Улаанбаатар 1c

“Алдар”-ын дараагийн аваргууд

Тогтмол хийсэн бэлтгэл сургуулилалтын үр дүнд сайн тамирчин бий болж, эх орныхоо нэрийг тив, дэлхийн дэвжээнд гаргадаг гэдэг. Тив, дэлхийд цуутай тамирчдыг төрүүлэн гаргадаг газрууд бол яах спорт хороо байдаг билээ. Тэдний нэг нь Зэвсэгт хүчний харьяа “Алдар” спорт хороо юм. Эндээс Монголын бүхий л спортын түүхэнд олон арван аварга, алдартнууд төрөн гарсан байдаг. Шинэ он гараад хэдхэн хонож буй энэ өдөр “Алдар” спорт хорооны чөлөөт бөхийн бэлтгэлээс сурвалжлага бэлтгэснээ хүргэе.

Бага үдийн 11.00 цагаас “Алдар” спорт хорооны дөрөвдүгээр давхарт байрлах чөлөөт бөхийн зааланд очлоо. Биднийг гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр “Өглөөний эхний ээлжийн бэлтгэл дуусч байна. Одоо хоёрдугаар ээлжийн хүүхдүүд бэлтгэлээ эхлэх гэж байна” гэсээр угтлаа. Бидэнтэй зөрөөд гарч буй хүүхдүүд бол өсвөр насныхан. Тэдний хамгийн бага нь таван настай аж. Аав, ээж нар нь өглөө хүүхдүүдтэйгээ хамт ирээд бэлтгэлийг нь хийлгэчихээд аваад гардаг бололтой. Харин биднийг очиход эхэлж байсан бэлтгэлд 13-17 орчим насны охид голдуу байлаа. Шинэ он гарсаар гурав дахь бэлтгэлээ хийж буй “Алдар”-ынхан өдөрт дөрвөн ээлжээр хичээллэдэг гэнэ. Өглөө 9.00-өөс багачууд, 11.00-ээс дунд насныхан, 13.00-аас томчууд болон “Алдар” спорт хорооны чөлөөт бөхийн үндсэн багийнхан харин үдээс хойш 17.00 цагаас оюутан залуучууд бэлтгэл хийдэг байна. Өдрийн дөрвөн ээлжээр хичээллэж буй чөлөөт бөхийн бэлтгэлд нэг өдөрт дунджаар 150-160 өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллын тамирчин хамрагддаг аж. Ер нь “Алдар” спорт хороон дээр нийт 16 төрлийн спортын дугуйлан секц хичээллэдэг байна.           
Бие халаалтаа хийж буй хүүхдүүд дундаас бусдаасаа нэлээд биерхүү нэг охин нүдэнд туссан юм. Түүнийг М.Найдансүрэн гэдэг. Одоо 15 настай бөгөөд чөлөөт бөхөөр хичээллээд найман сар болж байгаа гэнэ. Волейбол тоглодог байсан охин 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг телевизээр үзээд гавьяат тамирчин П.Орхон шиг бөх болох хүсэлдээ хөтлөгдөн Ц.Хосбаяр дасгалжуулагчид шавь орохоор анх ирснээ ярив. “Тухайн үед эх орныхоо төрийн далбааг бариад гүйж буй П.Орхон эгч болон цамцаа эргүүлээд бүжиглэж байсан Ц.Хосбаяр багшаа хараад үнэхээр бахархах сэтгэл төрсөн. Тэгээд л миний хийх ёстой зүйл барилдах юм байна. Ирээдүйд сайн тамирчин болоод эх орныхоо нэрийг заавал гаргана гэж баттай шийдсэн” гэв. Найман сар хичээллэж байгаа гэхэд техникээ тун чадмаг эзэмшсэн тэрбээр саяхан Хөх хотод болсон олон улсын тэмцээнд шагналт байр эзэлжээ. 15-хан настай, 175 см өндөр, 70 кг жинтэй энэ охин ирээдүйд олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг, гавьяат тамирчин О.Насанбурмаа, О.Бурмаа гэх мэт хүнд жингийн эмэгтэй тамирчдын залгамж халаа болон гарч ирэх нь дамжиггүй юм. Бэлтгэл эхлэхэд охид нь хөвгүүдээс илүү тууштай байдаг гэнэ. Хөвгүүд багаасаа барилдаж эхлээд томроод ирэхээрээ сагсан бөмбөг, хөлбөмбөг гэх мэт өөр спорт руу “урвадаг” хандлагатай. Харин охид бөхөөр хичээллэсэн бол тууштай байж чаддаг аж. Анх хүртсэн медалиасаа урам авч, багш нь зөвөөр урам өгч чадвал сайн тамирчин болох магадлал хөвгүүдээсээ илүү охидод байдаг байна. Ц.Хосбаяр дасгалжуулагчийн охид Монголын чөлөөт бөхөд цахиур хагалах нь элбэг. Гэхдээ түүнийг өнгөрсөн жил сайны хажуугаар саар зүйл ч тойрч өнгөрсөнгүй. Тэр нь юу вэ гэвэл эмэгтэй хүн болсных нь хамгийн том үүрэг болох хүүхэд төрүүлэх буюу шавь нарынх нь жирэмслэлт байлаа. Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг, Б.Мөнхнар гээд л ар, араасаа ээж болцгоосон гэнэ. Хосоо багш хэлэхдээ “Эхэндээ тэдэнтэй яаж ажиллаж эргэн бэлтгэл хийлгэхийг нь мэдэхгүй байсан бол одоо нялх биетэй хүнтэй ажиллах аргаа олоод байна” гэв.  

Г.Мандахнаран энэ жил эцсийн буугаа тавина гэсэн

Тамирчид бие халаалтаа хийж байх зуур гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяртай цөөн хором ярилцлаа.

-Сая нэг охин хэлж байна. Би дэлхийн аварга болохоор энд ирсэн гэлээ. Тэгэхээр энд байгаа хүүхэд бүр асар том зорилго мөрөөдөлтэйгөөр энд ирж байна. Түүнийг нь улам бадраах нь таны ажил шүү дээ?

-Тийм. Манай хүүхдүүд асар том зорилготойгоор ирдэг. Ирсэн хүүхэд бүрээс яагаад чөлөөт бөхөөр барилдахаар шийдэв гэхэд хүүхэд бүр өөр, өөр шалтгаан хэлдэг боловч нэг л зорилготой. Тэр нь эх орныхоо нэрийг дэлхийд гаргах байдаг. Тийм болохоор би хүүхдүүдийнхээ суурийг зөв тавихыг зорьдог. Зөв суурьтай бол бусад нь асуудал биш. Манай 13, 14 настай нэг, хоёр жил чөлөөт бөхөөр хичээллэсэн боловч тэмцээнд оролцоогүй хүүхдүүд байна. Тэдэнд хамгийн гол нь зөв техник суулгах гээд байгаа юм.

-Танайх нэлээд ачаалалтай хичээллэж байгаа харагдаж байна?

-Чөлөөт бөхийн секц хүүхэд олонтой мэт харагдаж байгаа. Гэвч үнэн хэрэгтээ тийм биш. Хотын төвөөр хичээллэж буй секцний багш нар “Хүүхдүүд ирэхгүй байна. Ирсэн хэд нь тууштай биш байна” гэж ярьдаг. Энэ нь манай чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагаа муу байгааг харуулж буй хэрэг. Жишээ нь, бид ДАШТ-ээ телевизээр шууд үзэж чадахгүй байна. Хэрэв телевизээр шууд дамжуулдаг бол манай спортоор хичээллэх хүүхэд залуус эрс нэмэгдэнэ. Жүдо бөх гэхэд ДАШТ болон олон улсын цуврал тэмцээнээ хоёр, гурван сувгаар орон даяар шууд дамжуулдаг. Үүнийг нь дагаад хичээллэх хүүхдүүд их, Спортын төв ордны жүдогийн заал өдөр таван ээлжээр хичээллээд битүү өнжих жишээтэй. Мөн тэнд багшилж буй дасгалжуулагчид холбооноосоо цалинжиж байгаа. Гэтэл манай холбоонд тийм зүйл алга. Сайн тамирчдыг бэлтгэж буй П.Чулуунбаатар гээд дасгалжуулагч бий. Дэлхийн аваргын хүрэл медальт Т.Түвшинтулгын анхны багш. Түүний охид сайн гарч ирж байгаа. Тэр хүн бор зүрхээрээ л спортод хайртай учраас шавь нараа бэлдэж байна. Ц.Цогтбаяр бид хоёрын хувьд “Алдар” спорт хороо маань сайн дэмждэг учраас шавь олон, бэлтгэл хийх бүхий л боломжоор хангагдаад өдийг хүрсэн. Харин Ц.Цогтбаяр дүүг маань шахсаар байгаад энд дасгалжуулагч хийх боломжгүй байдалд хүргэсэн. Одоо Хөх хотод дасгалжуулагч хийж байна. Би ганцаараа болоод ачаалал ихтэй байгаа ч надад тусалж байгаа шавь, дүү нар минь байдаг. Цогоо Хөх хотод очсоны буянаар бид дөрвөн ч удаа тэнд очиж хамтарсан бэлтгэл хийгээд ирлээ. Замын зардлаа өөрсдөө шийдээд л очиход байр, хоол цаанаасаа. Сохорсон биш завшив гэдэг л болж байх шив. Цогоо Хөх хотоос саяхан ирээд өнөөдөр буцаж байгаа. “Хэрүүлээс хол амар байна” гэж байна лээ.

-Танай хорооны тамирчдын энэ жилийн зорилго юу вэ?

-Бид энэ жилийн зорилгоо 1-3 ДАШТ-ээс  медаль авна гэж тодорхойлсон. Энэ бол тийм хүнд зорилго биш. Зөв менежменттэй байгаад шигшээ багийн багш нар нь зөв аваад явбал бүрэн боломжтой. Мэдээж би тамирчдаа дагаад явна. Нэг охиноо хордуулаад алдчихсан байгаа учраас ахиад нэг охиноо алдмааргүй байна. Энд ганцхан С.Цэрэнчимэд биш Б.Бямбадорж гээд сайхан тамирчин гарч ирээд өнөөдөр ямар байгааг та нар харсан. Энэ жил Г.Мандахнаран эцсийн буугаа тавина гэсэн. Мөн бид олимпийн эрхийн оноо олгож эхэлж байгаа учраас 3-4 олимпийн эрх авахыг зорино.

-Та холбооныхоо үйл ажиллагаанд нэлээд шүүмжлэлтэй ханддаг дасгалжуулагчдын нэг. Яагаад ингээд байдаг юм бэ?

-Би үнэхээр болохгүй байгаа зүйлийг баримттай хэлнэ. Энд би нэг зүйлийг хэлье. Энэ нь манай баг эмчгүй тэмцээнд явдаг байдал. Манай нэг эмч тэмцээнд явахад хамгийн доод тал нь зургаа хоног болдог. Зардал нь 180 швейцарь франк. Үүнийг монгол мөнгөөр бодохоор нийт зургаа орчим сая төгрөг болно. Гэвч энэ мөнгийг төлөх мөнгө манай холбоонд байхгүй. Үүнийгээ холбоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хамгийн ойрын жишээ ярихад Кыргызстанд болсон ААШТ-ээр манайх эмчгүй явсан. Тэгэхэд тэр тэмцээн дээр шигшээ багийн ахлах дасгалжуулагч Баттулга “Би Тайваньд дасгалжуулагч байсан эмчээс нь эм гуйгаад ирье” гээд явсан. Гэтэл Тайвань тамирчин манайхтай медалийн төлөө барилдах байсан бол тэр эмч юу өгч болох байсан  бэ” гэдэг маш том эрсдэл. Би хүртэл Чимэдээд U23-ийн дэлхийн аваргаар хүзүүгээ бэртээхэд нь Оросоос өвчин намдаах эм гуйгаад явж байсан. Сүүлд нь бодоход хэрэв хорлоё гэж бодоод өөр юм өгөхөд би мэдэхгүй байх эрсдэлтэй. Энэ эрсдэл өнгөрсөн жил 5-6 удаа давтагдсан. Монголын чөлөөт бөхийн холбоо 36 сая төгрөг хэмнэж байгаа ч үүнтэй адил өндөр эрсдэлтэй байдалд тамирчид олон улсын тэмцээнд оролцож байгаа юм. Би тэмцээнд баг ахалж явахаар бол чөлөөт бөхийн холбооны эмч Насанбатаас “Зөвшөөрөгдсөн эмнээсээ өгөөч, хэдэн боолт өгөөч” гээд аваад явдаг. Очоод түүгээрээ болгодог.

-Та эмчийнхээ зардлыг дааж чаддаггүйгээстамирчид асуудалд ордог гэж хэлэх гэж байна уу?

-П.Орхоны допингийн хувьд хорлогдсон гэдэгт охинтойгоо санал нэг байгаа. Энэ дээр намайг юу ч битгий дуугар гэсэн учраас чимээгүй байя. Нэг зүйл хэлэхэд хамгийн том баримт Орхоныг Японд очсон байхад бид хоёрын чатласан чат бйи. Над руу уйлаад залгасан. “Багшаа би ийм асуудалд холбогдчихлоо. Би тэр бодисыг үйлчилгээг нь битгий хэл нэрийг нь ч мэдэхгүй” гэж хэлээд уйлаад ярьж чадахгүй байсан нь яг хэвээрээ байгаа. Үүнийг харвал Монголын ард түмэн нэг юм бодох байх. Дээр нь манай “Алдар” спорт хорооны чөлөөт бөхийн тамирчдыг нийтээр допингийн төрлийн бодис хэрэглэдэг гэсэн ойлголтыг Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах хүн нийтэд тараасан. Үүнийг нь би тухайн үед нь няцаасан байгаа. Манай тамирчид 40 гаруй ДАШТ, мөн 40 гаруй Азийн аваргаас медаль хүртсэн байдаг. Ингэхдээ нэг ч удаа допингийн сорилд бүдрээгүй юм.

Сонгомол бөхийг албан ёсоор хөгжүүлэх нь

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо болон Олон улсын олимпийн хорооноос сонгомол бөхийн төрлийг манай улсад хөгжүүлэхээр анхаарч ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд манай улсад сонгомол бөхийн дасгалжуулагчийн сургалт зохион байгуулжээ. Уг сургалтад “Алдар” спорт хорооноос Ц.Хосбаяр, Б.Одончимэг, Д.Цогтбаатар нар хамрагдсан бөгөөд олон улсын хэмжээний мастер Д.Цогтбаатар сонгомол бөхийн секцийг “Алдар” спорт хороон дээр албан ёсоор хичээллүүлж эхэлсэн аж. Өдөр бүрийн 13.00-15.00 цагийн хооронд хичээллэх энэхүү секц одоогоор эхний тамирчдаа бүртгэж албан ёсны бэлтгэлээ эхлүүлсэн тухай бидэнд дуулгалаа. Сонгомол бөхийн төрлөөр манай тамирчид 1972, 1976, 1980 оны олимпийн наадамд оролцож явсан түүхтэй. Хамгийн анхны олон улсын тэмцээний медалийг 2003 онд одоогийн улсын заан Ц.Магалжав хүртсэн байдаг. Тэрбээр оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртэж байсан бол хамгийн сүүлд 2018 оны Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс “Алдар” спорт хорооны тамирчин н.Нэргүйбаатар хүрэл медаль хүртсэн байна.

Сонгомол бөхийн төрлөөр манай тамирчид 1972, 1976, 1980 оны олимпийн наадамд оролцож явсан түүхтэй. Хамгийн анхны олон улсын тэмцээний медалийг 2003 онд одоогийн улсын заан Ц.Магалжав хүртсэн байдаг. Тэрбээр оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртэж байсан бол хамгийн сүүлд 2018 оны Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс “Алдар” спорт хорооны тамирчин н.Нэргүйбаатар хүрэл медаль хүртсэн байна.

Энэ нь сонгомол бөхийн спорт Монголд системтэйгээрхөгжвөл манай тамирчид амжилт гаргахад ойрхон болохыг харуулж буй хэрэг. “Алдар” спорт хорооны сонгомол бөхийн секцэнд бүх насны хүн хамрагдах боломжтой бөгөөд одоогоор хамгийн залуу нь дөрвөн настай хүүхэд энэхүү секцэд хичээллэж байгааг хэллээ. “Үндэс суурийг нь сайн тавиад, ирээдүйн амжилт гаргах тамирчдаа багаас нь бэлдэх нь хамгийн чухал учраас ийнхүү бага насны хүүхдүүдэд сонгомол бөхийг зааж эхэлж байна” гэж Ц.Хосбаяр дасгалжуулагч хэлж байв.

Бүгд л ирээдүйд олимп, дэлхийн аварга болох зорилготой цагаахан мөрөөдлийн эздээр дүүрэн зааланд аль хэдийнэ дэлхийн том бөх болсон тамирчид ч орж ирээд багшаа хүндэлж, дүү нартаа зааж сургаж, өөрсдөө бэлтгэл сургуулиа хийж буй зураглалтайгаар биднийг үдлээ. Энэ зааланд буй хүүхдүүд бүгд дэлхийн дэвжээнд нэрээ данслахгүй байж мэдэх ч тэд зөв иргэн болж төлөвшиж байгаа нь хамгийн чухал гэдгийг гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр онцолсон юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид