Улаанбаатар 1c

М.Мөнхтүшиг: Жирэмслэлтээс сэргийлэхээс гадна бэлгийн замаар дамжих өвчнөөс сэргийлээрэй

Өсвөр насныханд бие махбодь болон сэтгэл санааны маш олон өөрчлөлтүүд гардаг. Ялангуяа охидын хувьд бэлгийн бойжилт эрчимтэй явагдаж олон асуудалтай тулгардаг билээ. Энэ үедээ тэд хаана хандаж, хэнээс тусламж авахаа тэр бүр мэддэггүй. Тэгвэл тэдэнд зөвлөгөө өгч үйлчилгээ үзүүлэх өсвөр үеийнхэнд зориулсан кабинет бүх аймаг, дүүргүүдэд байдаг юм байна. Охидын эрүүл мэндийн асуудлын талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Өсвөр үеийн клиникийн тэргүүлэх зэрэгтэй эмч М.Мөнхтүшигтэй ярилцсанаа хүргэе.

-Танай өсвөр үеийн клиник дээр ихэвчлэн хэдэн насны охид ирж эмчилгээ, үйлчилгээ авч байна вэ?

-Манай Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Өсвөр үеийн клиник нь 2014 онд байгуулагдсан цагаасаа эхлэн өсвө­рийн­хөнд зориулсан эмчилгээ, үйлчилгээг эрхэлж ирлээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 10-19 нас­ны хүүхдийг өсвөр үе гэж тодорхойлсон байдаг ч манайд 10-аас доош насны охид ч ханддаг.  Бага насны охидын зонхилон ханддаг асуудал нь гадна бэлэг эрхтэн үтрээний үрэвсэл, улайлт, ялгадас гарах зэрэг зовиурууд.  Харин өсвөр насны охидын хувьд бэлгийн бойжилт, сарын тэмдгийн алдагдал, хэвлийгээр өвдөх гэх мэт асуудлаар хандаж байна. Түүнчлэн өсвөр насныханд тохиолддог бусад асуу­дал нь жирэмслэлт, хүчир­­хийлэлд өртөх, бэлгийн замаар дамжих халдвар байна. Энэ бүхэнд манайх ганцхан эрүүл мэндийн тусламж үйлчил­гээ үзүүлээд зогсох­гүй нийгмийн ажил­тан сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлдэг. Угаасаа өсвөр нас бол сэтгэлзүй, бие махбодь, нийгмийн амьдралын чухал үе. Тийм учраас аливаа нэг асуудлыг цогцоор нь авч үзэж, тусламж үйлчилгээгээ үзүүлдэг юм.

-Та сая охидын өсвөр үеийн клиникт хандаж буй маш олон шалтгааныг хэллээ. Эдгээрээс хамгийн олон тохиолддог шалтгаан нь аль нь вэ?

-Өсвөр насны охидод хамгийн их тохиолдож, ма­найд ирж байгаа асуу­дал нь сарын тэмдгийн алдагдал. Сарын тэмдэг ирэхгүй болох, өвдөлт илрэх, цус алдах, ойрхон ирэх гэх мэт.

-Таны дурдсан сарын тэмдэгтэй холбоотой асуудлууд зөвхөн өсвөр үеийнхэн ч гэлтгүй насанд хүрсэн эмэгтэйчүүдэд ч асуудал болдог. Энэ бүхнээс хэрхэн ангижирч болох вэ?

-Ер нь бол эдгээр асуудлууд хувь хүний эрүүл мэндийн боловсролтой шууд холбоотой. Эрүүл мэндийн боловсрол гэдэг нь тухайн хүн эрүүл мэндээ хамгаалахын тулд юу хийх, өөрийнх нь биед гарч байгаа өөрчлөлтүүд хэвийн болон хэвийн бус талаар мэдээлэлтэй байх юм. Эхээс  төрсөн цагаас эхлээд хүнийг нас, насанд нь тохирсон эрүүл мэндээ хамгаалах зөвлөгөө, дадалд сургах хэрэгтэй. Хүүхэд хамгийн анх нийгмийн харилцаанд орох газар бол цэцэрлэг цаашлаад сургууль. Энэ үеүдэд багш нар нь эрүүл мэндийн боловсрол олгоод, аливаа зан үйлийг дадал болгоход нь тусалдаг ч хүүхдийн эрүүл мэндийн боловсролд хамгийн гол үүрэгтэй хүмүүс бол эцэг, эх. Гэвч хүүхдэд эрүүл мэндийн сайн боловсрол олгож чадахгүй байна. Үүнтэй холбоотойгоор өөрийн биед явагдах хэвийн үйл явцын талаар мэдэхгүй байх тохиолдол элбэг. Жишээ нь бэлгийн бойжилт сарын тэмдэг ямар байвал хэвийн бэ зэрэг мэдээлэлгүйгээс сарын тэмдэгтэй холбоотой зовиур илэрвэл эмнэлэгт тэр бүр шууд хандахгүй байна. Жишээлбэл цус алдах, биений юм урт хугацаагаар ирэхэд эцэг эхчүүд ингээд гайгүй болох байх гэж явсаар хүүхэд нь хоёр, гурав, дөрвөн сар цус алдсан байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, хожимдсон хойно нь эмнэлэгт хандах тохиолдол байна. Энэ бол эцэг, эхийн хариуцлагагүй байдал. Мэдлэг дутмаг байж болох ч наад захын өрхийн эмлэгтээ очиход чиглүүлээд өгнө. Мөн дүүрэг, аймаг болгонд өсвөр үеийн эмч нар  ажилладаг. Сарын тэмд­гийн үед өвдөлттэй байх, сарын тэмдэг анх ирснээс хойш 1-3 жил тогтворгүй байх тохиолдол ч гардаг. Үүнийг хүн өөрөө хуанли хөтлөөд зовиур илэрвэл эмнэлэгт хандахад зөвлө­гөөг чөлөөтэй өгнө. Тэгэхээр хамгийн гол нь эрүүл мэндийн боловсрол их чухал байгаа биз.

-Охидын дунд сарын тэмдэг өвдөлттэй ирэх тохиолдол элбэг. Энэ нь яг ямар шалтгаан юм бол?

-Өвдөлттэй ирэх шалт­гаан олон. Ихэнх охидын сарын тэмдэг нь өсвөр насанд нь ирдэг. Мөн тэр үеэс л сарын тэмдэгтэй холбоотой зовиур илэрдэг. Тийм учраас ч яг тухайн зовиур илрэхэд л эмчид хандах хэрэгтэй. Тэгвэл бид ямар шалтгаанаас өвдөлттэй ирж буйг тогтоох ярилцлага, үзлэг, шинжилгээ хийнэ. Ингээд өвдөлттэй ирж буй шалтгааныг олоод тохирсон эмчилгээг заагаад өгнө. Биений юм өвдөлттэй ирэхэд анхдагч болон хоёрдогч гэсэн шалтгаанууд байдаг. Анхдагч нь ямар нэг өвчингүй ч өвдөлттэй ирэх, хоёрдогч нь өвчний суурин дээр өвдөлттэй ирэх юм. Анхдагч нь бол биеийн юмны үед умайн хөндийд үүссэн бичил бодисоос болж өвдөлт өгөх тохиолдол байна. Тэр бол хэвийн гэсэн үг. Гэхдээ тухайн үүссэн бодисоос үүдэн өвдөлтийг багасгах эмчилгээг бид хийж өгнө. Хэрэв хоёрдогч шалтгаан байвал тухайн өвчнийг нь эмчилж тэр өвдөлтийг намдаах арга хэмжээ авдаг.

-Манай улсад өсвөр насны охидын жирэмс­лэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Охидын энэ талаарх мэдлэг дут­маг, эцэг эхийн анхаарал халамж бага байгаа нь нөлөөлдөг гэдэг. Тэгэ­хээр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Дэлхийн нийтэд 20 хүртэлх насны эмэгтэйн жирэмслэлтийг охидын жирэмслэлт гэж үздэг. Мэдээж охид гэж байгаа учраас охидын бие бүрэн өсч хөгжөөгүй, дөнгөж бэлгийн бойжилт эхлэж байгаа, заримд нь биений юм тогтворгүй байдаг. Өөрөөр хэлбэл, хөгжиж яваа нас шүү дээ. Бие махбодийн хувьд ээж болоход бэлэн болсон хэдий ч сэтгэлзүй, нийгмийн харилцааны хувьд тухайлбал хүүхдийг хөгжүүлэх, боловсруулах, асрах тэр чадварууд бүрэн хөгжөөгүй  байж болох үе. 20 хүртэлх насны охид өөрөө бараг хүүхдээрээ шахуу байдаг. Тийм учраас хүүхдийг өсгөж бойжуулахад асуудлууд гардаг байх нь. Дээр нь охид өөрөө бүрэн хөгжөөгүй гэдэг утгаараа жирэмслэлтийн явц хүндрэх эрсдэл бас бий. Мөн өсвөр насанд эрүүл хооллолт гэдэг зүйл манай нөхцөлд хэцүү. Гэтэл жирэмсэн үедээ тухайн эх маш сайн хооллож байж хүүхэд болон өөрөө эрүүл байна. Энэ алдагдвал хүүхэд болон эхэд асуудал үүснэ. Тэгэхээр энэ мэт олон асуудлын улмаас охидыг аль болох өсвөр насанд нь хүсээгүйгээр жирэмслүүлэхгүй байх дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зорилт ч байдаг. Дээр нь охид маань өөрсдөө хөгжиж сайн боловсрол эзэмшсэнээр орлого сайтай иргэн болох боломжтой. Үүнийг дагаад ирээдүйд төрөх хүүхдээ сайн орчинд өсгөх эдийн засгийн боломж бүрдэнэ. Энэ бүх шалтгаан нь охидыг өсвөр насанд нь жирэмслүүлэхгүй байх гэдэг. Манай улсын хувьд хуулиндаа 18 нас хүрээд гэрлэж болно гэж байгаа. Цөөн тооны охид төлөвлөөд төрж байна. Ер нь дийлэнх нь хүсээгүйгээр жирэмсэлдэг. Тохиолдлын бэлгийн хавьтлаас, үерхэж нөхөрлөж эхлээд удаагүй байх үедээ жирэмсэлдэг. Хүсээгүй жирэмслэлт үүсч байгаа нь жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслээ мэдэхгүйд байна. Уг нь одоо үед жирэмслэлтээс хамгаалах олон арга бий боловч өсвөр насныхан түүнийг сайн мэдэхгүй, хэрэглэх гэхэд сэтгэлзүйн хувьд бэлэн биш байх шиг.

 

Охидын нөхөн үржихүйд гарах өөрчлөлт

Охидын өнчин тархины боловсруулсан дааврын нөлөөгөөр эмэгтэй хүний бэлгийн булчирхай болох өндгөвчөөс ялгарах эм бэлгийн дааврын эстрогены ба шар дааврын хэмжээ  ихэснээс охидын биед өөрчлөлт гарч эхэлдэг.

  • Хөх ургаж томрох ба хөхний толгой том, жижиг харилцан адилгүй ургана.
  • Цавь, суга, умдагны үс, ургаж эхэлнэ. Үсжилт харилцан адилгүй удамшлын шинжтэй ургадаг.
  • Охидын гуя, хэвлий өөх хуримтлагдан, таашаа өргөсөж, бэлхүүс нарийсна.
  • Ихэнхдээ охидын сарын тэмдэг хэт эртдээ 12-13 насанд, хэт оройтох нас нь 16-18 юм. Энэ үед охид айж цочирдолгүй жам ёсны биед гарах өөрчлөлтийн хүлээж аваарай.
  • Хөлсний булчирхайнууд идэвхтэй ажиллаж эхэлдэг ба хөлс ихээр гардаг энэ үед усанд тогтмол орох хамгийн зөв сонголт юм.
  • Сэтгэл зүйн хувьд энэ насны охидууд тогтворгүй, эмзэг, айж эмээсэн сэтгэл зовоосон асуудлууд их тулгардаг учир ээж нар охиддоо илүү цаг гарган ярилцаж, асуудлыг сонсож хамтдаа шийдвэрлэх нь хамгийн зөв сонголт юм. 
 

Манайд жирэмслэлтийг эмэгтэйчүүдийн асуу­дал юм шиг хүлээж авдаг. Яагаад гэхээр жирэмс­лэлтээс хамгаалах ихэнх аргыг эмэгтэй хүн хэрэглэж байгаагаас харж болно. Эрэгтэйчүүдэд ганц бэлгэвч л байна. Гэвч энэ бол тийм зүйл биш эрэгтэй, эмэгтэй хоёулаа хариуцлагатай байж сайн ярилцаад жирэмслэхээс хамгаалах аргыг найдвар­тай­гаар хэрэглэвэл хүсээ­гүй жирэмслэлт үүсэхгүй. Тэгээд хүсээгүй жирэмслэл­тийн үед охид голдуу ху­га­цаа алдаж эмнэлэгт ханд­­даг. Өөрөөр хэлбэл, үр хөн­дөлтийн хугацаа өнгөр­­сөн хойно эмнэлэгт ханддаг.

Үр хөндөлтийг хийхдээ 18 нас хүрээгүй охин ас­ран хамгаалагчийн зөвшөөр­лөөр хамрагдаж болно гэсэн заалт байдаг. Үр хөндөлтөд хоёр янзын хугацаа байгаа эрт үр хөндөлт 12 долоо хоног дотор, хожуу нь 13-22 долоо хоногт гэж бий. Гэтэл энэ хугацааг өнгөрөөгөөд эмнэлэгт хандахаар хүсээгүйгээр төрөх болоод өсвөр насандаа ээж болох тохиолдол байна. Иймд бүх аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргүүдэд өсвөр үеийн кабинет ажиллаж байгааг дахин онцолмоор байна. Эдгээр төвүүдэд өсвөр насныхан маань өөрсдийн эрүүл мэндийн асуудлаар чөлөөтэй хандах боломжтой. Бичиг баримт шаардахгүйгээр, хаяг хар­гал­захгүй үйлчилдэг, нуу­цыг хадгалдаг үйлчил­гээг нээлттэй үзүүлж байгаа.

-Жирэмснээс хамгаа­лах олон аргууд байдаг гэлээ. Эдгээрийн аль нь охидод хамгийн тохи­ромжтой вэ?

-Жирэмснээс сэргийлэх уламжлалт болон орчин үеийн гэсэн хоёр арга байдаг. Уламжлалт арга нь хуанли хөтлөх. Эмэгтэй хүний өндгөн эс боловсорч гарч байгаа тэр хугацаанд бэлгийн харилцаанаас татгалзах.

Орчин үед бол маш олон арга байгаа. Дааврын арга, умайн хөндийд спираль тавих, арьсан доор суулгац, эм уух, хаалтын аргууд умайн хүзүүний таглаа, бэлгэвч гэх мэт. Энэ талын бүх зөвлөгөө мэдээллээ бид хүссэн үйлчлүүлэгч бүхэнд өгнө. Эдгээрээс өсвөр насны охид маань асран хамгаалагч болон найзтайгаа зөвлөөд сонголт хийх боломжтой. Сонголт хийх боломжтой гэхээр охид аль ч аргыг хэрэглэж болно гэсэн үг. Гэхдээ өсвөр насныхан маань жирэмслэлтээс сэргийлэхээс гадна бэлгийн замаар дамжих өвчнөөс сэргийлэх хэрэгцээ шаардлага үүсээд байна. Яагаад гэхээр жилд тохиолдож байгаа бэлгийн замаар дамжих халдварын 40 орчим хувийг 15-24 насныхны өвчлөл эзэлж байгаа. Мөн тохиолдлын бэл­гийн хавьтал их гэж үзэж болно. Үүнээс харахаар жирэмслэлт болон бэлгийн замаар дамжих өвчнөөс хамгийн найдвартай хам­гаалах арга нь бэлгэвч юм. Жирэмснээс хамгаалах бусад аргууд бол бэл­гийн замаар халдах өвчнөөс сэргийлэхгүй. Тийм боло­хоор өсвөр насныхан маань аль болох тохиолдлын бэл­гийн хавьтлаас зайлсхийх хэрэгтэй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид