Улаанбаатар 1c

С.Эрдэнэ дарга Баянзүрхийн АН-ыг “базаж” чадсангүй юу

Баянзүрх дүүргийн X, XIX хороонд дахин сонгууль явагдаж МАН ялалт байгууллаа. Ийнхүү тус дүүргийн ИТХын 41 гишүүний 20 нь АН, 21 нь МАН-ын төлөөлөгчдөөс бүрдэх нь цаг хугацааны асуудал болов. Бүр цаашилбал, дүүргийн удирдлагыг АН-ынхан МАН-даа эргүүлэн тушааж таарах нь. Хэдийгээр сонгуулийн үеэр мөнгө тараасан эсэх талаар маргаан, Баянзүрх дүүргийн ИТХ-ын МАН-ын бүлгийн төлөөлөгч Б.Галцог хүний биед гэмтэл учруулсан тухай хэл ам явж байгаа ч эдгээр асуудлыг эцэслэн шийдвэрлэхээс өмнө МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн удирдлагыг гартаа оруулах болов уу.

Нийслэлийн МАН-ын даргаар сонгогдоод анхны сонгуульдаа ялалт байгуулаад байгаа Засгийн газрын гишүүн Д.Сумъяабазар ч энэ асуудал дээр идэвхтэй ажиллаж таарна. Түүний хувьд нэг дүүргийг намдаа авчирсан гавьяаны эзэн болохоор чармайх нь лав юм. Мөн УИХ-ын гишүүн Б.Батзориг, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Ж.Энхбаяр нарын хувьд ч дараагийн сонгуульдаа итгэл дүүрэн орох боломж гарч байна. Нэг үгээр 2020 оны сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвших МАН-ын гишүүд доороо “хөлтэй” болж байгаа нь, энэ. УИХ-ын зургаан тойрогтой, нийслэлд хүн амаараа тэргүүлдэг энэ дүүрэг АН-аас салж МАН-д очих болсон шалтгаан тэгвэл юу байв. 2016 оны ялагдлынхаа дараа АН-ын дотоодод олон шүүмжлэл өрнөж байлаа. Тухайлбал, ардчиллыг бараг өмчилсөн “ах” нар нь АНын амжилтын хамаг сорыг нь авч, жирийн гишүүдээ мартаж, залуучуудаа уландаа гишгэсэн тухай юм. Тиймээс ч Үндэсний зөвлөлдөх хорооны ( одоогийн Үндэсэний бодлогын хороо) ротацийг явуулдаг болгох, намын даргаа бүх гишүүдээс сонгох шаардлага хүчтэй байсан. Тэр дагуу бүх гишүүнийхээ дунд сунгаа явуулахад УИХын гишүүн С.Эрдэнэ ялалт байгуулсан юм. Баянгол дүүргийн “ван” хэмээн хочлогддог тэрбээр АН-ын “хан” болж чадах уу гэдэг асуулт тухайн үед гарч байв. Учир нь Ардчилсан нам өөрөө их онцлогтой. МАН дотроо фракцалдаг боловч дарга төвтэй. Нэг үгээр дотоодын маргаанаа хойш нь тавиад хэн дарга болно түүнийгээ дагаж чаддаг. У.Хүрэлсүх намын дарга, Ерөнхий сайдын ажлыг авахтай зэрэгцэн гарсан хуваагдал л тус намын дотор гарч байсан хамгийн том зөрчил байж мэдэх юм. Одоо бол бараг даргаа тойроод эвэндээ орчихсон мэт явж байна. Харин АН-ын хувьд анхнаасаа таван намын нэгдэл байсан болохоор угшил гарвалаараа хүчтэй ялгардаг. Дээр нь ардчилсан хувьсгалд хэн нь илүү оролцоотой байсан, ямар албан тушаал хашиж явсанаараа зиндаархана. Хэн дарга байхаас үл шалтгаалсан хүчний хуваарилалттай гэсэн үг. Товчхондоо, МАН хаант улс шиг бол АН холбооны улс шиг зохион байгуулалттай. Тиймээс ч АН-ыг том жижиг таван сонгуульд ялуулж байсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн амжилт нь зөвшилцөх чадвартаа байсныг улстөрчид хэлдэг билээ.

Ийм хөрсөн дээр АНын удирдлагыг авсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ шинэ арга барилаар буюу фракцгүй ажиллахаар шийдсэн нь багагүй эсэргүүцэл дагуулсан юм. Нэг гарт “базуулах” дургүй лидерүүд нь ээлж дараалан эсэргүүцэж эхэллээ. “Үндсэний бодлогын хороо, намын шат шатны сонгуулиудыг явуулахдаа АН-ын гишүүдийг бүрэн хамруулсангүй”, “Гишүүдийн татварыг бөөнөөр нь  төлсөн хүн с онгогдох гэж байна”, “Нам бус хүмүүсийг оролцууллаа” хэмээн шүүмжилж байлаа. Х.Тэмүүжин, М.Батчимэг, Э.Бат-Үүл, Баабар нартайгаа таарч тохирохоо байсан. Намын дарга С.Эрдэнэ намын ажилд оролцохгүй байгаа хүмүүст илүү боломж олгохгүй гэдэг байр сууриа илэрхийлсээр байсан нь хэвлэлийн хуудсанд үлджээ. Мөн түүнийг эсэргүүцэж намаасаа гарна гэсэн гишүүдтэй нь холбоотой яриануудад тэрбээр “Том модноос тасарсан навч ганддаг болохоос ургадаггүй юм” гэсэн хариу хэлсээр ирлээ. Үүн дээрээс өөртэй нь тэрсэлдсэн хүмүүсийг намаас хөөх хүртэл бодлого баримталсан нь магадгүй өдгөө Баянзүрх дүүргийг алдах эхний алхам болсон байж магадгүй. Баянзүрх дүүргийн Засаг дарга асан, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдавааг намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хасах сахилгын шийтгэлийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 5-нд АН-ын дарга С.Эрдэнэ гаргаж байлаа. Мөн арваннэгдүгээр сарын 7-нд Баянзүрх дүүргийн АН-ын хорооны дарга П.Нүрзэдийн тушаалаар Баянзүрх дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогтыг намын гишүүнээс хассан байдаг. Тухайн үед Д.Пүрэвдаваа “Намайг намаас минь хассан шийдвэр гарсан болохыг интернэтээс олж харлаа. Ямар учир шалтгаанаар намайг намаас хөөсөн болохыг  би мэдээгүй байна. Интернэтээс авсан мэдээллээр бол Ардчилсан намын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох сонгуультай холбогдуулж, БЗД-ийн эмэгтэй гишүүд үзэл бодлоо илэрхийлсэн байна лээ. Тэднийг намайг зохион байгуулсан гэж хардаж байгаа юм болов уу гэж ойлгосон. Учир, ухаан нь олдох байгаа. Намын дарга, намын хэвлэлийн алба ч гэж байна. Тэд бас яагаад намаас гишүүнээ хөөх болсон талаар тайлбар хийх байлгүй дээ. Хуучин коммунист нийгэм биш дээ, энэ чинь. Одоо ардчилсан нийгэмд өөрт нь мэдэгдэлгүйгээр хаа хамаагүй зүйлээр, дүрэм зөрчсөн нь нотлогдоогүй байхад хүнийг намаас хөөж байгааг би гайхаж байна” хэмээн ярьж байв.

Тус дүүргийн удирдлагаар ажиллаж байсан нөлөө бүхий хүмүүсийг явуулснаар Баянзүрхийн намын бужигнаан эхэлсэн. Толгойлогчдыг нь явуулсан боловч багийнханыг нь Баянзүрхийн намаас гаргаж чадаагүй хэрэг. Ийнхүү Баянзүрх дүүргийн АН-ыг гартаа авах гэсэн биш хурлыг нь ч хийхэд хүндрэлтэй болчих нь тэр. Энэ нь даамжирсаар Баянзүрх дүүргийн хоёр хороонд болсон дахин сонгуульд АН оролцож чадсангүй. Угтаа өнөөдөр Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа Т.Баясах, орлогч Ш.Ганчимэг, Б.Наранчулуун нар нь Д.Пүрэвдаваагийнхаа багийн тоглогчид. Хэрэв Баянзүрх дүүргийн АНын эдгээр залуусыг төв намаасаа бужигнуулаагүй бол дахин сонгуульд АН ялж, засаглалаа баталгаажуулах боломж байсан байж мэдэх юм. Гэхдээ дуулиантайгаар намаас хөөгдсөн  Д.Пүрэвдаваа нар саяхан чимээгүйхэн эргээд иржээ. Тодруулбал, Д.Пүрэвдаваа АН-ын дотоод ротацийн сонгууль эхлэхтэй зэрэгцэн “Ардчилал таймс” сонинд Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга албан т ушаалтайгаар “Дүрмийн дагуу тоглоцгооё” гэсэн ярилцлага өгөөд гараад ирэв (Энэ ярилцлага АН-ын албан ёсны вэб сайтад нийтлэгдсэн байгаа). Мөн өнгөрсөн ням гарагт болсон АН-ын Үндэсний бодлогын хорооны ротацийн сонгуульд өнөө намаасаа хөөгдсөн гэх Д.Пүрэвдаваа болон НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт нар нэр дэвшчээ. Үүнээс үзэхэд Баянзүрх дүүрэгт АН-ын дарга С.Эрдэнэ нөлөөллөө тогтоох оролдлогоо хойш нь тавьсан бололтой. Түүнийг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.Пүрэвдавааг намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасах шийдвэр гаргасных нь дараа Ерөнхийлөгч Х.Баттулгаас намаа тусгаарлаж байна гэсэн шуум явсан. Гэвч Баянзүрх дүүргийн дотоод самуун, Ерөнхийлөгчийн шахалтад С.Эрдэнэ дарга буулт хийсэн байж болох юм. Намын гишүүдийнх нь дунд “Д.Пүрэвдаваа Баянзүрх дүүргийн АН-ын Хэрэг эрхлэх газрыг МоАХын угшилтай хүмүүсээр дүүргэснийхээ хариуд Ерөнхийлөгчийн түлхээсээр эргэн ирж байна” гэсэн яриа гарснаас харахад шүү дээ. Товчхондоо, Баянзүрх дүүргийн АН-ыг “базах” гэсэн өрсөлдөөнд намын дарга С.Эрдэнэ ялагдлаа. Харин төлөөсөнд нь хотын хүн ам ихтэй том дүүргийг МАН-д алдаж, ирэх сонгуулийн жилийг нэгэн ялагдалтай угтах болж байна уу даа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид