Улаанбаатар 1c

Ерөнхийлөгчийн нэгдүгээр он

Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан хоёр хуулийг УИХ баталсан юм. Эхнийх нь УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар огцруулах хууль байв. Ингэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өөрчлөлт оруулсан түүний дараагийн хууль нь ҮАБЗ-ийг үлэмж хүчтэй болголоо. Тодруулбал, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиудыг өргөн барьсныг бүхэлд нь батлаад байгаа. Харин өчигдөр Ерөнхийлөгч хоёр зарлиг гаргалаа. Эхнийх нь Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлсөн зарлиг. Удаах нь огцруулах тухай зарлиг. Зарлигт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6.4, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 10/09 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Магванноровын Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалаас огцруулсугай. Ганбатын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас огцруулсугай. Улсын Ерөнхий прокурорыг шинээр томилогдох хүртэл хугацаанд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж байхыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Баяраагийн Амгаланбаатарт даалгасугай” гэжээ. Үүрэг хүлээж үлдсэн орлогч прокурор нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авч байсан хүн байгаа нь тохиолдлын чанартай байх.

Ямар ч байсан уржигдар баталсан хуулийг, өчигдөр хэрэгжүүлж эхэлснээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед албан тушаалд тавигдсан хууль, хүчний байгууллагын удирдлагуудыг солих аян эхэллээ. Шинээр албан тушаалд очсон хэн боловч Ерөнхийлөгч зарлиг гаргах эрсдэлээс эмээж явах нь зүй ёсны асуудал. Мөн нэгэн цагт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид байсан гэгддэг “Шударга бусын хонгил" илүү найдвартай, дуулгавартай болоод эзнээ сольж байгаа юм биш биз. Хонгил гэдэг яриа хянах, яллах, шүүх байгууллагад нэг хүн нөлөөлөх эрхээс эхлэлтэй. Тиймээс ч Ерөнхийлөгчийн албан тушаалд байгаа хүн хууль санаачлах болон АТГ, прокурор, шүүхийн удирдлагуудыг УИХ-д санал болгодог эрхийг хасахаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ч тусгасан байлаа. Гэвч энэ өөрчлөлтийг хийхээр ажлыг нь эхлүүлж явсан хүн УИХ-ын дарга болсоны дараахан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэг хуралдаж Ерөнхийлөгчтэй холбоотой бүлгийг хуулийн төслөөс хассан юм. 2015 онд Ардчилсан намынхан, 2017 онд Ардын намынханы санаачилсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд адилхан тусч явсан санал ийнхүү төгссөн. Харин одоо томилохоос гадна огцруулах эрх мэдэлтэй болж байна. Бас манай улсад хамгийн найдвартай эрх мэдэлтэй, огцордоггүй албан тушаал зөвхөн Ерөнхийлөгч болж үлдлээ. ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хуулийн байгууллагын удирдлагыг огцруулах хуулийн төсөл батлагдахад С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдсэн хүмүүсийг эрүүдэн шүүсэн дуулиан түлхэц болсон юм. Эрүүдэн шүүх бүхий л хэлбэрийг Монгол Улсад байтугай дэлхийд зөвшөөрдөг газар бараг байхгүй.

Тэр талаар олон улсын конвенцид ч манай улс элсэж байлаа. Тиймээс ийм төрлийн алдаа завхрал гарсан бол түүнд холбогдсон албан тушаалтан, албан хаагчдыг хүндээр цээрлүүлэх ёстой. Мөн цаашид дахиж гарахгүй болтол нь хяналтын системтэй болгох учиртай. Хэрэгт сэжиглэгдсэн хүний хоригдож буй камерт нь бусад хоригдлыг оруулж зодуулж, дарамталдаг явдлын талаар олон хүн ярьдаг. Үүнийг таслан зогсоох нь зөв. Тэгэхийн тулд УИХ нэг удаагийн хууль гаргаж, ажлын хэсэг байгуулаад энэ асуудалд холбоотой албан тушаалтнуудыг огцруулж, хариуцлага тооцож чадах байлаа. Гэвч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнд хуулийн байгууллагын удирдлагыг шилжүүлэх замыг сонгов. Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Хүний эрхийн үндэсний комисс 17 илтгэл бичсэн. Үүний 13-т нь ямар нэгэн байдлаар эрүүдэн шүүхтэй холбоотой асуудал орсон. Харамсалтай нь энэ талаар дорвитой арга хэмжээ аваагүй” гэж ярьсанаас үзэхэд хэзээ л бол хэзээ гаргаж ирж болох сэдэв л яваад байсан мэт. Харин сая цагийг нь олж хуйнаас нь сугалсан юм уу даа. Одоо шүүх байгууллагын хараат бус байдал алдагдаж, АТГ, прокурор хяналтад орох зам руугаа шуударлаа. Гадаад, дотоодын үүх түүхийн олон юм яриад яахав. Наад зах нь, хууль хүчний байгууллагад нөлөөтэй ҮАБЗ-ийн гишүүдэд тухайлбал, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан Засгийн газар, УИХ-ын гишүүд дуулгавартай үйлчлэхгүй гэж үү. Одоо шүүх шударга ажиллана гэж бүрэн дүүрэн итгэж болох уу. Эзнийхээ дайсныг намнах гээд гүйчихгүй юу. Дэлхийн хоёрдугаар дайны дараа ардчиллын замаар явсан улс орнууд аль нэг хүнд найдахаа больсон байдаг. Хүн гэдэг уг чанараараа туйлбаргүй, аймхай бас харгис амьтан. Тиймээс харилцан хяналттай хуулийн системээ боловсронгуй болгож эхэлсэн юм. Харин бид шударга хүний эрэлд яваа нь зөв үү гэдэг асуулт ч гарч байна. Мөн ийм хүч хуримтлуулсан Ерөнхийлөгч тэгвэл өмнө нь сэвээд орхиж байсан сэдвүүдээ ч сэдрээж, шаардлагатай хуулиудыг УИХ-аар батлуулж чадах юм биш үү. Тухайлбал, цаазын ялыг сэргээх асуудал. Гэхдээ төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял авсан хүмүүст эрүү тулгаж хэрэг хүлээлгэсэн тухай энэ дуулиан цаазын ял ямар аюултай вэ гэдгийг олон нийтэд харууллаа. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Хэрэв цаазаар авах ялтай байсан бол Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар цаазлагдсан байх байлаа” гэж байна. Үндэсний телевизээр бараг уран сайхны кино шиг юм гаргаж, прокурорууд телевизийн эфирийг эзэгнэж, бүх нийтээрээ үнэмшиж, нулимж шийдэгдсэн хэрэг шүү дээ. Тийм болохоор Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээх тухай асуудал дээрээ өдгөө буулт хийсэн байж мэднэ. Ямартаа ч МАН-ын эрх баригчдын дотоод тэмцэл эцэстээ Ерөнхийлөгчид тун ашигтай туслаа. Өнөөдрийн ҮАБЗийн гурван гишүүний нөхөрлөл хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй ч “Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл холилдвол дарангуйлал үүсдэг, гүйцэтгэх эрх мэдэл шүүх эрх мэдэл холилдвол дуусах нь тэр” гэсэн Ш.Л.Монтескьегийн үгийг сануулах нь зөв байх. Мөн “Хаан ширээний төлөөх тоглоом” кинонд Чигчий “Хаос бол шат” гэж хэлдэг. Түүн лугаа нийтийг айдаст автуулах олон төрлийн явуулга эцэстээ нэг зорилгод үйлчилсэнээр дууслаа. Хужаа, мүүн, гадаадын тагнуул, 60 тэрбум, 30 гэр бүл, МАНАН гээд бид юунаас эс айсан билээ. Бас олон ургальч үзэлд цаазын ял оноодог энэ сошиал арми хаанаас гараад ирэв дээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид