Улаанбаатар 1c

Л.Галт: Айл бүхэн хашаагаа баян бүрд болгох боломжтой

Гэр хорооллыг утааны эх үүсвэр, тоосжилтын голомт хэмээн хардаг  бидний сэтгэлгээг зад татан өөрийн эзэмшлийн хашааг хөл багтахын эцэсгүй ногоон бүс болгосон хөдөлмөрч өрх айл Л.Галт гуайнхаар бууж мордлоо.

Тэднийх Баянзүрх дүүргийн IX хороо, 62-872 тоотод 17 жил амьдарсан. Бидний нэрлэж заншсанаар Шархадны эцэст хүрээд Давсны булаг гэх газар руу очих зуурт Л.Галт гуайнх аж төрөх. Тэдний хашаа орчноосоо содон юм. Өндөр өндөр модод найгаж ой тайгын нэгэн шугуй руу ороод явчих шиг сэтгэгдэл төрөв. Эргэн тойрон өнөөх л гэр хорооллын гандуухан гудамж, шавар, шавхай үүссэн талбай, нохой, машин хоёр холхилдсон урт урт гудамж дунд баян бүрд мэт ганцхан хашаа байх нь доктор, микробиологич Л.Галт гуайнх аж. Моддын орой сэрчигнэн гэр хороолол дунд үүссэн хуй салхины эрчийг сааруулж анхилам таатай үнэрээр солино. Л.Галт гуайн хашаанд саатсан хэнбугайд ч Шархадны эцэст, тэр тусмаа гэр хороололд очсон сэтгэгдэл ой тойноос арчигдана. Арга ч үгүй юм. Агч, хайлаас, самрын модноос эхлээд чацаргана, хөвөн оройт зэрэг 30 гаруй төрлийн мод тарьжээ. Өргөст хэмх, улаан лооль, хулуу, үхрийн нүд, чацаргана, үрэл, тошлой, интоор, гүзээлзгэнэ ургуулжээ. Өвөл, зуны таван хүлэмжтэйгээс гадна задгай тарьсан суулгацуудаасаа жилд хоёр удаа ургац авдаг гэнэ. Энэ жилийн тухайд ургац нэлээд тааруу байсныг тэрбээр онцоллоо.

Учир нь зундаа халуун өдөр тун бага, нэлээд бороошиж, хүйтэрсэнтэй холбоотой ургацын гарц муу байсан гэв. Эднийх жилд дунджаар жимс, ногооноос тус бүрт нь 100-500 кг хүртэлх хэмжээгээр ургац хурааж авдаг гэнэ. Их хэмжээгээр хураасан үхрийн нүд, чацарганыхаа тодорхой хэсгийг зарж борлуулдаг бол хүнсний өргөн хэрэглээний ногоог өөрсдийн хэрэгцээнд зарцуулдаг байна. Л.Галт гуайнх сүүлийн арав гаруй жил жимс, хүнсний ногоог худалдаж аваагүй, өөрсдийн хөдөлмөрөөр тарьж ургуулсан бүхнээрээ хооллож байна гэсэн юм. Ингэснээр өрхийн төсөвт хэмнэлттэйгээс гадна хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдалд санаа зовних асуудал үүсэхгүй гэдгийг чухалчлав. “Утаа “үйлдвэрлэгч” гэр хороолол дунд айл бүр ийм баян бүрд бий болгох боломжтой юу. Хашаагаа ойн чөлөө мэт болгоход хамгийн чухал нь юу вэ. Нэлээд хэмжээний зардал гарсан уу” гэсэн асуултад тэрбээр “Уйгагүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Хүн ямар орчинд амьдарвал таатай байх вэ гэдгээ эхлээд сэтгэлдээ төсөөлөөд дараа нь түүнийгээ бий болгохын тулд хичээ. Бага багаар хий. Мэдээж нэг дор бүхнийг бүтээх боломжгүй тул нэг, хоёр мод тарьж суулгацаа ахиул. Мод тарьчихлаа гээд орхиж болохгүй. Нэг өнжөөд усал. Арчил. Нэг л мэдэхэд халиурсан өндөр моддын дунд амьдрах болно. Айл бүр хашаандаа баян бүрд бий болгох боломжтой. Зарим хүн манай хашаанд орж ирээд “Яасан эмх замбараагүй энд, тэнд мод тарьсан юм бэ. Төрөлжүүлээд цэгцтэй суулгахгүй” гэдэг. Надад байгаль дээрх хэлбэрээрээ байгаа юм шиг таатай санагддаг учраас нэг төрлийн модоор хашаагаа дүүргэхийг чухалчилдаггүй” гэлээ. Мөн танай ойр орчны айлууд танаас зөвлөгөө авдаг уу. Хашаагаа танайх шиг болгоё гэж зорьсон хөршүүд бий юү гэсэн асуултад доогтой инээгээд баруун талынхаа айлын хашааг харуулав. Эзгүй бололтой хоёр гэр ундуй сундуй. Хашаанд нь гэрийн дунд бүслүүр хүртэл ургасан шарилж хатаж жорлон, амбаар зэргийг нь далдалжээ. Эвдэрхий машины сэг нүдэнд тусч хашааг улам эмх цэгцгүй харагдуулах нь хөгжлийн доройтол, элсний нүүдэл дунд торойх Замын-Үүдтэй тунчиг төстэй. Харин Л.Галт гуайн хашааг зэрэгцүүлэн харвал хөгжлийн хурдаараа Замын-Үүд бүү хэл Улаанбаатарыг ч ардаа орхисон Эрээн хотыг санагдуулав. Хөгжил, доройтол хоёр зэрэгцэх нь хөдөлмөр, залхуу хоёр нэгэн саванд багтдаггүйн тод жишээ мэт.

Л.Галт гуай герман, орос, англи, төвд таван хэлтэй. Германд долоон жил суралцаж төгссөн Монголын анхны микробиологич гэнэ. Тэжээлийн хүрээлэн, Мал аж ахуйн хүрээлэн зэрэг газарт ажиллаж байгаад сүүлд ХААИС-д багшилж насны тэтгэвэртээ суужээ. Түүний мэдлэг оюуны охиос 20 гаруй доктор 20-иод эрдэм шинжилгээний ажилтан төгсөн гарсан нь түүний бахархал гэнэ. Тэтгэвэртээ суулаа гээд гараа хумхисангүй 10-аад ном бичжээ. Хамгийн сүүлд Мал аж ахуйн микробиологи, Анагаах ухааны микробиологи зэрэг салбартаа хэрэгтэй, шинэхэн суралцагч, судлаачдад эрэлттэй ном бүтээснээ бидэнд харууллаа. Тэрбээр “Нэг хэлтэй хүн нэг нүдтэйгээс ялгаагүй гэж Б.Ренчин гуай хэлсэн байдаг. Тэгэхээр би мэдлэг шүүрэх таван нүдтэй хүн болж таарах нь ээ. Нэг хэлнээс мэдлэг олж авах, таван хэл дээрээс мэдлэг нэмэх хоёр ялгаатай юм шүү. Тэгэхээр хэлтэй бол хөлтэй гэсэн үгийг санаж орчин цагийн хүүхдүүд хэлний мэдлэгээ ахиул. Ингэж чадвал өргөн их мэдлэгтэй болно. Салбар бүрт ийм мэргэжилтнүүд олон болох хэрэгтэй” хэмээн захилаа.

Монголчууд их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу хэмээдэг. Л.Галт гуай үг, дуу намдуун дээр ярилцагчдаа аливаа зүйлийг олон талаас нь нухацтай тайлбарлаж, уг үндэслэлтэй хэлж өгдөг өргөн мэдлэгтэй хүн аж.

“Монголчуудын дунд элбэг тохиолддог хавдар, чихрийн шижин гэх мэт өвчинг микробиологи талаасаа хэрхэн тайлбарладаг юм бэ” гэсэн эв хавгүйхэн асуултад тэрбээр “Өвчин болгон өдөөгчтэй. Ямар нэгэн учир шалтгааны улмаас бий болдог. Тухайлбал, гадаад, дотоод орчны нөлөөнөөс хамаарч болно. Физик талаасаа туяаны нөлөө байж болно, хоол, хүнсээ тохируулаагүйгээс үүсч байхад хими талаасаа давс, сахарын өндөр хэрэглээнээс үүдэж байх жишээтэй. Үүнтэй яг ижил ургамал ч мөн ургаж, мөхөх нь бүх талын нөлөөллөөс болдог. Ус, агаар, хөрс, микроб, шавжгүй бол ургамал ургахгүй. Тэгэхээр бүх шинжлэх ухаанд хамаарах хүчин зүйл нөлөөлж байж хүний биед өвчин үүснэ гэсэн үг. Сахар, давсны хэрэглээ их байгаагаас чихрийн шижин өвчтэй болжээ гэж ихэвчлэн анагаах ухаан тайлбарладаг. Энэ бол зөвхөн нэг талаас нь л оношилж байгаа юм. Харшил гэхэд л мөн ганцхан өвс ногоо үнэрлээд зовиурлаад байгаа зүйл биш шүү дээ. Тухайн хүний бие организм бүхэлдээ болохгүй байгаагийн л шинж. Биеийн эсэргүүцэл сул, ядаргаа туйлдаа хүрсэн, амьсгалын замын эрхтэн эмгэгтэй болсон зэрэг олон шалтгаанаас харшил өрөвсөж байна. Гэтэл бүх хүн өвс ногоо хараад нус, нулимсандаа хутгалдаад байдаггүй шүү дээ. Тэгэхээр аливаа өвчний үүссэн учир шалтгаан гэдэг хэзээ ч нэг хүчин зүйлээс болдоггүй. Олон эмгэг зэрэг үүссэнээс үүдэж зовиурладаг”  хэмээн мэргэжлийнхээ талаас тайлав.

Л.Галт гуай Говь-Алтай аймгийн уугуул аж. Бага залуу цагаасаа эхлэн ном эрдмийн мөр хөөж нутгаасаа гарчээ. “Гэргий эзгүй хойгуур та бүхэн ирлээ. Манай гэрийн хүн энэ бүхэнтэй зууралддаг юм. Би бол ном бичиж, судлах суудлын ажилтай. Үе үе гэргийнхээ ажилд ам нэмнэ. Газар тариалангийн ажил хүнээс маш их хөдөлмөр, цаг зав, сэтгэл шаарддаг. Өглөө үүрээс эхлээд оройн сэрүүнийг хүртэл талбайдаа өнждөг гол хүн бол манай тогооны хүн. Тиймээс ханийнхаа өмнөөс би хамаагүй мэдэмхийрч болж байна уу” хэмээн зүрхшээв. Тэгснээ төд удалгүй хашааны булан, хаалганы дэргэд ургасан модыг зааж “Энэ хайлаас гэдэг мод. Хайлаасыг манай ард түмэн хатуу мод гэдэг. Хамаагүй огтолбол хүнд гэм, гай болно гэж сударт бичсэн нь бий. Хайлаасны модонд ургадаг давирхайг хамрын тамхинд хэрэглээд  нас барсан хүн ч бий гэдэг. Учир мэдэх буурлууд хатуу мод хугалжээ хэмээн тайлснаас үзэхээр хайлаас бол хатуу ч нөгөө талдаа муу муухай зүйлээс хамгаалах, ариусгадаг шидтэй мод болох нь ойлгогддог” хэмээн залуус бидэнд хайлаас гэх модны утга, билгэдлийн талаар мэдлэг хайрлав. Л.Галт гуайтай ийн ярилцан зогсох зуурт модод навчсаа сэрчигнүүлэн найгана. Бидний ярианаас өөр чимээгүй, нам гүмийг эвдэж тэрүүхэн тэнд тахиа донгодон тонголзох нь үзэсгэлэнтэй. Өвдөг шүргэм их өвсөн дундаас хашааны хаалга татан гарахуйд шороо, чулуу, шавар шалбааг нүдэнд торсон танил төрх Шархадны эцсийн зам руу зурайх нь гол харлам. Айл бүхэн Л.Галт гуайн хашаа шиг баян бүрдийг бий болгож чадвал орон сууцанд амьдрах 20 жилийн төлбөрт хүлүүлж өвдөх эрхгүй амьдрал мөрөөдөх шаардлагагүй болох бус уу.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид