Улаанбаатар 1c

Эхнэр эсвэл нөхрийнхөө гар утсыг шалгахыг гэмт хэрэгт тооцохоор болов

Саудын Арабын Засгийн газар эхнэр эсвэл нөхрийнхөө гар утсыг шалгахыг гэмт хэрэгт тооцдог болж, гэм буруутай этгээдийг нэг жил хүртэлх хугацаагаар шоронд хорих эсвэл 133 мянга хүртэлх ам.доллароор торгох тухай “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх” шинэ хууль баталжээ. Шинэ хуульд тусгаснаар, эзнийх нь зөвшөөрөлгүйгээр компьютероос нь хэн нэгэнд мэдээлэл дамжуулах, хэн нэгнийг айлган сүрдүүлэх зорилгоор бусдын компьютерыг ашиглах зэргийг мөн гэмт хэрэгт тооцдог болсон байна. Саудын Арабын Засгийн газраас гаргасан мэдэгдэлд “Нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор нийгмийн сүлжээгээр бусдын нэр хүндийг гутаан доромжлох, гүтгэх, айлган сүрдүүлэх зэрэг кибер гэмт хэрэг гарсаар байна.

Тиймээс нийгмийг ёс суртахууны доройтлоос гаргах, иргэдийн ёс суртахууныг дээшлүүлэх зорилгоор энэ хуулийг баталлаа. Энэ хууль нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд адил тэгш үйлчилнэ” гэж дурджээ. Гэхдээ зарим хүн “Энэ нь эрэгтэйчүүдийг хамгаалсан хууль боллоо. Эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэл болоод нөхрийнхөө гэр бүлээс гадуурх явдлын талаар илчилж мэдүүлэхэд энэ хууль хүндрэл учруулж болзошгүй” гэж үзэж байна. Арабын энэ улсад нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн тоо маш хурдацтай нэмэгдэж байгаа аж. 2017 оны гуравдугаар улирлын байдлаар, тус улсын нийт хүн амын 75 хувь нь нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгч байжээ. Тус улсын ард иргэдийн хамгийн өргөнөөр ашигладаг нийгмийн сүлжээ нь “WhatsApp” хэмээх гар утасны аппликейшн юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид