Улаанбаатар 1c

Түгжрэл бууруулах ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсгийн хуралдаанд нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Хүүхдийн автобус” төсөл хэрэгжүүлэх тухай санал танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд 245 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмчийн 137, төрийн бус өмчийн 108 сургууль байна. Нийслэлийн 245 сургуульд нийт 264240 сурагч суралцаж байгаа юм. Үүнээс төрийн өмчийн сургуульд 88.2 хувь буюу 232932 сурагч, төрийн бус өмчийн сургуульд 21308 сурагч буюу 11.8 хувь суралцаж байна. Сурагчдын 57.1 хувь нь буюу 150949 хүүхэд бага ангид, 79019 хүүхэд дунд ангид, 13 хувь нь ахлах ангид суралцаж байна.

Нийслэлийн Боловсролын газраас 2018-2019 оны хичээлийн жилд нийслэлийн долоон дүүргийн төрийн өмчийн 31, төрийн бус өмчийн 21 нийт 52 сургуульд 130 автобусаар 6784 сурагчийг тээвэрлэж байна. Сурагчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хотын төвөөс алслагдсан, сурагчид гэр, сургуулийн хооронд олон км алхаж ирдэг сургуулийг автобустай болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. 2018 онд 59, 74, 109 дүгээр сургуулиудад хүүхдийн автобус олгосон байна.

Ерөнхий боловсролын сургуулийн зорчилтын судал­гааг авч үзвэл, 2018 оны байдлаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа сурагчдын 53.9 хувь буюу 128984 хүүхэд явганаар, 28.3 хувь буюу 67645 нь нийтийн тээврээр, 17.4 хувь буюу 42566 хувь нь хувийн автомашинаар үйлчлүүлдэг гэх судалгаа гарчээ.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийн ачаалалтай цаг буюу өглөөний 08.00 цагт сургуулийн нэгдүгээр ээлжинд нийт 42269 хүүхэд хичээллэдэг. Харин хоёрдугаар ээлж 13.30-аас 31636 хүүхэд, гуравдугаар ээлж 15.00 цагаас 2863 хүүхэд хичээллэдэг байна.

Хөдөлгөөний оргил ачааллын цагаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тээвэрлэх, төлөвлөлтийг боловсруулсан байна. Хотын хойд, урд, баруун, зүүн зүгээс дөрвөн чиглэлд нийт 12 тээврийн хэрэгслийг өглөө, өдөр, орой гэсэн цагийн хуваарийн дагуу 5-10 минут тутамд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ 12 автобус нэмж гаргахад 60 орчим сая төгрөг шаардлагатайг хэллээ. Уг чиглэлийг туршихад хүүхдийн автобусанд тавих стандартыг хангасан автобус үйлчилгээнд гаргах, байршил тогтоогч суурилуулах, чиглэл, маршрут, зогсох цагийн хуваарийг нарийн гаргах, мэргэшсэн жолооч ажиллуулах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай талаар ажлын хэсгийн хуралдаанд танилцууллаа.

Ажлын хэсгийн дүгнэлтээр “Хүүхдийн автобус” төслийн судалгааг илүү нарийвчлалтай, бодитой байлгах талаар санал хэллээ. Мөн нийслэлээс хэрэгжүүлдэг “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөртэй уялдуулан хүүхдийг сургуульд хүргэх болон, авах үйлчилгээг эцэх эхчүүдтэй хэрхэн хамтран зохион байгуулах тал дээр судалгаа хийхийг ажлын хэсгийн ахлагч П.Баярхүү үүрэг болголоо. Мөн сургуулийн автобусны нэгтгэл байгуулах, Их тойруу, Энхтайваны өргөн чөлөө орчмын 49 сургуулийг сургуулийн автобустай болгох талаар судалгаа гаргах, эдийн засгийн тооцоолол боловсруулах үүргийг ажлын хэсгийнхэнд өглөө.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид