирч чадахаа байлаа. Төрт ёсны дэг жаяг, төрийн албаны мэргэшсэн байдал  алдагдаж, сахилга хариуцлага, дэг журам үгүй болж, Монгол төрийн дархлаа суларлаа. Энэ бүхнийг бид одоо тас цохин цэгцлэх ёстой” хэмээж байв. Мөн тэрбээр үгийнхээ төгсгөлд “Эцэст нь би ганцхан зүйлийг хүсье. Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуульд захирагдах болно. Би зөвд зөөлөн, бурууд хатуу байна. Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна” гэсэн юм.

Түүнээс хойш олон явдал өрнөжээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах шалтгаан болсон “хүүхдийн мөнгө”-ний асуудал хоёронтоо хувирлаа. Одоо дахиад хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгөх тухай хуулийн төсөл ч явж байна. Өнөө концессын асуудал ч үргэлжлээд байгаа гэх хардлага, мэдээлэл цацагдаад эхэллээ. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнг өөрийнх нь сонгуульд ажилласан хүмүүсийг Барилга, хөгжлийн төвөөс эхлээд төрийн албанд шургуулсан, Эрчим хүчний хөгжлийн төвийн хэлтэс болох Сургалт үйлдвэрлэлийн төвийг Сургалт судалгааны төв нэртэй салбар байгууллага болгох шийдвэр гаргаж өөрийнхөө туслахаар ажиллаж байсан эмэгтэйг захирлаар нь томилсон зэрэг хэл ам гараад өнгөрсөн. Эрчим хүчний яамны удирдлагад ажиллаж байгаа хүмүүс салбарынхаа тендерт оролцож тендер авсан тухай Авлигатай тэмцэх газар мэдээлж байв. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын гэр хорооллын айлуудын янданд индукцийн төхөөрөмж тавьж утаатай тэмцэх тухай яриа нэг хэсэг сайн гэхээсээ муу талаараа цоллууллаа.

Төрийн албаны хуваагдал, талцал туйлдаа хүрч Зам, тээврийн хөгжлийн яаманд газрын дарга нар нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг ч шинээрээ байна. Харин энэ хэргийн тухайд сайдыг томилох, чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцдэг. Гэвч Зам, тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнийг чөлөөлж Шадар сайд Ө.Энхтүвшинг үүрэг гүйцэтгэгчээр томилж байсан нь хууль зөрчсөн талтай байж болох ч зөв жишиг хэмээгдэж байгаа. Хамгийн сүүлийн дуулиан гэвэл нийслэлийн прокуророос Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс гаргасан зээлүүдийн асуудал дээр хэрэг үүсгэсэн гэдгээ зарлаад байна. Үйл явдал өрнөж, хууль хүчний байгууллагууд нь шалгаж л байгаа байх. Гэхдээ “Төрийн мөнгө гэж байдаггүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Энэ бол ард түмний хөрөнгө. Татвар төлөгчдийн мөнгийг эрх мэдэлтнүүдийн хулгайгаас хамгаалж, хуульд зааснаар зарцуулна. Ядуу иргэдтэй баян төр байхын оронд баян иргэдтэй цомхон төртэй байхыг би илүүд үзнэ” гэж хэлж байсан Ерөнхий сайдынхаа үгийг энэ өдрүүдэд ард түмэн үгүйлж байна. Та эрх баригч намын дарга, гүйцэтгэх засаглалын тэргүүн гэдэг утгаараа хайнааг хагалж, хуваагдлыг цэгцлэх үүрэгтэй. Тиймээс төдийгөөс өдий хүртэл өрнөсөн үйл явдлуудыг тоймлоод ард түмэндээ үгээ хэлэх цаг тань болжээ, Ерөнхий сайд аа. Таны сэтгэлийн үгийг өнгөрсөн жилийн намрын чуулганаас хойш сонсоогүй л явна шүү.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид