Улаанбаатар 1c

Эрэмгий спортын гимнастикчид

Монголд цор ганц байх гимнастикийн спортын төв заал өдөр бүр тамирчдаар дүүрэн байдаг аж. Харин бидний очсон өдөр (ням гараг) амардаг ганц өдөр нь таарсан учир спортын гимнастикийн таван тамирчин багшийнхаа хамт бэлтгэл хийж  байсан юм. 

Уян хатан хөдөлгөөн, өв тэгш бие бялдартай охид, хөвгүүд бүхнийг үл анзааран зөвхөн дасгалаа хийнэ. Бэлтгэлийн заал бага зэрэг сэрүүхэн ч хүүхдүүд үүнийг ажирсан шинж алга. Тэд ОХУ руу тэмцээнд явах гэж байгаа бөгөөд оройн 21.00 цагт замд гарахаасаа өмнө бэлтгэлээ хийж буй нь энэ аж. Гимнастик гэхээр хүмүүсийн толгойд энгийн нэг дасгал хөдөлгөөн буух болов уу.  Үнэн хэрэгтээ гимнастикийн спорт нь энгийн хялбар зүйл биш болохыг энд бэлтгэл хийх хүүхдүүдийг харж байж л ойлгоно. Агаар дээр хэд хэдэн удаа эргэлт хийж, 15 см хүрэхтэй үгүй модон тавцан дээр буух зэрэг хүндхэн дасгалуудыг тэд хөнгөхөн бөгөөд эвлэгхэн хийнэ.

Гимнастикийн спорт нь дотроо уран сайх­ны, спортын, аэро­бик гэсэн төрөлтэй. Манай оронд хамгийн их дэлгэрсэн нь уран сайхны гимнастик юм. Түүний дараа спортын гимнастик ордог. Харин энэхүү зааланд спор­тын гимнастикаар мэргэжлийн түвшний 100 гаруй, анхан шатны 100 орчим тамирчин бэлтгэл сургуулилалт хийдэг аж.

Гимнастикийн спортын төрлүүд анх 1896 онд Афинд зохиогдсон анхны зуны олимпийн наадмаас эхлэн зуны олимпийн наадмын хөтөлбөрт багтсаар ирсэн байдаг. Эхний 32 жилд зөвхөн эрчүүд өрсөлддөг байсан бол Амстердамд зохиогдсон 1928 оны зуны олимпоос эмэгтэйчүүд ч мөн адил энэ спортоор өрсөлдөх болжээ. Харин уран сайхны гимнастик Лос-Анжелост болсон 1984 оны зуны олимпоос эхлэн олимпийн наадмын хөтөлбөрт багтах болсон түүхтэй.  Спортын гимнастик нь эрэгтэй тамирчин зургаан хэрэглэл дээр дасгалуудаа хийдэг бол эмэгтэйчүүд дөрвөн хэрэглэл дээр дасгалаа хийнэ. Тодруулбал, эрэгтэй­чүүд чөлөөт хөдөл­гөөн, суга савлуур, турник, бариултай морь, харайлт, цагирагт дүүжин гэсэн үндсэн зургаан хэрэглэл дээр дасгалаа хийж гүйцэтгэдэг юм байна. Харин эмэгтэйчүүд чөлөөт хөдөлгөөн, өндөр нам сав­луур, дамжуурга, ха­райл­тын төрөлд дасга­лаа хийдэг аж.

Д.Оюунтуяа: Манай улсад анх удаа Азийн аварга шалгаруулах тэмцээн болно

Бэлтгэлийн дундуур дасгалжуулагч Д.Оюунтуяатай ярилцлаа.

-Та нарыг өнөөдөр (өчигдөр) тэмцээнд явна гэсэн.  Хаашаа, ямар тэм­цээнд явах гэж байна вэ?

-ОХУ-ын Брянск хотод жил бүр болдог олон улсын тэмцээнийг бид зорьж байна. Энэхүү тэмцээнд ОХУ-ын гимнастикийн холбоо бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцдог. Мөн тэмцээний 25 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Тийм учраас Япон, Солонгос болон манай орноос тамирчид оролцоно. ОХУ-д болдог хамгийн том, олон улсын тэмцээн юм. Бид 12 тамирчин дөрвөн багшийн бүрэлдэхүүнтэйгээр явж байгаа. Бидний түрүүч ОХУ-ыг зорьсон.

-Гадагшаа тэмцээнд оролцох боломж хэр бай­на. Спортын гимнасти­каар дотоодод жилд хэ­дэн тэмцээн болж байна вэ?

-Бидэнд хөрөнгө нь байвал гадагшаа оролцох тэмцээн дуусахгүй. Бүтэн жилийн турш тэмцээнд оролцоод явж болно. Гэхдээ тэр бүр боломж нь олдохгүй учраас жилд 10 гаруй тэмцээнд оролцдог. Боломж байвал бүх тэмцээнд оролцохыг л боддог. Учир нь гимнастик нь маш хүнд төрлийн спорт. Тэр ч утгаараа улс орны нэрийн хуудас болдог. Тийм болохоор тэмцээнд оролцоод сайн амжилт гаргах зорилгоос гадна эх орны маань төрийн далбаа тэнд байрлах нь чухал. Дотоодод бол жилдээ доод талдаа спортын гимнастикийн 20 тэмцээн болдог. Энэ жил манай улс анх удаа Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авсан. Ирэх зургадугаар сард Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ бол бидний хувьд маш олон боломжийг нээж өгсөн тэмцээн болох байх. Ази тивийнхээ шилдэг тамирчдыг дэргэдээс нь үзнэ. Мөн энэ тэмцээнийг дагаад манай улсын гимнастикийн хэрэглэл бүрэн шинэчлэгдэж орчин үеийнх болно. Одоо бидний хэрэглэл олон улсын жишгээс 10, 20 жилээр хоцорч яваа. Гэсэн ч бид байгаа боломждоо тохируулаад бэлтгэлээ хийж байна. Тэгэхээр энэ бол бидний хувьд том хөрөнгө оруулалт болно. Мөн энэ жил гимнастикийн спортын хүүхдийн дэлхийн аварга шалгаруулах тэм­цээн анх удаа болох гэж байна. Бид энэхүү тэмцээнд оролцох зорил­готой бэлтгэл сургуу­лилтаа базааж байна.

-Гимнастикаар хичээл­лэх гэж ирсэн хүүх­дүү­дийн хэдэн хувь нь энэ спортод үнэнч үлддэг вэ?

-Ер нь их эрэмгий спорт. “Би энэ спортоор хичээллэе” гээд 50 хүүхэд ирэхэд шантарсаар тав нь үлдвэл их юм. Дээр нь хүүхдүүдийн хийж буй дасгалуудыг харж чаддаггүй эцэг эх, эмээ өвөө нар олон байдаг. “Агаарт гараад яачих ч юм билээ, толгой нь эргэчихлээ, эрс­дэлтэй юм байна” гэх зэргээр хүүхдүүдээ гарга­даг эцэг, эх олон.

Гэхдээ ажиглаад бай­хад орчин үеийн залуухан эцэг, эхчүүд хүүхдээ хөг­жүүлэх тал дээр их анхаардаг болсон байна. Манайд хүүхдээ авчирч өгөхдөө заавал амжилтад хүрэх нь чухал биш спортын хүмүүжил, тэсвэр тэвчээртэй болгоно. Мөн хамгийн гол нь эрүүл чийрэг бие бялдартай болгох зорилготой гэдэг хүн олон болж. Энэ нь багш, дасгалжуулагч бидний хувьд сайхан зүйл.

-Танай дээр спортын гимнастикийг сонирхож ирэх хүүхдүүд хэр олон байна вэ?

-Маш олон. Нэг дэх, гурав дахь, тав дахь өдөр өглөө 09.00 цагаас бэлтгэл эхэлдэг. Манай спорт багаасаа урт удаан хугацаанд хичээллэх хэрэгтэй. Ерөнхийдөө цаг хугацаа шаардана. Одоо энд байгаа хүүхдүүд гэхэд 17, 15, 14-тэй хүүхдүүд тэгэ­хэд хамгийн бага хуга­цаанд хичээллэсэн нь таван жил хичээллэж байгаа. Ма­найд тав, зургаан настай хүүхдүүдээ авч­раад хүүх­дийнхээ бэлтгэ­лийг хийл­гэ­чихээд өөрөө дараа нь бэлтгэл хийдэг ээж аавууд ч байдаг. Залуу­чуудын хувьд хоёр дахь, дөрөв дэх, хагас сайнд ирж бэлтгэлээ хийдэг юм. Мөн мэргэжлийн тамирчид шигшээ багийнхан маань бэлтгэлээ хийнэ. Ер нь ма­най заал өдөрт хоёр ээл­жээр 10 гаруй цагийн бэлт­гэлтэй завгүй өнждөг шүү.

Биднийг ярилцаж байх хооронд хүүхдүүд чөлөөт үзүүлбэрээ бэлдэж байлаа. Агаарт гурван ч удаа бүтэн эргэлт хийгээд хөл дээр тэнцвэр алдалгүй буухыг хичээцгээж байв. Учир нь гимнастикийн үзүүлбэр тэнц­вэртэй буултаас их шалт­гаалдаг. Хэтэрхий гүнзгий суухгүй, цээж урагш түлхэлгүй өсгийгөө нийлүүлээд зөв буух ёстой аж. Хэрэв буултад алдаа гарвал бага багаар оноо нь хасагддаг байна. Мөн спортын гимнастик хэрэглэл тус бүртээ байр эзлүүлдэг учраас эрэгтэй тамирчин нэг удаагийн тэмцээнээс долоо, эмэгтэй тамирчин тав хүртэл медаль авах боломжтой гэнэ. Энд бэлтгэл хийж буй таван хүүхдийн хувьд хамгийн том нь 17 настай боловч тавуулаа өнгөрсөн жилийн дотоодын насанд хүрэгчдийн чансааг тэр­гүүлжээ. Тэдний хамгийн бага нь 14 настай Э.Мөнх­наран байлаа. Өнгөрсөн оны насанд хүрэгчдийн чансааг тэргүүлсэн. Түүний хувьд удам дамжсан спортын гимнастикчин аж. Ээж нь спортын гимнастикаар хичээллэдэг байсан бөгөөд одоо тэрбээр эгч, дүү хоёрынхоо хамтаар гурвуул Д.Оюунтуяа баг­шийн удирдлага дор спор­тын гимнастикаар хичээл­лэдэг байна.

Э.Мөнхнаран “Би хамгийн анх эгчийн­хээ бэлтгэл дээр ирээд сонирхолтой санагдсан учир гимнастикаар хичээл­лэж эхэлсэн. Хичээллээд найман жил болж байна. Би ирээдүйд сайн тамирчин болоод олимп, дэлхийн аварга шалга­руулах тэмцээн оролцох зорилготой. Ойрын зорилго гэвэл өнөөдөр явах гэж байгаа тэмцээндээ амжилттай оролцох нь хамгийн том зорилго байна” хэмээсэн юм. Өндөр нам савлууртай хэрэглэлийн дасгалаа хамгийн сайн хийж чаддаг гэж хэлсэн тэрбээр 12-хон насандаа спортын дэд мастерын болзол хангасан гэнэ. Өвдгөндөө бага зэргийн бэртэл авсан учраас дасгалуудаа хийх­дээ зовиурлангуй ха­рагдсан. Гэсэн ч багш нь “Өвдөг нь өвдөж байна уу, Нараа. Өвдөж байвал хэлээрэй” гэхэд “Өвдөөгүй ээ, сайн боосон болохоор гайгүй байна” гэж байлаа. Би өвдөгнийх нь талаар асуухад “Хоёр хоногийн өмнө дамжуурган дээр буухдаа эвгүй буучихсан юм аа. Одоо бага зэрэг өвдөж байгаа ч гайгүй ээ. Өвдсөн ч тэмцээн болох гэж байхад тэсээд гарна” гээд инээсэн. Тэд өвдөж байсан ч тэсэх ёстой байдаг аж. Дасгалаа гүйцэтгэхээр хэрэглэл дээр гарсан бол тэдэнд ганц боломж байдаг гэнэ. Тэр л боломжийг ашиглаж урт хугацааны бэлтгэл, шаргуу хөдөлмөрийнхөө үр шимийг үзэх.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид