Улаанбаатар 1c

Салхин дээр “УРГАСАН” сарнай

Энэ бол хүний түүх. Жаргал дүүрэн “нисч” буйгаа эх дэлхийгээр нэг зарлаж яваа бүсгүйн түүх. Хоолой зангирам ч бясалгаж суумаар тийм нэг гашуун үнэн. Арьс, яс, бие, сэтгэлээр амссан бүхнээ агаар дээр хийсгэж “Эрх чөлөө гэдэг бол их хайр юм” хэмээн салхин дээр цагариглуулан бичиж яваа эмэгтэйн түүх. Оч шиг гэрэлтсэн ийм нүднээс нулимс хэзээ ч урсаж байгаагүй байхдаа гэмээр. Үргэлж инээд цалгисан ийм харцанд гуниг, айдас ер зэрэгцээгүй болов уу гэлтэй. Цувны хормой, хүзүүн дэх алчуураа салхинд дэрвэхийг мэдээгүй юм шиг алхах энэ турьхан биед хэн нэгний зангидсан гар хүрэх нь бүү хэл тэврэх газраа олж ядан төөрдөг байх даа гэмээр. Гэвч гоо үзэсгэлэн, авьяас билэгтнийг ямар нэг хар сүүдэр дайрахгүйн жаргал даанч үгүй аж.

Түүнийг Халтархүүгийн Эрдэнэчимэг гэдэг. 1964 оны арванхоёрдугаар сарын 7-нд Улаанбаатар хотод төрсөн. Раднаабазарын нэрэмжит циркийн сургуулийг 1984 онд төгсөж улмаар 1991 оноос Америкийн “Ringling Bros and Barnum & Bailey” циркт жүжигчнээр ажилласан түүний амьдралын нэгээхэн түүхээс сийрүүлэхээр хаанаас нь эхлэх учраа олж эс чадна. Угаас амжилт бүтээл дүүрэн, түүх замналынх нь мөр тод хүмүүний дотор сэтгэлийг нээнэ гэдэг асар хүнд хариуцлага билээ. Би түүний талаар ердөө сураг төдий багахан мэдээлэлтэй байв.

Бид бие биенээ таньдаг болсон цаг хугацааг хэмжвэл ихээ богинохон өдрүүд яригдана. Тодруулж хэлбэл, Х.Эрдэнэчимэг гэх энэ бүсгүй жүжигчин. Тэр дундаа жүжигчнээс асар их мэдрэмж, эр зориг, авьяас, хүч хөдөлмөр, хичээл зүтгэл шаарддаг дудартай акробат үзүүлбэрийн “нисдэг” эгч, АНУ-д монгол эмэгтэйн ур ухаан, үзэсгэлэн гоо, авьяас билэг, хүч хөдөлмөр юутай яндашгүйг таниулан амьдарч яваа эмэгтэй гэдгээс өөрийг мэддэггүй тийм нэг холын танилууд. “Миний анхны хайр, миний зовлон байсан” хэмээн ярьсан түүний хэлсэн энэ ганцхан өгүүлбэр энэ хүнийг илүү их судлах, дотор руу нь өнгийж харах, ойртон нөхөрлөх, итгэж ярилцах шалтгаан болсон юм. Тэр бол даван туулагч байв. Юуг гэж үү, хүчирхийллийг. Тэр мэдрэгч байжээ. Айдас, түгшүүр, нулимс, зах замбараагүй хардалт, хаана байгаагаас үл хамаарсан зодуур, хэн нэгнээс шалтгаалаагүй уур бухимдлыг арьс, ясаараа мэдэрсэн өртөгч байж. Харин өдгөө тэрбээр АНУ дахь тэргүүлэх зэргийн циркийн сургууль болох “Circus Juventas”-ын ахлах багш, “Circus Manduhai”, “Mission Manduhai” циркийн үүсгэн байгуулагч.

            “ЭЭЖЭЭ ТАНЫ ШАРХ АНЬСАН УУ” ГЭЖ АСУУМААР САНАГДДАГ

“...Намайг зургаахан сартай өлгийнөөсөө салаагүй байхад Халтархүүгийнх гэдэг айл “Найрамдлын” Дархан хотод суурьшихаар ирсэн байдаг.  Дөнгөж л коллеж төгсөцгөөсөн залуухан ажилчид Дархан хот анх үүсэхэд илгээлт авч Дарханд ажиллаж амьдрах томилолт өвөртлөжээ. Миний ээж Сэндэнсүрэн худалдааны нярав, харин аав Халтархүү цахилгаан станцад ажилд орж айл гэр болцгоосон байдаг. Би гэдэг хүн Дарханд өсч Дарханы гуравдугаар сургуулийн наймдугаар ангийг төгсөөд Улаанбаатарт циркийн сургуульд шалгалт өгч тэнцсэнээс хойш энэ салбарт залуу нас, амьдралын баяр гуниг, зовлон жаргал гээд бүхнээ зориулжээ” хэмээн ярих түүний яриа монголын циркийн нэгэн үеийн түүхийг багтаасан их архив мэт. Хэт тоймлосон энэ мэдээлэл дунд хэзээд ой тойноос нь арчигдахгүй үйл явдлын дүрс үлдсэн нь аавынх нь тухай дурсамж гэсэн юм. Энэ тухайгаа Х.Эрдэнэчимэг  “Миний хэзээ ч хэнээс ч нуудаггүй зүйл бол миний туулсан гэр бүлийн хүчирхийлэл. Түүнд өртөж явсан он жилүүдийн ором.  Өдгөө монголд гурван эмэгтэй тутмын нэг нь цоожтой хаалганы цаана өрнөдөг хүчирхийлэл мэдэрч байна. Би өртөгч гээд хэн хүссэн нь өөрийгөө илчлэх тийм амархан биш. Энэ бол ямар хүнд дарамт байдгийг би мэднэ. Яасан уйтай зовлон болохыг би хэлж чадна. Бяцхан охин байхаасаа айдас гэж юу болохыг, архины эхүүн үнэр, гэр дүүрэн суунаглах тамхины саарал утаан дунд ээж минь хэдэн ч удаа хашгиран уйлсныг тоолж барахгүй. Ингэх бүртээ үзэсгэлэнтэй, залуухан ээж минь хацар, нүд, уруул, хөл, гар, нуруу, үс, толгойгоороо ямар олон удаа биднийг далайсан гар, зангирсан уур омогоос хамгаалсныг хэлж чадахгүй нь. Одоо миний ээж Дархан хотдоо амьдарч охиноо эх орондоо ирэхийг харуулдан суудаг. Наян нас руу нэлээд дөхөж яваа ануухан буурал бий. Миний ээж долоон сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн. Би дээрээсээ хоёр дахь нь. Зургаан охин нэг хүү төрүүлсэн ээж минь нэг, хоёр жилийн зайтай биднийг төрүүлж өдий зэрэгтэй явахад чиглүүлж хүмүүжүүлсэн байдаг. Мөн ч их хөдөлмөр, хайр байгаа биз.  Хэдийгээр би АНУ-д ажиллаж амьдарч байгаа ч ээжийгээ их санана. Бодно. Заримдаа “Ээж ээ, таны зүрхний шарх аньсан уу” гээд тэврэхийг хүсдэг.  Миний аав Ховд аймгийн уугуул хүн байсан. Аав балгана.  Найзуудтайгаа дарвиж байсхийгээд л гэртээ архи ууж тамхи татна. Ууж наргисан бол чимээгүйхэн унтчихдаггүй байв. Үргэлж ээжийг зовооно. Аавыг архи уусан үед манай гэр хашгирсан, зодолдсон, хүүхдүүд чарлаж, айж уйлсан, эд хогшил эвдэрч хэмхэрсэн аймшигт орчин болж хувирдагсан. Аав согтуураагүй үед миний аав шиг сайн хүн байхгүй. Хоол их сайхан хийнэ. Гэр амар амгалан, хамтдаа инээж наадаж хөзөр тоглосон жаргалтай өдөр үргэлжлэнэ. Одоо харин аав эзгүй таван жил болжээ. Мэдээж аавын минь амьдарч байсан бүх цаг хугацаа хар дарсан зүүд мэт байгаагүй. Одоо бодоход сайхан дурсамж олон. Түүн дотроо наймдугаар анги төгссөн намайг Дарханаас Улаанбаатар руу замчилсан хүн бол миний аав байсан юм. Бид хамтдаа долоон цаг воганаар аялж их хотод хөл тавьж билээ. Ингэж л аав намайг циркийн сургуульд шалгуулсан нь миний амьдралын “Алтан гадас” болсон”. Тэр ийн аавынхаа тухай дурслаа.

              ЦИРКИЙН МАНЕЖНЫ “НИСДЭГ” ОД

Х.Эрдэнэчимэг дөрвөн жилийн циркийн коллежийг онц, сайн сурч төгссөн тул аравдугаар ангийн боловсролыг эзэмшсэнийг нь батлах улаан дипломтой амьдралд хөл тавьжээ. Ингээд 1984 оноос мэргэжлийн жүжигчнээр “Монголын цирк”-д ажиллаж эхэлсэн байна. Энэ хугацаандаа Монгол орны бүх аймаг, сумаар аялан тогложээ. Мөн Польш, Дан Марк, Aвстрали, Орос гэх мэт гадны орнуудад амжилттай тоглож Монгол гэх нэрийг дэлхийн тавцанд дуудуулж эхэлж. Түүнийг циркийн алтан манеж өлгийдөн авсан даруйдаа “нисдэг од” болгосон байна. Ингэхдээ тайз чимж агаарт гэрэлтсэн “од” маань бодит амьдрал дээр буухдаа ёстой л хүн итгэмгүй зовлонг амсаж байлаа. Энэ тухайгаа тэрбээр “Би ээжийнхээ амссан зовлонг давтаж байлаа. Хэд хэдэн удаа надад агаарт ямар ч хамгаалалтгүй нисч байхдаа үхвэл үхье гэсэн бодол орж ирсэн. Даанч бяцхан үр минь нүдэнд харагдаад үхэл рүү нисч очиж чадаагүй” хэмээн дурссан юм. Түүний зовлон эхэлсэн тэр үе рүү уншигч таныг хөтлөе.

Нийтлэлийн минь баатар гал голомтоо асаасан гэрэлт амьдралаа анхны хайртайгаа эхлүүлсэн байдаг. 16-хан настай жаахан охин хотод ирж, циркийн сургуульд орсон даруйдаа ангийнхаа Б гэх хүүд хайртай болж үерхэж эхэлжээ. Тэд хамтдаа сургуулиа төгсөөд гэрлэж, хүүхэдтэй болсон. Хайраар эхэлсэн энэ амьдралын өнгө хоног хугацаа улирах тусам гундаж буй нь түүний нүднээс уншигдах болсон нь уйтай. Хүүгийн аав байсхийгээд л архи балгана. Уух болгонд авир нь өөрчлөгдөж агсам тавьж хэн дуртайтайгаа хардана. Мэдээж хагартлаа бухимдаж халамцсан авирын цаанаас уур бухимдал маналзаж гар хүрч зоддог болов. Эцэстээ хацар, шанаандаа алгадуулах нь хэвийн үзэгдэл болж байв. Тэр бүхний ард үргэлж хүүгийнхээ аавыг хайрлах, ойлгох, уучлах орон зай гаргасаар л...

“Би ханийгаа засч чадна. Хүү бид гурвын амьдрал сайхан болно. Дахиад жаахан тэсвэр тэвчээртэй, ухаалаг байж чадвал энэ бүхэн дуусна. Миний хань хайрынхаа ажлыг ойлгоно. Хамтдаа амьдралаа дүүрэн байлгаж чадна” хэмээн гэгээн сайхнаар бодож, төсөөлж явсаар долоон жилийг үджээ. Байдал дээрдсэнгүй. Харин ч цаг хугацаа өнгөрөх тусам зодуулах, хэнтэй ч сайхан харьцаагүй байж үл ойлгогдох шалтгаанаар хамт ажиллагсадтайгаа хардуулах байдал хэрээс хэтэрч эцэстээ тоглолтын тайз руу гарахын өмнө нь хүртэл цөөнгүй удаа гар хүрчээ. Олны нүдэнд хавдсан, хөхөрсөн арьс, махаа үзүүлэхгүй гэхдээ хамгийн тод өнгөөр зузаан гэгч нь будаж аваад тайз руу гардаг боллоо. Нэг л өдөр ухаарсан. “Би яг л ээж шигээ дарамттай амьдарч зодуулдаг болсноо ухаарсан. Мэдээж энэ бүхнийг хаяад явах юм уу, ханиасаа салах, хүмүүст өөрийгөө ойлгуулах, тусламж авах шиг хэцүү зүйл байсангүй.  Анхны хайр минь учир түүнд би маш их хайртай байв. Засрана гэж итгэсээр. Тэгээд тэр олон удаагийн зодуурын дараа сая  л миний толгойд яана аа, энэ хүн хэзээ ч засрахгүй юм байна. Насаараа ийм байх нь” гэсэн бодол ямар ч эргэлзээгүйгээр төрсөн. Тэгээд нөхөртөө хэллээ. “Би ингэж амьдрахгүй. Надад үнэхээр хэцүү байна. Үргэлж нүүр ам хөхөрсөн, уйлсан, гунигтай явж байна. Хөх няц арьсаа будаг түрхэж нууж байна. Хүн болгоны өмнө худлаа инээж юу ч болоогүй юм шиг явж чадахгүй. Хүүгээ аваад аав, ээж рүүгээ Дарханд очиж амьдарна” гэж хэлсэн. Ингэж хэлснийхээ хариуд  дахиад л зодуулсан. Тэгээд л би Дархан руу утасдаж анх удаа гэрийнхэндээ “Намайг нөхөр маань зоддог” гэдгийг хэллээ. Би өмнө нь хэнд ч энэ тухай хэлдэггүй байв. Хамгийн сайн найздаа хүртэл хэлдэггүй байсан. Хэлэхээсээ их ичнэ. Нэр хүндтэй, сайхан амьдарч яваа юм шиг л нуудаг байв. Охиныхоо дээрх үгийг сонсоод ээж минь зөндөө их уйлж билээ.

Х.Эрдэнэчимэг өөрийн амьдралынхаа хамгийн гунигтай, хатуухан өдрүүдийн талаар ийн ярилаа. “Энэ хүнд он жилүүдэд тайзан дээр гарах л хамгийн хэцүү байсан. Циркийн  үзүүлбэр бол үдийн будаа биш. Үргэлжийн бэлтгэл сургуулилт шаарддаг. Сэтгэл санаа асар өндөр хэмжээнд төвлөрч байж үзүүлбэрийн гүйцэтгэл сайн болно. Жүжигчин жаахан л сэрэмж алдвал үхэхэд ойрхон. Насаараа хичээгээд ч босохгүй бэртэх магадлалтай, хүнд мэргэжил. Үнэхээр тэр үед тайзны ард зодуулчихаад яаж тэр өндөрт нисч чаддаг байснаа эргээд бодоход гайхдаг” хэмээн санааширсан. Гэтэл бид циркийн жүжигчид гэдэг ямар гайхамшиг болохыг нь харж таашааж байснаас нэг ч удаа хүнийх нь амьдралын зовлонг мэдэрч харж байсангүй билээ.

АМЬДРАЛЫГ МИНЬ ЭРГҮҮЛСЭН АМЕРКИЙН ЦИРКИЙНХЭН

Ээж нь охиноо хэрхэн зовж байгааг хэн бүхнээс ч илүү мэдэх учраас Дарханаас хоёрхон цагийн дотор давхиад иржээ. Ингээд циркийнх нь даргатай уулзаж охиноо авч явна гэдгээ хэлсэн байна. Ингэхдээ нөхөр нь охиныг нь ажил хийлгэхгүй хэрхэн зовоож байгааг учирлан ойлгуулсан ч тусыг эс олжээ. Циркийн дарга Х.Эрдэнэчимэгийг нөхрийнх  нь хамт өрөөндөө дуудаж “Бид чамайг явуулахгүй. Чи бол манай циркийн амин зүрх. Хамгийн шилдэг жүжигчдийн нэг. Удахгүй тоглолт болох гэж байна. Ажлаа хаяна гэж юу гэсэн үг вэ” хэмээн аргадаж харин нөхөр Б-г донгодож “Дахин эхнэрээ зодохгүй” гэх амлалт бичүүлж авчээ. Ингээд дахиад л итгэл дүүрэн амьдрал эхэлсэн байна. Өнөөх амлалт гурван ч хоног мөрдөгдсөнгүй. Зодоон, архи үргэлжилсээр...

Ээжийгээ дуудаад ч болдоггүй юм бол өөр яаж хүүтэйгээ эсэн мэнд зугатах вэ гэх бодол цаг наргүй бодол санааг нь эзэгнэнэ. Аргаа барахдаа хүүгээ авч зугатаад циркэд хамт ажилладаг эгч Х-ийнд очиж хэд хоносон ч нэмэр болсонгүй. Гэрээсээ зугатсаныхаа төлөө өмнөх өдрүүдийнхээсээ ч их зодуулжээ. Нүүрэндээ хүнд гэмтэл авч эрүү, шүдээ хугалуулав. Арга мухардав. Цагдаа дуудвал бүр их зодуулна гэдгийг мэддэг учраас нэг ч удаа цагдаад хандаж эрсдэл гаргахыг хүсээгүй байна. Эцэс төгсгөл нь хаана хүрэх нь мэдэгдэхгүй хүчирхийлэлд  Х.Эрдэнэчимэг яг долоон жил амьдарсан аж.

1991 он. Аз тохиов. Америкийн хамгийн том, алдарт цирк “Rinling Brother's Circus”-ийн дарга, продюссер нар Монголд ирэв. Энэ бол Х.Эрдэнэчимэг гэх бүсгүйн амьдралыг өөрчлөх, орвонгоор нь эргүүлэх тийзийг гартаа атгаж ирсэн жинхэнэ авралын бурхдын илч төлөөлөгч нар байв. Тэдэнд Монголын циркийн урлагийн хамгийн шилдэг үзүүлбэр болох дудартай акробат, шидэх банз, агаар дээрх уран нугаралтууд таалагдаж  хоёр жилийн хугацаанд хамтран ажиллах гайхамшигтай санал тавьсан байна.  Дээрх үзүүлбэрүүдийн цохилох зүрх болсон жүжигчин Х.Эрдэнэчимэггүйгээр дээрх бүх номерууд юу ч биш байлаа.

                                  САЙН БАЙНА УУ, АНУ

АНУ-ын циркийнхэнтэй хоёр жилийн гэрээ байгуулах ажил Х.Эрдэнэчимэг эгчид эрх чөлөө гэж юу болохыг мэдрүүлэх, амар сайхан амьдарч болох “Аз жаргалын урилга” байсан ч хүүхэдтэйгээ явж болохгүй гэдэг хад мөргүүлжээ. Ингээд циркийн манежийн “нисдэг од” хүүг минь хамт явж болно гэж зөвшөөрөхөөс нааш хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурахгүй хэмээн гадны мэргэжилтнүүдийг шахаанд оруулж өөрийн хүслээ биелүүлж чаджээ. Ингэж л хамгийн сүүлийн удаа нөхөр Б-аар эрүүнийхээ ясыг хугартал зодуулаад хавдаж хөхөрсөн нүүрээ будаж онгоцонд сууснаас хойш өдгөө 20 гаруй жилийг үдсэн байна. Өдгөө АНУ-ын Миннесота мужид ажиллаж амьдарч байгаа Х.Эрдэнэчимэг бүсгүй Монголын циркийн гайхамшигт үзүүлбэрийг дэлхийн циркийн тайзан дээр амилуулж явна. “Сайн байна уу АНУ” хэмээн залуухан Монгол бүсгүй хүүгээ тэвэрсээр хөл тавьж асан холын Америк өдгөө Х.Эрдэнэчимэгт хувь хүний эрх чөлөө, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гэж юу байдгийг харамгүй хайрласан байна.

                           ЭРОН БА АЙДАС

“Эр хүний зүрх сэтгэлээс хэзээ ч хайр, халамж ундардаггүй юм байна” гэсэн хатуу бодол намайг АНУ-д очсноос хойш ч дагасаар байсан айдсын сүүдэр байлаа. Хүүгээ коллежид ортол ямар ч эр хүнд би итгэж зүрхлээгүй. Зөвхөн хүүгээ өсгөж, хоёр ч газар давхар ажилласан. Авсан цалингаасаа илүүчилж Монголд суугаа аав, ээж, эгч, дүү нар руугаа явуулдаг байлаа. Хэдийгээр зангидсан гараас мултарч хүний нутагт ирсэн ч амьдрахад амар хялбар байсангүй. Хэл мэдэхгүйн зовлон их. Монгол, эх нутгаа санах, өвдөх хавдах, гуниглах хэцүү үе зөндөө байлаа. Би үргэлж өөртөө чадна, болно, бүтнэ, сайхан болно гэж хэлсээр өдөр хоногийг барж байв. Амьдрал ямар баялаг болохыг ухаарч чадсан тэр үеэс миний амьдрал дахин шинээр эхэлсэн. Айдсаа ялах нь хамгийн том ялалт юм байна гэдгийг ухаарсан  хэмээн ярих Х.Эрдэнэчимэг өдгөө Эрон Вүүдс гэх сайхан сэтгэлт эр нөхөртэйгөө амьдралаа холбосон. Эрон хөгжимчин бөгөөд урлагийн асар өндөр мэдрэмжтэй, Монголд хайртай нэгэн гэнэ билээ. Монгол эмэгтэйд ухаангүй дурлаж халуун зүрхнээсээ Х.Эрдэнэчимэг бүсгүйг хайрласан нь арван жилийн өндөр босготой шалгуурыг давснаар гэрчлэгдэх гэнэ. Хайр, халамж дүүрэн Эроны сайхан зан чанарт Х.Эрдэнэчимэг бүсгүйн өмнөх амьдралын таагүй бүхэн үргэж илааршсан байна. Х.Эрдэнэчимэг зуны дэлгэр цагт эх орондоо ирж хөдөө орон нутагт аялан тоглолт хийдэг бөгөөд үнэ төлбөргүйгээр циркийн үзүүлбэрийн гайхамшгийг олон нийтэд таниулан сурталчилдаг юм. Мөн өөр шиг нь зовлонтой олон хүнд зөвлөгөө мэдээлэл өгч, хүчирхийллийг даван туулахад нь туслалцаа үзүүлдэг. Тэрбээр “Дарамтгүй амьдрал гэдэг ямар сайхан гээч. АНУ бол хүний эрх, эрх чөлөөг дээд хэмжээнд сахидаг. АНУ-д хэн нэгнийг бие сэтгэлийн дарамтад оруулж хүчирхийлсэн этгээдийг олон нийтийн болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд зарладаг. Хүчирхийлэгчийг өмгөөлдөггүй. Нэр, зүсийг нь нийтэд нээлттэй танилцуулж жигшээдэг. Монголд ийм эрх зүйн орчин бүрдэхгүй байна. Гэхдээ тодорхой хэмжээний ахиц гарсанд баярладаг. Харин бид үр хүүхдээ хамгаалах төгс гарц олох хэрэгтэй байна. Хүчирхийллийн золиос болсон хүүхэд зориггүй, өөртөө итгэх итгэлээ гээдэг. Ийм ирээдүйг бид хүсээгүй” хэмээн олон хүнд хэлэхийг хүссэн юм. Мөн “Mission Manduhai” гэдэг гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ашгийн бус байгууллагыг 2010 онд байгуулсан. Тус байгууллагынхаа шугамаар “Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв”-тэй хамтарч ажилладаг бөгөөд зөвлөгөө өгдөг утасны шугамыг 24 цагийн туршид ажиллуулах санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байна. Тэр үргэлж итгэл найдвар бийг хүмүүст хэлдэг. Ингэхдээ хүчирхийллийн золиос болж яваа олон хүнд тусалж “Танд сонголт бий” хэмээн зоригжуулдаг. Өлсөж үзсэн хүн л өлсгөлөн хүний зовлонг ойлгодог шиг зовлон үзсэн хүн л жаргалын хаалгыг нээнэ. Мэргэжлийнхээ ачаар эрх чөлөөнийхөө хаалгыг нээж хүчирхийллээс ангид нийгэм бүтээх гэж зорьж яваа Монгол эмэгтэйн нэгэн түүх ийм байна. Түүний гаргасан зам хайр, эрх чөлөө рүү салаалаг ээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Ашгуй яаж нэг монголоос яваа вэ,бсан бол тэр хун мердеж зодсоор бгаад алах бсан бх даа
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Аагий
    Яасан сайхан бичээ вэ
    2019 оны 01 сарын 28 | Хариулах
  • Erdenetsetseg
    wooow
    2019 оны 01 сарын 28 | Хариулах
Нийтлэлчид