Улаанбаатар 1c

Мянганы замын тогоочоос мэргэжлийн сийлбэрчин болсон бүсгүй

Ц.ДУЛАМСҮРЭН

Хүний орчлонд юу эс тохиох билээ. Тэр дундаа эх хүн баяр жаргал, зовлон гунигийн завсар амьдарч, хатуужина. Өөрийгөө хойш тавин бие, сэтгэлээ эмтлэн байж бусдыг хайрлана, тэтгэнэ. Ээжүүд ийм л агуу хүмүүс.

Хоёр хүүхдийн ээж Н.Хонгорзул бүсгүй Монголын мянга мянган ээжүүдийн нэгэн төлөөлөл. Амьдрал түүнийг “туршиж” хөхний хорт хавдар гэгч аймшигт өвчин туссан ч энэ бүхнийг сэтгэлийн хат, эр зоригоороо даваад гарсан юм.

Түүнийг цахим орчинд олон хүн танидаг. Учир нь Н.Хонгорзул бусдад үлгэр дуурайлал болсон нэгэн. Эмэгтэй хүний тэр бүр хийгээд байдаггүй модон сийлбэрийн урлагийг гарамгай эзэмшсэн сонин түүхтэй. Энэ бүхнийг тэр хоёр охиныхоо төлөөл хийж яваа юм. Ингээд Н.Хонгорзултай ярилцсанаа уншигч танд хүргэе.

-Юун түрүүнд бидэнд өөрийгөө танилцуулаач?

-Би 1983 онд нийслэлийн Налайх дүүрэгт төрсөн. Дөрвөн ах, нэг эгч, нэг эрэгтэй дүүтэй өнөр өтгөн айлын зургаа дахь хүүхэд л дээ. 2001 онд арван жилээ төгсөөд их сургуульд суралгүй ажиллаж эхэлсэн юм.

Миний аав Налайхын нисэхийн цэргийн ангид цахилгаанчин хийдэг байлаа. Их сургуульд сураагүй шалтгаан нь аавыгаа зовоохыг хүсээгүй. Тухайн үед аав дөрвөн оюутны төлбөр төлдөг байсан. Бид ганцхан насны зөрүүтэй болохоор ерөнхий боловсролын сургуулиа эхэлж төгссөн нь оюутан болно. Тиймээс би суралцах тал дээр хоцрогдсон. Гэлээ гээд үүндээ хэзээ ч шаналж байгаагүй.

Аав, ээж хоёр минь архи ууж, тамхи татдаггүй хүмүүс тул үр хүүдүүддээ үлгэр дуурайлал болсон юм. Бид ч мэдлэг боловсролыг эрхэмлэсэн сайн хүмүүс болж өссөн.

-Н.Хонгорзул гэдэг бүсгүй буюу эмэгтэй хүн сийлбэр хийдэг гэж дуулахад их сонирхолтой санагдсан. Та хэзээнээс модон сийлбэр хийж эхэлсэн юм бэ? 

-Сийлбэрийн урлагт багаасаа суралцаагүй л дээ. Гурван жилийн өмнөөс буюу 2015 онд х сийлбэр оролдож үзсэн. Түүнээс хойш уйгагүй ажиллаж байна. Сийлбэрчин болохоос өмнө олон ажил хийж үзлээ. Мянганы зам дээр тогооч, барилгачин, цахилгаанчин, цэвэрлэгч, үйлчлэгч, угаагч гээд хийж үзээгүй ажил ховор. Хүн хийдэг юу л байна тэр болгоныг хийлээ. Яагаад гэвэл хүүхдүүдийнхээ төлөө би л ажиллахгүй юм бол өөр хэн тэднийг минь гэх билээ. Би 2009 онд хөхний хорт хавдар туссанаа мэдсэн. Гэсэн ч баасан гарагт нь хагалгаандаа орчихоод ирэх даваа гарагт нь барилга дээр ажлаад л явж байлаа.

Модоор сийлбэр хийх болсон шалтгаан маань хоббиноос минь үүдэлтэй. Бас хорт хавдар туссан нь ч нөлөөлсөн. Учир нь би хүнд юм өргөж, хамаагүй ядарч болохгүй. Иймээс л  өөртөө амар болоод, санхүүгээ таслахгүй авч явахад ямар ажил хийвэл зохимжтой вэ гэдгийг судалсан. Ингээд интернэтээс модон сийлбэр хийх аргыг харж, дагаж хийн өнөөдрийг хүртэл түүнийгээ хөгжүүлж байна.

-Сийлбэр анхлан суралцаж байхад хэцүү байсан болов уу. Тэр болгонд бэрхшээлийг хэрхэн даван туулж байв?    

-Саад бэрхшээл байлгүй л яахав. Мод сийлэх, цоолох бүхэнд багаж ашигладаг. Тэдгээр зүйл хурц иртэй, том багажнууд болохоор ашиглахад хүндрэлтэй. Энэ бүхэнд мэдрэмж маш чухал. Зөвхөн хуруугаараа тэмтэрнэ, арга эвийг нь олж ажиллана. Монголдоо байх үедээ захиалга орж ирэхээр цехийхэнтэйгээ, эсвэл ганцаараа хийчихдэг. “Цехийнхэнтэйгээ” гэж хэлсэн нь би сийлбэр хийдэг хэд хэдэн хүнтэй нийлээд пудволын өрөө түрээслэдэг юм л даа. Одоо хүйтэн болчихсон болохоор тэнд удаан суугаад байж чадахгүй юм. Уурхайчдын байранд ээж дээрээ байж болох ч орон сууцанд багаж хэрэгсэл хамаагүй дуугаргаж болохгүй тул гэр хороолол л миний ажлын байр болж байна.

-Өвчиндөө түүртэн ядарч явахад тань хамгийн их тусалсан хүн хэн байв?

-Аав минь эрт өнгөрсөн. Ээж минь байдаг ч түүнд хорт хавдрын талаар хэлээгүй юм. Учир нь хүмүүст төвөг удахыг хүсээгүй. Гэхдээ ээж минь одоо мэдчихсэн болохоор үр хүүхдүүдийг минь харж өгөөд их л дэмтэй байна. Хорт хавдар туссан тухайн үед хоёр охин минь жаахан байсан. Анх хөх өвдөөд идээтэй том ургацаг ургачихсан... Хүүхдүүдээ ийм зүйл харуулж байгаадаа санаа зовдог байлаа. Энэ бүхнийг харсан охин минь “Би эмч болно. Тэгээд ээжийгээ өвчингүй болгож өгнө” гэж билээ. Хэлсэн үгэндээ хүрэх гэж одоог хүртэл зүтгэж яваа охиноороо бахархдаг юм. Тэр минь их ухаантай, надад урам их хайрладаг.

-Дуртай ажилдаа цаг завааа зориулна гэдэг сайхан. Ингэхэд та хэр их завгүй хүн бэ?  

-Хаана ажиллаж байгаагаасаа хамаараад янз бүр. Гэртээ байх хугацаандаа унтаж амарчихаад тайван ажиллана.  Харин гадагшаа дотогшоо явахдаа энд зөвхөн миний нэр гараад зогсохгүй аавын минь, нутгийн минь тэр дундаа монгол эмэгтэйн нэр гарна шүү дээ гэж бодож ажилладаг. Тиймээс чанартай бүтээл гаргахыг зорино.

Өвөр Монгол руу нэг, гурав, зургаан сарын хугацаатай явж гэрээгээр ажилладаг юм. Монголоос таван эмэгтэй хоёр эрэгтэй явдаг байснаас эмэгтэйчүүдээс би л энэ ажилдаа үлдсэн байна. Өвөр Монголд сийлбэрээ гүнзгийрүүлэн сурснаас гадна 3D зураг зурж, саяхан амьтны үсээр чихмэл хийж сурлаа. Хийсэн бүтээлүүд гэх юм бол Монголын түүхийн томоохон цогцолбор бүтээсэн. Чингис хааныг түүнийг хүүхэд, хатад, алтан ургын бүх хааныг бүтээлээ. Хаалганыхаа дэргэд хоёр вакум цонхтой бүрэн сийлбэртэй монгол гэр, амралтын газрыг монгол гэр шиг болгож, музей тохижуулах гэх мэт олон зүйл хийсэн.

-Бүтээл дууссаны дараа хүмүүсээс урмын үг их сонсдог байх. Тэр дундаас сэтгэлд хоногшсон хамгийн гоё үгийг хэн хэлж байв?

-Өвөр Монголын “Одон” телевизийн хөтлөгч эмэгтэйн үг юм уу даа.  “Хөөх монгол эмэгтэй хүн энийг хийсэн гэж үү, ямар мундаг юм бэ” гээд магтсан. Тэгээд надаас “Монгол эмэгтэйчүүд бүгд ийм мундаг уу” гэж асуухад нь би “Монгол эмэгтэйчүүд бүгдийг хийж чадна” гэж бахархалтайгаар хэлсэн шүү.

-Та одоо ямар бүтээл хийж байна?

-Миний эгч бурханы гүнгэрваа, авдар хоёр хийгээд өгөөч гэсэн байгаа. Энэ хоёртоо битүү хээ сийлүүлэхийг хүссэн.

-Та өөрийнхөө чадварыг өөр бусдад өвлүүлэх, заах ажлыг хийж байгаа юу?

 -Тэгэлгүй яахав. Хэдийгээр би өөрөө суралцаад л явж байгаа хэдий ч хэд хэдэн хүнд сийлбэр хийх аргыг зааж өгсөн. Хөгжлийн бэрхшээлтэй буюу одой залууд заасан. Тэрбээр энэ чиглэлээр аргаа олоод амжилттай ажиллаж явна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс чинь энгийн хүнээс дотоод ертөнц, чадвараараа хамаагүй илүү байдаг юм. Ийм олон хүнд зааж өгөхийг хүсэж байна. Мөн арван жилийн хүүхдүүдэд буюу хоёр охиныхоо ангийнханд, хорооныхоо хүүхдүүдэд үнэ төлбөргүй заадаг. Тэд нар өөрийн гэсэн хийж чаддаг зүйлтэй болж, түүнийгээ харж баярлах, өөрсдөөрөө бахархах мэдрэмжийг авч бүтээлч нэгэн болох хэрэгтэй.

-Тань шиг бүтээлч хүн өмнөө том зорилготой байж таарна. Хуваалцаж болох уу?

-Бага охин бид хоёрын хүсэж байгаа нэг л зүйл байна. Тэр нь мөрөөдлийн байшингаа барих. Зүгээр ч нэг байшин барихгүй ээ. Өөрөө юм хийдэг хүн байна даа илүү онцгой болгож барина гэж бодож байгаа. Гадна тал нь монгол гэр шиг мөртлөө гурван гэр холбосон юм шиг загвартай. Дотроо обой хэрэглэхгүй байгаль зурна. Би илүү гарсан жижиг модон дээр янз янзын юм хийдэг. Тэдгээрийг ханан дээрээ өлгөнө. Бас Өвөр Монголд байхдаа таазыг тэнгэр шиг харагдуулж зурж сурсан түүнийгээ гэртээ ч бас хийнэ гэсэн бодолтой байгаа. Миний хүсэл бол охиныхоо хүслийг биелүүлчихээд хашаандаа цехтэй болох (инээв).   

-Хоёулаа таны ур чадварын талаар нэлээд ярилцлаа. Харин одоо гэр бүлийн тань.тухай жаахан ярилцъя.

-Би хоёр охинтой. Том охиныг минь Х.Нарангуа гэдэг. Одоо “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн XI анги. Миний том охин хичээлдээ маш сайн. Сургуулийн бүх үйл ажиллагааг хөтөлдөг. Тэрэнд чадахгүй юм гэж байхгүй ээ. Спорт, дуу, бүжиг гээд бүгдийг л оролдоно. Улс, дүүргийн олимпиадад амжилттай оролцдог. Амьдрал үзсэн болоод ч тэр үү их хэрсүү, айхтар, ухаантай хүүхэд. Бага охиныг минь Х.Энхжин гэдэг. VI ангид суралцдаг. Эгчтэйгээ адилгүй. Сурлагадаа тааруухан ч спортод дуртай, сэргэлэн. Миний зурах чадварыг дуурайсан. Би багадаа зурдаг байсан ч одоо тийм сайн биш. Гэхдээ 3D зураг зурж сурсандаа баяртай байгаа.

-Хүүхдээ ямар хүн болоосой гэж хүсэж байна. Өөрийн тань мэргэжлийг өвлөн аваасай гэж боддог уу?

-Бага охиноо л ээж шигээ болоосой гэж боддог юм. Намайг ажлаа хийгээд сууж байх үед хичээлээ хийхээсээ илүүтэй хажууд дуурайлган хийх дуртай. Тиймээс би жижиг мод өгөөд хийх аргыг нь бага багаар зааж л байна. Бас бид хоёр хашаагаа тордох дуртай. Энэ зун цэцэг, сонгино, төмс тарьж, машины хаяагдал дугуйгаар түүний дуртай амьтдыг хийсэн. Үүнийг хийх аргыг фэйсбүүкээс л сурсан шүү (инээв).

-Таны ажил цаг хугацаа ихээхэн шаардана. Тэгвэл гэр бүлийнхэндээ хэрхэн цаг гаргадаг вэ. Гэрийн эзэгтэйн үүргээ хэр сайн биелүүлж байна?

-Энэ тал дээр өөрийгөө муу гэж дүгнэнэ. Би олон ахтай болохоор ч тэр юм уу эршүүд талдаа. Надаа эмэгтэй найз ч ховорхон байдаг. Бусад эмэгтэйчүүд шиг нөхөр нь мөнгө олж ирээд, өөрөө хүүхдүүдээ хараад гэртээ суух гоё байх даа, тэгж үзэх юмсан гэж их боддог байж билээ. Одоо бол хөөрхөн хоёр охинтойгоо аз жаргалтай сайхан амьдарч байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • гэрэлтод
    үнэхээр дайчин бүсгүй нэг зүйл эхэлсэн бол түүнийгээ төгс төгөлдөр сэтгэлээсээ хийдэг.найзынхаа цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүсье охин ээж 2ын мөрөөдлийн байшин удахгүй сүндэрлэн босох болтугай амжилт хүсье.
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • Za bayrlalaa
    2019 оны 02 сарын 20
  • Bayrlalaa
    2019 оны 02 сарын 20
  • Чамаар бахархлаа.Бодсон санасан бүхэн нь биелэг ээ.Желаю удачи.
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • Ёстой мундаг бүсгүй юм аа.Амжилт бүхнийг ерөөе! Мөрөөдөл бүхэн нь биелэх болтугай! Дүү минь.
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
    • Za bayrlalaa
      2019 оны 02 сарын 20
    • Bayrlalaa
      2019 оны 02 сарын 20
Нийтлэлчид