Улаанбаатар 1c

Тооны машинаас ч хурдан авьяастнууд

Монгол хүүхдүүд соробан сампин, цээж бодолтоор эх орныхоо нэрийг дэлхийд гаргаад багагүй хугацаа өнгөрчээ. Тэдгээр хүүхдийн төлөөлөл нь “Тояа” академийн сурагчид юм. Хүүхэд хөгжлийн “Тояа” академи нь анх 2008 оноос сампингийн сургалт явуулж эхэлсэн байна. Эхэндээ япон сампин буюу хоёр хурууны сампинг зааж байгаад таван жилийн өмнөөс зургаан хурууны сампингийн аргачлалыг нэвтрүүлж, сургалт явуулж эхэлсэн аж. Өнгөрсөн онд олон улсын цээж бодолтын тэмцээнд тав дахь удаагаа оролцсон тэд Гранд чампион нэг, чампион 16, алтан цом 20, мөнгөн цом 10, хүрэл цом зургааг хүртсэн амжилттайгаар эх орондоо ирсэн. Ингээд хүүхэд хөгжлийн “Тояа” академиас бэлтгэсэн сурвалжлагаа хүргэе.

Биднийг өрөөнд ороход гурван жаал доош тонгойн нэг гартаа харандаа барьж цаасан дээрх бодлогуудыг бодож суулаа. Ажиглавал их сонин хөдөлгөөн хийнэ. Анх харсан хүнд таталт өгч байгаа юм шиг хачирхалтай харагдана. Гэвч үнэн хэрэгтээ тэд хуруугаараа бодлогоо бодож байгаа нь энэ. Гурван сурагчийн хамгийн бяцхан нь Т.Анир долоон настай бөгөөд соробан сампингаар хичээллээд нэг жил болох гэж байгаа. Гурван сар хичээллээд олон улсын цээж бодолтын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод нэгдүгээр түвшний аварга болоод иржээ. Соробан сампингаар хичээллэсэн хүүхдийн баруун тархины хөгжил өндөр түвшинд очдог бөгөөд нэг тогтоосон зүйлээ ахин мартдаггүй байна. Т.Анир “Ээж намайг “Соробан сампин сурах уу” гээд би зөвшөөрсөнөөр энд явж эхэлсэн. Одоо би ангийнхнаасаа математикийн хичээлдээ хамгийн сайн нь. Мөн төгөлдөр хуур хөгжмөөр хичээллэдэг. Нотоо тоогоор орлуулж цээжлээд хөгжмөө тоглочихдог юм. Гэхдээ ойрдоо төгөлдөр хуурынхаа дугуйланд явахгүй байгаа. Өнгөрсөн жилийн цээж бодолтын олон улсын тэмцээнд нэгдүгээр түвшинд аварга болсон. Энэ жилийн тэмцээндээ түвшингээ аль болох олон шатаар ахиулаад оролцоно. Өнгөрсөн жилийн тэмцээнд явж ирээд онгоцноосоо буугаад л дараа жилийн тэмцээнд оролцох зөвшөөрлөө ээжээсээ авчихсан” хэмээсэн юм. Биднийг ийн ярилцаж байх зуур бодлого бодож суусан ах, эгч хоёр нь хажуугаас “Нээрээ бид хэд бараг бүгдээрээ онгоцноос буугаад дараа жилийн тэмцээнд оролцоно гэдгээ ээж, аавдаа хэлсэн шүү. Тэмцээндээ амжилттай оролцох болон түүний хажуугаар бид олон газар үзэж шинэ найзуудтай болдог болохоор их ирэх жилийн тэмцээнд түвшингээ ахиулаад оролцох нь л хамгийн чухал байдаг” гэв. Хамгийн хачирхалтай нь бидэнтэй ярилцангаа гурван хүүхэд маань бодлогоо бодож, хоёр үйлдлийг нэгэн зэрэг хийж байсан юм.

О.Баярмаа: Хүүхдийг соробан сампингаар дөрвөн наснаас нь эхлэн хичээллүүлбэл тохиромжтой

“Тояа” академийн соробан сампингийн сургагч багш О.Баярмаатай ярилцлаа.

-Сая ярилцаж суухдаа нэг сонин зүйлийг ажиглалаа. Хүүхдүүд маань бодлогоо бодонгоо миний асуултад хариулсаар байх юм. Анхаарлыг хэрхэн төвлөрүүлээд байна вэ?

-Тийм, манай хүүхдүүд бодлогоо бодохынхоо хажуугаар хүмүүсийн асуусан асуултад хариулж, дуул гэвэл дуулна. Ер нь нэг дор хоёр үйлдлийг зэрэг хийнэ гэсэн үг. Хүүхэд сампингаар хичээллэвэл баруун зүүн тархи жигд хөгждөг. Үүнтэй их холбоотой. Одоо харахад хүүхдүүд маань хуруугаараа бодлогоо бодож байгаа. Энэ бол сампин нь хүүхдийн маань тархинд бүрэн бууж байгааг харуулж байгаа юм. Эхлэн суралцаж байхдаа гар хэвшиж, тархинд нь төсөөлөл үүстэл сампин дээрээ хийдэг. Харин одоо баруун тархиндаа төсөөллөө бий болгоод зүүн тархиараа бодож буй тоондоо дүгнэлт хийгээд хариугаа гаргана. Ингэснээр баруун, зүүн тархины тэнцвэртэй үйл ажиллагаа бий болж байгаа юм. Анх хүүхдүүд өөрсдийгөө ийм чадвартай гэдгээ мэддэггүй. Анх бодлогоо бодож байхад нь асуулт асууж, дуу дуул гэхэд их гайхдаг байсан. Сүүлдээ дасан зохицоод сурсан.

-Хүүхдүүд тооны машин шиг л бодлогуудыг хурдтай бодож байна шүү?

-Тооны машинаас хоёр дахин хурдтай боддог гэж үздэг. Нэмэх, хасах, үржих, хуваах, зэрэгт дэвшүүлэх, язгуур гаргах гэх бүхий л үйлдлүүдийг цээжээр бодно. Үүнийг соробан сампингаар цээж бодуулах аргаар эхлүүлээд түвшин, түвшинд нь тааруулаад зааж эхэлдэг. Одоо энд сууж байгаа Э.Тэргэл маань таван жил сампингаар хичээллээд хамгийн дээд түвшиндээ хүрсэн байна. Одоо бол язгуур гаргах үйлдлийг цээжээрээ бодож чадна. Ер нь бол тооны машинаас хоёр дахин илүү хурдтайгаар бодох ба түүнээс ч илүү хурдан бодож чадна. Хүний тархины чадамж хязгааргүй хөгжих боломжтойг л харуулж байгаа юм.

-Сампингаар хичээллэснээр маш олон давуу талууд хүүхдэд бий болох нь харагдаж байна. Ер хүүхдүүдийг хамгийн багадаа хэдэн наснаас нь сампингаар хичээллүүлж болох вэ?

-Сампингаар хичээллэснээр хүүхдийн төсөөлөх, төвлөрөх чадвар нэмэгдэнэ. Тэсвэр хатуужилтай болно. Учир нь нэг суугаад олон цагаар бодлого бодож суудаг. Тийм болохоор сампингаар хичээллэсэн хүүхдүүд сууж сурсан байдаг. Ой тогтоолт бол маш их сайжирна. Хүүхдүүд шүлгийг хоёр, гурван удаа уншаад тогтоох гэж нэлээн юм болдог бол манай хүүхдүүд хараад л тогтооно. Хамгийн гол нь тогтоосон зүйлээ мартана гэж байхгүй. Мөн энэ нь хэл сурахад их нөлөө үзүүлдэг. Хичээллэх насны хувьд хүүхдийн нас бага байх тусмаа юмыг хүлээж авах чадвар илүү байдаг. Манайх 4-14 насны хүүхдүүдэд сургалтаа явуулдаг байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд маань хүүхдүүдээ аль болох багаас нь явуулбал үр дүнтэй.

-Соробан сампингаар дан ганц хүүхдүүд хичээллэх үү эсвэл насанд хүрэгчид ч хичээллэж болох уу?

-Насанд хүрэгчид хичээллэж болно. Гэхдээ хүүхдүүдийг бодвол илүү их хичээл зүтгэл гаргаж байж сурах болно. Насанд хүрэгчидэд зориулсан төвийг хороололд саяхан байгуулсан. Эхний ээлжинд ахмадуудад зориулсан ангийг нээсэн. Ахмадуудын нас яваад ирэхээр мартах гэдэг асуудал тулгардаг учраас 40 настай байхдаа санаж байгааз зүйлээ 60 нас хүртлээ санаж байхын тулд сампингаар хичээллэж байна.

-Хүүхдүүд хэр хугацаанд хичээллэж байж сампингүйгээр бодож сурдаг вэ?

-Яг тийм, ийм хугацаанд гэж хэлэхэд хэцүү. Зарим нь нэг сар болоод, нөгөөх нь гурван сар, нэг жил гээд янз бүр. Хүүхдүүдийн онцлогоос шалтгаална. Зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ хурдан түвшин ахиулж байвал сайжирч байна гэж үздэг. Гэтэл бид эхнээс нь системтэй зааж байгаа учраас түвшин ахихдаа гол нь биш зөв дарааллаар системээ сайн сурах нь чухал гэж хэлдэг. Ер нь сампингүй бодоод сурчихвал тухайн тоогоо илүү хурдан бодож болохыг хүүхдүүд ойлгодог.

-Танайхан сүүлийн таван жилд соробан сампин, цээж бодолтын олон улсын тэмцээнд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож өндөр амжилт гаргаж байна. Энэ тэмцээнийхээ талаар дэлгэрэнгүй яриач?

-Бидний оролцдог тэмцээн бол жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг цээж бодолтын хамгийн том олон улсын тэмцээн. Манай тамирчид өнгөрсөн жил тав дахь удаагаа оролцлоо. Өнгөрсөн жилийн тэмцээнд гэхэд л 46 орны 3000 гаруй тамирчин өрсөлдсөн. Манай улсын тухайд “Тояа” академи албан ёсоор оролцох эрхтэй байдаг. Бид энэхүү тэмцээнд оролцох тамирчдаа шалгаруулахын тулд үндэсний аваргаа зохион байгуулна. Эндээс л олон улсын тэмцээнд оролцох шилгүүд гарч ирдэг.

-Тэмцээний зардлын асуудлыг хэрхэн шийддэг вэ?

-Зардлын тухайд хүүхдүүд буюу эцэг эхчүүд нь хувиасаа гаргаж, шийднэ. Хүүхдүүд түрүүн хэлсэндээ “Онгоцноос буунгуутаа дахин дараа жилийн тэмцээнд оролцох зөвшөөрлөө ээж, ааваасаа авдаг” гэсэн нь тийм учиртай. Энэ жил ерөнхийлөгч биднийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Хэрэв улсаас дэмжээд өгвөл бидний гаргах амжилт илүү их нэмэгдэнэ гэсэн юм.

Аравдугаар түвшинд очихын тулд таван жилийн турш соробан сампингаар хичээллэж буй Э.Тэргэл охин. Тэрбээр долдугаар ангийн сурагч бөгөөд англи, орос хэлээр чөлөөтэй ярьж байлаа. Э.Тэргэл “Би сампингаар хичээллэхээр ирсэн анхны өдрөө л дуртай болсон. Эхний тэмцээндээ оролцоод хүрэл цом авч байсан юм. Дараа жилийн тэмцээнээс заавал алтан цом авна гэсэн зорилго тавиад түүндээ хүрч байлаа. Одоо бол аравдугаар түвшний гранд чампион болох зорилготойгоор тэмцээндээ бэлдэж байна. Сампинд явахаасаа өмнө англи хэлний хичээлээ бараг ойлгодоггүй нойр хүрээд байдаг байсан. Гэтэл сампингаар хичээллэж эхлээд амархан ойлгодог болсон. Би ирээдүйд О.Баярмаа багш шигээ сампингийн багш болно. Хүн ер нь дуртай зүйлээ л хийж байвал сайхан байдаг. Тийм болохоор би энд, тэнд тоо харагдах юм бол бодоод л суудаг” гэсэн юм.  

Сампингаар хичээллэж буй хүүхдүүдийн гарны “төвөгтэй” хөдөлгөөн, байнга толгой нь ажиллаж бодлого боддог зэргийг нь харвал их ядардаг байх гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн юм. Энэ талаар хүүхдүүдээс асуухад “Огтхон ч тийм биш” хэмээсэн. Энэ асуултыг ганц би ч биш хүүхдүүдийн эцэг, эхчүүд ч бас тавьдаг байна. Гэвч үнэн хэрэгтээ хүний тархи нэг зүйлд сайн төвлөрч чадвал амралт болдог аж. Тийм учраас багш нь хүүхдүүдээ “Манай энэ хэд ядарна гэж байхгүй ээ. Харин ч бодлогоо бодож байвал л тархиа амрааж байгаа хэрэг” гэлээ. Хүүхдүүдийг багаас нь соробан сампингаар хичээллүүлэх нь олон талын ашигтай болох нь эндээс харагдсан юм. Тэд ерөнхий боловсролын сургуулийнхаа өөрийн сурч буй ангийн математикийн хичээлдээ 1-3 түвшнээр дээгүүр байдаг байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид