Улаанбаатар 1c

“Гурван гол”-ын арын албаныхан

“Гурван гол” экспедицийн арын албаныхан хэмээх шинэхэн ном гарлаа. Энэхүү номын зохиогч нь “Гурван гол” экспедицийн арын албаны даргын алба хашиж байсан Р.Равдандорж хэмээх буурай юм. Тэрбээр энэхүү номоо “Гурван гол” экспедицийн Монголын багийн ахлагч нэрт эрдэмтэн, угсаатан зүйч, доктор С.Бадамхатан багшийнхаа 85 насны ойд зориулан бүтээсэн байна. Номын зохиогчтой цөөн хором ярилцсанаа хүргэе.

-“Гурван гол” экспедицийн арын албаныхан номоо өлгий­дөн авчээ. Энэхүү номынхоо талаар манай уншигчдад товч мэдээлэл өгөх үү?

-Анх 1989 оны сүүлчээс “Гурван гол”  судалгааны экспедиц гаргах бэлтгэл ажил ид өрнөж эхэлсэн. Улмаар би 1990 оны нэгдүгээр сарын 3-нд “Гурван гол” экспедицийн арын албаны даргаар томилогдон явсан юм. Энэхүү номыг тухайн үед хамт ажиллаж байсан нөхдөдөө болон “Гурван гал” экспедицийн дарга нэрт эрдэмтэн, угсаатан зүйч С.Бадамхатан багшийнхаа 85 жилийн ойд зориулан бүтээлээ.

-Япончуудтай хамт ажилла­хад ямар байсан бэ?

-Тэр үед манай судалгааны багт Японоос 25 эрдэмтэн ирж ажилласан. Япончуудтай хамтарч ажиллахад тэднээс сурах зүйл маш их байсан. Тэд өндөр хариуцлагатай, ахмад настнаа ихэд хүндэлдэг мөн цагийг маш сайн барьдаг. Хамгийн гол тэднээс суралцах зүйл нь ажлаа яг цагтаа эхлээд дуусах ёстой цагтаа дуусгадаг зан. Ер нь япончууд их харилцаа сайтай хүмүүс. Тухайн үед хамт ажиллаж байсан зарим япон эрдэмтэнтэй одоо ч холбоотой байдаг.

-Та Халх голын дайны 30 жилийн ойн судалгааны багт анхлан арын алба хариуцаж Монгол Улсын баатар Л.Дандар гэх мэт хүмүүстэй мөр зэрэгцэн явж байсан гэдэг. Тухайн үед тохиолдсон хөгжилтэй дурсамжаа ярьж болох уу?

-Тэр үед би 25 настай байсан. Залуу болоод ч тэр үү Л.Дандар баатраас их эмээдэг байлаа. Баатар харин цэргийн хүнд их сайн дандаа л ид, уу, суу гэнэ. Нэг өдөр Л.Дандар баатар намайг дуудаад “Загас барь” гээд уургаа өгчихөөд майхан руугаа орчихлоо. Би ч анх удаагаа загас барих гэж байгаа болохоор яахаа мэдэхгүй. Уургыг нь барьж байгаад ус руу шидэж орхилоо. Ухаан алдталаа айж билээ. Улсын баатрын уур­гыг усанд урсгачихвал бараг буудуу­лах юм зүрхэнд шивнэх шиг болж билээ. Би айсандаа гүн ус руу хувцастайгаа үсрээд орчихсон. Амаараа ус балгаж, хахаж цацан байж арай гэж уургаа шүүрч аваад уснаас сарвалзан гарч билээ. Залуу байхад аль хөглөхийг тэр гэх вэ.

-“Гурван гол” экспедицийн зорилго бол Чингис хааны онгоныг олох байсан байх аа?

-Тийм. Бидний судалгааны үр дүнд Чингис хааны онгон Бурхан Халдун уулын ойр хавьд байгаа гэсэн дүгнэлт гарсан. Чингис хааны онгоныг яг олж тогтоогоогүй ч их хааны онгон монгол газар нутагтаа байгаа гэдэг нь тодорхой болсон юм.

-Та Архангай нутгийн хүн мөн залуу наснаасаа эхлэн арын албаны ажлыг хийж эхэлсэн байдаг?

-Би Архангай аймгийн Лүн суманд төрсөн. Төв аймгийн Лүн сумын дунд сургуулийг дүүргээд Худалдааны техникумыг Бэлтгэл судлалын мэргэжлээр төгссөн. Мөн Цэргийн ерөнхий сургуулийн их бууны ани болон ЗХУ-ын Москва хотод Цэрэг, улс төрийн академийг төгссөн юм. Хийж байсан ажлын хувьд гэвэл 1962-1988 онд Ардын цэргийн 073 дугаар ангид цэрэг байлдагч байсан. Энэ хугацаанд салаан дарга, салбарын улс төрийн орлогч, намын ахлах зааварлагч гэх мэт ажлуудыг хийж байлаа. 1988-1990 онд ШУА-ийн Иргэний хамгаалалтын штабын даргын албыг хашсан. Харин төр засгаас миний хөдөлмөрийг үнэлж Байлдааны гавъяаны улаан тугийн одон, Алтангадас, Тусгаар тогтнолын одон гэх мэт шагналуудаар шагнасан.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид