Улаанбаатар 1c

Монголын мөсөн барималчид Харбинд үзүүрлэлээ

Хятадын Харбин хотноо жил бүр олон улсын цас, мөсний баяр болдог билээ. Энэ баярын үеэр хотын төвд орд харш, ан амьтан, цэцэрлэгт хүрээлэнтэй цасан цагаан хот сүндэрлэн босдог аж.

Монголын багийн “Ирээдүйгээ хар” бүтээл

Нийт 600 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд орших тус хотхоныг босгоход 110 мянган кубметр мөс, 120 мянган кубметр цас хэрэгтэй болдог гэнэ. Цас, мөсний баярын гол чимэг бол “Harbin International Ice and Snow Sculpture Festival” мөсөн баримлын уралдаан юм. Энэхүү уралдаан нь Японы Саппорогийн цасны наадам, Канадын Квебекийн өвлийн багт наадам, Норвегийн цанын наадамтай эн зэрэгцсэн дэлхийн хамгийн том өвлийн дөрвөн наадмын нэг ажээ.

Харбины цас, мөсний баяр энэ сарын 5-нд эхэлсэн бөгөөд хэрэв цаг агаар тааламжтай байвал мөсөн баримлууд хоёрдугаар сарын эцэс хүртэл олон сая жуулчны нүдийг хужирлахаар төлөвлөсөн байна. Энэ жилийн уралдаанд Монгол, Хятад, Америк, Канад, Япон, ОХУ, Сингапур, Египет зэрэг 12 орны 60 уран бүтээлч хүрэлцэн ирж, мөсөн урлалаараа өрсөлдсөн гэнэ. Уран бүтээлчид тусгай бэлтгэсэн дөрвөлжин  мөс хүлээн авч, гурван хоногийн дотор урлагийн бүтээл болгон хувиргах даалгаврыг биелүүлжээ. “Harbin International Ice and Snow Sculpture Festival” уралдаанд цас, мөсний орон ОХУ-ын Благовещенск хотын баг түрүүлжээ.

Өнгөрсөн жилийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг амжилттай зохион байгуулсан Орос орны баг “Хөлбөмбөгийн довтлогч” бүтээлээрээ тэргүүн байр эзлэж, 15 мянган юанийн шагналыг хүртсэн байна. Харин хоёрдугаар байрт Монгол улс, Харбины Багшийн дээд сургуулийн баг хамтдаа орлоо. Монголын шигшээ баг “Ирээдүйгээ хар” мөсөн баримал бүтээсэн гэнэ. Энэхүү бүтээл нь утаа, байгаль экологийн сүйрлийн эсрэг чанга гэгч нь дуугарсан бүтээл болсныг онцолж байлаа. Харин Харбины баг “Агуу Хятад” сэдэвт баримал урласан байна. Гуравдугаар байрт ОХУ-ын Москва, Испани, Хятадын нэгдсэн баг шалгарчээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид