Улаанбаатар 1c

“Дарь-Эхийн өргөө” төв нээлтээ хийлээ

Орон нутгаас ирэх хорт хавдартай өвчтөнүүдэд хотод ирж эмчлүүлэхэд орон байрны асуудал тулгар­даг. Өвчтэй хүнийг асран хамгаалагчтай нь удаан хугацаагаар байлгах айл  тун ховор. Тэгвэл хөдөө орон нутгаас ирэх хавдартай өвчтөнүүд үйлчлүүлэх тусгай зориулалтын иж бүрэн тохижуулсан анхны төвийн нээлт лхагва гарагт боллоо.

Хавдрын тохиолдлын тоо Монгол Улсад жил бүр нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. 2017 оны байдлаар  зургаан мянга гаруй хүн хорт хавдраар оношлогдож, 18 мянган хүн хорт хавдрын улмаас аймаг, дүүргийн хав­дар судлаач эмчийн хянал­тад эмчлүүлж байна. Мөн нийт хүн амын 32 хувь нь хөдөө орон нутагт амьдардаг боловч орон нутагт хавдрын тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх боломж хязгаардмал хэвээр байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа. “Дарь эхийн өргөө” нэртэй шинэхэн төв нь нэг дор 30 гаруй өвчтөн, асран хамгаалагчийг түр байрлуулах боломжтой.

Өвчтөнүүдийн байрлах өрөөнөөс гадна урлагийн сэтгэл заслын өрөө, гал тогоо, амралтын өрөө гээд нийт 14 өрөөтэй. Нээлтийн үеэр Хавдрын үндэсний зөвлөлийн гүйцэт­гэх захирал Б.Цэцэг­сайхан ярихдаа “Орон нутгаас ирж байгаа хорт хавдартай өвчтөнүүд асран хамгаалагчтайгаа сарын хугацаанд байрлах боломжтой. Мөн өвчтөнүү­дэд сэтгэл заслын үйлчилгээг үзүүлэх боломжтой. Бид өрөөний байрлалаас хамаарч нэг хүн өдрийн 10-20 мянган төгрөг орчим үнэтэй байхаар тооцоолж байгаа. Зарим байгууллагад хамтран ажиллах хүсэлт тавьсан. Хэрэв шийдэж чадвал үнээ бууруулж, аль болох бага зардлаар үйлчилнэ. Манай төрийн бус байгууллага 2017 оноос эхлэн анх Австрали улсад 14 хүн сарын хугацаанд туршлага судалсан. Үүний хүрээнд жилийн хугацаанд 100 гаруй байгууллага, хувь хүмүүсийн бэлэн болон бэлэн бус нийт 130 сая орчим төгрөгийн хандивыг цуглуулж, шинэ төвөө нээж байна” гэв.

Ийм төвийн хамгийн ойрын жишээ нь ОХУ-ын Эрхүү мужийн Хавдар судлалын төв бөгөөд 60-80 хүний багтаамжтай дотуур байртай байдаг аж. Тэр байрандаа орон нутгаас ирсэн хавдартай өвчтөнүүд эмчилгээнийхээ явцад байрлаж, биеэ тэнхрүүлдэг байх жишээтэй. Мөн энэ төрлийн үйлчилгээ нь Канад Австрали, Америк, Англи, Малайз, Энэтхэг зэрэг олон оронд нийтлэг байдаг ажээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид