Улаанбаатар 1c

Одхүүгийн Цэцэнцэнгэл

Жүдо бөхийн 2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байгаа. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс шинэ залуу улсын аваргууд олноор төрөн гарч байна. Тэдний хамгийн залуу нь +100 кг-д аваргалсан улсын начин Одхүүгийн хүү Цэцэнцэнгэл. Тэрбээр 1999 онд Улаанбаатар хотод төрсөн, энэ жил 20 настай, өндөр нь 195 см. Анхны багш нь олон улсын хэмжээний мастер У.Эрдэнэбаатар, Д.Батсайхан нар бол одоогийн багш нь Болдбаатар юм. Түүний хувьд барилдааны зүүн талтай бөгөөд мордох, бусгах мэхийг голлон хийдэг. Одоо Япон Улсын “Тэнри” их сургуульд сурдаг бөгөөд самбо, жүдо бөхөөр барилдахаас гадна үндэсний бөхөөр барилддаг. Түүний барилдааны амжилтыг танилцуулъя.

 2016 оноос үндэсний бөхөөр барилдаж эхэлсэн байна. Улмаар 2016 онд Хэнтий аймгийн Баянхутаг суманд сумын начин цол хүртсэн бол 2017 онд Хэнтий аймгийн баяр наадамд барилдсан 256 бөхөөс найм даван түрүүлж аймгийн арслан цол хүртжээ. Самбо бөхөөр өсвөрийн 2016-2017 оны улсын аваргын алт, 2017 оны насанд хүрэгчдийн улсын аваргын мөнгө, 2016 оны Азийн аваргын хүрэл медалийг тус тус хүртсэн.

Жүдо бөхөөр гаргасан амжилтыг танилцуулбал, 2015 онд Өсвөрийн улсын аваргын мөнгөн медаль, 2016 онд алтан медаль, 2016-2017 онд залуучуудын улсын аваргаар тодорч байжээ. Харин насанд улсын аварга шалгаруулах тэмцээнд 2016 онд анх удаагаа зодоглож 90 кг-д хүрэл медаль хүртсэн бол энэ жилийн улсын аваргын хамгийн залуу аваргаар тодорлоо. Түүний аав улсын начин Б.Одхүү анхлан 1995 онд Бельгийн алдарт жүдоч Ван дер Валлегийн сургалтад Хэнтий аймгаас ирж хамрагдаж байжээ. Улмаар 2000 оны Сиднейгийн олимп, 2004 оны Афины олимпт жүдо бөхийн төрөлд оролцож байсан юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид