Улаанбаатар 1c

Ш.Цэнд-Аюуш: Зохиолч хүн нийгмийн сэтгэлгээг соргогоор хардаг

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч Ширсэдийн Цэнд-Аюуштай ярилцлаа. Тэрбээр 10 гаруй жилийн өмнө “Охь үгс” хэмээн афоризмын  номоо анх хэвлүүлсэн билээ. Энэхүү ном гарсан даруйдаа олны анхаарлыг татаж, эрдэмтэн зохиолчдоос өндөр үнэлгээ авсан юм. Тэгвэл энэ удаад “Охь үгс” ном гурав дахь удаагаа хэвлэлтээс гараад байна. Ингээд түүний охь үгсийн “Дээш дурандвал хэмээх” эхний бүлгийн дээж үгсээс хүргэе.

  • Үнэн, шударга ёс түүхийн музейд тавигдаад тун удаж байна.
  • Дунд сургууль төгссөн хүнийг их сургуульд багшлуулж байгаа нь сонгуульд ялсан намын ид хав мөн.
  • Түүхэн эргэлтийг нэг ухаантан оройлж, мянган хэнээтэн хөөргөж, үр шимийг нь тэр мянга л завшдаг.
  • Маргаашийн нарыг эрт гаргана гэж амлаж чаддаг хүн улс төрч болдог.
  • Улс төрийн үнэ цэн үүнд оролцогчдоос болж гутдаг.
  • Эх орны зовлонг туулах хүн ховордвол тэр ард түмэн доройтож яваагийн шинж.

-Таныг Кембрижийн их сургуулиас жил бүр зарладаг дэлхийн хамгийн ухаантай 2000 мянган хүний нэгээр нэрлэсэн. Та өөрийгөө чухам яагаад тэр шалгуурт багтсан гэж бодож байна вэ?

-Тэр бол одоогоос 10-аад жилийн өмнө “Охь үгс” ном анх хэвлэгдэн гарсны дараа болсон явдал. Тухайн үед би “Улс төр бол бэлтнүүдийн очдог ресторан юм” хэмээх ярилцлага өгч байсан. Мөн би Японы хоёр их сургуулийн хүндэт доктор. Тэр сургуулиас тав, зургаан жилийн өмнө төлөөлөгчид ирсэн юм. Тэд миний “Охь үгс” номны үгнээс сонсоод их сайхан хүлээж авсан. Бүр тэдэнтэй хамт явсан сэтгүүлч бичих ёстой таван нийтлэлээ миний үгсээр гарчигламаар байна гэдгээ илэрхийлээд хэдэн үг хэлүүлээд явсан. Дараа нь сонингоо явуулахад яг л гарчигласан байсан. Тэгэхээр би хүний сэтгэлд байдаг тэр бүр гаргаж чаддаггүй зүйлсийг уран зохиолын аргаар л гаргаж илэрхийлсэн юм.

-Та өмнө өгсөн нэг ярилцлагадаа улс төрд шинэчлэл хийж болох шинэ санааг дэвшүүлсэн байсан. Энэ талаараа ярих уу?

-Манайд засаг төрийн хямрал бүр системийн чанартай болоод байна. Одоо аль ч нам, ямар ч хүн гарч ирсэн энэ хямралыг даван туулахад бэрх юм. Тийм болохоор бид эрс шинэчлэл, зоримог өөрчлөлт хийх хэрэгтэй. Миний эргэцүүлэн бодож байгаагаар юуны түрүүнд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах талаар бүх ард түмний санал асуулга явуулж буй нь зүйтэй. Миний төсөөлж байгаагаар Монголд хоёр шатны парламент байх ёстой санагдана. Улсын Бага Хурал гэж нэг шат нь байя гэж бодоход аймаг, хот Улаанбаатар хотын дүүргээс нийтдээ 51 хүнээс хэтрэхгүй баймаар. Улсын Бага Хурал одоогийн УИХ-ын зарим гол ажил тухайлбал, хууль тогтоох, түүний биелэлтийг хянах ажлыг эрхлэн гүйцэтгэж байх ёстой. Хоёр дахь шат болгож орон тооны бусаар Ардын Их Хурал байх хэрэгтэй гэж бодож байна. Ардын Их Хурал нь Улсын Бага Хурлын 51 гишүүн, сул 42 гишүүн, нийтдээ 93 хүнтэй байхад болно. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь нэг хүн байх хэрэгтэй байна. Ардын Их Хурал, Улсын Бага Хурал, Засгийн газрыг байгуулах, бүтэц бүрэлдэхүүнийг тодорхойлон тогтоож, тэдгээрийн ажилд үнэлгээ дүгнэлт өгдөг байгаасай. Улсын төсвийн гүйцэтгэлийг хянан хэлэлцэж, батлах үүргийг хүлээдэг болбол сайнсан. Ардын Их Хурал стратегийн онцгой ач холбогдолтой орд газруудыг ашиглах гэрээ хэлэлцээрийг хянан зөвшөөрөл өгч байхыг нэг чухал үүргээ болговол зүйтэй санагдана. Мөн ард олны санал бодлыг судалсны үндсэн дээр улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг, тодорхой хугацаанд Ерөнхийлөгч болон Улсын Бага Хурал Засгийн газрын тайланг сонсон үнэлэлт дүгнэлт өгч байвал зохистой. Ардын Их Хурал, Улсын Бага Хурлыг сонгох, Засгийн газрыг бүрдүүлэхэд орон нутгийн харьяаллын зэрэгцээгээр улс, ардын аж ахуйн томоохон салбарын төлөөллийг оролцуулан бүрдүүлдэг журамд шилжиж, тэдгээрийн ажил мэргэжлийн чадавхийг эрс дээшлүүлэх хэрэгтэй байгаа юм. Улс төрийн албан тушаал гэх нэрийдлээр тухайн салбарын А-гүй хүн сонгуулийн хишиг хүртэн яам, газрыг удирдаж байхад улсын ажил яаж урагшлах вэ дээ.

-Таны номонд орсон “Дунд сургууль төгссөн хүнийг их сургуульд багшлуулж байгаа нь сонгуульд ялсан намын ид хав мөн” гэдэг үг яг манай улсын өнөөгийн төрхийг оносон байгаа юм?

-Энэ арчаагүй байдлаас хэрхэн гарах вэ, улс төрийн системийн хямралыг хэрхэн засч залруулах вэ гэдэгт хүн бүхэн анхаарлаа хандуулах цаг аль хэдийнэ ирсэн. Одоо бол намын шугамаар сонгуулийн хэрэг өрнөж байна. Гурван сая хүнд гучин  нам байгаад ч,  гурван зуун нам байгаад ч нэмэргүй гэдэг нь нэгэнт тодорхой болжээ. Дэлхийн олон оронд сонгуулийн хэргийг намын шугамаар өрнүүлж төр засгийн эрх эдлүүлдэг практик нэгэнт тогтсоныг та бид цөм сайн мэднэ. Ер нь сонгуулийн үеэрх “согтуу” намуудын амлалтаас хүн төрөлхтөн залхаж байна шүү дээ. Монгол бол хүн ам цөөн, бараг бие биеэ таньж мэдэх шахам байдаг, эрээвэр хураавар үндэстний биш цэвэр унаган ард түмэн болохоор монгол ухаанаар төр засгаа эмхлэн төвхнүүлдэг шинэ зам, шинэ журмыг сонгоход болохгүй юм даанч үгүй сэн. Монгол эрдэмтэн хүн 400-гаад жилийн тэртээ нам гэдэг ухагдахууныг тодорхойлчихсон байдаг л даа. Монгол ухаанаар Монгол Улс өөрийн зам мөрийг гаргасан байхад хэн биднийг буруутгах билээ. Өнөөдөр нам, сонгууль гэдэг нэрийн дор бэл бэнчинтэй хүн л сонгогдох эрхээ эдэлж байна. Өдий төдий сая төгрөг намдаа өгсөн хүн л нэр дэвших, томоохон албан тушаалд очих эрхтэй мэт дундад зууны гэмээр балар бүдүүлэг ойлголт манайд газар авснаас мэдлэг чадвартай, үнэнч шударга, ажил хэрэгч хүн төр засгийн өндөр албанд очих зам мөр нэгэнт хаагдчихсан байна шүү дээ. Сүүлийн үед намуудын жагсаалтаар парламентын гишүүн болно гэсэн гажигтай үг сонсогдох боллоо. Энэ нь чухамдаа шаварт ойчсон хүн “Нам минь намайг авраач, мөнгө өгнө шүү” гэж орилон сарвалзаж байгаа хэрэг л дээ.

-Та “Улс төр бол бэлтэй хүмүүсийн цугладаг ресторан юм” гэж айхтар онож хэлсэн байна лээ?

-Тийм ээ, улс төр бол бэлтнүүдийн очдог ресторан юм. Бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын үүрэг зорилтыг эрс өндөржүүлж, удирдлага судалгааны байгууллага болгон ажиллуулж,аль ч шатны сонгуульд иргэдийн жинхэнэ идэвхитэй оролцоог өрнүүлэх шаардлагатай байна. Үнэхээр бид иргэний ардчилсан нийгэм байгуулах л гэж байгаа бол ард олонд эрхийг нь өгч, хариуцлага үүргийг нь жинхэнэ ёсоор эдлүүлэх хэрэгтэй байна. Баг хорооны нийтийн хурлаас эхлээд сум, аймаг, Улсын Бага Хурал, Ардын Их Хурал, Засгийн газрын гишүүд иргэдээс нэр дэвшүүлсэн хүнийг шат бүхэнд шүүн шалгаруулж, олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэдэг журамд шилжвэл сая төр засгийн ажилд иргэдийн оролцох  оролцоо идэвхи хариуцлага шинэ шатанд гарах болно. Олон түмэн хэн мэдлэг чадвар, дадлага туршлагатай, үнэнч шударга, хэн цаашид сайн өсч хөгжиж чадах вэ гэдгийг сайн мэдэж, жинхэнэ ажил хэрэгч, мэдлэг чадалтай шулуун шударга хүнээ олж сонгож чадна шүү дээ. Сумаар жишээлэхэд, сургуулийн захирал, ерөнхий эмч, шүүх цагдаагийн хүнээ хэнээр ажиллуулах вэ гэдгийг ард нийтийн саналаар шийдэж дээд шатны байгууллага нь ёсчлон баталгаажуулдаг болбол бүх шатны байгууллагын ажил үйлчилгээ иргэд рүүгээ нүүрээ харуулж, эрс сайжрах болно. Аймаг улс, яам салбарын хэмжээнд ч энэ журмыг тогтоомоор байгаа юм. Олон түмэн хэнийг хаана ажиллуулахаа хэнээр ч заалгахгүй мэдэж шийдэж чадна шүү дээ. Баг хорооноос авахуулаад Ардын Их Хурал, Улсын Бага Хурал, Засгийн газар хүртэл жинхэнэ иргэдийн төлөөлөгчдийн идэвхтэй оролцоо саналаар эмхлэн байгуулагддаг болж чадвал төр засагт итгэх түмний итгэл үнэхээр сэргэж, улс орны ажил үйлс өөдлөн дэвжих болно. Бидний улиг болтлоо ярьдаг авлига, хүнд суртал гээч юм хийсэн алга болно. Ард олны эв нэгдэл жинхэнэ ёсоор нягтрах болно.

-Таны энэ бодлыг төр засгийн удирдлагууд хэрхэн хүлээж авах бол?

-Миний энэ санал бол аль нэгэн нам, анги бүлэг, хөдөлгөөний төлөөллийн санал биш. Миний дэвшүүлж байгаа бодол санал. Ард түмнээс санал асуулга авч буй энэ үед миний саналыг хүлээн зөвшөөрч дэмжих байх. Өөр гарц, зам бидэнд алга байна шүү дээ. Улс орноо, ард түмнээ хойч үеэ боддог ухаантай улсууд олон байгаа. Тэд дэмжих нь эргэлзээгүй.  Харин намын шугамаар зөөлөн суудалд сууж, ашиг завшаан хайж байгаа хүмүүст бол тун эвгүй сонсогдож байгаа болов уу. Энэ номонд “Улс төр хүнийг заавал согтоодог” гэж бий. Тэр мансууралдаа хэт автчихсан, гадны хууль дүрмийн хуулбарыг бурхны зарлиг, ертөнцийн жам ёс гэж үздэг хүмүүст харь гаригийнхны мэт санал сонсогдож байж магадгүй. Үүнийг шийдэх хүн нь хэн нэгэн ухаантан биш, эрх мэдэлтэн ч биш, үүнийг жинхэнэ ард түмэн л шийдэх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ санал бол ард түмний тусын тулд эх орны тусын тулд, үр хойчийн замыг гэгээн гэрэлтэй байлгахын төлөө гэсэн санал юм.

-Зохиолч хүн зохиолоо л бичиж байвал болоо гэдэг. Улс төрийг сонирхох улс төрийг мэдэрч үзэл бодлоо илэрхийлэх энэ хоёрын хооронд нэлээн ялгаа байгаа биз?

-Мэдээжийн хэрэг нийгэмд аль болохоор тус болох юмсан, олон түмэн шинэ гарц олоосой гэсэндээ би энэ саналуудыг хэлж байгаа юм. Улс төр хүн бүхнийг оролдож байдаг саваагүй хэрнээ сагсуу зантай гэж номонд минь бий. Ер нь зохиолч хүн нийгмийн сэтгэлгээг соргог хардаг болохоор тэдний дуу хоолой зохих түвшинд байхыг үгүйсгэхийн аргагүй. Үнэхээр нийгмийнхээ төлөө улс төрд оролцож байна уу, аль эсвэл алдар нэр олох, хувийн ашиг завшаан хайж улс төрд орох гэж яваа юу гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

-Таны номонд томчууд гэнэн бага насаа хайрлан дурсамтгай, түүнийгээ сонгуулийн үеэр л гаргадаг. Монгол “Дэлхийн аварга ардчилсан улс”. Шалгуур нь жил болгон түрийвчээ сэгсрэн хийдэг сонгуулиар нь үүнийг төвөггүй баталж болно гэсэн үг байна?

-Сонгогчдод элдэв худал амлалтанд хүүхэд шиг бүү хуурт, ухаалаг сонголт хийж байгаач гэдгийг сануулж л бичсэн юм. Орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль гээд жил болгон шахам сонгууль явуулж, асар их мөнгийг хий дэмий цацаж байгаад харуусах юм. Хэдэн арван үйлдвэр байгуулах мөнгийг салхинд л хийсгэж байгаа хэрэг. Ер нь бүх шатны сонгуулийг зургаан жилийн зайтайгаар нэг дор явуулж баймаар байна. Сонгогдсон томилогдсон хүний ажлын үр дүн тайланг гурван жил тутам сонсож шаардлага хангаагүй хүнийг огцруулдаг, орны хүнийг тойргийнхоо хэмжээнд сонгож томилдог хууль журамтай болох хэрэгтэй. Хүн их ухаантай. Гэхдээ улс төр дээр очоод л гацчихдаг. Бид иргэний ардчилсан нийгмийг жинхэнэ ёсоор иргэдийн сонголтоор байгуулж чадвал гадаадын улстөрчдийн цуваа тасрахгүй. Атаархам бөөн туршлага л болно.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin.
    Uhaantai saihan setgeltei hunii zoolon erhem bagsh mini.
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
Нийтлэлчид