Улаанбаатар 1c

Ч.Ганзориг: Бид ашгийнхаа 20 хувийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилна

Сүүлийн жилүүдэд компаниуд хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгохыг илүүд үздэг болоод байна.  Хөрөнгийн зах зээл дээрээс “Ай түүлс”, “Анд энерги”, “ЛэндМН ББСБ”,  “Монгол базальт”, “Ард даатгал”, “Мандал даатгал”, “Түмэн шувуут” зэрэг компаниуд 40 орчим тэрбум төгрөгийг босгоод байгаа. Заримынх нь бүр давж биелсэн байдаг. Харин энэ сарын 18-нд “Ард кредит” банк бус санхүүгийн байгууллага IPO гаргаж, хөрөнгө оруулагчдаас захиалга авч эхэлсэн. Захиалгын хугацаа ирэх сарын 1-нд дуусах учиртай. Энэ хүрээнд “Ард кредит ББСБ”-ын гүйцэтгэх захирал Ч.Ганзоригтой ярилцлаа.  

-Танайх IPO-гаа олон нийтэд санал болгоод бараг арав хонож байна. Хүмүүс хэр сонирхож байна вэ? 
-Ерөнхийдөө манайх нийт хувьцааныхаа 25 хувийг буюу 70 сая ширхэг хувьцааг гаргаж байгаа. Үүний 50 хувь буюу 35 сая ширхгийг нь стратегийн хөрөнгө оруулагчдад хуваарилаад бараг дууссан. Харин олон нийтэд санал болгож байгаа 35 сая ширхгийг жижиглэнгээр борлуулах үйл ажиллагаа 20 орчим хувьтай явж байна. Тооцоод үзэхээр долоон сая ширхэгийг нь борлуулсан гэсэн үг. Гэхдээ нийт дүнгээрээ 50 хувиас дээш гараад явчихсан гэсэн үг. Ерөнхийдөө манай хөрөнгийн зах зээл дээр борлуулагдаж байгаа IPO-нуудыг ажиглаад байхад эхний хэд хоног ямар ч идэвхигүй. Бие биенээ харсан, тандсан байдалтай байгаад байна. Хөрөнгө оруулагчид банкинд мөнгөө хэд хоног хүүтэй хадгалуулж байгаад IPO зарлаад хугацаа нь дуусахын алдад худалдаж авах хандлага байгаад байх шиг байна. 14 хоног гээд зарлачихаар эхний хэд хоног идэвхигүй байсан. Одоо идэвхижиж байна. 
-Аливаа зүйлийг тулгадаг монголчуудын зан гэж үү? 
-Харин тийм /инээв/. Нэг нэгнийгээ харна. Энэ тэндээс тандалт хийнэ. Харж байгаад сүүлийн хэдэн өдөр маш ихээр идэвхиждэг. Ер нь захиалга авах сүүлийн өдрүүдэд манай салбарууд ачаалалтай байдаг. “Ард даатгал”-ын IPO хийхэд тиймэрхүү зүйл тохиолдож байсан. Хөрөнгө оруулагчид манай IPO-д оролцохдоо аль ч үнэт цаасны компаниар дамжуулан хувьцааны захиалга өгч болохоос гадна “Ард апп” болон “Ард X апп”-уудыг ашиглан онлайнаар захиалга өгөх боломжтой гэж хэлмээр байна. 
-Танайх IPO-гаа захиалгын бүртгэлийн аргаар нэг бүрийг нь 70-85 төгрөгөөр олон нийтэд санал болгож байгаа. Ер нь хүмүүс хэдэн төгрөгөөр авч байна вэ. Үнээ хөрөнгө оруулагчид тогтооно гэж ойлгосон? 
-Үнийн мэдээллийг бид одоогоор авах боломжгүй байгаа. Миний ойлгож байгаагаар арилжаа хаагдсаны дараа Монголын хөрөнгийн биржээс мэдээллийг нь гаргаж ирээд  үнэ тогтоох байх. хөрөнгийн биржийн тогтоосон үнээр захиалгыг биелүүлнэ. Гэхдээ ажиглаж байхад хамгийн дээд талын үнэ болох 85 төгрөгөөр хүмүүс маш их захиалга өгч байна. Ер нь янз янзаар л хүмүүс захиалга өгч байна. Зах зээлийн ханшаар авъя гэдэг саналыг хүмүүс нэлээн өгсөн байна. Зах зээлийн ханшаар авна гэдэг нь тухайн тогтсон үнэ дээр биелэнэ гэсэн үг. Гэхдээ энэ бол зөв хувилбар биш юм шиг санагдсан. Яагаад гэвэл, аль нэг үнээ өгч санал болгож байгаад тохирсон ханшийг нь гаргах гээд байна шүү дээ. Гэтэл хүмүүс зах зээлийнх нь үнээр авъя гээд байхаар учир дутагдалтай л санагдаад байгаа. Яагаад гэвэл нөгөө 35 сая ширхэгтээ хүрэхгүй байх магадлалтай болчихоод байгаа юм. Ер нь зах зээл маань үнээ тогтооно. 
-Нууц биш бол хэчнээн стратегийн хөрөнгө оруулагч танай хувьцааг авсан бэ? 
-6-7 хувь хүн болон албан байгууллага орж ирж байгаа. Манай бизнесийг дэмжиж, урт  хугацаанд хамтарч ажиллах хүмүүсийг сонгож оруулж байгаа юм. Нөгөө талаасаа жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцааных нь үнэ цэнийг хадгалахад дэмтэй байдаг. 
-Хэдэн төгрөг босгохоор төлөвлөсөн билээ? 
-2.5 орчмыг стратегийн хөрөнгө оруулагчдаас босгохоор төлөвлөж байна. Олон нийтээс үнээсээ хамаараад 2.5-2.9 тэрбум төгрөг босгох юм. 
-Олон нийтээс босгосон хөрөнгөөрөө ямар ажил хийхээр зорьж байгаа вэ? 
-Ер нь бол шууд зээл болж гарна. Маргаашнаас нь эхлээд үр өгөөжөө өгөөд эхэлнэ. Ямар нэгэн зардал юм уу, хөрөнгө оруулалтад нэг ч төгрөг зарцуулахгүй. Шууд л апплейкшнээр дамжуулан хиймэл оюун ухаан ашиглаж зээл олгоно. Орон нутагт нэлээн их зээл гарах байх. 
-Зээлийн хүү нь хэд байгаа вэ? 
-Шимтгэлийн хувьд таван хувиас эхэлж байгаа. Мэдээж утсан дээрээ таван минутын дотор авчихдаг зээл. Барьцаа байхгүй. Үйлчилгээний хувьд ямар нэгэн бичиг, цаас шаардахгүйгээр цаг хугацаа хэмнэнэ. Ойрхон байгаа шуудандаа очоод нэг удаа гэрээ хийчихсэн байхад зээл авах боломжтой. Хүүний хувьд таван хувь одоохондоо өндөр сонсогдож байж магадгүй. Энэ төрлийн үйлчилгээ явуулдаг өрсөлдөгчдөөсөө хүү, шимтгэл хоёр дахин бага гэж ойлгож болно. Цаашдаа бид энэ хүүг бууруулахаар зорьж байгаа. Бидний хамгийн гол зорилго бол санхүүгийн зээлийн үйлчилгээг хүү, шимтгэлээ бууруулаад аль болох олон хүнд хүргэх зорилготой байгаа юм. Тиймээс бид технологи болон шуудангийн салбарыг ашиглана гэж яриад байгаа юм. Зардлаа бага түвшинд барих боломжтой учраас хүү, шимтгэлээ бууруулна. 
-Технологи нь нэвтрээд хүмүүс зээл аваад эхэлчихсэн байгаа бил үү. Одоогоор хичнээн хүн танайхаас зээл авсан бэ? 
-Өнгөрсөн сард “Ард апп” бэлэн болсноор санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх финтек банк болох зорилго маань биелсэн. Энэ апплейкшнээр дамжуулаад бичил зээлийг орон даяар олгож эхэлсэн. Бид “ХУР” системд нэгдсэн. Ингэж нэгдсэнээр хиймэл оюун ухаан ашиглан үнэлгээ хийж, иргэдэд зээл олгох боломжтой болж байгаа юм. Нэг ёсондоо том зээлийг бага хүүтэйгээр олгох боломжтой гэсэн үг. Өнөөдрийн байдлаар сар хүрэхгүй хугацаанд дунджаар 300 мянга доторх зээлийг 4000 орчим хүн авсан байна. 
-Хэдэн төгрөг хүртлэх зээл олгож байгаа вэ? 
- Бид өнөөдрийн байдлаар хоёр сая төгрөг хүртлэх зээлийг олгож байгаа. Тун удахгүй 10 сая төгрөг хүртлэх зээлийг барьцаагүйгээр олгоно. 
-Хугацааны хувьд? 
-Дээд тал нь нэг жилийн хугацаатай зээл өгч байгаа. Хүмүүс жилийн дотор сонголтоо хийж болно. 
-Хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хэзээнээс хуваарилах вэ? 
-Мэдээж ямар ч байгууллагын санхүүгийн жил дуусахад тайлан тэнцэл нь бодогдож, ажлаа дүгнэдэг. Сүүлийн гурван жилд бид хувьцаа эзэмшигчдэдээ нийт ашгийн 30-50 хувиа ногдол ашиг хэлбэрээр хуваарилж ирсэн. Цаашдаа бид ашгийнхаа дор хаяж 20 хувийг ногдол ашгаар хуваарилах юм. Цаашид хувьцааны үнэ өснө гэсэн хүлээлттэй байгаа. 
-Ер нь хүмүүс ямар нэг компанийн хувьцаа худалдаж авахдаа эргэлздэг. Хувьцааг нь худалдаад авчихаар дараа нь ямар нэгэн эрсдэл гарах вий гэж болгоомжилдог. Хүмүүс танай юунд итгэх вэ?  
-Манай үнэт цаасны танилцуулгыг вэб сайтаар орж хараад тоонуудтай нь танилцахад итгэл төрнө. Дээр нь сүүлийн үеийн үр дүнгүүд байгаа. Шинэ апплейкшнтэй холбоотой хэдэн хүнд зээл өгөв. Хэдэн хүн манай апплейкшны хэрэглэгч болов, гээд харвал өндөр тоонууд харна. Сар хүрэхгүй хугацаанд 30 мянган хүн манай харилцагч болчихсон байна. Бид апплейкшн дээрээ төвлөрч маркетинг хийсэн зүйл алга. IPO дээрээ төвлөрч ажиллалаа. Энэ хугацаанд маш их хүмүүсийг татаж чадсан байна. Цаашид бид орон нутаг, аймгийн төвүүд рүү зах зээлээ тэлнэ. Ингэхээр манай харилцагчдын тоо асар хурдтай өснө. 
-Танайх ХУР системтэй холбогдсон гэсэн. Гэтэл саяхан ХУР системтэй холбоотой асуудал үүсээд байсан. Үүн дээр хэр болгоомжилж байгаа вэ? 
-Хуулийн болон зохицуулалтын хувьд тийм ч төгс төгөлдөр биш байгаа юм билээ. Хүний хурууны хээ алдагдах зэрэг асуудал үүсч л байгаа гэж ойлгосон. Гэхдээ яваандаа энэ асуудал шийдэгдэнэ. Хурууны хээгээр биш тоон гарын үсгээр шивдэг болох юм. Тэгэхээр заавал хурууны хээ дарах хэрэггүй гэсэн үг. 
-“Ард кредит” банк бус байгууллага хэдэн жил үйл ажиллагаа явуулж байгаа вэ?  
-“Ард кредит” нь санхүүгийн салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэн зах зээлд манлайлан ажиллах зорилготойгоор анх 2011 онд үүсгэн байгуулагдаж, 2013 онд “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хөрөнгө оруулалттай компани болсон юм. 
-Энэ хугацаанд хэрхэн ажиллав? 
-Ер нь бол жил болгон өндөр ашигтай явж ирлээ.  “Ард Кредит” 2017 онд нийт хөрөнгөө 80 хувиар өсгөж, 10 тэрбум төгрөгт хүргэсэн. Ингэснээр цэвэр ашиг 640 сая төгрөг болсон. Энэ нь 2016 онтой харьцуулахад 60 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Өнгөрсөн жил “Ард Кредит” зээлийн эрхтэй картын шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлсэн. Мөн бизнесийн зээлийн хүүгээ 2-2.3 хувь болгон бууруулсан байна. Ингэснээр хамгийн бага хүүтэй ББСБ болсон. Мөн хаалттай хүрээнд бонд гаргаж, 1.6 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн байна. Энэ жилээс бид “Ард дижитал банк” гэдэг төслөө нэвтрүүлээд үүнийгээ маш богино хугацаанд, өргөн хэмжээнд хүргэх зорилготой явж байна даа. Үйл ажиллагааны зардлаа хасаад хувьцаа эзэмшигчдийнхээ анхаарлыг татахуйц ашигтай ажиллахаар төлөвлөж байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид